| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-05-16 |
| Зүйл хэсэг | 20.17.2., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
2023 05 16 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.О************нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О************т холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.О***********нь 2023 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглуулах зорилгоор өөрийн амьдардаг байрыг тохижуулж, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэж, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О*************мэдүүлэхдээ: “Ганц нэг найзууд маань дуудаж Цагаан хаданд тоглодог. Тэгээд нэг зүс таних залуу “...ширээ байна авах юм уу” гэхээр нь би “...болдог юм уу, би аваад тоглуулаад үзье” гээд авсан. Тэр хүн 2,000,000 төгрөгөөр ширээгээ зарна гэж хэлсэн. Тухайн үед байсан хүмүүсийн 4 нь таньдаг хүмүүс байсан. Бусад нь таньдаг хүмүүсийн найзууд байсан. Тэгээд 2 өдөр тоглуулсан” гэв.
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.О**************т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах сендвичин байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.О***********ийн ашигладаг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тухайн гэрэл зураг дээр тоглогч нарын байрлаад тоглож байгаа гэрэл зураг авагдсан. Мөн тухайн өдөр тоглосон гэх гэрч Мөнхболд, Азбаяр нарын мэдүүлэг, цагдаа нар орж ирэхэд байранд байсан гэрч Өрнүүнбилэгийн мэдүүлэг, гэрч Туяацэцэгийн мэдүүлэг, Б.О*************ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Туяацэцэгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.О**************ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт Б.О****************нь өөрийн амьдардаг сендвичэн байрыг мөрийтэй тоглоом тоглуулах зориулалтаар тохижуулж, улмаар мөрийтэй тоглоом тоглуулах зорилгоор зориулалтын ширээ, чтон, хөзөр зэргийг бэлдэж урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг тоглуулсан гэх үйл баримт тогтоогдож байгаа. Энэ тоглолтын үйл ажиллагаа 2023 оны 03 сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн 22 цаг хүртэл үргэлжилсэн. Дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.О***************нь мөрийтэй тоглоом зохион байгуулснаар нийт 2,915,000 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдож байгаа. Мөрийтэй тоглоом зохион байгуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг ашиг олох зорилгоор өөрийн болон бусдын орон байрыг ашиглаж, шаардлагатай тоноглол хэрэглэгдэхүүн, ажиллах хүн хүчийг урьдчилан бэлтгэж үйл ажиллагаа явуулсан байхыг ойлгодог. Уг 2 өдөр Туяацэцэг гэх хүнээр хоол хийлгэж, мөн мөрийтэй тоглоом тоглуулах зорилгоор хэрэглэгдэхүүн тоноглолыг бэлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Иймд Б.О*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар олсон орлого болох 2,915,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд түүний хууль бусаар олсон ашиг буюу гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 2,915,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгуулах саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О************ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-21-р хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30-р хуудас/,
Гэрч Г.Мөнхболдын: “...2023 оны 03 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Цагаанхад суурьшлын бүсэд покер тоглоом зохион байгуулагдаж байгаа талаар О************ надад хэлээд О***********ийн гэрт очиход 6-аас 7 хүн суухдаа 200.000 төгрөгийн читон худалдаж аваад Техас покер тоглож байсан. Би О***********ийн нэр дээрх данс руу эхлээд нийт 200.000 төгрөгийн нэг бүр нь 5000, 10000, 20000 төгрөгийн читоны мөнгө хийгээд тоглосон. Тухайн тоглолтод 400.000 орчим төгрөг алдаад өглөө гараад явсан. Тухайн гэр нь О************ийн гэр бөгөөд хоёр найзын хамт техас покер тоглоход нэг тоглолтын 5000-аас 10000 төгрөг авдаг. Тоглолт эхлээд 1 цаг болоод цуглуулсан читоноо мөнгө барьж байгаа Оюунбилэгт тоолуулж өгөөд хожсон мөнгөө авна тэгээд дахиж бүгд 200.000 төгрөгөөр цэнэглээд читоноо аваад эхэлдэг. О************** болон хоёр найз нь тоглохгүй, харин тоглолт бүрээс мөнгө татаад тоглож байгаа хүмүүст ундаа, ус, хоол зэрэг зүйлс бэлдэж өгдөг. Үлдсэн нь ашиг болдог байх гэж бодож байна... мөнгөө О*************ийн нэр дээрх 5946372172 тоот данс руу шилжүүлсэн... нийт цагаар нь бодоход 10 цаг орчим гэхээр 10 удаа тооцоо хийж дахин эхэлсэн байх харин 1 цагт хэдэн удаа тоглож байгаа талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч М.Азбаярын: “...Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед анх таньдаг ахтайгаа таараад /дотор нь тоглож байсан/ Мөнхболдтой хамт тоглож байгаа газар луу ороод тоглоход анх 9 хүн байж байсан. Мөнгөө хийнэ гээд би нийт 1.900.000 төгрөгийн читон аваад хэрэглэсэн байсан эхлээд суухдаа 200.000 төгрөгийн читон авч суусан... Тоглолт эхлээд тоглож байгаа хүмүүс мөнгөө /читоноо/ хийлцээд дуусах үед хэн хожих хамаа байхгүй голд нь нийлсэн читонуудаас 10.000 төгрөгийн читоныг авч байсан. Зарим хүмүүс нь тухайн үед нь шууд данс руу мөнгөө хийж байсан зарим хүмүүс нь бичүүлж /дэвтэр дээр/ байсан.... Би 16 цагаас орсон ч 22 цагийн үед тоглолтод оролцсон. Ойролцоогоор 1 цаг тоглож байсан. Мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаагүй байсан. Данс руугаа авах байх, тоглож байгаа газрын ханан дээр тоглолтын данс нь бичээстэй байсан... намайг харж байхад ханан дээр байсан данс руу мөнгөө хийгээд тоглож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Б.Өрнүүнбилэгийн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 22 цаг өнгөрч байх үед эгчтэйгээ холбоо бариад хоол тамхины мөнгө өгөөч гэсэн чинь хуурай эгч /Зуу зуу/ ирээд хоол идчих тамхины мөнгийг нь ирэхээр нь өгнө гээд хэлсэн. Тэгээд ороод хоолоо идээд хүмүүсийн мөрийтэй покер /13 модны/ тоглож байхыг хараад байж байсан чинь гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Ш.Мөнхзулын: “...Манай найз О************** нь ширээ худалдаж аваад хэдэн хүн мөрийтэй тоглуулж байгаа чи тухайн хүмүүст хоол хийж өгөх боломж байна уу гэхээр нь би зөвшөөрөөд тухайн хүмүүст хоол хийж өгсөн. Хоол хийж өгөөд хоолны мөнгөө О*************ээс өөрийн 5063407563 дугаарын дансаар авсан... Би 3 удаа л хоол хийж өгсөн... Тухайн тоглоомыг ...О************** зохион байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Гэрч Э.Туяацэцэгийн: “...Би Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Жин бууз цайны газарт туслахаар ажилладаг юм. Тэгээд очих газар байхгүй тул найз О**************ийн гэрт амьдарч байхад 2023 оны 03 дугаар сарын 15-ны орой ажлаа тараад ирэхэд О************ гэртээ мөрийтэй тоглоом тоглуулж байсан учир би амрах гээд өөр айлд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа яваад орой ирэхэд дахиад хүмүүс тоглуулж байсан тэгээд надаас дансаа түр хэрэглүүлээч миний утас болохгүй байна гарчхаад ирнэ гэж хэлээд миний 5749474543 дугаарын дансыг ашиглаж тухайн тоглож байсан хүмүүсийн мөнгийг миний данс руу хийлгэсэн. Тэгээд байж байтал гаднаас цагдаа орж ирсэн... миний эзэмшлийн 5749474543 данс руу тухайн орой 1.300.000 төгрөг орсон тэгээд тоглож байсан хүн рүү нь 1.000.000 төгрөг шилжүүлээд 300.000 төгрөг үлдсэн... тухайн тоглоомыг О************** зохион байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,
Б.О***************ийн эзэмшлийн Хаан банкны 5946372172 дугаартай дансны хуулга /хх-ийн 66-67-р хуудас/,
Э.Туяацэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5749474543 дугаартай дансны хуулга /хх-ийн 73-р хуудас/,
Яллагдагч Б.О************ийн: “...би 2023 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Цолмон гэх зүс таних залуу ширээ зарна гэж байсан. Тэгэхээр нь хэд хоног хэрэглэчихээд өгье гэж хэлээд авсан. Тэгээд тухайн ширээгээ өөрийн түрээсэлж амьдардаг Цагаан хадны төвд байрлах байрандаа байрлуулсан. Тэгэхэд ганц, нэг хүмүүс мэдэж байсан. Тухайн хүмүүс цааш нь дамжуулаад хүмүүсээ олоод 2023 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд покер тоглоом мөрийтэй тоглуулсан... тухайн 2 өдөр 8 хүн тоглосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.О***********нь 2023 оны 03 дугаар сарын 15-аас 16-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглуулах зорилгоор өөрийн амьдардаг байрыг тохижуулж, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэж, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.О**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,915,000 төгрөгийг шүүгдэгч Б.О**************ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.О**************ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О**************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Бусад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал буюу ам бүл хоёулаа амьдардаг нөхцөл байдал болон одоогоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа боловч яллах дүгнэлт үйлдэгдэх үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан нөхцөл байдал, мөн олсон орлогогүй, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр 2 өдрийн турш дансанд орж ирж байгаа орлого нь зөвхөн мөрийтэй тоглоомын орлогууд харагддаг. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирч байна гэж үзэж байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдлыг нь харгалзан 1 жилийн хугацаагаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чтон 3 хайрцаг, хөзөр 7 хайрцаг, улаан өнгийн шоо 7 ширхэг, бөөрөнхий хатуу биетэй зүйл 6 ширхэг, бүдэг ягаан өнгийн хуучин тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хүүхэлдэйн зурагтай дөрвөлжин шугамтай хуучин дэвтэр 1 ширхэг, 9 хүн тойрч суух зориулалттай бор өнгийн ширээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.О***************ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.О**************т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг төмөр савтай “Читон” 3 хайрцаг, хөзөр 7 хайрцаг, улаан өнгийн шоо 7 ширхэг, Big blind, small blind DEALER гэх тэмдэглэгээтэй шүдэнзний хайрцгийн хэмжээтэй бөөрөнхий хатуу биетэй зүйлс 6 ширхэг, ягаан өнгийн хуучин тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хүүхэлдэйн зурагтай дөрвөлжин шугамтай хуучин дэвтэр 1 ширхэг, бор өнгөтэй 9 хүн тойрч суух зориулалттай ширээ 1 ширхэг зэргийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.О**************гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.О***************т тодорхой ажил үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,915,000 төгрөгийг шүүгдэгч Б.О*************ээс гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан мөнгөлөг төмөр савтай “Читон” 3 хайрцаг, хөзөр 7 хайрцаг, улаан өнгийн шоо 7 ширхэг, Big blind, small blind DEALER гэх тэмдэглэгээтэй шүдэнзний хайрцгийн хэмжээтэй бөөрөнхий хатуу биетэй зүйлс 6 ширхэг, ягаан өнгийн хуучин тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хүүхэлдэйн зурагтай дөрвөлжин шугамтай хуучин дэвтэр 1 ширхэг, бор өнгөтэй 9 хүн тойрч суух зориулалттай ширээ 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА