Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0013/з |
Дугаар | 221/МА2016/0796 |
Огноо | 2016-12-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0796
Иргэн С.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, Л.Наранболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн С.*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.*******ийг 12, 25 дугаар хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг суутган тооцож, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч С.*******т 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сануулах арга хэмжээ авч, дараагийн зөрчил гарсан учраас хариуцагч түүнийг ажлаас халах тушаал гаргасан байхад албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй хэмээн шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүгнэж нотлох баримтыг зөв үнэлээгүй байна. Мөн өвчний акт хуурамч болох тухай, нэхэмжлэгч зөрчил гаргасан тухай гэрчийн мэдүүлгүүдийг үнэлээгүй байна.
2. Хэргийн материалыг хариуцагч, түүний төлөөлөгчид танилцуулж, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шийдвэр гаргасан байна.
3. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гомдол гаргах хугацаа өнгөрсөн, мөн төрийн албатай холбоотой маргааныг урьдчилсан шийдвэрлэх журмаар шийдвэрлээгүй байхад хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч зөрчил гаргасан, тэр нь нийтэд илэрхий байлаа ч зохих журмын дагуу тогтоогоогүй гэжээ. Гэтэл өмнө зөрчил гаргаж сануулах арга хэмжээ авагдсан, дараагийн зөрчилтэй холбоотойгоор ажлаас халсан болно.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.******* нь “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “С.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/92 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталжээ. Иймд уг тушаалын эрх зүйн үндэслэл болж буй Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудад тухайн тушаал нийцсэн эсэхийг шалгах ёстойгоос гадна төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, халахдаа хуульд заасан журмыг баримтлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан төрийн албаны үндсэн зарчим болох “хууль дээдлэх зарчим”-д нийцнэ.
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүртгэл хяналтын картын маягтад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 639 дугаарт 12 дугаар хорооны иргэн Л.Улаанхадаас гомдол ирсэн бүртгэл байх бөгөөд “хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн С.******* нь төсөл дэмжиж өгөх нэрийдлээр зохих хэмжээний мөнгө авсныг буцааж өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл өгснийг бүртгэжээ.
Уг гомдлыг хүлээн авч Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Ёс зүйн хороо байгуулах тухай” А/60 дугаар тушаалаар, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ёс зүйн хорооны хуралдаанаар Л.Улаанхадаас С.*******ийн нэр дээр ирсэн гомдлыг хэлэлцэж, С.******* нь төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан эсэх, мөнгө авсан үгүйг холбогдох байгууллага нь шийдвэрлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гарчээ.
Ёс зүйн хорооны энэ шийдвэрийн дагуу С.*******ийг холбогдох байгууллагаар шалгуулж, Л.Улаанхадаас мөнгө авсан эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
Түүнчлэн С.*******ийн эрхэлж байсан хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод түүний ажил үүргийн хуваарь нь тухайн хорооны иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэх зорилготой болохоос төсөл хэрэгжүүлэх чиг үүрэггүй болох нь тогтоогджээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “Хэргийн материалыг хариуцагч, түүний төлөөлөгчид танилцуулж, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шийдвэр гаргасан байна” гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хариуцагч талд хурлын товыг мэдэгдсэнээс гадна “хавтаст хэргийн материалтай танилцах” эрхийг нь хязгаарласан, эдлүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаад байхад хэргийн материалыг нуусан, танилцуулахаас татгалзсан зэрэг үйлдэл гаргаагүй байна.
“Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гомдол гаргах хугацаа өнгөрсөн, мөн төрийн албатай холбоотой маргааныг урьдчилсан шийдвэрлэх журмаар шийдвэрлээгүй байхад хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч С.******* нь маргааны бүхий захиргааны актын талаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргасан байх бөгөөд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга “Та ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тухайгаа холбогдох шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу өгсөн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчиж 2 дахь хэсэгт заасны дагуу эрхлэн шийдвэрлэх асуудал биш гэж үзсэн бол яамны Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн дээд шатны байгууллага болох Хөдөлмөрийн яамнаас шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэгч иргэнийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн давж заалдах гомдлын шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч зөрчил гаргасан, тэр нь нийтэд илэрхий байлаа ч зохих журмын дагуу тогтоогоогүй, мөн өмнө зөрчил гаргаж сануулах арга хэмжээ авагдсан, дараагийн зөрчилтэй холбоотойгоор ажлаас халсан болно” гэсэн үндэслэлийн тухайд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй захиргааны актад үнэлэлт өгч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. С.*******т урьд арга хэмжээ авч байсан тушаалууд хуулийн хүчин төгөлдөр бөгөөд тэр талаар талууд маргаагүй байна.
Хэдийгээр С.******* өмнө нь алдаа дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байсан нь үнэн боловч энэхүү байдал нь түүнд хуульд заасан журмыг зөрчиж арга хэмжээ авч, ажлаас халж болно гэсэн үг биш юм.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч маргаан бүхий захиргааны актын хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтыг давхар баримтлаагүй нь буруу байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6...” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР