Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0308

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө***** ***** ХХК 

Хариуцагч: БОАЖС

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж******** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Ө***** ***** ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай БОАЖ-ын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны А/79 дугаар тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гардан аваад, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан ба хариуг нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 , 40.1.6-г эшлэж , “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн зөрчлийг нэрлэн зааж, газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох” тухай БОАЖ-ын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байх тул ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийг үндэслэн, нэхэмжлэл гаргаж байна.

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “.... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... газар эзэмших гэрээ байгуулж , эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” хэмээн заасан тул захиргаанд хандан манай зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байсан ч гэрээ байгуулагдаагүй.

 Захиргааны буруутай үйлдлийн үр дагаварыг манайд хариуцуулж байгаа нь хууль бус юм. Тэгэхээр гэрээ байгуулаагүй байж газрын төлбөр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй.

2. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  15 дугаар тогтоолын 1.10-т “хуулийн 40.1.6-д заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ... тодорхой үйлдвэрлэл , үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м / байхыг ойлгоно” хэмээн заасан.

Цар тахлаас шалтгаалан хөл хорио тогтоож, гадаадын аялал жуулчлалыг бүхэлд нь хязгаарласан Монгол Улсын Засгийн газар  болон Улсын онцгой комиссын шийдвэр нь нийтэд тодорхой үйл баримт бөгөөд тус аж ахуйн нэгж нь бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул өөрийн ашиглалтын газар дээр хашаа барьсан үйлдэл нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг одоогоор зөрчөөгүй ба гэрээ байгуулаагүй мөртлөө 2 жил ашиглаагүй гэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа явдал болно.

Иймд холбогдох баримтыг буруу үнэлж хууль болон зорилгодоо нийцээгүй захиргааны акт гаргасан байх тул А/79 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах”, Газрын тухай хуульд заасан “газар ашиглах эрх” тус тус сэргэх болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс хашаа бариад байж байтал эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө мөнгөний хүнд байдалд орсон. Үүний дараа цар тахлын нөхцөл байдлын улмаас байдал бүр хүнд болсон. Манай зүгээс гэрээ байгуулахаар удаа дараа үйлдэл хийж байсан боловч Баянзүрх дүүргийн Засаг Дарга гарын үсэг зураагүй улмаас гэрээгээ байгуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл улс төрийн нөхцөл байдлын улмаас гэрээ байгуулж төлбөр төлөх боломжгүй болсон. Маргаан бүхий газар дээр сэтгүүлчдийн эко амралт байгуулахаар төсөл хэрэгжүүлэх гэж байсан юм. Тухайн үед газрын нарийвчилсан үнэлгээ хийлгээд, тэмдэгтийн хураамж төлөөд тодорхой хэмжээний зардал гаргаад явж байсан.” гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Ө***** ***** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “Ө***** ***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 -д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл , болзол , зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй / барилга , байгууламж , зам талбай бариагүй , тариалан эрхлээгүй г.м / байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Сум , дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн , аж ахуйн нэгж , байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “...Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч мөн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй байна. Гэтэл гэрээ байгуулаагүй тул газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бусад аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж газар ашиглах боломжгүй юм.

 Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дугаар зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3,  40 дүгээр зүйлийн 40 1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 385 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн 11из/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8895 тоот албан бичгээр “Ө***** ***** ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яамны [email protected] хаягаар ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26,  27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.

 Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж , хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх  2016 онд “Ө***** *****ХХК-д Газар ашиглах эрх олгосон. Үүнээс хойш нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 5 жил газраа ашиглаагүй. Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн эвдрэл, гэмтэл, цөлжилт бий болсон зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүйг ойлгоно гэж тайлбарласан. Түүнчлэн зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийн хугацаанд газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу үйлдвэрлэл үйлчилгээ явуулаагүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй төдийгүй гурвалсан гэрээ байгуулахаар хамгаалалтын захиргаанд хандаагүй гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа дурдсан нарийвчилсан үнэлгээ, улсын тэмдэгтийн хураамж зэргийг заавал хийж, гүйцэтгэсний дараа газар эзэмших эрхийг олгодог. Тэгэхээр нарийвчилсан үнэлгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн зэрэг нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэдгийг нотлохгүй. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч нь 105 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 2021 оны А/79 дүгээр тушаалаар “Ө***** ***** ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн холбогдох тайлбар саналыг “Ө***** ***** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хаяг руу явуулж, мэдэгдэх сонсох ажиллагаа хийсэн. “Ө***** ***** ХХК нь гэрээ байгуулах хүсэлтээ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, сум дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргах ёстой байсан. Гэтэл хүсэл сонирхлоо илэрхийлж байсан талаар баримт байдаггүй. Хэрэв хүсэлт гаргаж байсан байлаа гэж үзэхэд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ байгуулж чадаагүй гэдгийг тогтоосон тушаал, шийдвэр байдаггүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр газрын төлбөр төлөх үүрэгтэй болдог. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Ө***** *****” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрх цуцалж, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-222 дугаар тушаалаар Баянзүрх  дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Төрхурхын аманд байрлах 2.0 га газрыг “Ө***** *****” ХХК-д 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй иргэн аж ахуй нэгжүүдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/79 дүгээр тушаалын хавсралтын  159-д “Ө***** *****” ХХК бичигдсэн байх ба уг хавсралтад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж байгаа байдлаар бичигдсэн байна.  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэсэн байна. 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д  “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”,  35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 13/374 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №27 тоот “Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протоколоос[1] үзэхэд нэхэмжлэгч нь 2015 онд газар ашиглах эрх авснаасаа хойш газрын төлбөр төлөөгүй, 1**,***,*** төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.

Дээрх Газрын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд газрын төлбөр төлөх нь газар эзэмшигч, ашиглагчийн үндсэн үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд тодорхой заасан байна.

Иймд газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар  ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Маргаан бүхий газарт очиж хийсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн үзлэгээр[2] нэхэмжлэгч нь тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон болно.

Тодруулбал,  нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт зөвхөн төмөр хашаа барьсан байх ба газраа зориулалтын дагуу ашиглахтай холбоотой өөр бусад үйл ажиллагаа явуулаагүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон болно.

Иймд мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... захиргаанд хандан манай зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байсан ч гэрээ байгуулагдаагүй. Захиргааны буруутай үйлдлийн үр дагаврыг манайд хариуцуулж байгаа нь хууль бус юм. Тэгэхээр гэрээ байгуулаагүй байж газрын төлбөр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй...” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 3 талт гэрээ байгуулах хүсэлт гаргаж байгаагүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №94 тоот албан бичгээр, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 3 талт гэрээ байгуулах хүсэлт гаргаж байгаагүй болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02/787 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын  3.4 -д “...Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга ... ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан байна.

Дээрх журмын заалтаас үзэхэд, нэхэмжлэгч нь гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байх ба 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байх үүргээ биелүүлээгүй байна.  

Иймд нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлдээ тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.  

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Цар тахлаас шалтгаалан хөл хорио тогтоож, гадаадын аялал жуулчлалыг бүхэлд нь хязгаарласан Монгол Улсын Засгийн газар  болон Улсын онцгой комиссын шийдвэр нь нийтэд тодорхой үйл баримт бөгөөд тус аж ахуйн нэгж нь бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул ... 2 жил ашиглаагүй гэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна.” гэж тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч нь Байгаль  орчин,  ногоон  хөгжил,  аялал  жуулчлалын

сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар газар ашиглах эрх авсан, харин Коронавируст халдварын цар тахлын улмаас манай улс 2020 оны 11 дүгээр сараас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэрэг үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны ирцийн тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас шалтгаалан шүүх хуралдаан удаа дараа хойшилсон, тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шалтгаалан, тэдний хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн болон 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн шүүх хуралдаан хойшилсон ба 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг шүүх зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж, тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус  баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн шаардлага бүхий “Ө***** *****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө***** *****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.Б*******

 

 

 

[1] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 101-116 дугаар хуудас