Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

 

  2023                06                     16                                                      2023/ШЦТ/86                  

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Золжаргал,

Улсын яллагч: Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч Ө.О*************нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.О**********т холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ө.О*************нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх иргэн н.Ц********ийн гэрт О.З******ийг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан, улмаар хутгаар О.З**********ийн бие, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь зүүн шилбэний хутгалагдсан шарх, цус хуралт, шөрмөсний гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ө.О*************нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх иргэн н.Цэцэгсүрэнгийн гэрт О.З********ийг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан, улмаар хутгаар О.З***********ийн бие, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь зүүн шилбэний хутгалагдсан шарх, цус хуралт, шөрмөсний гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.З*******ийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөө гэрээсээ Цогтцэций суманд ирсэн. Тэгээд төрсөн ах Мягмарбаярын гэрт хоноод маргааш нь хөдөө гэр лүүгээ гарах гээд мотоциклтой явж байгаад зүс таних Ц*************** гэх айлд очсон чинь таньдгаас Баяраа гээд залуу 4 залуутай архи уугаад сууж байсан. Би тэр хүмүүстэй нийлээд юм яриад архи хийж өгөхөөр нь амсчихаад сууж байхад гаднаас Ө.О************ гэдэг залуу согтуу труба бариад ороод ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс рүү агсам тавиад мод шидлээд байсан. Тэгээд сүүлдээ над руу дайраад эхэлсэн. Тэгж байгаад О************* надад шүргэх шиг болоод өнгөрсөн. Тэгээд босох гэсэн босч чадахгүй хөлөө дийлэхгүй байсан. Тэгээд сүүлдээ хүний хэлж байгаа үг сонсогдохгүй, ам нь ангалзаад байсан. Тэгж байхад эмнэлэг ирээд авсан... О************** надад шүргээд гарахдаа миний зүүн хөлийн өвдөгний баруун талд хутгалсан байсан... О************** “чи манай эхнэртэй яасан” гээд хардаад байх шиг байсан... О*************** нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч С.Цэцэгсүрэнгийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь мартсан байна. Тэр орой Замдий гэдэг хүн манайд ганцаараа хүрч ирээд гэрт байсан Энхбаяр, хогийн цэг дээр ажилладаг хүнтэй нэг шил архи ууцгаасан юм. Тэгээд байж байтал гаднаас Ө.О************* ганцаараа орж ирээд Замдийтай маргалдаад байсан. Тэр үед би гэрээс гараад дэлгүүр орчихоод хүүхдүүд ундаа аваад гэртээ ороход Замдий гэрийн зуухны баруун талд гуя руугаа хутгалуулчихсан гэж хэвтэж байсан... Замдий Ө.О************* намайг хутгалчихлаа гэж өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Э.Энхбаярын: “...Ө.О************* Цэцэгсүрэнгийн гэрт нь ирээд Замдийг “чи манай эхнэртэй унтсан байна” гэж гадуур яриад явж байна гэж хэлсэн. Тэгээд үүнээс болж тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд Ө.О************* хутгаар нэг удаа Замдийгийн шилбэ рүү дүрчихсэн юм... Ө.О*************Замдийг ална гэж заналхийлсэн зүйл хэлээгүй... хоорондоо хэрэлдэж байгаад Замдийг гэрийн зүүн хойд талын орон дээр надтай зэрэгцээд сууж байхад нь хүрч ирээд зүүн хөлийн хавьд нэг удаа хутгаар дүрчихээд гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74- р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 561 дугаартай “1. З********ийн биед зүүн шилбэний хутгалагдсан шарх, цус хуралт, шөрмөсний гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эмчилгээ эдгэрэлтээр хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Яллагдагч Ө.О*************ын: “...З манай эхнэртэй хоночихоод явж байна гэж хүнд хэлсэн байсан тэгээд уулзах гэж очсон юм.... Тэр орой Цэцэгсүрэнгийнд очоод З*******тай маргалдаж байгаад уурандаа халаасандаа байсан хутгыг гаргаж ирээд шилбэ рүү нэг удаа хатгачихсан юм. Бусдаар бол хутгална ална гэж очоогүй зүгээр л очиж юу яриад байгаа талаар нь өөрийн биеэр очиж сонсох гэж очсон юм... би тэгээд гэрээс гарчихаад хутгаа тэр хавьд нь шидчихээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ө.О*************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ө.О*************нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Ө.О*************ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Ө.О*************нь хохирогч О.З********ийд хохирол төлбөрт 650,000 төгрөг төлсөн. Хохирогч О.З********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ө.Ө.О*************ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг  шүүгдэгч Ө.О*************нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ө.О*************нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.О*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.О*************т 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О*************нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О*************зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Ө.О*************нь хохирогч О.З*********ийд хохирол төлбөрт 650,000 төгрөг төлсөн. Хохирогч О.З********** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Ө.О*************ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.О*************ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.О*************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА