Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

 

2023         04            24                                                      2023/ШЦТ/59

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч Г.М***********,

Шүүгдэгч Н.Б********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б*********д холбогдох ************************* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хишиг бөөний төвийн зүүн талын хатуу хучилттай авто замд Тоёота Виросса маркийн 82-92 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн  хурдыг  энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Г.Б**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хишиг бөөний төвийн зүүн талын хатуу хучилттай авто замд Тоёота Виросса маркийн 82-92 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн  хурдыг  энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Г.Б***************ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14-р хуудас/,

Хохирогч Г.Б**********ын: “...Би Цогтцэций сумын Хишиг дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар усны тэрэг түрсэн ус аваад явж байхад цагаан өнгийн жижиг тэрэг нилээн хурдтай ирээд мөргөсөн... Энэ үйл явдал орой гэгээ тасрах үед болсон. Би зам гарч явч байхад араас машин ирээд баруун талын хөл, өвдөг хэсэг рүү мөргөсөн. Намайг мөргөж уначихаад хойд талын дугуй нь миний баруун талын хөлөн дээгүүр гарсан, миний өмсөж явсан өмдний баруун талын гуя хэсгийн өмд урагдсан, дугуйны мөр үүссэн байсан. Мөргүүлээд машинаас хол зайтай унасан ба түрж явсан усны тэрэг намайг мөргөсөн машины доогуур орсон байсан. Би яг явган хүний гарцан дээр мөргүүлсэн... Ослын улмаас баруун хөл хугарсан, хөлний булчин хэсгээр хоёр хугарсан, өвдөгний зөөлөн эд гэмтсэн... Надад жолооч эмнэлгийн тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч С.Наранцацралын: “...Намайг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гэр хороололд байдаг гэртээ байж байхад ...хүү Буянбат над руу утсаар залгаад “би засмал зам дээр хүн шүргэчихлээ, мөргөсөн хүний хөл гэмтсэн юм шиг байна эмнэлэг аваад явлаа" гэж хэлсэн... Тэгээд хүүгээ орой гэртээ ирэхээр нь би хүүгээсээ юу болсон талаар тодруулж асуухад "Хишиг” бөөний төвийн урд талын дөрвөн зам дээр ус авах гээд явж байсан хүнийг мөргөчихлөө. Хүний хөл нь гэмтсэн байх гишгэж явж болохгүй байна” гэж хэлэхээр би хүүгээ болгоомжтой явахгүй дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2176 дугаартай “1 .Г.Б***********ын биед баруун талын дунд чөмөгт ясны доод үзүүр ёврон дайрсан зөрүү багатай ташуу хэсэгт жижиг ясны эд сэлтэрсэн хугарал, шаант ясны дээд булууны гадна ёврон болон дотор ёвронгийн заагаас хоёр тийш салаалсан ташуу шугаман хугарал, мөн баруун талын гадна ёвронд зөрүүтэй ташуу хугарал, зөрүүгүй хөндлөн шугаман хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,

Шинжээч Б.Отгонбатын 2023 ны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 09 дугаартай “а/ 82-92 ӨМЭ улсын дугаартай Тоёота Виросса маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Б******** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. б/ Уг зам тээврийн осол нь 82-92 ӨМЭ улсын дугаартай Тоёота Виросса маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Б********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас болж гарсан байна. в/ Осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь 82-92 ӨМЭ улсын дугаартай Тоёота Виросса маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Б*********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчсөнөөс болж гарсан шууд шалтгаантай. д/ замын зохион байгуулалт нөлөөлөөгүй. е/ Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,

Яллагдагч Н.Б*************ын: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гэр хороололд байдаг гэртээ байж байгаад өөрийнхөө /ээж надад өгсөн/ тээврийн хэрэгслийг унаад Батхүлэг авто засвар луу явж байгаад замаараа “Хишиг” бөөний төвийн урд талын засмал зам дээр явж байгаад 4 замын уулзвар луу ороход хойд, урд талаа хартал машин байгаагүй. Тэгтэл зам дээр усны тэрэг түрсэн хүн зогсож байхаар тормосоо гишгэтэл мөсөн дээр гулгаад тэр хүнийг дайртал тэр хүн явган хүний зам руу шидэгдсэн... Би тэр үед 27 км цагийн хурдтай явж байсан. Уулзвар дээр эргэх гээд хурдаа хассан байсан. Тэгээд эргээд хурдаа жаахан нэмсэн тэгээд тэр хүнийг очоод мөргөчихсөн юм... явган хүн машины зөв талын баганад цаагуур нь орчихоод харагдаагүй юм... би одоогоор 500.000 төгрөг өгсөн. Цаашид учирсан хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Н.Б*************ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Б************ нь эмчилгээний зардалд 1,403,536 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, нийт 2,203,536 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Н.Б*********** нь 500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1,703,536 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч Г.Б**********, түүний өмгөөлөгч Г.М*********** нартай харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүй 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна ...” гэх саналыг  шүүгдэгч Н.Б********* нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Б*********** д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Б**********ын В ангиллын №1477192 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Н.Б********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Б*************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Б*************д /оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б***********нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 6. Шүүгдэгч Н.Б*************нь хохирогч Г.Б**************ын хохирол төлбөрт нэхэмжилсэн 1,703,536 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлөхөөр эвлэрсэн болохыг дурдсугай.

 7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Б*************ын В ангиллын №1477192 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б*********ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.БАТТУЛГА