Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Д.Уянга,

хохирогч Э.Вансэмбэрүү,

гэрч Э.Үүрцайх,

шүүгдэгч Э.Энх-Оргил, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Энхбаатарын Энх-Оргилд холбогдох эрүүгийн 201725010338 дугаартай, 105/2017/0095/Э индекстэй хэргийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1 оны 4 дүгээр сарын -ний өдөр Д аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, 84 дүгээр сургуулийн үдийн цай түгээгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Д аймгийн Х сум, 0 баг, 00 байр, 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Монос 0 гудамж, 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Буурал овогт Энхбаатарын Энх-Оргил, /РД:00/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Энх-Оргил нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны автобусны буудлын дэргэд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Э.Вансэмбэрүүг илтэд үл хүндэтгэн, шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Энх-Оргил нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сарын 13-ны орой 18-19 цагийн үед мянган оюутны байрны буудлын хойд талд хохирогчийн духанд нэг удаа зөөлөн цохисон. Тэгээд би эргэж ирээд ёстой уучлаарай хүнтэй андуурсан байна гэсэн гэв.

Хохирогч Э.Вансэмбэрүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дүүтэйгээ хамт дэлгүүр орчихоод буцаад явж байсан. Гэрэлтэй гудмаар явж байхад урдаас нэг хүн ирж яваад зөрхийн завдалгүй нүүрэн тус газар цохисон. Миний хамраас цус гараад тэгээд манай дүү яаж байгаа юм бэ гэсэн, буцаж иргэж харснаа яасан гэнээ гээд бид хоёрыг барьж аваад надаас тас зуурсан байсан, манай дүү өндөр тулдаа нэг цохиулаад мултарсан. Дүү сандарсандаа наад хүн чинь жирэмсэн хүн, жирэмсэн хүн зодлоо гэсэн чинь намайг тавьсан. Манай дүү цагдаа дуудсан гэв. Цагдаа дээр хүнтэй андуурчлаа, эрэгтэй хүн гэж бодсон юм уучлаарай гэсэн. Гомдолтой байна гэв.

Гэрч Э.Үүрцайх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Вансэмбэрүүтэй хамт дэлгүүр ороод буцаж явахад урдаас ирж байсан хүн зөрөхдөө эгчийг цохисон. Би яаж байгаа юм бэ гэхэд нилээн цаашаа явж байгаад буцаж ирээд яасан гэнээ гээд намайг цохиод авсан. Би тэгээд яаж байгаа юм бэ жирэмсэн хүн цохиод гэсэн чинь Вансэмбэрүүг тавьсан. Тэгээд цагдаа дуудаад бид хоёр зуураад зогсож байхад цагдаа ирсэн. Цагдаа дуудсанаас хойш 20-30 минутын дараа цагдаа ирсэн гэв.

Шүүгдэгч Э.Энх-Оргилийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр хоёр залууд зодуулна гэж бодоод зугтааж яваад яг автобусны буудлын тэнд хоёр охинтой таараад нэг охиных нь духан дундуур нь баруун гараараа цохисон. Цаашаа явж байгаад нөгөө хоёр охин дээр очоод цохисон охиноосоо намайг уучлаарай, хүнтэй андуурчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг. /хх 43-48 дугаар хуудас/,

Хохирогч Э.Вансэмбэрүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гудамнаас 20-25 орчим насны туранхай, жижиг биетэй, улаан өнгийн саравчтай малгайтай нэг залуу гарч ирээд үгийн зөрүүгүй шууд миний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохьчихоод цаашаа яваад өгсөн. Тэгснээ эргэж ирээд дүү болон намайг дахин хэд хэдэн удаа цохисон. Сүүлдээ тэр залуу “би та хоёрыг өөр хүнтэй андуурчихлаа” гэсэн. Зүгээр явж байгаад зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хх 13-15 дугаар хуудас/,

Гэрч Э.Үүрцайхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гудамжнаас 20-25 орчим настай, эрэгтэй, туранхай залуу гарч ирээд эгч бид хоёрын хажуугаар гарахдаа эгчийн нүүрэн тус газарт нь шууд нэг удаа цохьчихоод цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр залууд хандаж “чи жирэмсэн хүнийг яагаад цохиж байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу зогсоод “яасан гэнээ” гээд эгч бид хоёр дээр буцаж ирээд дахин цохисон. Тэр залуу эгчийн нүүр болон цээжин тус газарт нь цохисон. Мөн миний эрүүн тус газарт цохисон...” гэх мэдүүлэг. /хх 16-17 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие Э.Энх-Оргилын төрсөн аав нь байгаа юм. Миний хүү Э.Энх-Оргил нь ямар нэгэн элдэв зангүй, муу зуршилгүй, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, ар гэрийнхнийгээ гэдэг, эрхэлсэн ажилдаа үнэнч, хүний үгээр байдаг хүү байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹1564 дүгнэлтэд “Э.Вансэмбэрүүгийн биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 28 дугаар хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 12 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Энх-Оргил нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны автобусны буудлын дэргэд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Э.Вансэмбэрүүг илтэд үл хүндэтгэн, шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Энх-Оргилд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Энх-Оргилд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Энх-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Вансэмбэрүүд 150.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.