Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/00804

 


 

 

 

 

     2020 оны 04 сарын 01 өдөр

              Дугаар 183/ШШ2020/00804

                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О. Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М ф х” ХХК-д холбогдох,

Зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 3.654.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Д, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Х нь “М ф х” ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Зуучлалын гэрээ”-г байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь зуучлагч тал зуучлуулагчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 хороо, Сүхбаатарын гудамж, В байрны 7-607 тоотод байрлах, 41 м.кв талбайтай оффисын зориулалттай, тавилгатай үл хөдлөх хөрөнгийг сарын түрээсийн төлбөр 850.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай бусдад түрээслэх хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, Зуучлуулагч нь зуучлалын хөлсөнд нэг сарын түрээсийн төлбөр буюу 850.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл зуучлагчийн холбож өгсөн “Б С” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дуусахаас 8 сарын өмнө гэрээг цуцалсан. Үүнээс болж С.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Зуучлалын гэрээ”-ний улмаас доорхи байдлаар хохирсон. Үүнд түрээслэгч “Б с” ХХК нь түрээсийн үлдэгдэл төлбөрт 350.000 төгрөгийг төлөөгүй, 9, 10 дугаар сарын ашиглалтын зардалд 270.325 төгрөгийг төлөөгүй, НӨАТ-ын зөрүү 127.500 төгрөг, 16 хоногийн алданги 81.750 төгрөг, олох байсан орлого 2 сарын түрээсийн төлбөр 1.700.000 төгрөг, гарах ёсгүй байсан зардал буюу 11, 12 сарын ашиглалтын зардал 244.775 төгрөг, гарах ёсгүй байсан зардал буюу өөр зуучлалын байгууллагатай гэрээ байгуулж хөлс төлсөн 880.000 төгрөг, нийт 3.654.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Х болон “М ф х” ХХК нь “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ’’-г байгуулсан. Манай байгууллага гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж зуучлуулагч С.Хыг гуравдагч этгээд болох “Б с” ХХК-тай холбон зуучилж өгсөн. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 3.1-т “Зуучлалын ажлын үр дүнд зуучлуулагч болон түрээслэгч нарын хооронд түрээсийн гэрээ" байгуулагдсанаар зуучлагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ”, гэрээний 7.1.3-т “түрээсийн гэрээ хийгдэж энэхүү гэрээний үүрэг хангагдсан бол талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ дуусгавар болох”-оор тохиролцсон. Харин С.Х түрээсийн гэрээ байгуулсан Б с ХХК-иас түрээсийн гэрээнээс учирсан хохирлоо шаардах нь зүйтэй юм. Иймд иргэн С.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Хын нэхэмжлэлтэй, “М ф х” ХХК-д холбогдох, зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 3.654.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“М ф х” ХХК, С.Х нарын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн MFH/19-82 дугаар “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ”-ээр “М ф х” ХХК нь С.Хын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 13 дугаар байрны 607 тоотод байрлах, 41 м.кв талбайтай оффисын зориулалттай, тавилгатай үл хөдлөх хөрөнгийг нэг сарын түрээсийн үнэ 800.000-860.000 төгрөгийн хооронд 1 жилийн хугацаатай түрээслэх сонирхол бүхий гуравдагч этгээдэд /зах зээлд/ сурталчлан байршуулах, гуравдагч этгээдтэй холбож өгөх, нэг жилийн хугацаатай түрээслүүлэх, С.Х нь 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний зуучлалын ажлын хөлс төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу зуучлагч “М ф х” ХХК нь зуучлуулагч С.Хаас олгосон эрхийн дагуу, хэлцэл хийх “Б с” ХХК-тай холбон өгч, С.Х, “Б с” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Түрээсийн гэрээ”-ээр “...түрээслэгч Б с ХХК нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 13 дугаар байрны 607 тоотод байрлах, 41 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэн, түрээсийн төлбөрт нэг сарын 850.000 төгрөгийг түрээслүүлэгч С.Хт төлөхөөр” тохиролцсон болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар “М ф х” ХХК, С.Х нарын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн MFH/19-82 дугаар “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ” нь уг гэрээний 3.1, 7.1.3-д “зуучлалын ажлын үр дүнд зуучлагч болон түрээслэгч нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсанаар зуучлагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ” гэж заасан, “түрээсийн гэрээ байгуулагдсанаар зуучлалын гэрээ дуусгавар болно” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч “М ф х” ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч С.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...түрээслэгч Б с ХХК нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн MFH/19-82 дугаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 3.654.250 төгрөгийг М ф х ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар зуучлалын гэрээний дагуу зуучлагч “М ф х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас С.Х, “Б с” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний нэг тал болох түрээслэгч “Б с” ХХК нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болох нь нотлогдоогүй болно.

 

Мөн С.Х, “Б с” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан “М ф х” ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар түрээсийн гэрээний талууд болох “Б с” ХХК, С.Х нарын өмнө үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэгч С.Х нь “...түрээслэгч Б с ХХК нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн MFH/19-82 дугаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 3.654.250 төгрөг”-ийг хариуцагч “М ф х ХХК”-иас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан С.Хын нэхэмжлэлтэй, “М ф х” ХХК-д холбогдох, зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 3.654.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан С.Хын нэхэмжлэлтэй, “М ф х” ХХК-д холбогдох, зуучлалын гэрээнээс учирсан хохиролд 3.654.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 73.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           Д