Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.А*********

Хариуцагч: Э**** м****** х******* т**

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А********* хариуцагчийн өмгөөлөгч Г.Б*********, Ц.Д******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Х*******  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Т.А********* нь “...Э**** м****** х******* т**-ийн дүрс оношилгооны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад элсүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмын 15.17.2-т заасны дагуу сургалтад хамруулан суралцуулахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Т.А********* миний бие эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2014 онд төгсөөд Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүний их эмчээр ажилд орж одоог хүртэл 8 дахь жилдээ мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Эмч хүний хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлж нарийн мэргэжил эзэмшихийг их сургууль төгссөн цагаасаа хүсэн байсан боловч 2014-2016 он хүртэл хуулийн дагуу 2 жил ажилласны дараагаар резидентийн шалгалтад орох ёстой байсан учраас төгссөний дараахь 2 жил шалгалтад ороогүй.

2017 онд өөрийн цаашдын боломж бололцоо, хүсэл сонирхлын дагуу дүрс оношилгооны чиглэлээр Анагаахын шинжлэх ухааны их сургуульд резидентийн шалгалтад орж тэнцсэн. Гэтэл эмнэлгийн захиалгатай хүмүүс орно авахгүй өөр бусад хүссэн чиглэлээрээ орж болно гэсэн тул мэс заслын чиглэлээр резидентэд орсон. Тухайн чиглэлээр 5 сар суралцсан боловч миний цаашдын зорилго болон хүсэл сонирхолд нийцэхгүй байсан тул өөрийн хүсэлтээрээ цаашид сургалтаа дуусгаагүй.

2018 онд дахин эрчимт эмчилгээний чиглэлээр Э**** м****** х******* т**д резидентийн шалгалт өгч тэнцэн элсэн суралцсан мөн 5 сар суралцаад суралцах чиглэлээ сольж дүрс оношилгооны чиглэлээр сурахаар Э**** м****** х******* т**д өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй тул өөрийн хүсэлтээр сургалтаас гарсан.

Цаашид заавал дүрс оношилгооны чиглэлээр өөрийн хүссэн мэргэжлээрээ сурахыг хүссэн боловч шалгалтад орох болгонд шалгалт авч буй газраас дүрс оношилгооны чиглэлээр хүссэн хүн нь ордоггүй захиалгатай хүмүүс авдаг гэсэн тул 2019-2020 онд шалгалтад орж байгаагүй.

2020 оны Э**** м****** х******* т**ийн резидентийн шалгалт шударга болж захиалгатай хүмүүс аваагүй шалгалт өгсөн хүмүүсээс онооны жагсаалтын дагуу анх удаа авсан тул 2021 онд мөн шударга болно гэж итгэн дүрс оношилгооны чиглэлээр резидентийн шалгалтад төлбөрөө төлөн 2021 оны 09 сарын 15-ны өдөр бүртгүүлж 25 өдөр шалгалтад орсон.

Шалгалтын дүн тухайн өдрийн орой гарсан ба дүрс оношилгооны чиглэлээр 39 хүн авах ёстойгоос 36-р байранд орсон (надтай ижил оноотой 12 хүн байсан ба тухайн хүмүүсээс улсад ажилласан нийгмийн даатгалын төлөлтийг харж олон жил ажилласан 4 хүнийг сонгох байсан ба би хамгийн олон жил ажилласан байсан). Шалгалтын дараа 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 30 өдөр хүртэл шалгалт өгсөн хүмүүс Э**** м****** х******* т**ийн албан ёсны пэйж хуудас дээр шалгалтын дүн онооны жагсаалтаар өмнөх жилийнх шиг тэнцсэн гэж үзэж авах уу гэж удаа дараа асуухад тиймээ онооны дарааллаар шалгаруулж авна гэсэн хариулт өгч байсан боловч элсэлтийн бүртгэл 09 дүгээр сарын 30-ны өдөр болоход бүрдүүлэх ёстой бүх материалаа бүрдүүлээд очсон боловч өчигдөр шөнө утсаар ярьж дуудаагүй бол шалгалтад тэнцээгүй гэж үзэн бүртгэхгүй гэсэн тул надтай адил шалтгаанаар тэнцээгүй гэж үнэлэгдсэн олон хүмүүсийг төлөөлж захирал болон холбогдох хүмүүстэй уулзсан.

Э**** м****** х******* т**ийн захирал Б.Н******** энэ явдлыг тайлбарлахдаа эмнэлгийн захиалгаар 25 хүн хувийн зардлаар 14 хүн сургах ёстой өнгөрсөн жил онооны дарааллаар тэнцсэн гэж үзэн онооны дарааллаар төгсөөд ажиллах эмнэлгийг сонгуулан улсын зардлаар сургасан боловч тухайн процесс буруу байсан захиалга эмнэлэг тухайн эмнэлгийг хүлээж авахгүй гэх маргаан үүссэн тул энэ жилээс эмнэлгээс сургах гэж нэр өгсөн 25 хүнийг сургаж үлдсэн квотод хувийн зардлаар сургана гэсэн хариу өгсөн.

Э**** м****** х******* т**ийн захирлаас би эрүүл мэндийн сайдын тушаалаар захиалагч байгууллага болох энэрэл эмнэлгийн захиалгаар одоо сурч болох уу гэсэн асуулт асуухад болно гэсэн тул тухайн өдрөө энэрэл эмнэлэг тууштай ажиллах тухай ярилцан энэрэл эмнэлгийн захиалгаар сургах тухай тамга тэмдэгтэй бичиг авсан.

 Тухайн өдөр бүртгүүлэхээр ирсэн хүмүүс болон Э**** м****** х******* т**ийн хооронд маргаан үүссэн тул шалгалтын бүртгэлийг 10 дугаар сарын 01-ний өдөр болгож хойшлуулсан ба дахин шинээр нэр гаргаж бүртгэл явуулна гэсэн хариу өгсөн. 10 дугаар сарын 01-ний өглөө шинээр элсүүлэх хүмүүсийн нэрс гарахад надаас урагш 35-р байр хүртэлх хүмүүсийг элсүүлж мөн нэмэлтээр эмнэлгийн захиалгаар сурах 9 хүний нэр гарсан байсан /эдгээр 9 хүн нь шалгалтад надаас доогуур оноо авсан хүмүүс/ тул захиалагч эмнэлгийн бичгээ үзүүлж захиралтай уулзах хүсэлт тавихад уулзахгүй гээд сургалтын албаны мэргэжилтэн Ш.А********* гэх хүнтэй уулзсан.

Болсон явдлаа тайлбарлаж захиалагч эмнэлгийн бичгээ үзүүлсэн боловч тэнцсэн хүмүүсийн нэр гарсан өөрийн чинь нэр байхгүй бол ярих юм байхгүй өөр тайлбар аваагүй.

Дараах 2 хоногт нь амралтын өдөр таарч 10 дугаар сарын 03 өдөр ирж захиралтай уулзах хүсэлт гаргахад уулзаагүй, хүний нөөцийн албаны мэргэжилтэн Д******** гэх хүн надтай уулзсан. Би өөрийн байдлаа тайлбарлаж онооны дарааллаар тэнцсэн боловч оруулаагүй, хуулийн дагуу онооны дарааллаар орох ёстой байхад яагаад оруулахгүй байгааг асуусан боловч хууль хамаагүй энэ бол салбарын бодлого гэсэн тайлбар өгч захиралд танилцуулаад ирье гээд явсан.

Захирал холбогдох хүмүүст танилцуулсан боловч үгүй гэсэн хариу өгсөн. 10 дугаар сарын 04-ний  өдөр албан ёсоор бичгээр гомдол гаргаж Э**** м****** х******* т**д өгсөн боловч хариуг одоог болтол өгөөгүй мөн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Э********-т гомдлоо гаргасан боловч хариу өгөөгүй тул хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна.

Би цаашид өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцаж ажиллах чин хүсэлтэй байгаа тул өөрийн асуудлаар хуулийн дагуу шударгаар шийдүүлэх хүсэлтэй байна Э**** м****** х******* т**ийн захирлын тушаалаар тус шалгалтын комиссыг томилж шалгалт авч, Э**** м****** х******* т**ийн хүний нөөц хөгжлийн алба, мэргэжил дээшлүүлэх институтээс элсэлтийг зохион байгуулдаг.

Тус шалгалттай холбоотой зар, сорил, дүн, элсэлтийг тус төв хариуцдаг тул Э**** м****** х******* т**ийг хариуцагчаар татаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Т.А********* миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж Э**** м****** х******* т**өөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болсон Үндсэн мэргэжлийн чиглэлээр элсэлтийн шалгалтад тэнцсэн тул дүрс оношилгоо судлалаар хууль журамд заасны дагуу миний суралцах эрхтэй болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эрүүл мэндийн сайдын 2017 оны А337 дугаар журмын 15.17.2-т зааснаар шалгалтад тэнцсэн хүмүүсийг онооны дарааллын дагуу элсүүлээд Нийслэлийн эрүүл мэндийн газартай орон нутагт 5-с доошгүй жил ажиллах гэрээ байгуулаад улсын төсвийн санхүүжилтээр суралцана гэсэн нийт 25 хүн, үлдсэн 14 хүн нь өөрийн зардлаар суралцана гэсэнд миний бие багтаж байгаа гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбар нь онооны дарааллын дагуу элсэж орох ёстой улсын төсвөөр суралцах нөхцөл байхгүй гэж миний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.     

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.А*********ийн нэхэмжлэлтэй, Э**** м****** х******* т**д холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №А/191 дугаартай “Эрүүл мэндийн ажилтны 2021-2022 оны төгсөлтийн дараах сургалтын чиглэл, хяналтын тоо батлах тухай” тушаалаар үндсэн мэргэшлийн сургалтын 29 чиглэлээр 759 их эмчийг элсүүлэх хяналтын тоо батлагдсан.

Үүнээс Дүрс оношилгоо “Захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийх суралцагчийн тоо 25, хувийн зардлаар суралцах суралцагчдын тоо 14 нийт 39 их эмчийг суралцуулахаар батлагдсан. /Тушаалын 1 дүгээр хавсралт 9 дэх заалт/

Элсэлтийн шалгалтад үндсэн мэргэшлийн 28 чиглэлээр 1659 их эмч бүртгүүлснээс 1569 их эмч шалгалтад орж 1172 их эмч 70 ба түүнээс дээш оноо авч батлагдсан хяналтын тоонд өрсөлдөх боломж бүрдсэн. “Дүрс оношилгоо судлал”-ын чиглэлээр элсэлтийн шалгалтад, захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээр суралцах 25 их эмч, хувийн зардлаар суралцах 182 их эмч нийт 207 их эмч хамрагдсан ба 153 их эмч 70 ба түүнээс дээш оноо авч шалгалтад тэнцсэн.

Эдгээр 153 эмчээс 9 эмч нь захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн мэргэшил эзэмшсэний дараа тухайн орон нутагт 5 жил ажиллахаар болж, 21 аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тухайн их эмчийн төрийн сангийн зардлаар суралцуулна гэх тодорхойлолт нь Э**** м****** х******* т**д ирсэн их эмч нар байсан. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №A/191 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан квот нь захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийх 25 квот, хувийн зардлаар суралцах, ямар нэгэн байгууллагатай гэрээ хийхгүй 14 квот гэж анхнаасаа ангилагдсан байсан.

Ингээд шалгалтад тэнцсэн их эмч нарын оноотой харьцуулахад захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийх 25 квотноос 9 квотод тэнцсэн их эмч нарыг суралцуулах, хувийн зардлаар суралцахаар шалгалтад оролцсон хамгийн өндөр байсан боловч Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн оноотой 14 суралцагчийг хувийн зардлаар суралцуулах шийдвэр гарах ёстой зөвлөлийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Э**** м****** х******* т**ийн хамтарсан хурлаас гарсан шийдвэрийн дагуу тухайн чиглэлээрх хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан квотыг хувийн зардлаар суралцах квот руу шилжүүлж, хувийн зардлаар захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийх 25 квотноос сул үлдсэн 16 суралцахаар бүртгүүлсэн их эмч нарын 15-30 дугаарт оноогоороо жагссан их эмч нарыг хувийн зардлаар суралцуулахаар болсон. Захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийх 25 квотноос 16 квотыг шилжүүлж, нийт 30 квотод 99-88 оноотой эхний 30 их эмч нарыг суралцуулсан ба Т.А*********ийн хувьд 87 оноотой байсан тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан квотод багтаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Бид Эрүүл мэндийн сайдын 2017 оны А337 дугаар журмын 15.17.2-т заасны дагуу улсын төсөв болон хувийн зардлаар суралцагчдыг бүртгээд тус туст нь онооны дарааллаар жагсаагаад бүх мэдээллийг цахим хуудсанд оруулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэлтэст үнэлүүлээд тайлан мэдээллээ өгөөд үүний дагуу ижил оноотой 88-с дээш оноотой 44 хүн дотроос 38 хүнийг онооны дарааллаар сонгож аваад Эрүүл мэндийн яамны сайдын А/631 тушаалаар 38 хүнийг элсүүлж авсан. Өмнөх шүүх хуралдаанд Төрийн нарийн бичгийн даргыг гэрчээр оролцуулахад Э**** м****** х******* т**ийн даргын тушаал дээр үндэслэн баталсан гэж хэлдэг.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э**** м****** х******* т** 2017 оны А/337 дугаар журамд заасны дагуу эрх, үүргийг хэрэгжүүлж ажилласан. Шалгалтын комисс үйл ажиллагааг явуулаад, Төрийн сангаар суралцах суралцагчдын нэрс, өөрийн зардлаар суралцагчдын нэрсийг мөн тушаалын загварыг танилцуулгын хамт Эрүүл мэндийн яаманд хүргүүлснийг хянаж үзээд Эрүүл мэндийн яамны сайдын тушаал гарсан. Тус тушаалаар 38 хүн шалгалтад тэнцсэн. Хувийн зардлаар суралцахаар тэнцсэн 30 хүн 88 ба түүнээс дээш оноотой өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс өндөр оноотой суралцагчид. Төрийн сангаар суралцах 8 суралцагчид нь 70 онооноос дээш оноо авч тэнцсэн суралцагчид. Нэхэмжлэгч хэлэхдээ хамгийн өндөр оноо авсан хүн Төрийн сангийн зардлаар суралцах уу, өөрийн зардлаар суралцахаа өөрөө шийддэг байсан. Энэ нь Эрүүл мэндийн яамны хүний нөөцийн бодлого төлөвлөлттэй шууд хамааралтай. 2017 оны А/337 дугаар журам батлагдахдаа тус журмын 15.17.2-т зааснаар үндсэн мэргэжлээр суралцах, бусад мэргэжлээр гэж өөр үгээр тус, тусдаа журмыг зохицуулсан.

Нэхэмжлэгчээс гадна 88 оноотой 5 суралцагч элсэж ороогүй байхад нэхэмжлэгч 87 оноо авсан атлаа элсэж ороогүй гэж маргаж байгаа нь шударга биш юм. Э**** м****** х******* т**ийн А/337 тоот тушаалын 15.17.3-д зааснаар Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт үндсэн мэргэжлээр ажиллаж байгаа суралцагч, төрөлжсөн мэргэжлийн элсэлтийн шалгалтад тэнцэж гэж заасан байдаг. Нэхэмжлэгч үндсэн мэргэжлийн сургалтад элсэж ороогүй байж төрөлжсөн мэргэжлийн оноог ярих нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Т.А********* нь “Э**** м****** х******* т**ийн дүрс оношилгооны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад элсүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмын 15.17.2-т заасны дагуу сургалтад хамруулан суралцуулахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос үзэхэд, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, 1 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 15.3-д “Э**** м****** х******* т**, төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын төлөөлөл бүхий мэргэшүүлэх сургалтын элсэлтийн шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг Э**** м****** х******* т**ийн захирлын шийдвэрээр тухай бүр томилно... гэж заасан байна.

Дээрх журмын заалтаас үзэхэд, Э**** м****** х******* т**ийн захирлын шийдвэрээр ажлын хэсгийг тухай бүр томилохоор заасан байх тус ажлын хэсэг нь байнгын бус , 1 удаагийн шинжтэй байна.

 Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаа Э**** м****** х******* т** гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан 2021-2022 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын дүнгээс үзэхэд, нэхэмжлэгч Т.А********* нь 87 оноо авсан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16-д “..., мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам, мэргэшлийн зэргийн болон төгсөлтийн дараахь сургалтыг төгсөгчид олгох үнэмлэх, гэрчилгээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, ... батална.” гэж заасан байна.

Мэргэшүүлэх сургалт нь үндсэн мэргэшлийн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт гэсэн 2 төрөлтэй байх ба мэргэшүүлэх сургалт зохион байгуулах харилцааг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-аар тодорхой бөгөөд нарийвчлан зохицуулсан байна.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... 2020 оны Э**** м****** х******* т**ийн резидентийн шалгалт шударга болж захиалгатай хүмүүс аваагүй шалгалт өгсөн хүмүүсээс онооны жагсаалтын дагуу анх удаа авсан тул 2021 онд мөн шударга болно гэж итгэн дүрс оношилгооны чиглэлээр резидентийн шалгалтад төлбөрөө төлөн 2021 оны 09 сарын 15-ны өдөр бүртгүүлж, 2021 оны 09 сарын 25-ны өдөр шалгалтад орсон... дүрс оношилгооны чиглэлээр 39 хүн авах ёстойгоос би 36-р байранд орсон (надтай ижил оноотой 12 хүн байсан ба тухайн хүмүүсээс улсад ажилласан нийгмийн даатгалын төлөлтийг харж олон жил ажилласан 4 хүнийг сонгох байсан ба би хамгийн олон жил ажилласан байсан)... журмын 15.17.2-т заасны дагуу онооны дарааллын дагуу элсүүлэх ёстой...” гэсэн агуулгаар маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулгаас үзэхэд “их эмч нь 70 ба түүнээс дээш оноо авч шалгалтад тэнцэж, захиалагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийсэн тохиолдолд онооны дараалал үл харгалзан үндсэн мэргэшлийн сургалтад элсүүлэх нь зөв” гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлан маргаж байх ба ийнхүү тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 15.17.2-т “Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцах мэргэжилтэн нь элсэлтийн шалгалтанд тэнцэж, журмын 13.1, 13.2-т заасан шаардлага хангасан тохиолдолд онооны дарааллын дагуу сонгосон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай орон нутагт таваас доошгүй жил ажиллах гэрээ байгуулж, улсын төсвийн санхүүжилтээр суралцана. Бусад мэргэжилтнийг онооны дарааллын дагуу тухайн жилийн элсэлтийн хяналтын тоонд багтаан хувийн зардлаар суралцуулна.” гэж

15.17.3-д “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад үндсэн мэргэшлээрээ ажиллаж байгаа мэргэжилтэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж, журмын 13.3, 13.4-т заасан шаардлага хангасан, харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай таваас доошгүй жил ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд онооны дараалал үл харгалзан, улсын санхүүжилтээр суралцах давуу эрхтэй. Бусад мэргэжилтнийг онооны дарааллын дагуу тухайн жилийн элсэлтийн хяналтын тоонд багтаан хувийн зардлаар суралцуулна.” гэж тус тус заасан байна.

Дээрх журмын 15.17.2-т заасан зохицуулалтаас үзэхэд, үндсэн мэргэшлийн сургалтад онооны дарааллын дагуу элсүүлэн суралцуулахаар тодорхой зохицуулсан байна.

Харин дээрх журмын 15.17.3-д төрөлжсөн мэргэшлийн шалгалтад тэнцэж, харьяалах Эрүүл мэндийн газартай таваас доошгүй жил ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд онооны дарааллыг үл харгалзан элсүүлэн суралцуулахаар зохицуулсан байх ба энэхүү 15.17.3 дахь зохицуулалт нь төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтэд хамааралтай байна.

Нэхэмжлэгч нь үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад бүртгүүлж, шалгалт өгсөн байх тул дээрх журмын 15.17.3-д заасан Эрүүл мэндийн газартай гэрээ байгуулсан тохиолдолд онооны дараалал үл харгалзах  зохицуулалт энэ маргаанд хамааралгүй.

Тодруулбал, харьяалах Эрүүл мэндийн газартай 5-аас доошгүй жил ажиллах гэрээ байгуулсан асуудал нь төрөлжсөн мэргэшлийн сургалтад элсэгчид давуу тал болох ба харин үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчийн хувьд давуу тал болохгүй байхаар журамд тодорхой зохицуулсан байна.

Иймд “үндсэн мэргэшлийн сургалтад онооны дарааллын дагуу элсүүлэх ёстой” гэсэн агуулгаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчээс бага оноо авсан 8 их эмчийг захиалагч байгууллагатай гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр онооны дараалал үл харгалзан үндсэн мэргэшлийн сургалтад элсүүлсэн нь дээрх журамд нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.” гэж заасан бөгөөд шударга ёсны зарчим нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.

Иймд үндсэн мэргэшлийн сургалтад онооны дарааллын дагуу элсүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Дээрх үйл баримтууд, хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд, дүрс оношилгооны чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтад хамруулахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “онооны дарааллын дагуу элсэлтийн шалгалтыг зохион байгуулах чиглэлийг тухайн үед өгч байсан, журмаа баримталж ажиллах ёстой, журамд үндсэн мэргэшлийн элсэлтийн сургалтад онооны дарааллын дагуу элсүүлэхээр заасан учир онооны дарааллыг баримтална”  гэсэн агуулгаар тайлбар өгсөн болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэгчээс гадна 87 оноотой 12 хүн байгаа гэж тайлбарлаж байх ба 2021-2022 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын дүнгээс үзэхэд, 87 оноотой нийт 13 иргэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ...журмын 15.17.2-т заасны дагуу Т.А*********ийг үндсэн мэргэшлийн сургалтад суралцуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Э**** м****** х******* т**д даалгасан байдлаар тогтоох хэсэгт томьёолж бичсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А*********-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  дүрс оношилгооны чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтад хамруулахаас татгалзсан Э**** м****** х******* т**ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын 15.17.2-т заасны дагуу Т.А*********ийг үндсэн мэргэшлийн сургалтад суралцуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Э**** м****** х******* т**д  даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т.А*********-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.Б*******