Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

       2023 оны      05 сарын     26 өдөр                                             у 2023/ШЦТ/78                                      

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Т.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.М********

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б********,

Шүүгдэгч: Г.Б******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б********т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б******** нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 86 дахь километрт 43-81 ӨМА улсын дугаартай тоёота марк-2х-110 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Х.У*********ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, А.Б***********ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******** мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үүн дээр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б******** гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч миний бие хэргийн онолын талаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн байгаа. Өмгөөлөгч миний бие яагаад маргаж, мэтгэлцэх гээд байна гэхээр 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 54 тоот яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 2 заалтыг зөрчсөн гээд энэ үндэслэлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан буюу мансуурсан гэх үг, өгүүлбэрээр илэрхийлэгдэж, гэм буруугийн асуудлаар яллагдаж байна. Энэ хэрэг анх удаа шүүхээр орж байгаа хэрэг биш. Шүүхэд шилжиж ирсний дараа өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарлуулж,  тухайн хэлэлцүүлгээр хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхээр саналаа оруулж, шүүхээс өмгөөлөгч миний саналыг хүлээн авч 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 253 дугаар шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ захирамжаар ямар ямар ажиллагааг хийх талаар дурдсан байдаг. Тухайн автомашинд сууж явсан зоригч нарын шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан байх тул шинжээчийн дүгнэлтийг гаргая, зам тээврийн осол гаргасан жолооч буюу миний үйлчлүүлэгч Г.Б********ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг журмынхаа дагуу гаргаагүй байна, цусан дахь этилийн хэмжээ хэдий хэмжээгээр агуулагдаж байна гэдгийг журмын хүрээнд тогтоогоогүй байгаа нь зайлшгүй мөрдөн шалгаж ажиллагаагаар хийгдэх ёстой байна гэж хууль зүйн дүгнэлт хийгээд хэргийг прокурорт буцаасан байдаг. Хэргийн прокурорт буцаасан хугацаанд шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагаа хийгдсэн үү гэвэл хийгдсэн байдаг. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд эргэлзээтэй нөхцөл байдал буюу тэр дундаа нотлох баримтаар үнэлэх боломжгүй, захирамжийн 12-т талд авагдсан яллагдагч Г.Б********ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг холбогдох журмын дагуу тогтоолгох ажиллагаа хийгдсэн үү гэвэл хийгдээгүй байдаг. Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсны дагуу зөвхөн цусан дахь агууламжаар тогтоох байхад ингэж тогтоогүй байна гээд, уг тушаалыг үндэслэж хэрэг прокурорт буцаагдсан байдаг. Үүний дагуу цусан дахь этилийн спирт буюу цусан дахь агууламжаар согтуурлыг шалгасан ажиллагаа өнөөдөр хийгдээгүй. Нэгэнт драйгер багаж үлээлгэсэн учир уг драйгер багажийг Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулалт хийгдсэн эсэх талаар өмгөөлөгч миний бие мөн урьд хэлэлцүүлгээр ярьдаг. Хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаагаар жолооч алкохол хэрэглэсэн юм гэдгийг хавтаст хэргийн 156,157-р хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгөөд, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүйгээр ирсэн байдаг. Өмгөөлөгч миний хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр хавтаст хэргийн 21-р талд 2022 оны 03 сарын 03-ны өдөр Г.Б********ээс жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгааны драйгер багажийн дугаар байдаг. Өөрөөр хэлбэл Г.Б********ийг алколтест 68-10 гэсэн багажаар үлээлгэсэн гэдгийг тэмдэглэсэн байгаа. Хавтаст хэргийн 156-р хуудсанд алколтест 68-10 гэсэн багажийн баталгаажуулалт хийгдсэн юм болов уу гэсэн чинь энэ хэргийн хүрээнд алколтест 75-10 гэсэн драйгер багажийн баталгаажуулалт орж ирсэн байдаг. Тэгэхээр шүүгчийн захирамжид дурдагдсан алколтестийг нотолж өгөөгүй, хэргийн хүрээнд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайн гаргаж өгсөн нотлох баримт нь зөрүүтэй баримтыг гаргаж өгсөн байдаг. Хавтаст хэргийн 157-р хуудсанд авагдсан Стандарт хэмжилзүйн газрын баталгаажуулалтын хуудас нь эх хувиараа ирээгүй. Аливаа бичмэл нотлох баримт хувь эх хувиараа эсхүл тухайн байгууллагын хуулбар үнэн гэх тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан байхыг хууль шаардсан байдаг. Хууль заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Хэдийгээр алколтестийн стандарт баталгаажуулалтын гэрчилгээ гэдэг зүйлийг хавсаргасан боловч Г.Б********ийг үлээлгэсэн драйгерийн багажийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Нотлогдоогүй байгаа учраас хэргийн хүрээнд авагдсан баримт эргэлзээтэй, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх эрх зүйн заалтын хүрээд миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэл харагдаж байна. Иймд энэ зүйл хэсгээр гэм буруутайд тооцож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М******** гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй гэдгээр зүйлчлэл дээр маргаж, мэтгэлцэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдож орж ирсэн гэдэг дээр санал нэг байна. Яагаад гэхээр хавтаст хэргийн хүрээнд улсын яллагчийн шинжлэн судалсан баримтад буюу 1-р хавтаст хэргийн 46-47-р талд авагдсан мэдүүлгээр “...замдаа 1 пиво уусан, цаашаа явж байгаад дахиж пиво уусан, замдаа бид уугаад явсан” гэдэг. Хэргийн хүрээнд Г.Б********ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр пиво уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Сая шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч болон прокурорын асуусан асуултад пиво уусан, талыг нь уусан гэдэг байдлаар мэдүүлэг өгч байна. Мөн хавтаст хэргийн хүрээнд хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан драйгер багажаар үлээлгэхэд 1.64 хувийн согтолтой гэдэг нь тогтоогддог. Монгол Улсын Дээд Шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай тогтоолд жолооч согтуугаар үйлдсэн бол ялыг хүндрүүлэхээр заасан бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр согтуу байсан нь үйл баримтаар хангалттай нотлогдсон байвал согтуурлыг тогтоосон акт авагдаагүй нь хэргийн зүйлчлэл болон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэсэн дээд шүүхийн тогтоол байгаа. Улсын Дээд Шүүхээс ийнхүү тайлбарласан байна. Тэгэхээр заавал хэт их туйлширч, цусаар үзээгүй байна, цусаар үзсэнээр тогтоогдох ёстой, драйгер багаж эргэлзээ төрүүлж байна гэдэг байдлаар  хандаж ял завшуулах боломж байхгүй. Хэргийн хүрээнд гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон мөн өөрийнх нь өгсөн мэдүүлэг, драйгер багаж зэрэг нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байх тул зүйлчлэлийн хувьд тохирч байна гэж үзэж байна” гэв.

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Г.Б********т холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Б******** нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 86 дахь километрт 43-81 ӨМА улсын дугаартай Toyota mark-x110 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3.7а, мөн дүрмийн 1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Х.У************ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б***********ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х********ийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Х.У*************ийн мэдүүлэг, гэрч Батжаргалын мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1874 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Г.Б********ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Х***********ийн мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 408, 407, 409, 336 дугаартай шинжээчийн дүгнэлт, Стандарт хэмжил зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01062 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтууд шинжлэн судлагдсан байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.У********ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б***********ын амь насыг хохироосон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулиар хуулиар хамгаалагдсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник, ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх, амьд явах эрхийг зөрчсөн байх тул Монгол  Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Х************* нь 9,400,000 төгрөгийн хохирол төлбөр авсан тухайгаа бичгээр илэрхийлж, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Б******** нь бусдад төлөх төлбөргүй болно” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б********ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 19-20-р тал 24-29-р хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/ хх-н 22-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 21-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 23-29-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 31-37-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х**********ийн “...Талийгаач 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. Би амь хохирогчтой 2013 оны 08 дугаар сарын үеэр би гэр бүл болон амьдрал холбож амьдарч эхэлсэн. Миний том охин Х.У********* **********-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн айлын том охин. Миний бага охин Х.А************* нь *************-ний өдөр *********** суманд төрсөн. Талийгаач нь ************ тоотод хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг байсан юм. Амь хохирогч эхээс долуулаа айлын бага хүүхэд байсан юм. Дээрээ хоёр эгч, дөрвөн ахтай Талийгаач нь'айлын бага хүүхэд байгаа юм. Айлын долоо дахь хүүхэд эхээс 7-уулаа...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас амь хохирогч хоёр хүүхдийн хамтаар гараад Өмнөговь аймгийн Даланзадгад сум ороод амь хохирогчийн төрсөн эгч болох А.Бямбаагийн гэрт нь ирээд тэндээ хоноод байж байтал 2022 оны 03 дугаар сарын 03-ны өглөө Г.Б********, А.Бямбаагийн гэрт нь орж ирээд би машин авсан Ханбогд сум руу хамт явъя гээд орж ирэхээр нь би Г.Б********т надад зардал мөнгө байхгүй гээд хэлтэл би чамаас зардал мөнгө авахгүй гээд хэлсэн. Тэгээд би амь хохирогч хоёр хүүхдийн хамтаар Г.Б********ийн машинд нь суугаад Цогтцэций сум ороод дэлгүүр орж Г.Б******** нэг том пиво идэж уух юм аваад Г.Б******** хүүхдээ дэлгүүрийн гадна талаас тосож аваад гэрт нь хүргэж өгөөд хашааны гадна талд Г.Б******** бид хоёр дэлгүүрээс авсан пивоо хувааж ууж дуусгаад тэндээс хөдлөөд дахиад дэлгүүр дээр зогсож нэг том пиво аваад Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 6 дахь километр орох замын уулзвар дээр очиж зогсоод дэлгүүрээс авсан пивоо Г.Б******** бараг өөрөө ганцаараа ууж дуусаад би тэр пивоноос нь ганц хоёр аяга уусан. Тэгээд засмал зам руу ороод явж байхдаа Г.Б******** 140-160 километр цагийн хурдтай яваад байхаар нь би чи жаахан зөөлөн явж болохгүй юм уу гээд хэлтэл би насаараа машин барьсан хүн гээд миний хэлсэн үгийг тоохгүй хурдтай яваад байсан. Тэгтэл гэнэт машин ганхах шиг болоод замын хажуу тал руу орох шиг болсон. Тэгтэл машин онхолдчихсон миний эхнэр нас барсан байсан...Талийгаач нь архаг хууч өвчингүй байсан. Бага байхдаа нэг удаа хагалгаанд орж байсан гээд надад хэлж байсан...Миний зүгээс гомдолтой байна. Зүгээр байсан миний эхнэрийг хурд хэтрүүлж осол гаргаж амь насыг нь хохироосон болохоор миний зүгээс гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47-р хуудас/,

2022.09.22-ны өдрийн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х***********ийн дахин өгсөн “...Уг зам тээврийн ослоос миний эхнэр нас барж миний том охин болох Х.У************* биедээ хүнд гэмтэл авсан бага охин Х.А************* биедээ хөнгөн гэмтэл авсан, би өөрөө бас хөнгөн гэмтэл авсан юм. Миний том охин болох Х.Ууганцэцэг нь уг ослоос болж байнга толгой тархи нь өвдөөд байдаг болсон. Надад Г.Б******** нь миний хохирол барагдуулж өгөөгүй байгаа одоогоор надад нийт 610.000 төгрөг өгсөн байгаа. Ажил явдлын зардал, эмчилгээний зардлуудаа нийлүүлээд баримтаа гаргаж өгнө ойролцоогоор 12.000.000 арван хоёр сая орчим төгрөгийн зардал мөнгө гарсан байгаа. Би эхний ээлжид ажил явдлын зардал, эмчилгээний зардал мөнгөө гаргуулаад авмаар байна... Би өөрийн эхнэрээ алдсан, миний том охин Х.Ууганцэцэг цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би өөрийн эхнэрээ алдаж хоёр охиноо цаашид өсгөх, хүн болгоход надад хүндрэлтэй байгаа би гарсан зардал мөнгө болон, өмгөөлөгчид төлсөн мөнгөө эхний ээлжид гаргуулаад авмаар байна. Миний зүгээс маш их гомдолтой байна. Миний эхнэр нас барж, миний хүүхдүүд хүнд, хөнгөн гэмтэл авсаар байтал Г.Б******** гэдэг хүн миний хохирол барагдуулж өгөөгүй, надтай холбогдож яриагүй байгаа. Г.Б******** гэдэг хүнээс өөрийн охин Х.У************, Х.А************ нарыг 18 насанд хүртэл нь тэтгэмж олгуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Х.У************ийн “...Би тухайн осол болох үеийг одоо сайн санахгүй байна. Би тухайн үед осолд орсон гэдгээ л мэдэж байна...Миний толгой хааяа хааяа өвдөөд байдаг болсон. Өөр газарт өвдөхгүй байна...Надад хохирол төлсөн талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56-р хуудас/,

Гэрч Г.Батжаргалын “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад суман дээр байж байхад манай хүргэн Г.Хүрэлбаатар миний гар утас руу залгаад Ханбогд сум руу Г.Б******** машинтай явж байгаад осол гаргасан байна хамт явсан хүмүүс нь нас барсан юм уу ухаангүй байгаа үгүйг сайн мэдэгдэхгүй байна гээд надад хэлсэн юм. Тэгээд би Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Цогтцэций сум руу хүргэн Г.Хүрэлбаатарын хамтаар гараад Цогтцэций суман дээр ойролцоогоор 20 цагийн орчим ирсэн байхаа /би цагаа сайн санахгүй байна/ ирээд эмнэлэг дээр ирээд нас барсан хүмүүсийн ар гэрийн хүмүүстэй очиж уулзаад 22 цагийн үед осол болсон газар луу очоод осол болсон машиныг нь авч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 73- 74-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1874 дугаартай “...А.Б******** цусанд спирт илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,/хх-н 96-98-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай “...А.Б********ын цогцост үзлэг шинжилгээгээр зүүн талын олон хавирганы хугарал, 2 талын уушгины урагдал, голтын цус хуралт, дэлүүний урагдал, язрал, өрц, бүдүүн гэдэсний гялтан дахь цус хуралт, 2 талын бөөрний өөхөн эд дэх цус хуралт хуйхны урагдаж язарсан шарх, хуйхан доорх цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт зэрэг гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгджээ. Хохирогч нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй...А.Б********ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй...А.Б******** нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтэл, цус алдалтын шокоор нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-н 107-109-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022.09.10-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан /хх-н 118-121-р хуудас/,

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай “...Жолооч Г.Б******** нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн...3амын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийн хориглоно... 3.7а “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн...Мөн 1.3 "... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн...Осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь жолооч Г.Б********ийн буруутай үйл ажиллагаа болох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь хавтас хэрэгт бүртгэгдсэнээр нотлогдож байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 138-139-р хуудас/,

Яллагдагч Г.Б********ийн “...О.Х********** жолоочийн эсрэг талын суудал дээр эхнэр нь амь хохирогч Бүрэнбаяр арын суудал дээр хоёр хүүхдийн хамтаар суугаад зорчиж явсан.Өөр хүн сууж яваагүй...Тухайн үед би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож явах үед рүүл дайвалзаад нэг мэдэхэд осол болсон байсан...Үзэгдэх орчин хэвийн жоохон салхитай байсан...Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Би Цогтцэций сумын төв дээрээс хоёр өөр өөр дэлгүүрээс 2.500 граммын хоёр пиво авч хувааж у‘/сан...Намайг *************** гэдэг байцаагч драгер багажаар шалгахад миний согтолтын зэрэг 1.64 хувийн согтолттой гарч байсан...900.000 орчим төгрөг өгсөн байгаа өөр хохирол барагдуулж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг/хх-н 160-161-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч О.Х***********ийн “...Зам тээврийн ослоос болж миний эхнэр А.Б******** нас барсан. Миний том охин Х.У***********ийн биед хүнд хохирол учирсан, бага охин Х.А************ийн биед хөнгөн хохирол, миний биед хөнгөн хохирол учирсан юм Оршуулгатай холбоотой зардал 7.194.510 хохирол гарсан юм. Г.Б******** 2.900.000 мянган төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 4.294.510 мянган төгрөг надад өгөөгүй, үүн дээр нэмэгдээд хууль зүйн туслалцаа, үүн дээр нэмэгдээд хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн хөлс болох 2.000.000 сая төгрөг нэхэмжилнэ....Миний зүгээс Г.Б********ээс нийт 6.294.510 мянган төгрөг нэхэмжилж байна. Би өмгөөлөгч авсан баримтаа гаргаж өгч байна....” гэсэн мэдүүлэг /2хх-н 95-96-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 409 дугаартай “...Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна....Г.Б********ийн биед тархи доргилт гэмтэл учирчээ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/2хх-н 101-103-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 408 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №156 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...Х.А***********ийн биед тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ...Х.А**********ийн биед тархи доргилт гэмтэл нь дангаараа шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Баруун шилбэний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/2хх-н 109-111-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 407 дугаартай “...Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна...О.Х*********ийн биед тухайн үед тархи доргилт, хуйханд язарсан шарх гэмтэл учирчээ...Тархи доргилт, хуйханд язарсан шарх нь нэг ба нэгээс дээш удаагийн мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ...Тархи доргилт болон хуйхны язарсан шарх нь тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...Дээрх гэмтүүд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх- н 116-119-р хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 336 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 155 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...Х.У***********ийн биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины няцрал, хуйханд шарх, дух, зүүн сүвээнд зулгаралт гэмтлүүд учирчээ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...3үүн зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины няцрал, хуйхны шарх гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн сүвээний зулгаралт гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй....Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-н 124-127-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Б******** нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 86 дахь километрт 43-81 ӨМА улсын дугаартай тоёота марк-2х-110 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Х.У*********ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, А.Б**********ын амь насыг хохироосон үйлдэлд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Г.Б******** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х*********д хохирол төлбөрт 9,400,000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Б********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.       

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч Г.Б********ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Г.Б********ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Б******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн, зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өнөөдрийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Б******** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих саналыг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б******** эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Г.Б********т оногдуулах ял шийтгэлийн талаар улсын яллагчийн зүгээс саналаа оруулж байна. Өмгөөлөгчийн зүгээс дараах саналыг шүүхэд гаргаж байна. Тухайн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхэд эрүүгийн хариуцлагын гол зорилго оршдог. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн байгаа. Хохирлоо төлсөн талаар сая шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Энэ заалттай холбогдуулан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж өгнө үү гэж хэлмээр байна. Яагаад гэхээр энэ шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х*********ээс гар бичмэл ирүүлсэн бөгөөд уг гар бичмэлдээ шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа илэрхийлээд, надаас уучлал гуйсан оногдуулах ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү, энэ төрлийн гэмт хэрэг болгоомжгүй гэмт хэргийн ангилалд багтдаг, тухайн болсон нөхцөл байдлыг таашгүй нөхцөл байдал болсон юм гэдгийг тусгасан байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар санал гаргахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар хуульчилсан. 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж өгнө үү. Тухайн зүйл хэсэгт заасан ялыг доошлуулахад дараах зүйлийг харгалзан үзнэ үү. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн хувьд саяхан нэг хүний алтан амь насыг аварч, нэг талдаа өөрийн мэндийг золиосолж, маш их зориг гаргаж элэгнийхээ 69 хувийг тайрч элэгний донор болсон. Элэгний донор болсноос болж хөдөлмөрийн чадварт алдалт 69 хувиар мөн тогтоогдсон байгаа. Энэ 6 сарын хугацаанд гам бариад гэрээсээ гарахгүй, ямар нэг нян бохир орчинд орохгүй байх ёстой юм байна лээ. Ял оногдуулаад явахад мэдээж битүү, чийгтэй орчинд буюу эмчийн хэлсэн гамыг барих боломжгүй эрүүл мэндийн байдал муудах сөрөг нөлөө үүсэж болохоор байгаа. Тэгэхээр групп тогтоосон хугацаа, элэгний донор болсон нөхцөл байдлыг эрхэм шүүгч та анхааран үзэж өмгөөлөгчийн зүгээс ялыг доошлуулж оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Г.Б********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Харин хүний эрүүл мэндэд  хүнд хохирол, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, мөн элэгний донор болж хагалгаанд орсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг  баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б******** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “согтуурсан мансуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг  баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.Б********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б********т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Г.Б******** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х**********д хохирол төлбөрт 9,400,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б******** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.БАТТУЛГА