| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
2023 04 12 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч И.Н********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Н**********д холбогдох ***************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч И.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Номадс” зочид буудлын гадаа М.А***********ыг хажуугаар нь гарахдаа мөрөллөө гэх шалтгаанаар шар айрагны шилээр толгой руу нь цохих байдлаар бие, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь баруун зулайн хуйх, духны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч И.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Номадс” зочид буудлын гадаа М.А***********ыг хажуугаар нь гарахдаа мөрөллөө гэх шалтгаанаар шар айрагны шилээр толгой руу нь цохих байдлаар бие, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь баруун зулайн хуйх, духны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч М.А**********ын: “...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Цогтцэций сумын төвд байдаг "Номадс" буудлын Авраро гэх нэртэй бааранд Сайханбаяр, Сүхбат нартай орж нэг шил 0.75 граммын Соёрхолт нэртэй архийг авч хувааж уучихаад баарнаас бид гурав гарч гадаа гараад тамхи татаж байгаад манай хоёр найз буцаад баар луу орохоор би гадаа ганцаараа тамхи татаад зогсож байхад нэг танихгүй залуу баарнаас гарч ирээд “чамайг ална” гэж хэлээд пивоны шил хагалаад өөдөөс хүрч ирээд духны дээд хэсэгт 2 удаа пивоны шилээр цохиж авсан. Тэгээд бид хоёр маргалдаж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаа руу авчирсан... Миний толгой хагарсан... Тэр залуу их согтуу байсан. Хоорондоо зөрөхдөө нэг нэгнээ мөрөлчихсөн юм. Тэгээд хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч О.Сүхбатын: “...А*********, Сайханбаяр бид гурав 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Цогтцэций сумын төвд байдаг “Номадс” буудлын Авраро гэх нэртэй бааранд орж нэг шил 0.75 граммын Соёрхолт нэртэй архийг авч хувааж уучихаад баарнаас бид гурав гарч гадаа гараад тамхи татаж байгаад Сайханбаяр бид хоёр түрүүлээд баар луу орсон. Тэгээд бид хоёр ширээндээ суучихаад архинаас ганц хоёр хундагаар ууж байхад Сайханбаяр “А********* яачхав аа хоёулаа гаръя” гэж хэлэхээр нь би хамт баарнаас гарахад баарны гадаа цагдаа нар ирчихсэн А***********ын толгойноос цус гарчихсан байдалтай байхаар бид хоёр А************аас юу болсон талаар асуухад “Н********** гэдэг залуу миний толгойг шилээр хагалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Л.Сайханбаярын: “...Би А***********, Сүхбат нарын хамт 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Цогтцэций сумын төвд байдаг "Номадс" буудлын Авраро гэх нэртэй бааранд орж нэг шил 0.75 граммын Соёрхолт нэртэй архийг авч ууцгааж байгаад би баарнаас гарч тамхи татчихаад буцаад орох гэхэд Нацагдорж гэх залуу тэр хавьд байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байхаар би боль гэж хэлчихээд байж байтал баарнаас А***********, Сүхбат хоёр гарч ирчихээд тамхи татсан. Би тэгээд баар луу орж байхад Нацагдорж араас хүрээд ирэхээр би Н********ийг "гайгүй юу учраа олсон уу" гэхэд цаашаа явчихсан. Тэгээд Сүхбат бид хоёр ширээндээ сууж байгаад А**********ыг орж ирэхгүй байхаар бид хоёр баарнаас гартал гадаа цагдаа нар ирчихсэн А**********ын толгойноос цус гарчихсан байдалтай байхаар бид хоёр А*************аас юу болсон талаар асуухад “Нацагдорж гэдэг залуу миний толгойг пивоны шилээр хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр А************ыг сумын эмнэлэг рүү авчирч үзүүлсэн юм. А*************ын биед Н*********** гэдэг залуу пивоны шилээр цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч М.Элбэгдоржийн: “...Намайг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Цогтцэций сумын төвд байдаг Номадс буудлын ажлын амрах өрөөндөө унтаж байхад Н********** баарны гадаа зодоон хийх гээд байна гэхээр би баар луу очиход баарны гадаа А*************, Н**********, Сүхбат нар хамт зогсож байсан. А************ын толгойноос цус гарчихсан байдалтай байсан... Н************** пивоны шилээр толгой руу нь цохьсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаартай “1. М.А************ын биед баруун зулайн хуйх, духны зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
Яллагдагч И.Н************ийн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд байрлах Номадс зочид буудлын Аврора бааранд 20 цагийн үед орсон... би баарнаас шилтэй Сэнгүр пиво ууж байгаад баарнаас гараад гадаа байсан А************* ахтай таараад тэгээд хоорондоо маргалдаж байгаад би ууж байсан пивоны шилээр толгой дух хэсэгт нь 2 удаа цохиж авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан... Би одоогоор эмчилгээний төлбөр болох 650.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч И.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч И.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч И.Н*********ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.А*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүүлсэн байх тул шүүгдэгч И.Н************ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч И.Н нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч И.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Н*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Н*************д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч М.А************** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Н************ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА