| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/0040/И |
| Дугаар | 183/ШШ2020/01036 |
| Огноо | 2020-04-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/01036
2020 оны 04 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2020/01036 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ж э э э” ХХК-д холбогдох,
Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 20 дугаар байр, 701 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011211059, регистрийн дугаар 5338255
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Миний эгч Ч.Тунгалаг нь “Ж э э э” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын 51 дүгээр байр, 47 тоот, 59.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 50.405.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би уг орон сууцыг өөр дээрээ шилжүүлэн авахаар 2019 оны 10 дугаар сарын 23-өдөр “Ж э э э” ХХК-тай гэрээг байгуулж, уг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл уг орон сууц маань “Төрийн банк” ХХК-д зээлийн барьцаанд байх тул Ц.А намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байрны 47 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар гаргахдаа: Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын 51 дүгээр байр, 47 тоот, 59.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Аг тогтоож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөөч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын 51 дүгээр байр, 47 тоот, 59.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Аг тогтооход татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Агийн нэхэмжлэлтэй, “Ж э э э” ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Ж э э э” ХХК, Ц.А нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28/2-47 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр гүйцэтгэгч “Ж э э э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд Моунтэйн вийв ресидэнс /Mountain view residence/ орон сууцны 2 дугаар орц, 47 тоот, 59.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2013 оны 9 дүгээр сард багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, захиалгч Ц.А нь орон сууцны төлбөрт 2013 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөгийг, 2013 оны 9 дүгээр сард 40.405.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн “...уг орон сууц захиалгын гэрээг өөрийн эгч Ч.Тунгалагаас шилжүүлэн авсан бөгөөд би уг орон сууцанд 2015 онд нүүж орсон” гэсэн тайлбар, хариуцагчийн “...уг орон сууцыг 2015 оны 01 дүгээр сард ашиглалтад оруулсан” гэсэн тайлбарыг тус тус үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу худалдан авагч Ц.А нь хэлэлцэн тохиролцсоны дагуу орон сууцны үнэд 50.405.000 төгрөгийг худалдагч “Ж э э э” ХХК-д төлсөн, худалдагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байр, 47 тоот, 59.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг биет байдлаар худалдан авагч Ц.Ад 2015 онд шилжүүлэн өгч, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Уг гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байр, 47 тоот, 59.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын 51 дүгээр байр нь “Ж э э э” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаар “Зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу “Төрийн банк” ХХК-д барьцаалагдсан болох нь хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар нотлогджээ.
Дээрх үйл баримтаар худалдагч “Ж э э э” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байр, 47 тоот, 59.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч Ц.Ад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч Ц.Аг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Түүнчлэн, Ц.А нь уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг дурдав.
Шүүхээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Аг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байр, 47 тоот, 59.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Агийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Агаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 339.775 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагч “Ж э э э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 409.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД