| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0196/З |
| Дугаар | 221/МА2026/0079 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0079
Б.Г, Э.А, Г.М нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Г, Э.А, Г.М
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/07, Б/05, Б/08 дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0771 дүгээр шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0196/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/07 дугаар, Б/05 дугаар, Б/08 дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0771 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г, Э.А, Г.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 дугаар, Б/05 дугаар, Б/08 дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 3,009,000.00 /гурван сая есөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Маргааны үйл баримтуудын талаар Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо байгуулагдсан. Мөн өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга төсвийн шууд захирагч байхаар заасан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдын төсвийн шууд захирагчийн хувьд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, Үндэсний хорооны даргын тушаалын дагуу тус хорооны батлагдсан төсөвт багтаан ажлын албаны албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хэмжээгээр тооцож олгох, цалин хөлснөөс холбогдох суутгалыг суутгах үүргийг хэрэгжүүлж байсан.
Засгийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 343 дугаар тогтоолоор Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг баталж, Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар захирамжаар Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Б.Бийг томилсон байна.
Түүнчлэн, Засгийн газрыг шинэчлэн зохион байгуулсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулжээ. Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дараа Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Б.Бийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Мөн Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын чиг үүрэгт хамаарах баримт материал, албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэж, “Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 343 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Үүний дараа 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Бэ өөрт хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлж, Үндэсний хорооны тамга, баланкийг ашиглан Б/05, Б/07, Б/08 дугаар тушаалуудыг гаргаж, Б.Г, Э.А, Г.М нарыг албан тушаалаас чөлөөлж, ээлжийн амралт, тэтгэмж олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгажээ.
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн талаар
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн Г.М, Б.Г, Э.А нарын нэхэмжлэлтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх зарчмыг гажуудуулан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийж чадаагүй, хуулиар эрх олгогдоогүй иргэн Б.Бийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/05, Б/07, Б/08 дугаар тушаалууд нь илт хууль бус болох нь нийтэд илэрхий болсон байхад тухайн тушаалуудыг нотлох баримтад тооцож, дахин нотолсон, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4-т заасныг тус тус зөрчсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцдаа жинхэнэ хариуцагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар биш, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болохыг нотлон тодорхойлж, холбогдох баримтуудыг шүүхэд хүргүүлж, олон удаа тайлбар хийсэн боловч хүлээж аваагүй, хамтран хариуцагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг татан оролцуулалгүйгээр ажил олгогч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар татсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн “хариуцагчийг солих" хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдаг.
Иргэн Б.Бийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/05, Б/07, Б/08 дугаар тушаалууд нь илт хууль бус болох нь нийтэд илэрхий болсон байхад шүүх уг тушаалуудыг нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх тушаалууд одоо хүчин төгөлдөр, тухайн тушаалуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон захиргааны байгууллагын болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа тул нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн харилцаатай холбоотой хуулиар олгогдсон баталгааг хангах нь зүйтэй гэсэн тун ойлгомжгүй дүгнэлт хийсэн байдаг.
Хуулиар бүрэн эрх олгогдоогүй этгээд гаргасан, уг тушаалуудыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, хуулийн хүчин төгөлдөр бус, утга агуулгын илэрхий алдаатай, бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй илт хууль бус тушаалууд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд хууль ёсоор үүсээгүй эрхийг шүүх хамгаалах үндэслэлгүй юм.
Түүнчлэн, илт хууль бус захиргааны акт болох 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/05, Б/07, Б/08 дугаар тушаалуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэггүй болно.
Иймд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0771 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хариуцах ёсгүй этгээдэд хамааруулж шийдвэрлэсэн тухайд:
Улсын Их Хурлаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хороо нь чиг үүргийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21 дэх хэсэг, 342 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг хариуцах бөгөөд ажлын албаны үүргийг сайдын ажлын алба хариуцсан зохион байгуулалттай байсан.
Түүнчлэн, Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 343 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрэм"-ийн 3.1.10-т “Ажлын албаны дарга, бусад ажилтныг томилж, чөлөөлөх, ажилтнуудын ажил, үүргийн хуваарийг батлах" гэж, 4.3.2-т "Монгол Улсын сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд Ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх" гэж, 4.4-т “Ажлын албаны дарга, орон тооны ажилтан нь төрийн улс төрийн албан хаагч байна." гэж заасныг үндэслэн тус Ажлын албаны дарга, албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх эрх, үүргийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, хүний нөөцийн удирдлагыг ажлын албаны дарга хэрэгжүүлж байсан.
Улсын Их Хурлаас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга төсвийн шууд захирагч байхаар заасан.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар захирамжаар Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга (цаашид "Үндэсний хорооны дарга" гэх)-аар Б.Бийг томилсон.
Үндэсний хорооны даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хавсралтаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны ажил үүргийн хуваарийг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/02 дугаар тушаалын хавсралтаар албан хаагчдын албан тушаалын үндсэн цалин, нэмэгдлийг тус тус тогтоосон байна.
Нэхэмжлэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан ажил олгогч байна гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага ... нэгжийг;" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, 17 дугаар зүйлийн 17.4-т "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагаaг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ." гэж тус тус заасан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдын төсвийн шууд захирагчийн хувьд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, Үндэсний хорооны даргын тушаалын дагуу тус хорооны батлагдсан төсөвт багтаан ажлын албаны албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хэмжээгээр тооцож олгох, цалин хөлснөөс холбогдох суутгалыг суутгах үүргийг хэрэгжүүлж байсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь нэхэмжлэгч нарыг ажилд томилсон байгууллага биш юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 12/ШШ2025/0771 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: "....10.Улмаар Монгол Улсын Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсантай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулжээ.
11. Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн "Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай" 01 дүгээр захирамжаар Бгийн Бийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
12. Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн "Зарим яамдын зохион байгуулалт бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 06 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны бүтэц, зохион байгуулалтад оруулан баталж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх, бодлогын чиг үүрэгт хамаарах баримт материал, албан хаагчдын орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгаж, тус тогтоол гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн "Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" 343 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
13. Дээрх тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгч Б.Г, Э.А, Г.М нарыг маргаан бүхий Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/05, Б/07, Б/08 дугаар тушаалуудаар тус тус ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгч нартай ажил хүлээлцэх, хөрөнгө, санхүүгийн холбогдох тооцоо нийлэх болон Хөдөлмөрийн 81.1 дэх хэсэгт заасан тэтгэмж, ээлжийн амралтыг холбогдох журмын дагуу олгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгажээ..." гэжээ.
Шүүгч шийдвэртээ үйл баримтуудыг дараалуулан бичихдээ хариуцагчаас гаргасан үндэслэлд огт дүгнэлт өгсөнгүй.
2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын "Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай" 01 дүгээр захирамжаар Б.Бийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.
2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш чөлөөлөгдсөн сайдын тушаал, шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын Олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдын төсвийн шууд захирагчийн чиг үүрэг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын үндэслэл болгож буй Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/05, Б/07, Б/08 дугаар тушаалууд гарах үед "Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга" гэх албан тушаал, сайдын орон тоо огт байгаагүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь тухайн үндэсний хорооны төсвийн шууд захирагч биш бөгөөд төсөв хөрөнгөтэй холбоотой захиран зарцуулах эрхгүй этгээд учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэх үндэслэлд огт дүгнэлт хийхгүйгээр шийдвэрээ гаргалаа.
2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийн асуудал үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг" нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн.
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн "Зарим яамдын зохион байгуулалт бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 06 дугаар тогтоолоор чиг үүргийг нарийвчлан тогтоож өгсөн.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш "биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжлийг асуудал, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх, бодлогын чиг үүрэгт хамаарах баримт материал, албан хаагчдын орон тоо, цалингийн сангийн хамт..." шилжүүлэн авсан тул тухайн албан хаагчдын үргэлжлүүлэн ажиллуулах эсхүл, цалин хөлс олгож чөлөөлөх эсэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой билээ.
Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох шийдвэр гарсантай холбогдуулан нэхэмжлэл гаргагчдад ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын тооцоог тус газар хийж дуусгасан. Мөн Сангийн яамнаас тус Үндэсний хорооны дансыг хааж, төсвийн үлдэгдлийг татан авсан болно.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр холбогдох баримт материалыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгсөн байна.
Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг ажил олгогч буюу хариуцагч гэх нь үндэслэлгүй, шүүхээс хэргийг бүх талаас нь бүрэн дүгнэж шийдвэр гаргаагүй улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадсангүй.
4.2. Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх хүрээнд хамааралгүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:" гэж, 11.1.10-т "улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах...;" гэж, 11.1.12-т "хуульд заасан бусад албан тушаал" гэж, 57.2.1-д “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;" гэж тус тус заасан.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөp заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтын дагаж мордоно." гэж, 4.3-т "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно." гэж, 14.1-д "Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:" гэж тус тус заасан.
Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ." гэж, 62.1.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд.... хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох." гэж төрийн жинхэнэ албан хаагч нэмэгдэл баталгаа эдлэхээр заасан байна.
Үндэсний хорооны дарга нь нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй байх бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрэм"-ийн 3.1.10-т заасныг тус тус үндэслэн ажилд томилсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын албан тушаал нь сайдын ажлын албанд хамаарах улс төрийн албан тушаал байх тул мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага зэргийг нь харгалзалгүйгээр албан тушаалын үндсэн цалин болон ажлын онцгой нөхцөлийн 30 хувийн нэмэгдлийг олгож байсан.
Нэг талаасаа нэхэмжлэгч нар "улс төрийн албан хаагч" бөгөөд ямар нэг шалгуургүйгээр томилогдож, мөн ажиллаж байх хугацаандаа нэмэгдэл цалин авч байгаа тул "төрийн жинхэнэ" албан хаагчийн баталгааг эдлэхгүй, мөн нэхэмжлэлийн үндэслэл болгоод буй Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "хуулийн үйлчлэх хүрээ"-г тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хууль нь 3.1.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн, эсхүл", 3.1.2-д "талууд энэ хуулиар зохицуулахаар харилцан тохиролцсон", 3.4-д "Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж заасан.
Төрийн албан тухай хуулийн "үйлчилгээний албан хаагч" нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд улс төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хууль болон "Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрэм"-ээр зохицуулагдахаар байна.
Шүүгч шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаанд ямар үндэслэл, шалтгаанаар хамруулсан талаар тодорхой дурдаж, тайлбарлалгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах, үйлчлэх хүрээ хязгаараас хэтрүүлж хэрэглэж байгаа хууль хэрэглээний алдаатай шийдвэр гарсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
4.3. Захиргааны акт "илт хууль бус" байгаа тухайд:
Үндэсний хорооны дарга нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүчингүй болсон Засгийн газрын 2022 оны 343 дугаар тогтоолын 3.1.10 дахь дэд заалтыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б/05, Б/07, Б/08 дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д "утга агуулгын илэрхий алдаатай", 47.1.2-т "бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;", 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;", 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй." гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт байх тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газар уг тушаалыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй, хэрвээ хэрэгжүүлбэл хууль бус үйл ажиллагаа болох эрсдэлтэй байна.
Мөн "Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дүрэм"- ийн 4.3.2-т заасны дагуу Ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг тус ажлын албаны дарга хэрэгжүүлж байсан бөгөөд Үндэсний хорооны даргын бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоомжид нийцүүлэн ажлын албаны албан хаагчдыг чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах асуудлыг бие даан шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.
Иймд “Нийслэл дэх захиргааны хэргийн анхны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 12/ШШ2025/0771 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г болон өмгөөлөгч Ж.С нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Г, Э.А, Г.М нараас “Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/07, Б/05, Б/08 дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж болох 9,027,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгах”-аар маргасан.
3. Анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 771 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г, Э.А, Г.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/07, Б/05, Б/08 дугаар тушаалуудтай холбогдуулан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 3,009,000.00 /гурван сая есөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
4. Маргаан бүхий актуудын тухайд:
4.1 Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 343 дугаар тогтоолоор Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг баталжээ.
4.2 Мөн Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар захирамжаар[1] Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Б.Бийг томилсон байна.
4.3 Улмаар Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр захирамжаар[2] Б.Бийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын албанаас чөлөөлж Соёлын сайд байсан Н нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон байна.
4.4 Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 06 дугаар тогтоолоор[3] Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны бүтэц, зохион байгуулалтад оруулан, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн "Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" 343 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4.5 Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Б.Гийг, Б/05 дугаар тушаалаар Э.Аыг, Б/08 дугаар тушаалаар Г.Мг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан тэтгэмж, ээлжийн амралтыг холбогдох журмын дагуу олгохыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даалгажээ.
4.6 Үүнээс үзвэл дээрх маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж зааснаар илт хууль бус байна.
Учир нь Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бэ 2024 оны 07 дугаар сарын 10-ны чөлөөлөгдөж, мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо татан буугдсанаар уг захиргааны байгууллагын хуулиар олгогдсон аливаа эрх, үүрэг дуусгавар болсон байхад 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий актуудыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
5. Анхан шатны шүүх энэ талаар “... Хэдийгээр Монгол Улсын Сайд, Олим, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Б.Б нь өөрөө тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалуудыг гаргасан байгаа хэдий ч тухайн тушаалууд одоо хүчин төгөлдөр, тухайн тушаалуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосон захиргааны байгууллагын болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа тул нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх харилцаатай холбоотой хуулиар олгогдсон баталгааг хангах нь зүйтэй гэж үзлээ.” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
6. Тодруулбал, маргаан бүхий тушаалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зааснаар гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хууль ёсоор үүсээгүй эрхийг шүүх хамгаалах үндэслэлгүй” гэж маргаж буй нь үндэслэлтэй.
7. Нэгэнт маргаан бүхий акт болох Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/07, Б/05, Б/08 дугаар тушаалууд нь илт хууль бус бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул Засгийн газрын хэрэг эрхлэх газар жинхэнэ хариуцагч мөн эсэх маргаан нь төдийлөн ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г болон өмгөөлөгч Ж.С нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.С нарын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР