Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

 

    2023             06                      16                                                       2023/ШЦТ/87

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ч.Л***********,

Шүүгдэгч Д.Б***********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б**********д холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б***********нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” ХХК-д хиймэл байгууламжийн инженер албан тушаалд ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байрны тодорхойлолтод заасан “Авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулж, барилгын ажлыг БНБД холбогдох стандарт, батлагдсан зураг төсөв, техникийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгүүлж, биелэлтийг хангах”, ‘Гүүр хоолойн хэсэгт дагаж мөрдөх ХХААЗ-тай танилцаж, ажлын орчны үнэлгээг тогтмол хийж, ажилтнуудыг ХХААЗ-тай танилцаж байгаад хяналт тавьж ажиллана”, “Хиймэл байгууламж хоолойн ажлын төлөвлөгөөг батлуулж, ажил гүйцэтгэх технологийн аргачлалыг боловсруулан, мөрдөж ажиллана”, “Авто зам, хиймэл байгууламжийн барилга угсралтын ажлын явцад чанарын болон технологийн хяналтыг тогтмол хийх” гэх чиг үүргээ биелүүлээгүйн улмаас И.Б************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б***********мэдүүлэхдээ: “Хүмүүсийн ярьсантай санал нэг байна. Яг юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Уг нь сайн хэлсэн. Хүмүүс ажиллахдаа санаандгүй, болгоомжгүй байдлаар угзарч байгаад таслаад хаячих вуу гэж би бодоод байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Ч.Л*********** мэдүүлэхдээ: “Өнөөдөр ажил олгогчийг төлөөлж оролцож байгаа. Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн 1-т заасны дагуу ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсний дагуу ажил олгогчийн зүгээс хохирогч И.Б***********д учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 06 сард Хохирол төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Үүний дагуу 9,600,000 төгрөгийг хохиролд тооцоод барагдуулсан байгаа. Эмчилгээний зардлыг ажиллагсдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулчихсан байсан тул даатгалаас гаргуулж өгсөн. Хохирогч эмчлүүлсэн бүх баримтаа даатгал руу өгч гаргуулсан учир үүн дээр яг хэдэн төгрөг олгосныг би мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар юу дутуу байгаа гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гэж байгаа. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хуульд зааснаар тооцоод үзэхээр хөдөлмөрийн чадвар алдалт нь 2022 оны 10 сарын 20-нд 70 хувиар тогтоогдсон байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тооцож үзэхэд 24,036,061 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг өгөхөөр 2023 оны 05 сард гэрээ байгуулсан. Цувуулж өгье гэдэг байдлаар гэрээ хийсэн. Яагаад цувуулж өгч байна гэхээр “*************”ХХК нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын автомашины замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Гэрээнд заасны дагуу зардлаар санхүүжиж явж байгаа. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Бид ямар ч ашиг аваагүй байгаа. Зам дээр гарсан зардал, цалингийн зардал зэргээ захиалагчаас аваад явж байгаа учраас өөрт санхүүгийн боломж байхгүй. Тийм учраас цувуулж өгье гэдэг байдлаар хохирогчтой тохиролцсон. Өмнөх 9,600,000 төгрөгийг мөн адил цувуулж төлсөн. Хохирогчийн хувьд эмчилгээ нь дуусвал буцаад ажилдаа орно гэсэн байр суурьтай байна лээ” гэв.

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Уг гэмт хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүгдэгч Д.Б***********нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” гэх компанид хиймэл байгууламжийн инженер албан тушаалд ажиллаж байсан. Уг албан тушаалд ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар автозам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулж барилгын ажлыг зохих стандарт, зураг төсөв шаардлагын дагуу чанартай хийж гүйцэтгүүлэх, биелэлтийг хангуулах, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, ажлын орчны үнэлгээг тогтмол хийж, ажилтнуудыг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулахад байнга хяналт тавьж ажиллах, мөн хиймэл байгууламжийн ажлын төлөвлөгөөг батлуулж, ажил гүйцэтгэх технологийн аргачллыг боловсруулан мөрдөж ажиллах, түүнчлэн автозам, хиймэл байгууламжийн барилга угсралтын ажлын явцад чанарын болон технологийн хяналтыг тогтмол хийж ажиллах чиг үүргийг хүлээн ажиллаж байсан. Уг чиг үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өндөр алтайн зам гэх компанид үйлдвэрлэлийн осол гарч, ослын улмаас Б*********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Бадраа, хохирогч Өнөрбаяр, гэрч Цогтгэрэл, Тайванжаргал, Өнөрбат, Өнөрбаяр нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 320 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Ууганбат, Батцэнгэл, Бадмаа нарын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05-092/27 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хиймэл байгууламжийн ажлын өдөр тутмын ХАБЭА-ийн дэвтрийн хуулбар, Д.Б********ийг ажилд томилсон тушаал, Б********, Өнөрбаяр нарын уг компанид хөлсөөр ажиллаж байсан гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг. Шүүгдэгч Д.Б*******ийн хувьд хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарч Б************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  Иймд шүүгдэгч Д.Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иргэний хариуцагч Өндөр алтайн зам компани, хохирогч Б*********** нарын хооронд 24,036,061 төгрөгийн хохирол нөхөн төлөх гэрээ байгуулсныг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэв. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б***********ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна.  Тухайлбал:

Хохирогч И.Б************ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг нүүрс тээврийн авто замын 66 дахь километрт үйл ажиллагаа явуулдаг “*************”ХХК-д гүүр хоолойн рам босгох бэхлэх ажил хийж байгаад өдөр цайндаа орчихоод буцаад ажилдаа гараад ажил үүргээ гүйцэтгэж байх үед тухайн үед зангидаад угсарсан байсан гүүр хоолойн жаазан рам ханарч нураад дээрээс дарсан. Тэгээд хамт ажил үүрэг гүйцэтгэж байсан Өнөрбаяр бид хоёрыг эмнэлэгт хүргэсэн... надад тухайн үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж сургалт орж, зааварчилгаа өгөөгүй. Цайнд орж байхад ажилд гарахаасаа өмнө хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа гэсэн дэвтэр дээр гарын үсэг зураад ажилдаа гарсан... тухайн осол нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, нүүрс тээврийн авто замын 66 дахь километрт үйл ажиллагаа явуулдаг “*************”ХХК-нд гүүр хоолой угсралтын ажлын талбайд болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Хохирогч Г.Ө************ын: “....Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 67 км-т зам дээр ажиллаж байсан. Тус газарт гүүр хоолойн араам босгож байхад би метрлэж яваад уг араамны гол хэсэгт явж байхад босгож байсан араам нурсан. Араам нурах үед араамны төмрүүд давхралдаад миний байсан газарт бага зэрэг зай гарсан би хамгийн бага бэртсэн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Д.Цогтгэрэлийн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 105 дахь км-т байдаг “*************”ХХК-ний шигшүүрийн үйлдвэр дээр байж байхад оройны 17 цагийн үед манай компаниас залгаад нүүрс тээврийн 66.8 дахь км-т байрлах гүүр хоолойн хэсэг дээр осол гарч, 2 ажилтан гэмтсэн байна, намайг яаралтай оч гэж хэлсэн. Би нүүрс тээврийн 66.8 дахь км-т байдаг гүүр хоолойны хэсэг дээр 20 цагийн үед очиход ажилтан Б*********, Ө*********** хоёрыг Цогтцэций сумын эмнэлэг рүү аваад явчихсан байсан. Би тэгээд тэнд байсан хүмүүс нараас юу болсон талаар асуухад автозамын гүүр хоолойны хэсэгт арматуран жаазыг цутгалтад бэлдэж угсарч бэхэлж байх үед арматурын жааз нь нурж ажилтан Б***********, Ө************ хоёр дарагдсан тэр үед Б*********** нь суугаагаар дарагдсан, Ө*********** ойчоод төмрийн доор хэвтээгээр дарагдсан гэж хэлсэн... Тухайн үед гүүр хоолойн ажлыг талбайн инженер Д.Б*********, талбайн даамал Ө********* нар хариуцан ажиллаж байсан. Гүүр хоолойн ажил хийж гүйцэтгэхээр 10 хүн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Гэрч Г.Тайванжаргалын: “...Бид 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 66 дахь км-т урд байдаг зам тавьж байгаа гүүрний хоолойны рам төмрийг угсарч байхад угсарсан 40 гаруй төмөр нурж унасан тэр үед ажиллаж туслах ажилтан Б**********, Ө********* хоёр дарагдсан... бид инженер Б***********ийн заавраар ажил гүйцэтгэж байсан... Хооронд нь цагаан өнгийн нарийн төмрөөр уяж бэхлээд явсан. Б*********** инженер зааварчилгаа өгч ингэж боож угсарна гэж хэлсэн... тэнд нийт 7-8 хүн ажиллаж байсан... Бид нарыг Ө***********, инженер Б*********** нар хариуцан ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

Гэрч Б.Өнөрбатын: “...Бид нар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 66 дахь км-т урд байдаг зам тавьж байгаа гүүр хоолойны рам төмрийг угсрах ажлыг хийж байхад угсарсан 40 гаруй төмөр рам нурж унасан тэр үед тэнд ажиллаж туслах ажилтан Б***********, Ө***********хоёр дарагдсан... Хоолойны эхний төмөр рамыг цааш нь газар луу гадаслаж төмөр утсаар бэхэлсэн байсан. Рам нь төмрүүдийг хооронд нь цагаан өнгийн нарийн төмрөөр уяж бэхлээд явсан. Бид нартБ**********инженер зааварчилгаа өгч хяналтаа тавьж байсан... Бид нар 2022 оны 04 дүгээр сарын 07- ны өдөр бүх төмөр рам жаазыг боож зангидан тэгээд маргааш өдөр бүгдийг босгож хооронд нь бэхэлж байхад ханараад уначихсан нийт 40 гаруй рам жааз байсан... тэнд нийт 7-8 хүн ажиллаж байсан... бид нарыг инженер Б**********болон би өөрөө хариуцан ажиллаж байсан... Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг инженер бид хоёр өгдөг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 320 дугаартай “1 .И.Б***********ийн биед ууцны 1,2-р нугалам зүүн талаараа, 4, 5-р нугалмын баруун талаараа суваг дайрсан, баруун сүүжний дэлбээ яс, зүүн талын суудал ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд нь хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. З.И.Б*************ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна 4.И.Б************ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71-р хуудас/,

Шинжээч М.Ууганбаатар, Б.Батцэнгэл, Ц.Бадмаа нарын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05-092/27 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Б***********нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*************”ХХК-д хиймэл байгууламжийн инженер албан тушаалд ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байрны тодорхойлолтод заасан “Авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулж, барилгын ажлыг БНБД холбогдох стандарт, батлагдсан зураг төсөв, техникийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгүүлж, биелэлтийг хангах”, ‘Гүүр хоолойн хэсэгт дагаж мөрдөх ХХААЗ-тай танилцаж, ажлын орчны үнэлгээг тогтмол хийж, ажилтнуудыг ХХААЗ-тай танилцаж байгаад хяналт тавьж ажиллана”, “Хиймэл байгууламж хоолойн ажлын төлөвлөгөөг батлуулж, ажил гүйцэтгэх технологийн аргачлалыг боловсруулан, мөрдөж ажиллана”, “Авто зам, хиймэл байгууламжийн барилга угсралтын ажлын явцад чанарын болон технологийн хяналтыг тогтмол хийх” гэх чиг үүргээ биелүүлээгүйн улмаас И.Б***********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Д.Б************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч И.Б***********, Г.Ө********** нар нь шүүгдэгч Д.Б************өөс хохирол төлбөр нэхэмжлээгүй, Иргэний хариуцагч “*************”ХХК нь хохирогч И.Б********д 9,600,000 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан, “*************”ХХК болон хохирогч И.Б********* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр 24,036,061 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б***********ийг бусдад төлөх төлбөргүй гэж  шийдвэрлэв.     

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Д.Б***********нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй. Хохирол төлбөрийг иргэний хариуцагчийн зүгээс бүрэн төлж барагдуулахаар гэрээ хэлцэл байгуулагдсан байдаг. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Б***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б**********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б*************д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б*************д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

  2.3. Бусад асуудлын талаар

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Д.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б**********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч И.Б*********, Г.Ө********* нар нь шүүгдэгч Д.Б*********өөс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хариуцагч “*************”ХХК нь хохирогч И.Б***********д 9,600,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний хариуцагч “*************”ХХК болон хохирогч И.Б*********** нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр 24,036,061 төгрөгийн хохирлыг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан болохыг дурдсугай.   

5.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б*********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА