Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/01058

 


 

 

 

 

 

2020 оны 04 сарын 24 өдөр                       Дугаар 183/ШШ2020/01058                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Д-и ” ХК-д холбогдох,

 

Хариуцагч: Д.Э холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөнгөжсөн 10.573.52 ам.доллар буюу 25.511.789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч бөгөөд хариуцагч “Д-и ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч И.Ч нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д-и ” ХК болон түүний  захирал Д.Э нь “Х б” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр интернэт банкны үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээгээр интернэтээр худалдаа хийдэг интернал гэж нэрлэгддэг банкны үйлчилгээг авсан. Уг эрхийг олж авснаар “Д-и ” ХК нь Х баар дамжуулж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10.273,72 ам.долларын гадаад худалдаа хийсэн боловч уг мөнгө худалдан авагчид шилжээгүй учраас Австрали Улсын Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас эдгээр гүйлгээг хууль бус гэж үзэн, манай банкнаас дээрх гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх 10.573,52 ам.долларыг үл маргах журмаар татаж авсан. “Д-и ” ХК болон түүний захирлаар  ажиллаж байсан Д.Эын буруутай үйл ажиллагаанаас “Х б” ХХК-д 10.573,52 ам.долларын бодит хохирол учирч, “Д-и ” ХК болон түүний захирлаар  ажиллаж байсан Д.Э нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 10.573,52 ам.доллар буюу Монгол банкны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ам.долларын ханшаар 25.511.789 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Д-и ” ХК-ийн төлөөлөгч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д-и ” ХК нь интернэт худалдаагаар дамжуулан сэлбэг болон автомашиныг зуучилж, борлуулан худалдахаар болж автомашин худалдан авагч Австрали Улсын компани болон худалдагч Киргиз улсын компанийн хооронд гэрээ хийгдэж, “Д-и ” ХК нь дээрх хоёр компанийн хооронд зуучлалын үүрэг хүлээж, ашиг олохоор тохиролцсон. Ингээд Австрали улсын компаниас автомашины үнээс 10.000 ам.долларыг Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкаар дамжуулан “Д-и ” ХК-ийн Х бин дахь дансанд 19.985.880 төгрөг шилжиж орж ирсэн бөгөөд уг мөнгийг данснаасаа гаргуулан авсан. “Х б” ХХК нь өөрөө хууль, дүрмээ зөрчиж,  интернэт банкны тухай хууль гараагүй, журам нь батлагдаагүй байхад дээрх гүйлгээг хийсний улмаас Австрали улсын банк нь мөнгийг буцаан татсан. “Д-и ” ХК нь “Х б” ХХК-тай байгуулсан гэрээгээ зөрчөөгүй, хууль, дүрмийн дагуу Х бны дансаар шилжиж ирсэн мөнгийг авсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Э нь иргэний хувиар дээрх харилцаанд оролцоогүй тул уг асуудал нь Д.Эт хамааралгүй бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. Дээрх 10.000 ам.долларыг иргэн Д.Э аваагүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Д-и ” ХК, Д.Э нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10.573.52 ам.доллар буюу 25.511.789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Д-и ” ХК нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Байгууллагын интернэт банк үйлчилгээний хэрэглэгчийн хүсэлт”, “Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлт”, “Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт”-ийг тус тус “Х б” ХХК-д гаргасны дагуу “Х б” ХХК болон “Д-и ” ХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Интернэт банкны үйлчилгээний гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “Д-и ” ХК нь /Х бны 507736711 болон 507736720 тоот дасны дугаараар/ Х бны интернэт банкны үйлчилгээгээр бэлэн бус төлбөр тооцоо хийж, “Х б” ХХК-д хураамж төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй болно.

 

            Уг гэрээний дагуу Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 456480701175261 дугаартай картаар “2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод импекс ХК /Dornod impex LLC/ гэсэн нэртэй 20.400.000 төгрөг болон 204.000 төгрөгийн хоёр гүйлгээ” хийгдэж, “Х б” ХХК-иас “Д-и ” ХК-ийн Х бин дахь 5077367204 тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19.985.880 төгрөгийг шилжүүлж, “Д-и ” ХК-ийн хүсэлтээр Х бин дахь 5077367204 тоот данснаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч “Д-и ” ХК-д 19.985.880 олгосон болох нь, мөн Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 456480701175262 дугаартай картаар “2016 оын 02 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн 103.67 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн 10.366.85 ам.доллар” нь Олон Улсын картаар хийгдсэн гүйлгээнд маргаан үүсгэсний улмаас /chargeback reason code 83/ буюу “Карт эзэмшигчээс карт гаргагч банкинд зөвшөөрөлгүйгээр картнаас онлайнаар гүйлгээ хийсэн байна” гэсэн гомдлоор “Х б” ХХК-ийн данснаас 2016 оны 3 дугаар сарын 14-ний буцаан шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Монгол банкны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А-6/208 дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

            Дээр дурдсан “...“Д-и ” ХК нь “Х б” ХХК-тай байгуулсан “Интернэт банкны үйлчилгээний гэрээ”-ний дагуу Х бин дахь 5077367204 тоот дансаар дамжуулан Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 4564807011752621 дугаартай картнаас шилжиж ирсэн 20.400.000 төгрөг болон 204.000 төгрөгөөс 19.985.880 төгрөгийг шилжүүлэн авсны дараагаар Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 4564807011752621 дугаартай картаар хийгдсэн гүйлгээнд маргаан үүсгэсний улмаас Х бны данснаас буцаан шилжүүлсэн” гэсэн үйл баримтаас дүгнэхэд “Д-и ” ХК-ийн Х бин дахь 5077367204 тоот данснаас 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан 19.985.880 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Д-и ” ХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж дүгнэв.

 

Мөн нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн “...Д.Эаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25.511.789 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь маргааны зүйл болох Австралиа энд Нью Зеланд /Australia and New Zealand/ банкнаас 4564807011752621 дугаартай картаар шилжиж ирсэн гүйлгээ, буцаан шилжүүлсэн гүйлгээ, “Д-и ” ХК-ийн Х бин дахь 5077367204 тоот данснаас 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан 19.985.880 төгрөгийн гүйлгээ болон “Х б” ХХК, “Д-и ” ХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Интернэт банкны үйлчилгээний гэрээ”-ний дагуу Д.Э нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Х б” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй болно.

 

            Иймд хариуцагч “Д-и ” ХК-иас 19.985.880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.525.909 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.           

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/08298 дугаар захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон “Монгол банк”-ны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээч О.Лхагвадоржийн ажлын хөлсөнд 368.550 төгрөгийг, шинжээч К.Бямбахүүгийн ажлын хөлсөнд 368.550 төгрөгийг тус тус хариуцагч “Д-и ” ХК-иас гаргуулан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцэх юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Д-и ” ХК-иас 19.985.880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.525.909 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 285.509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д-и ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257.879 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “Монголбанк”-ны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч “Д-и ” ХК-иас 368.550 төгрөгийг гаргуулан О.Лхагдоржийн Худалдаа хөгжлийн банкин дахь 469006388 тоот дансанд, 368.550 төгрөгийг гаргуулан К.Бямбахүүгийн Хас банкин дахь 5000905598 тоот дансанд тус тус оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГ