Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 45

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дарханбаатар /томилолтоор,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Дэлгэрмаа,

шүүгдэгч Н.Нямпүрэв, түүний өмгөөлөгч О.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тэмээчин овогт Нямдаваагийн Нямпүрэвт холбогдох 201626031256 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлал менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Номин трейдинг” ХХК-ийн Номин электроникс салбарын гар утас камерын тасгийн борлуулагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 95 дугаар байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тэмээчин овогт Нямдаваагийн Нямпүрэв /РД:УМ90102837/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Нямпүрэв нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин трейдинг” ХХК-ийн Номин электроникс салбарын гар утас камерын тасгийн борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Ай фоне-6” маркийн 128 гегавайт, “Ай фоне-6 плас” маркийн 16 гегавайт, 2 ширхэг гар утсыг завшиж бусдад 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Нямпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд lphone-6, lphone-6 плас маркийн хоёр ширхэг гар утсыг менежер Төрболд ажлынхаа компьютерт баар кодыг бүртгэж авна гэж хэлээд надаас аваад буцааж өгөөгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Номин юнайтед Их дэлгүүрт гар утасны тасагт тооллого хийхэд “lphone-6” маркийн 128 GB багтаамжтай гар утсыг 2.189.990 төгрөгөөр, “lphone-6 плас” маркийн 16 GB багтаамжтай гар утсыг 1.949.990 төгрөгөөр зарагдаж байсан нийт 4.139.980 төгрөгийн үнэтэй хоёр ширхэг гар утас алдагдсан байсан. Тухайн гар утаснуудыг Нямпүрэв өөрийнхөө хариуцаж байсан шилэн хоргоноос гаргаснаар алдагдсан гэж мэдүүлж байсан. Гэтэл өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт менежер Төрболд уг хоёр гар утсыг авсан боловч буцааж өгөөгүй гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Нямпүрэв нь Ууганцэцэгтэй хамт борлуулагчаар ээлжээр ажиллаж байсан боловч тооллогын үеэр Ууганцэцэг нь тухайн хоёр гар утаснуудыг аваагүй гэдгээ нотолсон. Харин Нямпүрэв тооллогын үед маш их сандарч Улсын Их Дэлгүүр рүү явуулсан, би яг яаснаа санахгүй байна, би энэ утаснуудыг алга болгосон нь үнэн, эсхүл алдагдсан гар утаснуудыг гар утсаар нь эргүүлж төлнө гэх мэтээр хэлж байсан удаатай. Тухайн үед Нямпүрэвт гар утаснуудыг захиран зарцуулах бүрэн эрх нь байгаа тул хоёр гар утсыг үрэгдүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр манайхаас Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай байгууллага хохирол төлбөрөө төлсөн тохиолдолд гомдол саналгүй болно. Хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээгээр хоёр гар утсыг 1.170.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр ширхэг гар утасны өөрийнх нь үндсэн үнэ 3.334.235 төгрөг, мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн орчуулгын болон нотариатын зардлууд 43.200 төгрөг, нийт 3.368.435 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ үнийн дүнгээс Нямпүрэвийн төлсөн 1.170.000 төгрөгийг хасаад одоо үлдэгдэл 2.198.435 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Н.Нямпүрэв сэжигтнээр “...Би 2016 оны 07 дугаар сард Номин юнайтедийн утас камерын тасгийн тоологчтой хамтарч тооллого хийхэд “Ай фоне-6”, “Ай фоне-6 плас” маркийн хоёр ширхэг гар утас дутсан байхыг мэдээд тоологч нягтландаа хэлсэн. Тэгээд тоологч нягтлан эрх зүйн албанд мэдэгдэж, эрх зүйн алба нь цагдаад мэдэгдсэн. Тухайн үед би тэр хоёр утсыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны орчим лангуугаа шалгах явцад дутуу утаснуудаа мэдсэн. Ер нь би ажил хийхдээ дутуу, үнэтэй бараа болон үнийн цаас тавигдаагүй, хямдрал тавигдаагүй бараануудаа өдөр бүр харж бичиж зохион байгуулагчдаа хэлж, үнийг нь хэвлүүлж аваад бараанд нь байрлуулдаг юм. Би хоёр утсыг алга болсныг одоо бодоход 2016 оны 08 дугаар сард хямдрал, урамшуулал их зарлагдаж хүн ихтэй байх үед лангуугаа шалгаж өдөр тутам хийх ажлаа хийж чадаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяажаргалын “...2016 оны 07 дугаар сарын 25, 26-ны хооронд Номин юнайтед дэлгүүрийн борлуулагч Н.Нямпүрэв нь цоожтой шилэн лангуун дотроос хоёр гар утас гаргаж менежерт өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор 2 гар утас дутсан гэдэг нь илэрсэн. Энэ талаар манай тооцооны нягтлан бодогч Баасансүрэн борлуулагч Н.Нямпүрэвээс асуухад нэрийг нь мэдэхгүй байна, нэг менежерт өгсөн гэж мэдүүлдэг. Тэгээд тухайн үед тэнд ажиллаж байсан электрониксийн салбарын бүх менежерүүдийг дуудаад Н.Нямпүрэвтэй нүүрэлдүүлэхэд бүгдээрээ Нямпүрэвээс гар утас аваагүй гэж хэлсэн байдаг. Тэр гар утас байсан гэх шилэн лангууны түлхүүр Нямпүрэв болон нөгөө ээлжийн борлуулагч Ууганчимэг хоёрт байдаг ба Нямпүрэв нь өөрөө тэр гар утсыг гаргаж хэн нэгэнд өгсөн гэдгийг хүлээж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/,

Гэрч Н.Баасансүрэнгийн “...Намайг 2016 оны 07 дугаар сарын 28-нд Номин дэлгүүрийн юнайтед электрониксийн салбарт тооллого хийхэд худалдааны зөвлөх Нямпүрэвийн хариуцаж буй лангуунаас “Ай фоне-6” маркийн 128 GB багтаамжтай, “Ай фоне-6 плас” маркийн 16 GB багтаамжтай 04 гэсэн кодтой хоёр гар утас тооллогын үеэр дутагдлаар гарч ирсэн. Үүнийг илрүүлж өөрт нь хэлэхэд Нямпүрэв тухайн үед надад “Улсын Их Дэлгүүр рүү явуулсан баримтаа шүүж үзье” гэсэн. Тэгээд өөрөө баримтаа шүүж үзээд байхгүй болохоор нь борлуулалтын менежерүүд ирж авсан гэж хэлээд яг хэн авсан гэдгийг тухайн үед мэдэхгүй байсан. Тэгж байтал Нямпүрэв дахин баримтаа үзье олохгүй байна гэж хэлсэн. Тэгж байснаа би баримт бичээгүй юм байна гэсэн. Тэгэхээр нь би “тооллого дутагдлаар хаалаа” гэж хэлсэн. Чи надад баримтаа олж ирээд үүнийгээ залруулаарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч М.Төрболдын “...2016 оны 09 дүгээр сарын дундуур манай ахлах нягтлан бодогч Алтанцэцэг 11 цагийн үед надад танай тасгаас 2 ширхэг гар утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд “борлуулагч менежерт өгсөн” гэж хэлсэн тул бүгдээрээ доошоо буугаад тасгийн хоёр борлуулагч нар бүгд байна, одоо хэн авсныг нь хэл гэж Нямпүрэвээс Алтанцэцэг асуухад Нямпүрэв “хэн гэдгийг нь мэдэхгүй байна, гэхдээ эрэгтэй хүн байсан” гэж хэлсэн чинь Батхишиг менежер Нямпүрэвийг “чи юу яриад байгаа юм бэ, бүхэл бүтэн эрэгтэй хүн байсныг санаж байж царайг нь санахгүй байдаг, ямар хаашаа юм” гэсэн. Тэгээд манай ахлах нягтлан Нямпүрэвийг “та нар өдөр бүр лангууныхаа тоос шороог цэвэрлэдэг байж яахаараа алга болсон утсаа 2 сар мэддэггүй юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

Гэрч Д.Ууганчимэгийн “...2016 оны 07 дугаар сарын тооллогоор надтай хамт худалдааны зөвлөх хийдэг Нямпүрэв нь 2 ширхэг “Ай фоне-6”, “Ай фоне-6 плас” маркийн гар утас дутаасан нь сарын тооллогоор илэрсэн. Тэгээд би тухайн өдөр камерын өрөөнд бүх бичлэгийг шүүлгэж үзэхэд сүүлийн 21 хоногийн бичлэг байгаад тэрнээс өмнөх бичлэг нь устсан байсан. Нямпүрэв би хэнд өгснөө санахгүй байна гэхээр нь манай ахлах нягтлан Алтанцэцэг уурлаад “чи залуу хүн байж санахгүй байхдаа яадаг юм, эмэгтэй хүн байсан уу, эрэгтэй хүн байсан уу” гэж асуухад “эрэгтэй хүн байсан” гэж хэлээд утсаа өгөхдөө зарлагын падаан бичих гэтэл падаан байхгүй байсан. Тэгэхээр нь 2 давхрын касснаас очиж падаан аваад бичиж өгсөн гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс сануулах зорилгоор Нямпүрэвт “чи утсаа өгөхдөө нэг падаан дээр бичсэн үү, эсвэл тус бүрт нь падаан дээр бичсэн үү” гэж асуухад Нямпүрэв нэг падаан дээр, нэг хүнд өгсөн гэж хэлсэн. Тэгээд л сайн мэдэхгүй байна гэсэн. Алтанцэцэг нягтлан уурлаад “чи залуу хүн байж ганц сарын өмнө байсан зүйлээ санахгүй байгаа юм уу, эсхүл та хоёр хуваагаад идчихсэн юм биш үү” гээд загнаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

Гэрч Н.Урантогосын “...2016 оны 07 дугаар сард манай худалдааны зөвлөх хийдэг Нямпүрэв нь эд зүйл алдсан бололтой шаналаад царай нь зовсон шинжтэй байж ядаад байсан нь надад анзаарагдсан. Тэгээд тооллого болохоос өмнө Нямпүрэв надад “2 ширхэг гар утас олохгүй байна, Цогтоо, Мөнхөө гэж хоёр залуугаас асуугаад өгөөч” гэхээр нь асуухад тэр хоёр санахгүй байна, гэхдээ бид хоёр бичиг баримтаа үзээд тайлан тооцоо гарахаар үзээд өгнө гэсэн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд баримт гарч ирээгүй гэж Цогтоо, Мөнхөө хоёр хэлсэн. Тэгээд би өөрийн зүгээс агуулахын баримтаа шүүж үзүүлэхэд Нямпүрэвийн бичсэн гар падаануудад тийм утаснуудын код байгаагүй. Гэтэл Нямпүрэв надад Өнөрдалай гэх хүнд өгсөн байж магадгүй гээд асуулгасан. Тэгтэл тэр хүн нь тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан ба аваагүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Нямпүрэв зохион байгуулагчаа би бодож бодож оллоо Батхишиг менежерт өгсөн, та хэлээд учрыг нь олоод өгөөч” гээд гуйсан. Тэгэхээр нь бас Батхишиг менежерээс асуухад баримтаа үзье, би аваагүй гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш би ээлжийн амралтаа аваад Номингийн драгон салбар руу шилжсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,

Гэрч У.Батмандахын “...2016 оны 08 дугаар сарын эхээр ээлжийн амралтаа аваад амарч байхад худалдагч Нямпүрэв залгаад “Мандахаа чи манайхаас утас ав луу” гэхээр нь “би ямар гар утас” гэж асуухад “Ай фоне” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ сар ерөөсөө утас зараагүй, би амарч байна” гэж хэлэхэд “за за” гээд утсаа салгасан. Тэгээд 2-3 хоногийн дараа ахлах нягтлан Алтанцэцэг эгч залгаад Юнайтедийн Нямпүрэв 2 ширхэг гар утас алдсан байна, та хэдийн хэн нэг нь авсан уу, мэдэж байгаа зүйл байна уу, баримтаа олохгүй байна гэнэ, гар падаанаар өгсөн гээд байна” гэж хэлэхээр нь “манайхан уг нь баримтгүй авна гэж баймааргүй юм” гэж хэлсэн чинь “за за” гээд утсаа тасалсан. Дараа нь би 8 сарын ээлжийн амралтаа дуусгаад 9 сарын дундуур Нямпүрэвтэй таараад “чи дээр нэг утас асуусан, тэрийгээ юу болгосон” гэхэд би харин гар падаанаа нэг менежерт өгсөн, та хэдийн нэг байсан, хэн байсныг нь санахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь “чи тэгвэл хэзээ өгснөө санаад камер шүүгээд олдоно биз дээ” гэхэд камерын бичлэг устсан байхгүй байна. Аль эрт 07 дугаар сард алга болсон гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш уулзаагүй. Сүүлд нэг ажил дээр хүмүүсээс юм асууж байна гээд явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

Гэрч Э.Батхишигийн “...2016 оны 07 дугаар сарын сүүлээр манайд борлуулагч ажилтай Нямпүрэв утсаар залгаад “та надаас 2 ширхэг гар утас авсан, түүн дээрээ гарын үсгээ зураад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамаас гар утас аваагүй гээд утсаа салгасан. Тэгээд буцаж залгаад Нямпүрэвт “чи юун утас яриад байгаа юм” гэхэд “харин та ав луу, хэн авлаа, би баримтыг нь хайгаад олохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би угаасаа чамаас  аваагүй гэж хэлээд тасалсан. Тэрнээс хойш нилээд хэд хоног болсны дараа Алтанцэцэг ахлах нягтлан бодогч намайг дуудаад Нямпүрэв 2 гар утас дутаасан ба тэр 2 утас нь чамтай  холбоотой гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Бид нар эд зүйл авахдаа мэйл бичээд баримт үйлдэж авдаг. Тэрнээс хойш Нямпүрэв бараа авдаг бүх л хүмүүсийг ээлж ээлжээр нь чи авсан гэж хэлээд тэр хүн нь би аваагүй гэхээр “аа тэгвэл өөр хүнд байна” гээд яриад байсан. Тэгтэл Алтанцэцэг эгч “за тэгвэл чи олон хүнд өгсөн” гээд хэнд өгснөө мэдэхгүй байгаа бол бүгдийг нь дуудаад нүүрэлдье гэж хэлсэн. Тэгээд бид нар бүх менежер худалдааны төлөөлөгчид цуглараад нэг давхрын дэлгүүр рүү буугаад Нямпүрэвийг тойрч зогсоод уулзсан. Тэгтэл би хэнд өгснөө санахгүй байна гэж яриад байсан. Тэгээд Алтанцэцэг эгч Нямпүрэвээс чи 2 гар утсаа эрэгтэй хүнд өгсөн үү? эмэгтэй хүнд өгсөн үү? гэж асуухад эрэгтэй хүнд өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нямпүрэвээс “чи хэрвээ эрэгтэй хүнд өгснөө санаж байгаа бол хэнд өгснөө санаж байгаа юм байна” гэж хэлсэн чинь санахгүй байна гээд байсан. Тэгээд Алтанцэцэг Нямпүрэвээс энэ 2 гар утас танай лангуунд ил байдаг, тэр лангууг өдөр болгон арчдаг, тэгэхэд байхгүй байхад нь яагаад мэдээгүй юм бэ, яагаад шүүлгээгүй юм бэ гэж асуухад хариулт хэлэхгүй байсан. Би Нямпүрэвт “чи өдөр бүр олон хэмжээгээр гардаг бараа бол алдаж онох асуудал байдаг гэвч энэ 2 гар утас бол өдөр бүр гардаггүй, борлуулалт удаан байдаг байхад яагаад санахгүй байгаа юм бэ гэж асуухад хариулахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/

“Номин Электроникс юнайтед” салбар тооллогын тооцоо бодсон акт /хх-ийн 4-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 81-р хуудас/

Зарлагын баримтууд /хх-ийн 82-83-р хуудас/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-ийн 138-143-р хуудас/

Барааны урьдчилсан нэхэмжлэл орчуулга /хх-ийн 144-145-р хуудас/

Гадаад төлбөрийн даалгавар /хх-ийн 146-147-р хуудас/

Шүүгдэгч Н.Нямпүрэвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Нямпүрэвийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин трейдинг” ХХК-ийн Номин электроникс салбарын гар утас камерын тасгийн борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Ай фоне-6” маркийн 128 гегавайт, “Ай фоне-6 плас” маркийн 16 гегавайт, 2 ширхэг гар утсыг завшиж бусдад 1.170.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд:

Н.Нямпүрэв нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж чадахгүй байна гэж үзлээ. Үндэслэл нь:

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн объектив талын шинж нь: эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөлгүйгээр өөрөө авч завшсан, бусдад худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх гэх мэт олон хэлбэрийн аль нэг аргаар хууль бусаар шилжсэн байх.      

Субъектив талын шинж нь: гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээдийн шунахайн сэдэлттэй, үр дүнд нь материаллаг ашиг олох гэсэн зорилготой байдаг.

          

           Хэрэгт авагдсан баримтаар: Н.Нямпүрэв нь “Номин трейдинг” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж “Номин электроникс юнайтед” салбарын гар утас камерын тасагт борлуулагчаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр тогтоогдож байна.

           Ажил олгогчоос 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бараа материалын тооллого хийхэд 4.139.980 төгрөгийн дутагдал гарсан акт тогтоогджээ. /хх-ийн 4-р хуудас/

           Хохирогч У.Дэлгэрмаа, Б.Туяажаргал, болон гэрч Н.Баасансүрэн, М.Төрболд, Д.Ууганчимэг, Н.Урантогос, У.Батмандах, Э.Батхишиг нарын мэдүүлгүүдийг дүгнэхэд “...Н.Нямпүрэв “Ай фоне-6” маркийн 128 гегавайт, “Ай фоне-6” маркийн 16 гегавайт, 2 ширхэг гар утсыг менежерт өгсөн гэж, менежерүүдтэй нүүрэлдүүлэхэд хэнд, хэзээ өгснөө санахгүй байна гэх мэтээр өөр өөр хэлээд байсан ” гэж мэдүүлжээ. /хх-ийн 24-26, 54-56, 27-28, 57-59, 66-67, 60-61, 62-63, 64-65, 66-67-р хуудас/

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заажээ.

 

          “Номин юнайтед” салбарын гар утас камерын тасагт Н.Нямпүрэв, Д.Ууганчимэг нар нь борлуулагчаар ээлжлэн тухайн тасгийн эд хөрөнгийг хамтран хариуцаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

          Гэтэл Н.Нямпүрэв нь “Номин юнайтед” салбарын ажилтнууд болох гэрч Н.Баасансүрэн, М.Төрболд, Д.Ууганчимэг, Н.Урантогос, У.Батмандах, Э.Батхишиг нарт дээрх дутагдсан 2 ширхэг гар утасны талаар өөр өөр байдлаар тайлбарласан гэх үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан бусдын эд хөрөнгийг завшсан гэж буруутгаж, гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй юм.

 

          Өөрөөр хэлбэл: Н.Нямпүрэвт ажил үүргийн хувьд хариуцаж байсан “Ай фоне-6” маркийн 128 гегавайт, “Ай фоне-6” маркийн 16 гегавайт, 2 ширхэг гар утсыг завшиж эсхүл үрэгдүүлэх замаар хууль бус аргаар олж авсан, ашиг олох зорилго бүхий шунахайн сэдэлт буюу гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжүүд тогтоогдохгүй байна.

          Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах зүйтэй байна.

 

           Н.Нямпүрэвт холбогдох хэрэгт хамаарал бүхий шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн боловч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэх түүний гэм буруу тогтоогдохгүй 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч “...“Ай фоне-6” маркийн 128 гегавайт, “Ай фоне-6” маркийн 16 гегавайт, 2 ширхэг гар утсыг Сингапур улсаас оруулж ирсэн, шинэ, хайрцаг савтайгаа байсан. Иймд Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээг зөвшөөрөхгүй. Гэмт хэргийн улмаас манай компанид 3.368.435 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Н.Нямпүрэвээс төлсөн 1.170.000 төгрөгийг хасаад одоо 2.198.435 төгрөг нэхэмжилж байна” гэж,

          Улсын яллагч “...Хэрэг бүртгэлтэнд хохирогчоос санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй тул хуулийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд Эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн. Гэмт хэргийн улмаас 1.170.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй” гэж тус тус мэтгэлцэв.

 

          Н.Нямпүрэв гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй, харин энэхүү үйл баримт нь хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан тул иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт иргэний баримт бичиг болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Нямпүрэв нь цагдан хоригдоогүй болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Нямдаваагийн Нямпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Нямпүрэвийг цагаатгасугай.

 

          2.  Н.Нямпүрэв нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд урьд авсан батлан даалтанд байлгах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          3. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          5. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нямпүрэвт авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР