Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/00089

 

 

 

 

 

 

 

    2019 оны 01 сарын 07 өдөр       

Дугаар 183/ШШ2019/00089

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3, өөрийн байранд байрлах Т  нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Д.Чимэд-Осорын гудамж, 0 тоотод байрлах “Э” ХХК-д холбогдох,

       

            Түрээсийн гэрээний үүрэгт 88 295 679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагчийн засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15 000 000 төгрөг, нийт 48 667 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч “Э ” ХХК-ийн захирал С.Ж, түүний өмгөөлөгч Ж.Э /ШТЭҮД-0000/, О.Б /ШТЭҮД-0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т  газар нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 477 м2 талбай бүхий “С ” зочид буудлыг хариуцагч “Э ” ХХК-д 1 м2 талбайг нь 7000 төгрөгөөр тооцож, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр Төрийн өмчийн хорооны баталсан гэрээний загварын дагуу тус хорооны зөвшөөрөлтэйгээр 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14/05 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г хариуцагч “Э ” ХХК-тай байгуулсан. Дээрх гэрээний 5.4-т зааснаар 1 сарын түрээсийн төлбөр нь 3 343 900 төгрөг бөгөөд нийт төлбөр 12 сар нь 40 126 800 төгрөг болно. Үүнээс хариуцагч “Э ” ХХК нь 2014 оны 3, 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт нийт 10 031 700 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 9 сар буюу 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 2 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр болох нийт 30 095 100 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тус төлбөрийн үлдэгдлийг хариуцагч “Э ” ХХК-ийн захирал С.Ж нь 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Т  газраас дээрх үлдэгдэл төлбөрөө яаралтай төлж барагдуулах талаар хариуцагч “Э ” ХХК-д удаа дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 29-ний 06/472 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 30-ны 06/579 дүгээр, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны 01/736 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч тус компанийн зүгээс түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 2014 оны 14/05 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 5.7-д “Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги ногдуулна” гэж заасны дагуу түрээсийн үлдэгдэл төлбөрийн нийт алданги нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 58 200 579 төгрөг болсон. Иймд хариуцагч “Э ” ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт 30 095 100 төгрөгийг алданги 58 200 579 төгрөгийн хамт буюу нийт 88 295 679 төгрөгийг зохих хууль тогтоомж, гэрээний дагуу “Э ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “Э ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон захирал С.Ж өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд түрээсийн гэрээг 10 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэхдээ түрээсийн байранд их засвар хийгдэж, хүлээлгэж өгсний дараа гэрээ хэрэгжихээр заасны дагуу 2006 оноос хэрэгжиж эхэлсэн. 2010 онд Т  газраас түрээсийн байранд Ахмадын хороог оруулах хэрэгтэй талаар санал тавихад манай зүгээс барилга байгууламжийн засвар, хөрөнгө мөнгө шаардлагатай гэхэд үүнийг түрээсийн төлбөртөө оруулаад тооцъё гэсний дагуу 10 дугаар сард гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсны дагуу Ахмадын хороо байрлах байрыг засварлаж, тусад нь хаалга гарган ашиглалтанд оруулсан. 2014 түрээсийн гэрээнд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болоод түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Уг түрээсийн гэрээний дагуу тооцсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 30 095 100 төгрөгийг зөвшөөрч байх боловч төлөх боломжгүй, Ахмадын хороог тухайн байранд оруулахад засвар хийсэн зардлыг түрээсийн төлбөрт харилцан тооцуулмаар байна. 2005 онд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2015 онд дуусна. Гэтэл 2014 онд түрээсийн гэрээг дахин байгуулсан. Гэтэл Т  газраас 2005 онд байгуулсан гэрээг дуусгасан, цуцалсан нь огт тодорхойгүй байна. Манай талаас Т  эд хөрөнгийг энэ хугацаанд хадгалж, хамгаалж, аривжуулж, өргөтгөн үйл ажиллагаа явуулах боломжийг тодорхой хэмжээний зардал гарган засварласан гэх санхүүгийн эх сурвалж, баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл Т  газар эдгээр асуудлыг тооцохгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн “Э ” ХХК нь түрээсийн байрыг эзэмшиж байсан 8 жил гаруйн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтуудаа өөрсдөө болон үнэлгээний байгууллагаар тогтоолгосон. Эдгээр баримтаас үзэхэд “Э ” ХХК нь Т  газарт төлөх төлбөр байхгүй. 2014 онд хагас жилийн төлбөр төлөөд тухайн байрыг хүлээлгэж өгсөн. Тухайн байрыг хүлээлгэж өгч байх явцдаа “Э ” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч “Э ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Т  газартай 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 06/00 тоот маш нууц гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан билээ. Тус гэрээний 3.2-т “урьдчилсан тооцоогоор 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөгдсөн ба хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэлээр тогтооно” гэсэн бол мөн гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөх ба энэ зардлаа түрээсийн төлбөрт суутган тооцохын зэрэгцээ түрээсийн гэрээг мөрдөж эхэлснээс хойш сар бүр түрээсийн төлбөрт 400 000 төгрөг төлж хөрөнгө оруулалтын зардал нөхөгдсөнөөс хойш түрээсийн төлбөрийн хэмжээнд хоёр тал тохиролцон өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан нь тухайн үед мөрдөж байсан Төрийн өмчийн хорооны 2001 оны 000 тоот тогтоолыг иш үндэс болгосон юм. Манай компани С  зочид буудлын их засварт 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэлийн актаар 84 547 322 төгрөг оруулсан. “С ” зочид буудлын их засвар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн төсөв-актыг ТЕГ-ын ХҮХ-ийн Санхүүгийн тасгийн дарга Б.Б, ХҮХ-ийн Хөрөнгө оруулалт, барилга орон сууц хариуцсан ажилтан, мэргэшсэн төсөвчин х/ч Б.Г, ХҮХ-ийн дарга, х/а Р.О нар хянаж үзээд баталгаажуулсан юм. Үүний дээр зочид буудлын өрөө, кафе, биллиардын тавилга, тоног хэрэгсэл зэрэг эргэлтийн хөрөнгө компанийн балансад тусгагдсанаар 25 934 560 төгрөг болоод байна. Түрээсийн гэрээний 5.7-д “гэрээ дуусгавар болсны дараа түрээслэгч барилга байгууламж, эд хөрөнгийг 9.2-т заасан актын дагуу буцаан өгөх үүрэгтэй” гэсэн заалт “С ” зочид буудлыг ургэлжлүүлэн зориулалтаар нь ашиглах шаардлагын хэмжээнд хүлээлгэн өгнө гэж тохиролцсон нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа болно. Иймд манай компанийн зүгээс оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 110 481 882 төгрөг болж байна. 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төрийн өмчийн хорооны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16/445 тоот албан бичиг, 06/58 дугаартай түрээсийн гэрээний 2.1, 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн С  зочид буудлын түрээсийн төлбөрийг хөрөнгө оруулалтыг суутган тооцохоос гадна нэмж сар бүр 600 000 төгрөг төлж байхаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн 9.4-т “Түрээслэгч тал С  зочид буудлын 1 давхрын баруун жигүүрийн 2 өрөөг хонгилын хамт тусгаарлан зохих зураг төслийн дагуу гадагш хаалга гарган нэмэлт хөлийн өрөөний байгууламж барьж, цахилгаан сантехникийн өөрчлөлт оруулж Т газрын Ахмадын хороонд 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор хүлээлгэн өгнө. Засварын зохих ажлыг Ахмадын хорооны хүсэлтийн дагуу гүйцэтгэнэ. Түрээслэгч тал Ахмадын хорооны үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарах ашиглалтын зардлыг хариуцна. Түрээслэгч тал Ахмадын хороонд зочид буудлын зохих талбайг шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан уг зочид буудлыг зориулалтаар нь ашиглахад мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагад нийцүүлэн зочид буудлын барилгын үүдний хэсгийн зохион байгуулалтад зохих өөрчлөлтийг оруулна. Ахмадын хороонд зочид буудлын зохих хэсгийг шилжүүлсэнтэй холбогдон гарсан зохион байгуулалт, засварын ажлын зардлыг барилгын түрээсийн зардалд тооцох” гэж заасан болно. Энэ зардал нь гүйцэтгэлийн төсвөөр 33 667 020 төгрөг болсон болно. Мөн хөрөнгө оруулалтыг нөхөн суутгах нөхцөлтэй түрээсийн гэрээ Т газартай байгуулсан тул манай компанийн зүгээс оруулсан 110 481 882 хөрөнгө оруулалтын 15 000 000 төгрөгийг нэмж нэхэмжлэх үндэстэй гэж үзэж байна. Иймд Т  газраас засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15 000 000 төгрөг нийт 48 667 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

         Нэхэмжлэгч Т  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 289.1.3-т зааснаар хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүрэг хүлээдэг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 2.20-д зааснаар Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглодог. Түүнчлэн ТӨХ-ны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмын 2.9-д зааснаар төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах зөвшөөрлийг ТӨХ-ны хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Т  газар “Э ” ХХК-ийн хооронд 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 06/58 дугаартай төрийн маш нууц зэрэглэлтэй түрээсийн гэрээний 5.3-т түрээслэгч нь түрээслэн авсан барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, өргөтгөл шинэчлэлт хийх шаардлага гарвал түрээслүүлэгчээс албан ёсны зөвшөөрөл авна гэж заасан. “Э ” ХХК-иас 2006 онд “С ” зочид буудлын барилгын их засварт оруулсан гэх 84 547 322 төгрөгийн засвар, үйлчилгээ нь дээр дурдсан хууль, журам, гэрээний заалтыг зөрчсөн байдаг. Тодруулбал, тус компани нь дээр дурдсан засвар үйлчилгээг хийхдээ ТӨХ, Т  газраас албан ёсоор зөвшөөрөл аваагүй бөгөөд зөвшөөрөл авсан эсэхтэй холбоотой нотлох баримт байхгүй. Мөн хянагдсан өртөг, зардлын тооцоо, судалгаа байхгүй болно. 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Э ” ХХК-ийн захирлын баталсан “С ” зочид буудлын их завсар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн төсвийг Т  Хангалт, үйлчилгээний хэлтсийн дарга болон холбогдох бусад албан тушаалтан хянаж зөвшөөрсөн байх боловч тухайн албан тушаалтнууд нь холбогдох төсөв, гүйцэтгэлийг хянах, зөвшөөрөх эрх бүхий субьектүүд биш юм. Учир нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.8-д заасны дагуу Т  дарга тус байгууллагыг дотоолд, гадаадад төлөөлөх, төсвийг захиран зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд Т  даргаас тухайн албан тушаалтнуудад “С ” зочид буудлын их засвар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн төсвийг хянах, зөвшөөрөх талаар тусгайлан эрх олгосон тушаал, шийдвэр байдаггүй. Түүнчлэн Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмын 5.16-д энэхүү журмыгн зөрчин дур мэдэн хийгдсэн бичиг баримтын бүрдэлгүй хөрөнгө оруулалтыг төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт гэж тооцохгүй гэж тусгайлан заасан. Мөн “Э ” ХХК-д Төрийн өмчийн хорооноос хүргүүлсэн 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1б/1445 дугаартай албан бичигт “С ” зочид буудлын барилгад танай компани хөрөнгө оруулалт хийсэн нь ТӨХ-ны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн үйлдэл болсон байна гэж тодорхой дурдсан байдаг. Талуудын хооронд 2005 онд байгуулсан 06/58 дугаартай гэрээний 3.3-т хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөхөөр заасан байдаг бөгөөд түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай Төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолд нийцүүлэн тус гэрээг 2014 онд шинэчлэх үед аль хэдийн 9 жил өнгөрсөн байсан нь гэрээний дагуу хөрөнгө оруулалт нөхөгдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн 2014 онд гэрээг шинэчлэх үед “Э ” ХХК-ийн зүгээс 2006 онд оруулсан гэх хөрөнгө оруулалтын талаар албан ёсоор буюу бичгээр санал гаргаагүй нь гэрээний дагуу өнгөрсөн 9 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг хангалттай нөхсөн гэдгээ хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. “Э ” ХХК-ийн балансад туссан 25 934 560 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна гэх асуудал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 326.1-д зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг. Талуудын хооронд 2010 онд байгуулсан 2005 оны 06/58 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Э ” ХХК-иас “С ” зочид буудлын зохих хэсэгт хийсэн барилгын засварын ажилд оруулсан гэх 33 667 020 төгрөгийн гүйцэтгэлийн төсвийг сөрөг нэхэмжлэлд хавсаргасан гэх боловч тухайн гүйцэтгэлийн төсөв нь хавсаргагдаагүй, мөн дурдсан гүйцэтгэлийн төсөв нь Т  газарт байхгүй байгаа нь тухайн гүйцэтгэлийн төсвийг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Эцэст нь тэмдэглэхэд “Э ” ХК-ийн зүгээс 2006, 2010 онуудад “С ” зочид буудалд оруулсан гэх хөрөнгө оруулалтууд нь холбогдох хууль тогтоомж болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн үйлдэл бөгөөд тухайн хөрөнгө оруулалтуудад санхүүгийн гүйцэтгэл байхгүй, хийгдээгүй нь сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтууд бүрэн хийгдсэн эсэхийг нотлох боломжгүй юм. Иймд “Э ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т  газар нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл 30 095 100 төгрөг, алданги 58 200 579 төгрөг, нийт 88 295 679 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Т  газар нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 477 м2 талбай бүхий “С ” зочид буудлыг хариуцагч “Э ” ХХК-д 1 м2 талбайг нь 7000 төгрөгөөр тооцож, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14/05 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгуулсан. Дээрх гэрээний 5.4-т зааснаар 1 сарын түрээсийн төлбөр нь 3 343 900 төгрөг бөгөөд нийт төлбөр 12 сар нь 40 126 800 төгрөг болсноос хариуцагч нь 2014 оны 3, 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт нийт 10 031 700 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 9 сар буюу 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 2 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр болох нийт 30 095 100 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг алданги 58 200 579 төгрөгийн хамт нийт 88 295 679  төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...2010 онд Т  дарга Г.А, Тамгын газрын дарга н.Б нар ирж уулзаад түрээсийн байранд Ахмадын хороог оруулах хэрэгтэй байна гэсний дагуу барилга байгууламжийн засварт оруулсан зардлыг түрээсийн төлбөрт оруулан тооцохоор тохиролцож, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Ингээд манай байгууллагаас тодорхой хэмжээний зардал гарган Ахмадын хороо байрлах байрыг засварлаж, тусад нь хаалга гарган ашиглалтанд оруулсан. 2014 түрээсийн гэрээнд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан бөгөөд шинэчлэн байгуулсан түрээсийн гэрээний дагуу тооцсон түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30 095 100 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгийг төлөх боломжгүй учир нь Ахмадын хороог тухайн байранд оруулахад засвар хийсэн зардлыг түрээсийн төлбөрт харилцан суутгасан гэж үзэж байна. 2005 онд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2015 онд дуусах байтал 2014 онд түрээсийн гэрээг дахин байгуулсан. Гэтэл Т  газраас 2005 онд байгуулсан гэрээг дуусгасан, цуцалсан нь огт тодорхойгүй байна. Мөн “Э ” ХХК нь түрээсийн байрыг эзэмшиж байсан 8 жил гаруйн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтуудаа өөрсдөө болон үнэлгээний байгууллагаар тогтоолгосон. Эдгээр баримтаас үзэхэд “Э ” ХХК нь Т  газарт төлөх төлбөр байхгүй. 2014 онд хагас жилийн төлбөр төлөөд тухайн байрыг хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хариуцагч “Э ” ХХК нь Т  газар, С овогтой Ж нарын хооронд 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан маш нууцын зэрэглэлтэй “Гэрээ эрх зүй, худалдааны итгэмжлэгдсэн үйл ажиллагаа явуулах гэрээ”-ний дагуу Т  гүйцэтгэх ажлын санхүүг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан халхавчийн аж ахуйн нэгж болох нь зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.     

 

            Үүний дараа, 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд 06/58 дугаартай маш нууцын зэрэглэлтэй түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч “Э ” ХХК нь нэхэмжлэгч Т  үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 477 м.кв талбай бүхий “С ” зочид буудлын барилгыг 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай түрээслэхээр, түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд өөрчлөлт оруулан өртгөтгөл шинэтгэл хийхээр, урьдчилсан тооцоогоор 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэлээр тогтоохоор, хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөх ба энэ зардлаа түрээсийн төлбөрт суутган тооцохын зэрэгцээ түрээсийн гэрээг мөрдөж эхэлснээс хойш сар бүр түрээсийн төлбөрт 400 000 төгрөг түрээслүүлэгчид төлж, хөрөнгө оруулалтын зардал нөхөгдсөнөөс хойш түрээсийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар тус тус харилцан тохиролцжээ.      

 

            Зохигчид 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дээрх 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06/58 дугаартай түрээсийн гэрээнд дараах байдлаар буюу гэрээний 3.3-т заасан түрээсийн төлбөр 400 000 төгрөг гэснийг 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 600 000 төгрөг байхаар, гэрээний 9.4 дэх хэсэгт зааснаар түрээслэгч тал “С ” зочид буудлын 1 давхрын баруун жигүүрийн 2 өрөөг хонгилын хамт тусгаарлан, зохих зураг төслийн дагуу гадагш хаалга гарган нэмэлт хөлийн өрөөний байгууламж барьж, цахилгаан сантехникийн өөрчлөлт оруулж Т  Ахмадын хороонд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, түрээслэгч тал Ахмадын хороонд зочид буудлын зохих талбайг шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан уг зочид буудлыг зориулалтаар нь ашиглахад мэргэжлийн  хяналтын байгууллагын  шаардлагад нийцүүлэн зочид буудлын барилгын үүдний хэсгийн зохион байгуулалтад зохих өөрчлөлтийг оруулахаар, амхадын хорооны байрлах талбай түрээсийн төлбөрт хамрагдахгүй байхаар, Ахмадын хороонд зочид буудлын зохих хэсгийг шилжүүлсэнтэй холбогдон гарсан барилгын засварын зардлыг түрээсийн зардалд тооцохоор, гэрээний 9.5-д түрээсийн гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс талууд мөрдөхөөр харилцан тохиролцож, тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх-79-80/

 

            Улмаар Төрийн өмчийн хорооны 2002 оны 715 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар 2007 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг шинэчлэн байгуулах талаар Төрийн өмчийн хорооноос удаа дараа шаардлага тавьсны дагуу зохигчид 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг шинэчлэн, “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э ” ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, С  зочид буудлын 477.7 м.кв талбай бүхий өрөөг 1 м.кв талбайг нь 7000 төгрөгөөр тооцож сард 3 343 900 төгрөг, жилд 40 126 800 төгрөгөөр 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр тохиролцжээ.

 

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “...2001 онд Т  газар болон Э ХХК нар гэрээ байгуулж, компани үүсгэн байгуулан, Э ХХК-ийн 50%-ийг Т  хангалт үйлчилгээний төв эзэмшихээр байгуулсан. Энэ гэрээ цуцлагдсан эсэх, Т  газар, Э ХХК-ийн 50%-ийг эзэмшихээ больсон талаар ямар ч бичиг баримт хэрэгт байхгүй байна. Мөн 2005 онд байгуулагдсан түрээсийн гэрээ 10 жилийн хугацаатай байсан, гэрээ дуусгавар болоогүй, цуцлагдаагүй, гэрээнээс татгалзаагүй байхад 2014 онд гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. 2005, 2014 оны түрээсийн гэрээнүүд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг, 318.4 дэх хэсгийг зөрчиж байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Тэгэхээр энэ хоёр гэрээ хоёулаа хуулийн шаардлага хангаагүй, хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж маргасан.   

 

             Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ болон түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг болон Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмын 14 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаагүй байх боловч талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэн аль нь улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавьж байгаагүй, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж төлбөр төлж байсан байх бөгөөд түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний төрөлд хамаардаг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна хариуцагч талаас хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.  

 

Талууд түрээсийн гэрээний 5.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцэж байх боловч алдангид 58 200 579 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30 095 100 төгрөгийн 50 хувиар тооцоход 15 047 550 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй байна.

 

            Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан түрээсийн болон түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, шинэчлэн байгуулсан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр байх тул түрээслүүлэгч нь түрээсийн төлбөр болон гэрээгээр тохиролцсон алдангийг түрээслэгчээс шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь “С ” зочид буудлыг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд түрээсэлсэн, дээрх хугацаанд түрээсийн төлбөрт 10 031 700 төгрөг төлсөн, 30 095 100 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар маргаагүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 30 095 100 төгрөг, алданги 15 047 550 төгрөг нийт 45 142 650 төгрөгийг хариуцагч “Э ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Т  газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:  

Хариуцагч “Э ” ХХК нь нэхэмжлэгч Т  газарт холбогдуулан засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15 000 000 төгрөг, нийт 48 667 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулагдсан 06/25 тоот маш нууц гэрээний 3 дугаар зүйлд ... хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэлээр тогтооно, хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөх ба энэ зардлаа түрээсийн төлбөрт суутган тооцно, түрээсийн гэрээг мөрдөж эхэлснээс хойш сар бүр түрээсийн төлбөрт 400 000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Манай компани С  зочид буудлын их засварт 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэлийн актаар 84 547 322 төгрөг, зочид буудлын өрөө, кафе, биллиардын тавилга, тоног хэрэгсэл зэрэг эргэлтийн хөрөнгө гэж 25 934 560 төгрөг, нийт 110 481 882 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ... С  зочид буудлын түрээсийн төлбөрийг хөрөнгө оруулалтыг суутган тооцохоос гадна нэмж сар бүр 600 000 төгрөг төлж байхаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг гэрээний 9 дүгээр зүйлд түрээслэгч тал С  зочид буудлын 1 давхрын баруун жигүүрийн 2 өрөөг хонгилын хамт тусгаарлан. зохих зураг төслийн дагуу гадагш хаалга гарган нэмэлт хөлийн өрөөний байгууламж барьж, цахилгаан сантехникийн өөрчлөлт оруулж, Т  Ахмадын хороонд 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр, ... Ахмадын хороонд зочид буудлын зохих хэсгийг шилжүүлсэнтэй холбогдон гарсан зохион байгуулалт, засварын ажлын зардлыг барилгын түрээсийн зардалд тооцно гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ зардал нь гүйцэтгэлийн төсвөөр 33 667 020 төгрөг болсон. Мөн хөрөнгө оруулалтыг нөхөн суутгах нөхцөлтэй түрээсийн гэрээ Т  газартай байгуулсан тул манай компанийн зүгээс оруулсан 110 481 882 төгрөгийн хөрөнгө оруулалтын 15 000 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Э ХХК-ийн зүгээс 2006, 2010 онуудад С  зочид буудалд оруулсан гэх хөрөнгө оруулалтууд нь холбогдох хууль тогтоомж болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн үйлдэл бөгөөд тухайн хөрөнгө оруулалтуудад санхүүгийн гүйцэтгэл байхгүй, хийгдээгүй нь сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтууд бүрэн хийгдсэн эсэхийг нотлох боломжгүй. Тус компани дээр дурдсан засвар үйлчилгээг хийхдээ Төрийн өмчийн хороо, Т  газраас албан ёсоор зөвшөөрөл аваагүй, хянагдсан өртөг зардлын тооцоо, судалгаа байхгүй, засварын ажлын гүйцэтгэлийн төсвийг хянасан Т  албан тушаалтнууд нь эрх бүхий субьектүүд биш юм. Түүнчлэн түрээсийн гэрээнд заасны дагуу түрээслэгч нь барилга байгууламжийн хийц хэсэг, төлөвлөлтөд оруулсан хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөхөөр тохиролцсон ба 2014 онд гэрээг шинэчлэх үед аль хэдийн 9 жил өнгөрсөн байсан нь гэрээний дагуу хөрөнгө оруулалт хангалттай нөхөгдсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэж маргасан.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2005 болон 2014 оны түрээсийн гэрээг Төрийн өмчийн хороо, Т  зөвшөөрлийн үндсэн дээр, Төрийн өмчийн хорооноос баталсан үлгэрчилсэн загварын дагуу тэдгээрийн эрх бүхий албан тушаалтнууд байгуулж, Төрийн өмчийн хорооны эрх бүхий этгээд баталсан, 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд “С ” зочид буудлын хийц хэсэг, төлөвлөлтөд засварын ажил хийхээр тусгасан зэргээс үзэхэд хариуцагч “Э ” ХХК-ийг сөрөг нэхэмжлэлд дурдсан засвар үйлчилгээг хийхдээ Төрийн өмчийн хороо, Т  газраас албан ёсоор зөвшөөрөл аваагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

            Түүнчлэн хариуцагч “Э ” ХХК-иас “С ” зочид буудалд 2005 онд хийсэн их засварын төсөв нь тухайн оны үнээр 84 547 322 төгрөг байсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, С  зочид буудлын барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг Т  газар баталгаажуулсан талаар дурдсан Төрийн өмчийн хорооны 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1б/1445 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. /хх 90-97, 164/

 

            Ийнхүү талууд хэдийгээр 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 06/58 дугаартай түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэлээр тогтоож, хөрөнгө оруулалтыг 6 жилд нөхөх, энэ зардлаа түрээсийн төлбөрт суутган тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч Э ХХК нь 84 547 322 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь тогтоогдож байх боловч хариуцагч “Э ” ХХК-иас зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт 15 000 000 төгрөг дутуу тооцогдсон болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд талууд 2014 онд харилцан тохиролцож түрээсийн гэрээг шинээр байгуулахдаа хэн аль нь төлбөрийн үлдэгдэлтэй талаар дурдаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй тул 15 000 000 төгрөг үлдсэн гэх шаардлагаа хариуцагч тал нотлоогүй болно.

 

            2016 онд Т  ахмадуудын байрны өргөтгөлийн ажил 33 667 020 төгрөгийн өртөгтэй талаар мэргэшсэн төсөвчин А.Ц-гийн зохиосон төсөв нь уг барилгыг эхлэхээс өмнө зохиогдсон эсэх, эсхүл баригдаж дууссаны дараа хийгдсэн гүйцэтгэлийн төсөв эсэх нь тогтоогдохгүй байх тул үнэлэх боломжгүй байна. Харин хариуцагч “Э ” ХХК-иас 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2010 онд Т  Ахмадын хороог тус барилгад оруулахтай холбоотой гарсан засварын ажилд 30 853 146 төгрөг зарцуулсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т заасны дагуу хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар сайжруулахад гарсан зайлшгүй зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй байна.   

 

            Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 45 142 650 төгрөгийг хангаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 153 029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 30 853 146 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 17 813 854 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401 285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 312 216 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 383 663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

        1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э ” ХХК-иас 45 142 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т  газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 153 029 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т  газраас 30 853 146 төгрөг гаргуулж хариуцагч “Э ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 813 854 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 401 285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т  газраас 312 216 төгрөг гаргуулж хариуцагч “Э ” ХХК-д олгож, хариуцагч “Э ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 383 663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНГӨНТУУЛ