Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0105

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Ш.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б

 

Нэхэмжлэгч: Ш.Н

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: “М с” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17025/ Ар зайсангийн гудамж **-р байрны ** кв.м талбай бүхий ** тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны ** дугаарт байрлах ** кв.м талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0858 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0334/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Н-с Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан  Ар зайсангийн гудамж **-р байрны ** кв.м талбай бүхий **тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны ** дугаарт байрлах ** кв.м талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах”[1]-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0858 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9 дэх хэсгийн баримтлан  Ш.Н-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Уг бүртгэлд “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ТӨХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, 2012/7-7 тоот барьцааны гэрээний тусгай тэмдэглэгээ хийгдсэн. “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ТӨХХК-ийн болон “М с” ХХК хооронд 2020 онд байгуулсан эвлэрлийн гэрээгээр ** болон ** дугаар байрнаас нийт 9 ширхэг орон сууцыг Төрийн орон сууцны корпорацид өгч **-р байрыг барьцаанаас чөлөөлөхөөр тохирсон. Төрийн орон сууцны корпорацид шилжүүлэх 9 байранд иргэн Ш.Н-н байр ороогүй ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай мэдэгдээгүй.

3.2. Иргэн Ш.Н нь уг орон сууц болон авто зогсоолоо бүртгүүлэхээр 2019.12.03, 2022.08.15, 2025.03.20-ны өдрүүдэд тус тус мэдүүлэг гаргаж байсан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016.10.03-ны өдрийн 3/30902, 2018.02.23-ны өдрийн 4/3591 тоот албан бичгүүдээр “Мс” ХХК өмчлөлд бүртгэлтэй Ү-2206019247 дугаартай үл хөдлөхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан. Дээрх тохиолдолд эд хөрөнгийн эрхийн асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүрээнд байгаа, тийм учир захиран зарцуулах эрхийг сэргээх эсэхийг Шүүхийн шийдвэр газраас тодорхойлох учиртай, улсын бүртгэлийн байгууллага бичиг баримтад үндэслэн бүртгэл хийдэг тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0858 дугаар шийдвэрийг бодит байдалд биелүүлэх боломжгүй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэсэн эрх бүхий байгууллагын болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зөрчилдөөнтэй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаснаас гадна хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;

3.1. Ш.Надмид нь “МC” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1В/62 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт  орших орон сууцны хотхонд ** кв.м талбай бүхий ** тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны ** дугаарт байрлах ** кв.м талбайтай автомашины зогсоолыг захиалж, 2016 онд гэрээний төлбөрийг бүрэн төлжээ.

3.2. Улмаар нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсангийн гудамж **-р байрны ** тоот, ** м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон уг орон сууцны ** тоотын ** м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг “M с” ХХК-д холбогдуулж гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02148 дугаар шүүгчийн захирамжаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.3. Ш.Н-н хувьд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 03, 2022 оны 8 дугаар сарын 15, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд хандахад улсын бүртгэлийн байгууллагаас “хууль хяналтын байгууллаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалздаг.

3.4. Нэхэмжлэгчийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө байрладаг уг 97 дугаар байр нь бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаарт 30 хувийн гүйцэтгэлтэйгээр “М с” ХХК-ийн өмчлөлд 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн ба /хуучнаар/ “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2012/7-07 дугаартай барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 дугаартай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан бол

3.4.1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаар албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 дүгээр шийдвэрээр “М с” ХХК-иас 353,081,991 төгрөгийг гаргуулж Ж.Б, мөн шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрээр “М с” ХХК-иас 20,804,670 төгрөгийг гаргуулж Ц.Э нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн болохыг дурдаж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “М с” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ** тоот орон сууц буюу Ү-2206019247 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг; /Хэргийн I хавтасны 177, 184 дэх талд/

3.4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжаар “M с” ХХК-иас 4,112,764,839 төгрөгийг гаргуулж, “Төрийн орон сууцны корпораци” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдаж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “M с” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011567, Ү-2206016120, Ү-2206018350, Ү-2206018351, Ү-2206019247, Ү-2206019248, Ү-2206020036 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжинд байрлах **, **, **, г**, **, **, ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг; /Хэргийн I хавтасны 185-186, 194 дэх талд/

3.4.3. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3/5020 дугаар албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарны 16-ны өдрийн 7773 дугаар шийдвэрээр “M с” ХХК-иас 24,729,826 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн болохыг дурдаж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “M с” ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2206011567, Ү-2206016120, Ү-2206018350, Ү-2206018351, Ү-2206019247, Ү-2206019248, Ү-2206020036 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг /Хэргийн I хавтасны 196 дахь талд/ тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 

3.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591 дүгээр албан бичгээр хүргүүлсэн хоригийг тус газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2/12600 дугаар албан бичгээр; Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3/5020 дугаар албан бичгээр хүргүүлсэн хоригийг тус албаны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/9315 дугаар албан бичгээр; тус тус захиран зарцуулах эрхийг сэргээсэн. /Хэргийн I хавтасны 199-200 дахь талд/

3.6. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1078, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11-1074086, Улсын бүртгэлийн 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 5/4776  дугаар албан бичиг, лавлагаа зэргээр энэ хэсгийн 3.4, 3.4.1-д заасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үйл баримт тогтоогдоно. /Хэргийн I хавтасны 15-16, 30, 177, 184 дэх талд/

4. Дээрх үйл баримтаас үзэхэд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаарт бүртгэгдсэн 97 дугаар байрны хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хэд хэдэн удаагийн хориг тавигдаж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бол энэ хэсгийн 3.4.1-т заасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаар албан бичгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түдгэлзсэн хоригууд хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна.

5. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02-227/11211 дүгээр албан бичгээр, маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг Ш.Н-д олгох талаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн бол захиргаан хэргийн шүүхэд ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04-263/25335 дугаар албан бичигтээ “... Ү-2206019247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа” гэж тодорхойлжээ.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК ч шүүхэд ирүүлсэн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1028 дугаар албан бичигтээ “... 2016 оны 1/1546 дугаар албан бичиг хүчингүй болсон, барьцаанд байгаа “МC” ХХК-ийн барьцаалагдсан эд хөрөнгүүдийг чөлөөлөхгүй байх” талаар ч дурдсан.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримтад ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

7. Ялангуяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд, маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлд мөн гэж тодорхойлж буй “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн 2016 оны 1/1546 дугаар албан бичиг хүчинтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02-227/11211 дүгээр албан бичиг нь бодит байдалд нийцэх эсэх, нэхэмжлэгчийн худалдан авч, өмчлөгчөөр нь тогтоолгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсангийн гудамж **-р байрны ** тоот, ** м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон уг орон сууцны ** тоотын ** м.кв талбайтай авто зогсоолын хувьд энэ хэсгийн 3.4-т заасан, эсхүл бусад байдлаар эрх бүхий байгууллагаас тогтоосон захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр байгаа эсэхийг нэг мөр тодруулах нь зайлшгүй ач холбогдолтой байна.

8. Түүнчлэн анхан шатны шүүх “... бүртгэлийн улмаас барьцаалагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх орон сууцны жагсаалтад нэхэмжлэгчийн худалдан авсан байр, авто зогсоол бичигдсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй” гэж дүгнэсний зэрэгцээ “хэргийн оролцогч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр гуравдагч этгээдийг татан оролцуулах боломжгүй” хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдагч этгээдтэй холбоотой зохицуулалтыг явцууруулан тайлбарлаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан ““Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь үндэслэлгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийг гуравдагч этгээдийг оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.  

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасныг энэ хэсгийн 3.4.1, 3.4.2, 3.6, 5-д заасан үйл баримт, хариуцагчийн татгалзлын үндэслэлтэй харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн худалдан авсан 2 үл хөдлөх эд хөрөнгө байрладаг 97 дугаар байрны 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019247 дугаарт бүртгэгдсэн хөрөнгийн барьцаалагч болох “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргасныг анхан шатны шүүх харгалзаагүй нь учир дутагдалтай болжээ. /Хэргийн II хавтасны 121 дэх талд/

10. Маргааны энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй /тэр талаар шүүхэд ирүүлсэн албан бичигтээ тодорхой илэрхийлсээр байхад/ этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломжийг олгох нь зүйтэй.

11. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааны хувьд барьцаалуулагчаас гадна барьцаалагчийг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 119, 120 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нэгдмэл хэрэглээ тогтоосон нь маргааны энэ тохиолдол нэгэн адил хамаарна. 

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж залруулах, нотлох баримтыг нөхөн бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Л.ОДБААТАР

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

 

[1] 2025.11.04-ний өдөр өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /хэргийн  II хавтасны 141 дэх талд/