| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 127/2025/0013/З |
| Дугаар | 221/МА2026/0071 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0071
Н.Нгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2025/0014 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Н
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ж.Л
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Н
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мя
Гуравдагч этгээд Ж.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.
Хэргийн индекс: 127/2025/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2025/0014 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, Төрийн Аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай “Орон нутаг судлах музейн захирал Н.Нд сахилгын шийтгэл оногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Н.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хэнтий Аймгийн засаг дарга Д.Аь нь нэхэмжлэгч Н.Нд сахилгын зөрчил илэрснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулалгүй Хөдөлмөрийн хуулийн 123 дүгээр зүйлийн 123.4 дэх хэсгийг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргах хугацааг хэтрүүлэн сонсгох ажиллагааг хийсэн гэж тодорхойлсон.
2.2. Хэнтий аймгийн Аудитын газраас аймгийн музейн 2024 оны санхүүгийн тайланд 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлт гаргаж тухайн оны 3 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг болон тамгын газрын ажилтнууд харъяа байгууллагын удирдлагад дүгнэлтийг танилцуулж нийтэд мэдээлсэн байдаг.
2.3. Шүүхээс Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт 42.4-д “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
2.4. Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 123.4,123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж заасан зохицуулалтаар төрийн аудитын шалгалт явж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан бөгөөд аудитын дүгнэлтийг мэдсэнээс хойш шийдвэр гаргах хугацааг Хөдөлмөрийн хуулийн 123 дүгээр 123.4 , мөн Захиргааны ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагаа болон, шийдвэр гаргахдаа мөрдөж ажиллахыг үүрэг болгон хуульчилсан.
2.5. Шүүх хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсан төрийн аудитын байгууллагаас 2020, 2021, 2022, 2023 онуудад хийсэн аудитын дүгнэлтийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/32 дугаартай Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл болсон гэдэг гэтэл энэхүү тушаалд энэ талаар нэг ч үсэг байдаггүй.
2.6. Мөн хууль хяналтын байгууллага шалгалт хийж байгаа гэсэн үндэслэлийг гаргадаг ч нэхэмжлэгч Н.Нд хууль хяналтын байгууллага мэдэгдэж дуудаж хяналт шалгалтын ажил явагдаж байгаа талаар мэдээлсэн зүйл алга. Хөдөлмөрийн маргааныг цагдаа, АТГ-аас шалгалт хийдэггүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгадаг. Гэтэл шүүх хуулийн байгууллагад шалгалт хийж байгаа гэсэн нь хариуцагч талд бүрэн үйлчилж шийдвэрээ гаргаж байгаа нь харагдаж байна.
2.7. Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2025/0014 дугаартай хууль бус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3. Маргаан бүхий Б/32 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Соёлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3-д заасныг үндэслэн,
Хэнтий аймаг дахь Төрийн Аудитын газар нь Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмч хөрөнгийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 255 дугаар албан бичгээр “Сөрөг дүгнэлт”, зөрчлийг таслан зогсоох тухай 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 120-ХЭА-2025/026/НА-СТА- ТШ8А2390049, 121-ХЭА-2025/026/НА-СТА-ТШЗА2Э90049, 122-ХЭА-2025/026/НА- СТА-ТШЗА2390049, 123-ХЭА-2025/026/НА-СТА-ТШЗА2390049 дугаар бүхий 4 албан шаардлагуудыг тус тус хүргүүлсэн байх тул хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж сахилгын зөрчил гаргасан гэж үзэж аймгийн Орон нутаг судлах музейн захирал Н.Нд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх “...Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-д тус тус зааснаас дүгнэхэд хууль зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулсан ба томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан, хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахгүйгээр сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна. ... Сахилгын зөрчил гаргасныг аудитын байгууллагаас тогтоож, түүний үндсэн дээр маргаан бүхий захирамжийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн хууль бус байсан гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
5. Нэхэмжлэгч Н.Н нь давж заалдах гомдолдоо “... Шүүх Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалтыг буруу тайлбарлан шийдвэр гаргалаа ...” гэжээ.
6. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан ... бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42.4-д “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэж тус тус заажээ.
Хариуцагч дээрх хуулийн дагуу Сөрөг дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.
7. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон сөрөг дүгнэлт, албан шаардлагыг би хүлээн зөвшөөрөөгүй гэх боловч уг дүгнэлт, албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй, биелүүлсэн тухай тайлбар гаргаж байсан[1], тухайн Сөрөг дүгнэлт хүчин төгөлдөр байгаа зэргээс үзвэл шүүхээс төрийн аудитын байгууллагын хүчин төгөлдөр дүгнэлтийг зөв, буруу гаргасан эсэхэд дүгнэлт өгч маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
Тухайн аудитын дүгнэлт гаргасан байгууллага нь дүгнэлтийг мэдэгдэх ажиллагааг явуулах бөгөөд энэ нь хариуцагч байгууллагын үүрэг биш тул уг үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй, анхан шатны шүүх 2020-2023 онуудад гарсан аудитын дүгнэлтүүдийг дурдсан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэж үзэхээргүй байх тул уг гомдол үндэслэлгүй байна.
9. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 127/ШШ2025/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] 1 дүгээр хавтас-22 хуудас.