| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03376/И |
| Дугаар | 183/ШШ2020/00093 |
| Огноо | 2020-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2020/00093
| 2020 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2020/00093 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Баруун-Ард аюуш, амины орон сууц 0 тоотод оршин суух А овогт Д.Л /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Рапид харш хотхон, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух Х овогт М.Г /РД:000000000/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4.405.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л, хариуцагчийн өмгөөлөгч М.Ш /ШТЭҮД:0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч М.Г нь надтай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ниссэн Мурано маркийн машиныг харилцан тохиролцож 38.000.000 төгрөгөөр худалдаж авснаас өөрийнхөө 00-00 УНӨ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг 20.000.000 төгрөгт тооцон өгч, үлдэгдэл 18.000.000 төгрөгийг ББСБ-ын зээлд хамрагдан төлсөн тул машиныг шилжүүлэн өгсөн. М.Г нь надад шилжүүлэн өгсөн 00-00 УНӨ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй байсан бөгөөд шаардахад ББСБ-ын барьцаанд тавьчихсан, хэдэн төгрөг дутуу байгаа, төлж байж ав гэсэн. Тэгэхээр нь би машины өмчлөх эрхийг шилжүүлэн авч зарж өөрийнхөө мөнгийг гарган авахын тулд ББСБ-ын үлдэгдэл төлбөрийг нь төлөөд автомашины өмчлөх эрхийг чөлөөлүүлж авсан. Тэгээд уг автомашиныг барьцаанаас чөлөөлөхөд төлсөн 4.775.000 төгрөг, машиныг худалдаж авсан хүнд торгуулийн төлбөрийн 700.000 төгрөг, нийт 5.475.000 төгрөг төлснийг хариуцагч М.Г 7 хоногийн дотор төлнө гэсэн тул баталгаажуулж 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү мөнгөнөөс хариуцагч М.Г нь 1.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө авахаар М.Г-тай удаа дараа утсаар ярьж нэхсэн боловч тоож авч хэлэлцэхгүй байна. Миний бие цаашид хүлээх боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу тооцоход үндсэн төлбөрийн үлдэгдэл 4.405.000 төгрөгт алданги тооцоход 5.286.000 төгрөг, нийт 9.691.000 төгрөг
болж байна. Гэвч миний бие үлдэгдэл 4.405.000 төгрөгийг л нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Л-ээс Ниссан Мурано машин худалдан авсан бөгөөд 5.705.000 төгрөгийг 7 хоногийн дараа төлөхөөр тохирсон. Гэтэл уг машин авсан өдрөөсөө эхлэн гидрийн насос, рулийн аппарат эвдэрхий, тос масло гоожиж байсныг уг эзэнд хэлсэн боловч янзалж өгөхгүй өдийг хүрсэн. Уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг өгсөн бөгөөд энэ эвдрэлийг засаж өгсөн тохиолдолд үлдэгдэл төлбөр хийхэд бэлэн байна. Хүү, алдангийн хувьд бол энэ хүн мөнгө хүүлэх хуулийн этгээд биш, уг эвдрэлээ одоо болтол засаагүй болно. Иймд энэ хүүг би хариуцахгүй болно гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр М.Г болон Л.Лхагвасүрэн нар зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул нэхэмжлэгч мөнгө өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Гэвч зээлийн гэрээнд заасан 5.405.000 төгрөгийг өгснийг нотлох ямар нэгэн баримт байхгүй байна. М.Г, Д.Л нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах харилцаа байсан талаар маргахгүй. Харин Д.М гэж хүний зээлийг хааж Жи Би Си Си ББСБХХК руу 4.775.000 төгрөгийг, Г.Н гэх хүн рүү 700.000 төгрөгийг шилжүүлсэн баримт байна. Д.М, М.Г нар нь эхнэр, нөхөр болох нь тодорхой бус юм. Энд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа явагдаад байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө зээлийн гэрээ тодорхойлсон. Өнөөдөр Монгол улсад машины торгуулийг хувь хүний данс руу биш төрийн тусгай данс руу шилжүүлдэг. Тийм учраас зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 4.405.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч М.Гд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч М.Г-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.405.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.405.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хүүгүйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна. /хх-4/
Хариуцагч М.Г зээлийн гэрээний дагуу 5.405.000 төгрөгийг аваагүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй хэдий ч тэрээр нэхэмжлэгч Д.Г-аас 38.000.000 төгрөгөөр худалдаж авсан Ниссан Мурано маркийн автомашин төлбөрт тооцон шилжүүлсэн 00-00 УНӨ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг барьцаалан зээл олгосон Жи Би Си Си ББСБХХК-д зээлийн үлдэгдэл төлбөр 4.775.000 төгрөг болон автомашинд ногдуулсан торгуулийн төлбөр 700.000 төгрөг, нйт 5.475.000 төгрөгийг түүний өмнөөс төлж барагдуулсны үндсэн дээр автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар тэдний автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон байна.
Харин нэхэмжлэгч Д.Л-гээс хариуцагч М.Г-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгохдоо тухайн гэрээний төлбөрт тооцон өгсөн 00-00 УНӨ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг барьцаалан зээл олгосон Жи Би Си Си ББСБХХК-д зээлийн үлдэгдэл төлбөр 4.775.000 төгрөг болон автомашинд ногдуулсан торгуулийн төлбөр 700.000 төгрөг, нийт 5.475.000 төгрөгийг түүний өмнөөс төлж барагдуулсан, түүнчлэн хариуцагч М.Г нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч 1.300.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг автомашины эвдрэлийг засаж өгсөн тохиолдолд төлөхөд бэлэн гэж шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан байгаа зэргээс үзэхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэж, зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.
2019 03 уаа 11-ий сан тул нэхэмжлэгч Д.Л зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Дээрх зээлийн гэрээний үүргээс хариуцагч М.Г нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба үлдэгдэл 4.405.000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г-аас 4.405.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Л-д олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Г нь нэхэмжлэгчээс худалдан авсан Ниссан Мурано маркийн автомашин эвдрэл, гэмтэлтэй байсныг янзалж өгөх үүргээ биелүүлээгүй, хэрэв засаж өгсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх ба түүнийг дээрх үндэслэлээр үүргээ биелүүлэхээс чөлөөлөх нь хуульд нийцэхгүй юм.
Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй болно.
Гэвч М.Г нь гэрээний зүйл болсон автомашиныг эвдрэл, гэмтэлтэй талаар худалдагчид мэдэгдэж байсан болох нь тогтоогдохгүй, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Моннис моторс гэх байгууллагад оношлуулж, урьдчилсан нэхэмжлэх авсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дуусгавар болсон байна.
Мөн зохигчдын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь түүний дараа тэдний хооронд шинээр үүссэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5.405.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй, гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 85.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 85.430 төгрөгийг хариуцагч М.Г-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Л-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Г-аас 4.405.000 /дөрвөн сая дөрвөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Л-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 85.430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Л-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР