| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
2023 06 12 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Ц*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц*********д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Ц********* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг, Зүүн суугийн 2-239 тоотод байрлах гэртээ эхнэр Б.Б**********тай гэр бүлийн асуудлаас болж маргалдан, Б.Б***********г жирэмсэн болохыг мэдсээр байж бие, эрх чөлөөнд нь сандал, хүүхдийн скүүтер дугуйны бариулаар цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, духны язарсан шарх, дух, баруун шуу, зүүн бугуйн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.Ц********* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг, Зүүн суугийн 2-239 тоотод байрлах гэртээ эхнэр Б.Б*********тай гэр бүлийн асуудлаас болж маргалдан, Б.Б*********г жирэмсэн болохыг мэдсээр байж бие, эрх чөлөөнд нь сандал, хүүхдийн скүүтер дугуйны бариулаар цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, духны язарсан шарх, дух, баруун шуу, зүүн бугуйн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч Б.Б***********ийн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймагт 2 хоног ажилтай явж байгаад гэртээ ирэхэд манай нөхөр Э.Ц********* нь ажлаасаа ирчихсэн байсан. Бид хоёр 2 хоногийн өмнө гэр бүлийн гадуур харилцаанаас болж хоорондоо хэрүүл маргаан хийсэн би тэгээд Э.Ц*********ы өгсөн бөгжийг аваад нуучихсан байсан юм. Тэгээд тэр орой бид хоёр гэр бүлийн гадуур харилцаанаас болж дахиад хоорондоо маргалдаж хэрэлдсэн юм. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад намайг 4 хөлтэй гоо сайхны ширээний модон сандлаар цохих гэхээр би гараараа хаачихаад сандлыг нь булааж аваад Э.Ц********* руу шидсэн оноогүй тэгээд бид хоёр маргалдаж байгаад доошоо 1 давхар луу буугаад тэгтэл Э.Ц********* хүүхдийн скүүтер дугуйны бариулыг барьж байгаад миний толгойны зүүн тал руу нэг удаа цохиж авчихаад намайг гэрээс холд тэр цагдаагаа дууд гэж хэлэхээр би гэрээс гараад явган явж сумын цагдаагийн хэлтэс дээр ирж цагдаад дуудлага өгсөн. Миний биед Э.Ц********* гэмтэл учруулсан... Манай нөхөр Б.Онон гэдэг хүүхэнтэй 2019 оноос хойш уулзаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж дотно харьцаатай байдаг мөн мөнгө төгрөг өгдөг юм үүнээс болж бид хоёр хэрүүл маргаан хийсэн... Хэрүүл маргаан Цогтцэций сумын 2-р багийн нутагт байрлах Зүүн суугийн 2-268 тоотод байдаг байшинд шөнийн 20-21 цагийн үед болсон... Э.Ц********* тэр сандлыг хоёр гараараа барьж байгаад цохихоор нь би хоёр гараараа хаасан үүнээс болж хоёр гарын шуу нь хөхөрсөн... Бид хоёр архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Ч.Золзаяагийн: “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед байх Цогтцэций сумын эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад нэг эмэгтэй “би нөхөртөө зодуулчихлаа” гэж ирж надад үзүүлсэн. Би тухайн зодуулсан эмэгтэйг үзэхэд толгойн ар дагз, хоёр талын чамархай, баруун гарын шууны дунд 3x1, зүүн гарын шууны доод 3x1 хэсэгт хөхөрч хавдсан эмзэглэлтэй, мөн духны зүүн дээд хэсэгт үс арьсны заагт 1 см орчим шинэ зүсэгдсэн шархтай байсан. Тухайн өвчтөн өөрийгөө жирэмсэн гэж хэлж байсан би тэгээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийг зөвлөж, зөвлөгөө өгч өвчин намдаах эм өгч явуулсан... Тухайн өвчтөн 6 сартай жирэмсэн эмэгтэй байсан... Гэртээ тухайн орой нь зодуулсан гэсэн би зодуулчихаад шууд эмнэлэг дээр ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 134 дугаартай “1 .Б.Б***********ийн биед тархины доргилт, духны язарсан шарх, дух, баруун шуу, зүүн бугуйн цус хуралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
Б.Б*************ийн жирэмсний хяналтын картын хуулбар /хх-ийн 53-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Ц********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Ц********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Э.Ц*********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Б************* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ц*********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Э.Ц********* нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Ц********* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ц*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ц*********д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Б.Б************ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ц*********ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА