Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 2020             03             19                                        2020/ДШМ/329                                      

 

Ш.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

            прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Ш.М-, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/970 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1808054641624 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ш-ийн М, Өвөрхангай аймагт 1979 оны 10 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, /регистрийн дугаар: 000000000/;

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 3 жил 5 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сар 8 хоногийн хорих ялаар тогтоосон,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, 

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 1 жил 6 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Ш.М- нь:

1. 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 36-17а тоотод оршин суух П.Э-ын гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хүүхдийн сургуулийн дүрэмт хувцас, 32 инчийн “Panasonic” загварын зурагт, 2 ширхэг шүрэн чулуу, хүүхдийн үстэй малгай, хүүхдийн гутал, эмэгтэй хүний багшийн дүрэмт хувцас, хаалганы түлхүүр, үхрийн мах 4 кг, цагаан будаа 3 кг, хоолны халбага зэрэг эд хөрөнгийг авч 629,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 12-17 тоотод оршин суух Б.Д-н гэрийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, булган малгай, үхрийн мах 4 кг зэрэг эд хөрөнгийг авч 2,140,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-41б тоотод оршин суух Б.А-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер, хүүхдийн живх, МУИС-ийн ромбо, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, саравчтай малгай, хүүхдийн цагаан ултай гутал, үүрдэг цүнх, ургамлын тос зэрэг эд хөрөнгийг авч 253,500 төгрөгийг хохирол учруулсан,

4. 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12-17 тоотод оршин суух Х.Д-ын гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, их гарын манан хөөрөг 1 ширхэг, “Samsung” загварын зөөврийн компьютер, сувдан бугуйвч, ээмэг, бөгж 3 хос, шигтгээтэй монетон бөгж 2 ширхэг, хос алтан бөгж 2 ширхэг, ундрам чулуун ээмэг, зүүлт, бугуйвчны хослол 1 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, мөнгөн унждаг ээмэг, бөгж, гинж, кулоны хослол 2 ширхэг, Алдарт эхийн 2 дугаар одон, 25,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч 3,083,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-64 тоотод оршин суух А.Б-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч “Sony” загварын зөөврийн компьютер, цахим ном уншигч, эмэгтэй хүний мөнгөн гинж 3 ширхэг, мөнгөн баавар, 2 ширхэг дарс зэрэг эд хөрөнгийг авч 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-17 тоотод оршин суух Б.Л-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Асеr” загварын зөөврийн компьютер, хонины мах 10 кг, эмэгтэй хүний гутал 1 хос, хурган дотортой дээл, сувдан ээмэг 1 хос, 250,000 төгрөг, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан том шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан шигтгээтэй цэцэгтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан шигтгээтэй цэцэгтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, цагаан шигтгээтэй жижиг мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хослол, мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулоны хослол 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг авч 3,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-29 тоотод оршин суух Д.Г-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Chanel”,  “Gucci” брендийн үнэртэй уснууд, үхрийн мах 4 кг, саван 6 ширхэг, эмэгтэй хүний өвлийн гутал 1 ширхэг, “Swarovski” ээмэг бөгжний хослол, мөнгөн ээмэг, нүүр цэвэрлэгч, цаг, 130,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч 1,017,200 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-15 тоотод оршин суух С.Б-ийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч “BSB” загварын 32 инчийн зурагт, удирдлага, гэрийн халат зэрэг эд хөрөнгийг авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-39 тоотод оршин суух Ц.Ц-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч савхин куртка, хонины өрөөл мах, 520,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч 690,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай тоотод оршин суух М.М- гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, монетон ээмэг 1 хос, “Еvok” архи, 150,000 төгрөг, хутганы ком зэрэг эд хөрөнгийг авч 1,280,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10-27 тоотод оршин суух Ш.Э-ын гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар  нэвтэрч медаль, халтар манан хөөрөг, чулуу, мөнгө, сувдаар хийсэн ээмэгнүүд, бөгж зэрэг эд хөрөнгийг авч 428,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Алтан-Овоогийн 36-17а тоотод оршин суух П.Э- ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 2 ширхэг, эрэгтэй хүний гутал, пүүз зэрэг эд хөрөнгийг авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 25-566 тоотод оршин суух Х.Ч-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч чих нь буудаг, буудаггүй тарваган малгайнууд, үнэгний арьс 14 ширхэг, сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, металл ээмэг 1 хос зэрэг эд хөрөнгийг авч 790,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25-566 тоотод оршин суух Б.Г-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 30 кг үхрийн мах авч 225,000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-61 тоотод оршин суух Ч.Г-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга авч 791,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-892-02 тоотод оршин суух Г.Г-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч архи, виски, эмэгтэй хүний 3 ширхэг цамц, 3 хайрцаг витамин, эрэгтэй, эмэгтэй үнэртэй уснууд, 54 инчийн зурагт, удирдлага, залгуур, орны бүтээлэг, ор хөнжлийн даавуу, дэрний уут, ээмэг, утас цэнэглэгч зэрэг эд хөрөнгийг авч  2,470,000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098 тоотод оршин суух Л.О-ийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч “BSB” загварын 32 инчийн зурагт, эмэгтэй хүний туулайн арьсан шуба, 12 кг үхрийн мах, 13 кг хонины мах, 2,5 литр үхрийн сүү зэрэг эд хөрөнгийг авч 536,820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 365 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-аас нийт 16,178,550 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ариунболдод 253,500 төгрөг, хохирогч Х.Дашнямд 3,083,000 төгрөг, хохирогч  А.Баасанбатад 1,170,000 төгрөг, хохирогч Д.Ганбаатарт 1,017,200 төгрөг, хохирогч П.Энхболдод 999,000 төгрөг, хохирогч Б.Даваадалайд 2,140,000 төгрөг, хохирогч Ц.Цогтод 690,000 төгрөг, хохирогч Г.Ган-Эрдэнэд 2,470,000 төгрөг, хохирогч Б.Галбаатарт 225,000 төгрөг, хохирогч Б.Лхагвадуламд 3,100,000 төгрөг, хохирогч М.Мөнгөншагайд 220,000 төгрөг, хохирогч Х.Чулуунцэцэгт 310,000 төгрөг, хохирогч Ч.Ганболдод 331,000 төгрөг, хохирогч Л.Одгэрэлд 169,850 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Ш.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүрэг, Хайрханы 5 дугаар хороонд үйлдэгдсэн гэх 180804716 тоот хэрэг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, би гарын үсэг зурсан. Гэхдээ би сүүлийн нэмэгдсэн энэ эрүүгийн хавтаст хэрэгтэй танилцаагүй. Миний 17 үйлдэлтэй гэмт хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж байх үед 180804716 тоот хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой байсаар байтал нэгтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд эрүүгийн хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн хүүхдүүдтэй холбоотой баримтыг “Өнөр бүл” Хүүхдийн асрамжийн төвөөс авчирсан тул хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Шүүгдэгч Ш.М- нь өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Хавтаст хэрэгтэй танилцах үед нөлөөллийн мэдүүлгийн баримт дээр огт гарын үсэг зуруулаагүй байдаг. Шүүгдэгч нь хэрэгтэй танилцуулаагүй гэж гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн холбогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Учир нь, Ш.М-ын 3 хүүхэд өнчирч үлдсэн. Би түүний хүсэлтийн дагуу хүүхдүүдийг хайж улсын асрамжийн газарт байсныг олж очиж уулзсан. Хүүхдүүд аавыгаа их санасан байдалтай байсан. Ш.М- хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч үр хүүхдүүддээ анхаарал хандуулдаг эцэг юм. Хүүхдүүд нь ухаантай, их хүсэл мөрөөдөлтэй. Шүүгдэгчийн эхнэр харамсалтайгаар бусдын гарт амь насаа алдсан. Шүүгдэгчид оногдуулах ялыг хаалттай хорих ангид эдлүүлсэнээр хүүхдүүд нь аавтайгаа чөлөөтэй уулзах боломжгүй болсон. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, хорих ангийг өөрчилж өгнө үү. Мөн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон тухай, шүүгдэгч нь юу таарсанаа авдаг сэтгэцийн асуудал байгаа эсэх, ямар нэг зорилгоор бусдын эд хөрөнгийг хулгайлдаг эсэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ш.М- нь 180804716 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа, яллах дүгнэлт үйлдэгдсэн тул хэргээ нэгтгүүлэх хүсэлтэй гэж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Ш.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 17 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 20,193,520 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Энхболд, Б.Даваадалай, Б.Ариунболд, Х.Дашням, А.Баасанбат, Б.Лхагвадулам, Д.Ганбаатар,  С.Бүүвэйдорж, Ц.Цогт, М.Мөнгөншагай, Ш.Энх-Алдар, Х.Чулуунцэцэг, Б.Галбаатар, Ч.Ганболд, Г.Ган-Эрдэнэ, Л.Одгэрэл нарын гэрээс эд хөрөнгө алдагдсан, зарим нь эд хөрөнгийг тодорхой хэсгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээж авсан гэх мэдүүлгүүд  /1-р хх  43-47, 97-98, 148-150, 193, 243, 2-р хх 56, 110, 158, 216-217, 3-р хх 14-15, 81-82, 139-140, 205-206, 216, 4-р хх 41-44, 100-101, 169-170/,

хохирогч нарын мэдүүлгийг давхар батлан мэдүүлсэн гэрч Б.Энхтуяа, Т.Түвшинжаргал, Х.Амаржаргал, С.Хүрэлбаатар, Г.Виктор,  Б.Чимэдцэрэн, Б.Эрдэнэчимэг, Б.Адъяахүү, Р.Дэлгэрцэцэг, Р.Ганцэцэг нарын мэдүүлгүүд /1-р хх 49-50, 105, 154-155, 198, 200, 244-245, 2-р хх 120, 3-р хх 21-22, 4-р хх 105-106, 107-108/,

хохирогчдын хулгайд алдагдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ /1-р хх 56-57, 111-112, 114-115, 163-164, 205-206, 248-249, 2-р хх 63-64, 123-124, 166-167, 171-172, 224-225, 3-р хх 30-31, 92-93, 97-98, 153-156, 160-161, 229-230, 234-235, 4-р хх 52-53, 112-113, 183-184/,   

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 31-33, 84-88, 136-139, 224-228, 2-р хх 42-47, 87-94, 143-147, 194-197, 3-р хх 1-4, 51-57, 123-131, 188-194, 4-р хх 23-27, 81-87/,

шүүгдэгч Ш.М- нь зарим хохирогчдын эд хөрөнгийг барьцаалсан зээлийн гэрээнүүд /2-р хх 97, 3-р хх 66, 72/,

шүүгдэгчээс эд хөрөнгө хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 34, 38, 2-р хх 101-106, 208-212, 3-р хх 75, 76-77, 201-202, 4-р хх 36, 95, 165/,

шүүгдэгч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /1-р хх 71-72, 127, 5-р хх 150-151/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.  

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.М- нь 2018 оны 9-12 дугаар сарын хооронд 17 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн эд хөрөнгө авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “... хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” гэх хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс Ш.М-ад оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ш.М- давж заалдах гомдолдоо 180804716 дугаартай хэрэгт шалгагдаж буйг дурьдаад нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч дээр дурьдсан 17 удаагийн хулгайлах гэмт хэргээс тусдаа шалгагдаж байгаа өөр гэмт хэргийн талаарх баримт хэрэгт байхгүй тул гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр яллагдагчаар мэдүүлэхдээ “... бага насны гурван хүүхэдтэй, ганц бие эцэг ...” гэсний дагуу хэргийн материалыг судлахад хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/407 дугаартай захирамжинд Д.Ариунболд /РД: УБ06232214/, Д.Анужин /РД: УБ08291506/, Д.Энэрэл /РД: УЛ16292484/ нар нь Дуламсүрэнгээр овоглосон болох нь тогтоогдсон, тэдний эцэг шүүгдэгч Ш.М- болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/970 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН