Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

    2023               05                   25                                                           2023/ШЦТ/76

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Хохирогч Г.Т********,

Шүүгдэгч Т.С***********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С********т холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.С***********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р баг, Өгөөмөрийн 9-11 тоот Г.Т***********ийн гэрт байхдаа “...гэрээсээ хөөлөө...” гэх шалтгаанаар Г.Т***********ийн бие, эрх чөлөөнд гар болон төмрөөр цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чихний хэнгэргийн цооролт, зүүн мөр, бугалга, зүүн гуя, өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С***********мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа болохоор хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Т********мэдүүлэхдээ: “Эмчлүүлсэн эм тарианы баримтуудаа авч ирсэн. 04 дүгээр сарын 12-ны өдөр үзүүлэх гэсэн чинь эрүүл мэндийн даатгалын сангаас төдийн хэмжээний төгрөг гарсан байна. Тэгээд намайг мэйл хаягаар баталгаажуул гэхээр нь баталгаажуулсан. Одоо 6 сараас хойш эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх боломжгүй болсон” гэв.

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Т.С*******т холбогдох 23290000000050 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Т***********ийн мэдүүлэг, гэрч Төмөрбаатарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Цагаан-овоо 3 дугаар баг Өгөөмөр 9-11 тоот Г.Т***********ийн гэрт уг үйл явдал болсон. Уг үйл баримт нь Т.С***********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар Г.Т***********ийн биеийн эрх чөлөөнд нь гараараа цохих болон төмрөөр цохих байдлаар халдсан гэх үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байна. Энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Т***********ийн эрүүл мэндэд тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чихний хэнгэргийн цооролт, зүүн мөр, бугалга, зүүн гуя, өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан. Энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой, материаллаг шинжтэй гэмт хэрэг. Шүүгдэгч Т.С***********нь хохирогч Г.Т***********ийн эрүүл мэндэд төмрөөр цохих байдлаар халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.С**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд гэмт хэрэг гарсны дараа эмчилгээний төлбөрт 1,476,743 төгрөг мөн дансаар 600,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн. Нийт 2,076,743 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.С***********нь Г.Т**********д төлсөн. Хохирогч Г.Т***********ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт 901,500 төгрөг, 876,200 төгрөгийн баримтыг гаргаж өгч байна. Эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна. Учир нь и-баримт гаргаж өгөөгүй падан бичдэг байгууллага гэж бараг байхгүй. И-баримтаар бүх үйлчилгээнүүд явагдаж байгаа. Тэгэхээр нотлох баримт шаардлага хангахгүй байгаа учраас нэхэмжилж байгаа 1,77,700 төгрөгийн баримт нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг оруулж байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.С*********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-26-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30-р хуудас/,

Хохирогч Г.Т***********ийн: “...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...Содхуягын эхнэрээс чат ирсэн ба хаана байна гэхээр нь ажил дээрээ байна гэхэд одоо очлоо гэсэн чинь чат ирсэн... Ажлын гадаа ирээд С********ийн эхнэр Мөнхтуяа манай ажил руу орж ирсэн. Надтай орж ирээд золгох уу гэхээр нь би гэртээ очиж золгоно гэж хэлсэн. Би лаазтай пиво ууж байсан ба тэр ууж байсан пивоноосоо Мөнхтуяад аягалж өгсөн. Гаднаас С********** орж ирээд хоёрын хооронд лааз пиво ууж байгаа юм уу, танайд очоод ганц 0.5 литрийн архи шаачихаад эртхэн харьж амаръя гэж ярьсан.... 22 цагийн үед Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Өгөөмөр 9-11 тоотод оршин суух манай гэрт ирсэн, тэгээд би гэртээ тэр хоёрыг оруулаад хоол цайгаар дайлсан... С********ийн авч ирсэн 0.5 литрийн архийг хувааж уусан. 0.5 литрийн архийг хувааж уугаад сууж байхад 03 цаг болж байсан ба тэр хоёр маргалдаад эхнэр нь яваад өгсөн. С********** эхнэртэйгээ гарч яваад буцаж ирэхдээ 0.75 литрийн эдэн нэртэй архи авч ирсэн. Архи авч ирсэн цагаас хойш нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьсан. Утсаар ярьсан цагаас хойш, наад хүн чинь ямар хүн юм бэ, наад бүсгүй чинь ямар хүн бэ, энэ талаар Жоохноо мэдэх үү, /жоохноо гэж Мөнхтуяаг хэлдэг юм./ Мөнхтуяад хэлнэ гэсэн чинь тэр ярьж байсан бүсгүйтэй намайг яриулсан. Тэр эмэгтэй намайг доромжилсон. Мөнхтуяад хэлнэ гэсэн чинь Мөнхтуяаг угаасаа мэднэ. Миний хайр зовоод байгаа юм бол хайр дээрээ хүрээд ирэх үү гэж тэр эмэгтэй утасны цаанаас хэлсэн. С********** нь би энд 30 сая төгрөгийн өртэй надад хэцүү байна гэсэн. Би тэгээд хоёрын яриаг орхисон... наад архиа уухгүй бол аваад яв гэсэн чинь хөөгөөд байна уу гэсэн, архи уух юм бол энэ ширээний архийг уучих гэсэн чинь би айлын ширээний архи уухгүй гэсэн. Тэгэхээр авч ирсэн 0.75 литрийн архийг задалж өгсөн... наад архиа аваад явахгүй юу, одоо Мөнхтуяа ирэх байх гэж хэлэхэд, Би танайхаас 3 дахь удаагаа хөөгдөхгүй гэж хэлээд намайг алгадсан. Миний чихнээс цус гарсан. Хөөе чи яаж байгаа юм бэ цус гарчихлаа гэж хэлсэн чинь С********** “цус гэж энийг хэлдэггүй юм” гээд зуухны хажууд байсан төмрийг аваад миний өмнөөс харж зогсож байгаад миний толгой руу буюу толгойны дээд хэсэгт төмрөөр нэг удаа цохисон. Чи намайг төмрөөр цохичихлоо шүү дээ гэж хэлээд сөхөрч суугаад уучлаарай найз нь Мөнхтуяад хэлэхгүй уучлаарай гэсэн чинь төмрөөр зодож эхэлсэн, төмрөөр намайг саваад байсан би хэд савсанг нь мэдэхгүй, тэгээд гэрээсээ гараад зүүн айлын хашаа руу гүйж ороод “намайг хүн аллаа ахаа туслаарай” гэж хэлээд ухаан алдсан.... Намайг болиоч гэсэн чинь “чамайг ална гүйцээгээд өгнө” гэж хэлээд байсан... Намайг анх зүүн талын чих рүү гараараа хүчтэй алгадсан тэр даруй цус гарсан. Одоо хэнгэрэг хагарсан 2.5 мм цооронхой үүссэн. Зүүн мөр рүү төмөр дэгээгээр саваад байсан ба зүүн мөр, зүүн тохой, далны дээд хэсэгт цав суусан, тохойны махнууд тасарсан, шөрмөс гэмтсэн, зүүн хөлийн мах тасарсан, бяцарсан, өвдөгний нугалам овоогоод гараад ирсэн. Толгойд оёдол тавиулсан, доргилт үүссэн. 2 тархи арагшаа суусан, аман хүзүүн даралт үүссэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р хуудас/,

Гэрч Б.Төмөрбаатарын: “...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад хашааныхаа үүдийг хаах гэж зогсож байхад хажуугийн айлын эмэгтэй хашаа руу гүйж орж ирээд “аллаа, авраарай” гэж хэлээд хашаан дотор газар унаад өгсөн ба толгой нь цус гарсан, толгой нь хагарсан байсан. Би цагдаа, дуудаад дараа нь эмнэлэг дуудсан. Энэ өдөр өглөө эрт байсан... Тэр эмэгтэйн гэрт өглөө хүмүүс бага зэрэг маргалдсан ба удаагүй тэр эмэгтэй гэрээсээ гүйж гарч ирээд манай хашаанд ухаан алдан унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай “1.Г.Т***********ийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чихний хэнгэргийн цооролт, зүүн мөр, бугалга, зүүн гуя, өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67-р хуудас/,

Яллагдагч Т.С***********ийн: “...бид хоёр нэг нэгэндээ архи хундагалж өгөөд нэлээн их уусан. Би тэр үед согтсон байна. Намайг Т*********** цохиж авсан. Тэрнээс болоод уурласан байж магадгүй.... цагдаа нар гэрт орж ирээд “та хүн зодсон байна одоо хамт цагдаа дээр очих шаардлагатай байна” гэж хэлээд намайг аваад явсан... Т**********ийн биед би гэмтэл учруулсан. Төмрөөр толгой гар хөл рүү цохисон байсан... архи хэтрүүлэн ууснаас болж ийм үйлдэл гаргачихлаа өөрийн буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.С***********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р баг, Өгөөмөрийн 9-11 тоот Г.Т***********ийн гэрт байхдаа “...гэрээсээ хөөлөө...” гэх шалтгаанаар Г.Т***********ийн бие, эрх чөлөөнд гар болон төмрөөр цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чихний хэнгэргийн цооролт, зүүн мөр, бугалга, зүүн гуя, өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Т.С***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Т********нь эмчилгээний зардалд 1,777,700  төгрөгийг нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар хохирогч Г.Т********нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.    

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн зүйлийн 1.2 дэх заалтад заасан учруулсан хохирол төлбөр төлсөн гэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Хэдийгээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал учруулсан хохирол төлбөрийг төлсөн боловч төлөгдсөн төлбөрөөс хойш хохирогч Г.Т********нь эмчилгээ хийлгээд явж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй нөхцөл байдал байна. Мөн Т.С***********нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн зохисгүй хэрэглээний улмаас хохирогч Г.Т***********ийн биед төмөр буюу хатуу эд зүйлээр халдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаад шүүгдэгч Т.С**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэгээ төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх дүгнэлт гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.С**********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.С**********т 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.С*******т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

  2.3. Бусад асуудлын талаар

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 сантиметр урттай галын дэгээ төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.С*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.С***********т 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.С***********нь хохирогч Г.Т***********д хохирол төлбөрт  2,076,743  төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар хохирогч Г.Т********нь эмчилгээний зардал  1,777,700 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

5.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.С*********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 сантиметр урттай галын дэгээ төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА