| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/70 |
| Огноо | 2023-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/70
2023 05 17 2023/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Хохирогч Х.У***********,
Шүүгдэгч Л.Г*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г********** холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Г************ нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 6 дахь километрт хууль сахиулагч болох Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэслэгч Х.У***********ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар бие, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нэг шүдний сулрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зулайн хуйх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г************** мэдүүлэхдээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зам дээр шороо буулгаж байсан. Урд өдөр нь хоёр удаа дараалаад шалгуулахад утсаар шалгасан болохоор нь жолооны үнэмлэхээ аваад машины бичиг баримтаа аваагүй буучихсан юм. Надад шалгуулаад явахад нээх их асуудал байхгүй байсан. Тэгтэл чи яасан олон үгтэй өвгөн бэ гээд яагаад олон үгтэй гэж байгаа юм гэсэн чинь өдөр болгон чамайг шалгана гэсэн. Би огт зөрчилгүй байсан болохоор тэгээд шалга гэж хэлсэн. Би зүгээс байгаа төрийн цагдааг ямар их шалгадаг юм гээд цохиж авна гэж байхгүй. Намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Тэгээд би унагачихаад дээрээс нь хоёр цохисон. Хоёр цагдаа ирээд өөрсдийнхөө машинд сууцгаагаад явсан. Тухайн үед энгэрийн камер огт байгаагүй. Хэрэв байсан бол дуудлагаар ирсэн хоёр цагдаа зураг хөргийг нь авч болох байсан. Би мөрдөн байцаагч нарт та нар ерөөсөө байгаагүй зүйлийг гаргаж тавиад байна шүү дээ гэж хэлсэн. Энгэрийн камер нь жижигхэн биш бол унасан хагарсан нь харагдмаар юм. Тийм зүйл байхгүй байсан. Мэдүүлгээ худлаа л өгөөд байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.У*********** мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Цогтцэций сумын 121 километрт томилогдоод үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдрийн өглөө 11 цагийн үед Л.Г********** гэх хүнийг шалгасан. Шалгахад Л.Г************ гэх хүн нь бичиг баримтгүй бууж ирсэн. Тэгээд бичиг баримтаа авч ир гэхэд багажаар шалгадгаас болж бид хоёр маргалдсан. Та нар наад утсаараа үздэг биз дээ гэсэн. Тэр үед миний утасны сүлжээ болохгүй байсан. Бичиг баримтаа авч ир гэсэн чинь өчигдөр, уржигдар бас шалгасан байн байн шалгалаа гээд над руу уурлахаар нь өдөр болгон шалгана, энэ олон машинуудын алийг нь мэдэхгүй байна ганцхан таныг онцлоод зогсоогоод байгаа юм биш гэж хэлээд бид хоёр жаахан маргалдсан. Одоо бол сайхан ярьж байна тэр үедээ хэл амаа ч ололцохгүй байсан. Тэр үед намайг нэг удаа цохисон тэгээд оноогүй. Яриад ойлголцохгүй болохоор нь машины эзнийг дуудсан. Тэгж муудалцаж байгаад намайг заамдаад авсан. Би хоёр гурван удаа тавь гэж хэлсэн. Тэгтэл цохиод унагаасан. Цохилт нь орчихсон юм шиг байна лээ. Цохиулснаас хойш болсон зүйлийг санахгүй байгаа. Нэг мэдэхэд нүүр рүү цохиод байх шиг байсан. Тэгтэл хүмүүс ирээд салгаад боссон. Авлига авдаг гээд Авлигатай тэмцэх газар өгсөн юм байна лээ. Би үүнийг өөрийнхөө буруутай үйлдлийг хаацайлах гээд ингэж өгсөн гэж бодож байгаа. Бид хоёр маргахын хувьд маргасан үүн дээр зөвшөөрнө. Гол нь бичиг баримтгүй бууж ирчхээд наад утсаараа шалга гээд байсан. Би цагдаагийн байгууллагын ажилтан учраас машин дотор архи дарс уусан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах ёстой. Чи намайг өчигдөр уржигдар шалгасан гэж байна. Би олон хүн шалгаж байгаа танихгүй. Таних ч алба байхгүй. Ажлаа хийсний төлөө намайг буруутан болгох гээд жил гаран боллоо. Сэтгэл санаа дарамттай хэцүү байна” гэв.
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн Л.Г**********т холбогдох 2229000930035 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон агуулгын хувьд зөрөөгүй нотлох баримтууд цугларсан гэж эдгээр нотлох баримтуудыг дүгнэж дараах байдлаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Х.У************ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Дашцэнд, гэрч Доржгочоо, Ренцин-Очир, Болдбаяр нарын мэдүүлгүүдээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь нүүрс тээврийн авто замын 6 дахь километрт Л.Г*********** гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Уг өдөр цагдаагийн албан хаагч буюу Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Х.У************ нь албан үүргээ гүйцэтгэж явсан нь Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5А/7084 дугаартай архивын лавлагаа гэх албан бичиг мөн үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хуваарь хохирогч Х.У гэрч Болдбаяр, Ренцин-Очир, Доржгочоо, Дашцэнд нарыг мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байгаа. Уг өдөр цагдаагийн албан хаагч Х.У************* нь зам дээр зорчиж явсан тээврийн хэрэгслүүдийг зогсоож тээврийн хэрэгслүүдийг шалгах албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа 19-91 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоодог. Уг тээврийн хэрэгслийн жолооч өнөөдрийн шүүгдэгч Л.Г нь бууж ирээд бичиг баримтаа шалгуулахгүй олон дахин шалгалаа гэдэг байдлаар маргаан үүсэж улмаар Х.У************ын биеийн эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Цагдаагийн алба гэдэг нь гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай албан хаагч. Уг агуулгаар Х.У*************** 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр албаны чиг үүргээ гүйцэтгэж тээврийн хэрэгслийг зогсоож шалгадаг. Шалгах явцад шүүгдэгч Л.Г*************** хүч хэрэглэн эсэргүүцсэн байдлаар биеийн эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдэл тогтоогдож байна. Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан түүнээс тавьсан шаардлагыг үл тоож цохих зодох боох гэх мэтээр хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго идэвхтэй үйлдлийг ойлгож байгаа. Тэгэхээр бичиг баримтаа шалгуул гэхэд дахин дахин шалгалаа цахим хэлбэрээр шалгаач, шалгуулахгүй гэдэг байдлаар хууль сахиулагчийн шаардлагыг үл тоож улмаар маргаан үүсгэн биеийн эрх чөлөөнд нь халдаж байгаа нь хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна. Хууль сахиулагчийн биеийн эрх чөлөөнд халдсан үйлдлийн улмаас хохирогч Х.У*********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 382 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн 3995 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Тэгэхээр иймд шүүгдэгч Л.Г************ын хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй түүний биеийн эрх чөлөөнд нь цохих байдлаар халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд тухайн үед албан үүргээ гүйцэтгэх алба хаагчдад нэг бүрийн хэрэгсэл гэж өгдөг. Тухайн өдөр цагдаагийн албан хаагч Х.У***********ыг албан үүргээ гүйцэтгэх явцад шүүгдэгч Л.Г************ нь биеийн эрх чөлөөнд нь халдсаны улмаас ашиглаж байсан энгэрийн камер бутарч, эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон. Уг энгэрийн камерын хохирлын үнэлгээ нь 300.000 төгрөгийн хохирол үнэлгээ гарсан. Энэ нь шүүгдэгч Л.Г**********ын үйлдсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой хохирол учраас иргэний нэхэмжлэгч болон Гэрээт цагдаагийн хэлтэст энгэрийн камерын үнэлгээ болох 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Х.У***********аас гаргаж өгсөн баримт нэг бүрийг түүвэрчилж үзсэн. Эмчилгээтэй холбоотой 3.558.186 төгрөгийн хохирол гаргаж өгсөн байна. Үүнээс Х.У**********ын биед учирсан хохиролтой холбоотой биш эмчилгээний төлбөрийг хасахаас 3.181.366 төгрөгийн эмчилгээний зардал гарч гэж дүгнэсэн. Мөн бензин буюу нааш цааш явах зардал нь 1.570.873 төгрөг гаргаж өгсөн. 03 дугаар сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ны хугацаанд Улаанбаатар хот, Цогтцэций явсан бензиний баримтууд байгаа. Энэ нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан хохирогчид учирсан зардал хохирол төлбөр мөн гэж үзэж байгаа учраас 1.570.873 төгрөгийг гаргуулах саналтай байна. Хоолны мөнгөнд 182.400 төгрөг, буудлын мөнгө 4.550.000 төгрөг, ахуй хэрэглээ хүнс гээд 1.782.780 төгрөгийн хохирлын баримтуудыг гаргаж өгсөн. Хоол ахуйн хэрэглээ гэдэг нь хүний өдөр тутмын хэрэгцээний зардлууд байдаг.Хоолонд зарцуулсан гэх зардал ахуйн хэрэглээнд зарцуулсан гэх зардлуудыг гаргах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Уг хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг хохирол, хор уршигт хамаарахгүй гэж үзээд хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээтэй холбоотой зардал болон бензин зарцуулсан зардал гээд нийт 4.752.236 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.Ут олгуулах саналыг гаргаж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Г*************ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
Хохирогч Х.У************ын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын урд байдаг нүүрс тээврийн 6 дахь км-т зам дээр хяналт шалгалт хийгээд байж байхад уурхай талаасаа шар өнгийн өөрөө буулгагч Норд маркийн 19-91 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь бичиг баримтгүй байхаар “та бичиг баримтаа авч явж бай” гэсэн шаардлага тавихад тэр жолооч өөдөөс "уржигдар шалгаа биз дээ, дахин дахин шалгаад байх юмаа пяздаанууд" гэж хэлэхээр би “та намайг хараагаад байх юмгүй шүү би хийх ажлаа л хийж байна" гэж хэлсэн. Тэгэхэд тэр жолооч “дандаа дарамталж байх юмаа” гэхээр “би таныг дарамталсан юм байхгүй, шалгах ёстой зүйлээ шалгаж байна намайг доромжлоод байх шаардлага байхгүй шүү" гэхэд тэр жолооч "чи эцэг шигээ хүнийг дарамталлаа" гэж хэлээд бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад “хоёулаа хэл амаа ололцохгүй юм байна, хариуцсан хүнээ дууд” гэж хэлсэн чинь тэр жолооч намайг нэг цохих гээд хий цохисон тэгэхээр би "та боль ийм зан битгий гаргаарай, хэн хэндээ лай болно шүү” гэж хэлээд эргээд явах гэтэл миний хажуу талын зүүн шанаа руу цохиж авах шиг болсон. Би тэр үед ухаан балартаад унасан байсан, нэг сэрсэн чинь миний дээр мордоод суучихсан нүүр лүү цохиж байсан тэгээд нэг жолооч хүрч ирээд "боль юу болоод байна" гэж хэлээд тэр жолоочийг салгасан... Миний энгэрийн камер бүрэн ажиллаж байсан, намайг цохих үед камер газар унасан байх, сэнж болон дэлгэц нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Дашцэндийн: “...Нүүрс тээврийн автозамын 6 дахь км-т цагдаагийн дэслэгч Ууганбаяр нь албан үүргээ гүйцэтгэж байгаад бусдад зодуулж мөн энгэрийн камераа эвдүүлсэн талаар хүнээс сонсож байсан, тодорхой зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч А.Доржгочоогийн: “...намайг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр кемп дээрээ байж байхад жолооч Г*********** над руу утсаар яриад “би сумын цагдаа дээр байна, цагдаатай маргалдаад ирсэн” гэж хэлэхээр би юу болсон юм бэ гэхэд Ганбаатар жолооч “цагдаатай маргалдаад цагдаа намайг эхлээд цохисон би тэгэхээр зөрүүлээд цохиж зодсон” гэж хэлсэн... Г******** миний эзэмшлийн 19-91 УНТ улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Гэрч Л.Рэнцэн-Очирын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумаас урд байдаг нүүрс тээврийн 5 дахь км-т байдаг далангийн төв замын шороог буулгахаар 28-64 УАТ улсын дугаартай Норд бенз өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг унаад нүүрс тээврийн 6 дахь километрт засмал замаар хойшоо явж байхад замын өмнө талд 19-91 УНТ улсын дугаартай өөрөө буулгагч автомашин замаа чөлөөлөөд зогсчихсон өмнө талд нэг хүн цагдаагийн хувцастай хүний дээр гараад мордчихсон байдалтай байхаар би машинаа зогсоочихоод хүрээд очиход машины жолооч Г************ нэг цагдаагийн дээр гараад мордчихсон, энгэрээс нь заамдаад байж байхаар би очоод "яагаад юу болоод байна" гэж хэлээд заамдсан байсан гарыг салгаад Г************ыг татаж босгоход тэр цагдаа босоод ирээд газарт унасан байсан малгайгаа авсан. Тэр үед жолооч Ганбаатар машиндаа ороод суухаар би одоо гайгүй юм болов уу гээд би шороогоо буулгах гээд цаашаа явсан... Намайг цаанаас гараад очиход жолооч Ганбаатар цагдаагийн дээр нь гараад мордчихсон энгэрээс нэг гараараа заамдсан байдалтай байсан. Намайг очсон дараа бол цохиж зодсон зүйл байгаагүй намайг ирэхээс өмнө нь зодоон болчихсон байсан... Цагдаагийн алба хаагч цагдаагийн дүрэмт хувцастайгаа байсан, хацар хэсэг хавьд халцарсан байсан би өөрөөр бол сайн анзаарч хараагүй... Ганбаатар нь Доржгочоо гэдэг хүний 19-91 УНТ улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
Гэрч Б.Болдбаярын: “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дуудлага мэдээлэл хүлээн авагч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч У*************** нь бусдад зодуулсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн... нүүрс тээврийн 6 дахь км-т очиход цагдаагийн дэслэгч Ууганбаяр нь автозамын урд талд нь байдаг шороон зам дээр байсан, албаны машинаар нэг том тээврийн хэрэгслийг хааж зогссон байдалтай байсан... У************** цагдаа миний энгэрийн камер эвдэрсэн гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 382 дугаартай “1. Х.У**************ын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нэг шүдний сулрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зулайн хуйх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-65-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Л.Г*********** нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 6 дахь километрт хууль сахиулагч болох Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс /Гашуун сухайт/-ийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэслэгч Х.У************ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар бие, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нэг шүдний сулрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дух, зулайн хуйх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Г************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд энгэрийн камерын үнэ болох 300,000 төгрөгийн баримт ирүүлсэн. Шүүгдэгч Л.Г************ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд энгэрийн камерын үнэ болох 300,000 төгрөг төлсөн.
Харин хохирогч Х.У*********** нь эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд 11,845,753 төгрөгийг нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үнэлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар хохирогч Х.У********** нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас эрүүгийн хариуцагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Г**********ын үйлдсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг аль аль нь тогтоогдоогүй байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээг харгалзахаас гадна шүүгдэгчийн хувийн байдалтай хамгийн зүй зохистойгоор нийцсэн байх шударга ёсны зарчимд байдаг. Шүүгдэгчийн хувьд 58 настай. Мөн жолооч ажилтай байгаа. Тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлүүдээс нийгэмд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хувийн байдал, нас, ажил хөдөлмөртэй нь зохисгүй байна гэж үзээд тухайн зүйл ангид зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ. Торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хохирогч Х.У**********т учирсан хохирол, хор уршгийн хувьд хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд иргэний нэхэмжлэгчид учруулсан 300.000 төгрөгийн хохирол төлбөрийг завсарлага аваад төлсөн. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан байгаа нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр буюу 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3.500.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагалж бутарсан энгэрийн камерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Г**********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Л.Г*********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Г нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарч бутраад 9 ширхэг болсон энгэрийн камер 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Г**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Г**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Г********** нь иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэст энгэрийн камерын үнэ болох 300,000 төгрөгийг төлсөн. Хохирогч Х.У************ нь хохирол төлбөрт 11,845,753 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар хохирогч Х.У************* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагарч бутраад 9 ширхэг болсон энгэрийн камер 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА