| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03331/И |
| Дугаар | 183/ШШ2020/00188 |
| Огноо | 2020-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2020/00188
| 2020 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2020/00188 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Яармагийн 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух Б овогт Т.А /РД:0000000/-ийн гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2008 онд Япон улсын иргэн А.Э-тэй гэр бүл болон 2008 оны 09 дүгээр сард хамт Япон улсад очиж хоёр сар цуг амьдарч байгаад хоорондын үзэл бодол, санаа сэтгэл нийлээгүйн улмаас хоёр тийшээ болж салсан. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл тэр хүнтэй огт холбоогүй байгаа болно. Энэ хүн араас нэг удаа ирээд хамт амьдрах боломжгүй гэсэн учир яваад дахиж холбоо бариагүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, дундаасаа төрсөн хүүхэдгүй учир гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т.А-ийн нэхэжлэлтэй иргэний хэргийг хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр томилогдсон Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.О миний бие нь Т.Аийн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн УБЕГ-ын гэрлэсний бүртгэлийн 3218 дугаарт Япон улсын иргэн А.Э-тэй гэрлэлтээ бүртгүүлсэн бүрдүүлбэрийг архиваас татаж хянахад: иргэн Т.А нь Япон улсын иргэн А.Э-тэй Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудао хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ, мөн гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө гаргаж дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу гэрлэгчид дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд: Япон улсын иргэний товч анкет, Т.А, А.Э нарын гэрлэхийг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэхийг хүсэгчдийн баримт бичгийн хуулбар, гадаад паспортын хуулбар, гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг, гэрлээгүй эсэх тухай тодорхойлол зэрэг болно. Дээрх бүрдүүлбэрээс харахад гэрлэгчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүй, өөр ямар нэгэн санаа зорилго агуулахгүйгээр бүр бүл болох хүсэлтээ гаргаж гэрлэлтээ бүртгүүлсэн байна. 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн УБЕГ-ын гэрлэсний бүртгэлийн 218 дугаарт Япон улсын иргэн А.Э, Монгол Улсын иргэн Т.А нарын гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхийг хүсэгчдийг бүртгэж гэрчилгээ олгосон байна. Иймд Т.А, А.Э нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүй, өөр ямар нэгэн санаа зорилго агуулалгүйгээр гэр бүл болох хүсэлтээ гаргааж гэрлэлтээ бүртгүүлэн хоёр сар амьдарсан байх тул гэрлэлт дуусгавар болсны бүртгэл бүртгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.А-ийн Япон улсын иргэн А.Э-тэй гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэсгүй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Монгол улсын иргэн Т.А нь Япон улсын иргэн А.Э-тэй 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн 218 дугаарт бүртгүүлж, гэрлэжээ.
Дээрх гэрлэлтийг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн гэж үзэж, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь хүсэлт гаргагч Т.А нь Япон улсын иргэн А.Э-тэй дотносож, хайр сэтгэлийн холбоотой болсны үндсэн дээр хамт амьдрах зорилгоор өөрийн сайн дураар гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэлтийг бүртгүүлэхэд бүрдүүлсэн бичиг баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Т.А нь Япон улсын иргэн А.Э-тэй гэрлэсэн 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш түүний хамт Япон улсад очиж хамт амьдарсан боловч хоорондын таарамжгүй байдал, хүчирхийллийн улмаас хамтран амьдралгүйгээр Монголд буцан ирж, 2009 оноос хойш тусдаа амьдарч байх тул гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэсэн гэж үзэхээргүй байна.
Мөн тэдний гэрлэлтээ бүртгүүлэхдээ хавсаргаж өгсөн баримтуудыг хянан үзэхэд гэрлэхэд харшлах шалтгаантай байдал тогтоогдохгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хүсэлт гаргагч Т.А-ийн гаргасан гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
57 57.1, 7 7.1.2- хүсэлт гаргагч Т.А-ийн 70.200 улсын нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч Т.А-ийн Япон улсын иргэн А.Э-тэй 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн 218 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР