| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/2210/И |
| Дугаар | 183/ШШ2020/01056 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2020/01056
2020 оны 04 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2020/01056 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.099.482 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, түүний өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Миний бие 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 24/5 дугаар байр, 40А тоот орон сууцыг тавилгын хамт 12 сарын хугацаатай, нэг сарын 1.550.000 төгрөгөөр БНХАУ-ын иргэн Зан Хон Вэй (Zhang Hong Wei) болон Д.О нарт хөлслүүлсэн. Гэрээг байгуулах үед Д.О хэлэхдээ “...би түрээсийн болон бусад төлбөрийг төлнө” гэж тохирсон. Ингээд Д.О нь 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны орон сууцны хөлсийг төлсөн боловч 2019 оны 01 дүгээр сараас 7 дугаар сарын хугацааны 6 сарын хөлс 9.300.000 төгрөгийг төлөөгүй, мөн байрны ашиглалтын зардалд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл хугацааны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабель, СӨХ-ны төлбөрт нийт 1.799.482 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Д.Оээс 11.099.482 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
О.Аы нэхэмжлэлтэй, Д.Од холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.099.482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
О.А болон БНХАУ-ын иргэн Зан Хон Вэй (Zhang Hong Wei) нарын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ээр хөлслүүлэгч О.А нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 24/5 дугаар байр, 40А тоот орон сууцыг хөлслөгч БНХАУ-ын иргэн Зан Хон Вэй (Zhang Hong Wei)-ийн эзэмшилд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд буюу 12 сарын хугацаанд шилжүүлэх, хөлслөгч нь нэг сарын 1.550.000 төгрөгийг хөлс төлөхөөр тохиролцсон байх бөгөөд уг гэрээний 2 дахь талын “Гэрээ байгуулсан” гэсэн хэсгийн хөлслөгч гэдэгт Д.О гарын үсэг зурсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Уг гэрээний дагуу хөлслүүлэгч нь орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын хугацаанд хөлслөгчид шилжүүлсэн, хөлслөгч нь 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл хугацааны 6 сарын хөлс 9.300.000 төгрөгийг, мөн 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл хугацааны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, Юнивишин кабель, СӨХ-ны төлбөрт 1.799.482 төгрөгийг тус тус хөлслүүлэгчид төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.4, 292 дугаар зүйлийн 292.3, Орон сууц хөлслөх гэрээний 4.1, 4.3-т зааснаар хариуцагч Д.Оээс орон сууц хөлслүүлсэн 6 сарын хөлс 9.300.000 төгрөг, нэмэлт зардлын төлбөр болох 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын хугацааны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, Юнивишин кабель, СӨХ-ны төлбөрт 1.799.482 төгрөг, нийт 11.099.482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгох нь зүйтэй болно.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно. Мөн шүүх хуралдааны товыг түүнд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Оээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.099.482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 192.542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ