Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0330

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С***** ******** ХХК

Хариуцагч: НЗД

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Х******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С***** ******** ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/*** дугаар захирамжийг илт хуулт бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “С***** ******** ХХК нь Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн A/617 тоот захирамжийн дагуу СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 23.000 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон билээ.

Гэтэл Нийслэлийн засаг даргын хэрэгжуүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 03-09 /5107 гэсэн дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан тоотыг манай компанид хаяглан илгээсэн болно. Тус албан тоотод, “СҲД-ийн 20 дугаар хороонд байрлах 23.000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон боловч дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр олгогдсон гэж үзсэн. Танай компани нийт 4**.***.*** төгрөгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлж барагдуулах тухай мэдэгдсэн боловч төлөөгүй байна. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй, холбогдох үндэслэл бүхий татгалзал ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийсэнд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар мэдэгдсэн.

Yүний дараагаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НЗД A/815 дугаартай захирамж гаргаж дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон болно.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын тус захирамжийг илт хууль бус гэж тооцуулах хүсэлтэй байна.

Учир нь, 1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлийг тусгасан байдаг. Тус зүйлд Газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй нь газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох талаар заагаагүй. Өөрөөр хэлбэл хуулийн тодорхой үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “иpгэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тул захиргааны актыг илт хууль бус болохыг тогоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С***** ******** ХХК-нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 тоот захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 23,000 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон билээ. Гэтэл Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 03-09/5107 гэсэн дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан тоотыг манай компанид хаяглан илгээсэн. Тус албан тоотод, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 23,000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон боловч дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүйгээр олгогдсон гэж үзсэн. Танай компани нийт 4**,***,*** төгрөгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлж барагдуулах тухай мэдэгдсэн боловч төлөөгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй, холбогдох хуульд заасан сонсох ажиллагаа хийсэнд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар мэдэгдсэн. Үүний дараагаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НЗД А/815 дугаартай захирамж гаргаж дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр бусад тооцож дуусгавар болгосон захирамж гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалт нь захиргааны актыг хуульд заасан үндэслэлд нийцэж байвал цуцална гэсэн зохицуулалт. Мөн хуулийн 39.1.4-д газар эзэмших эрх дуусгавар болсон бол газар эзэмших эрх дуусгавар болсонд тооцно гэсэн үндэслэлтэй холбоотой заалтууд биш байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл байдлыг удаа дараа  ноцтой зөрчсөн бол гэж заасан байдаг. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний заалт зөрчигдөхийг ойлгож байна. Хууль тогтоомжийг газар эзэмшигч зөрчих болохоос биш газар олгогч төр зөрчих асуудал биш. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газар эзэмшигч газрын төлбөрийг хугацаандаа төлөөлгүй бол гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын тус захирамжийг илт хууль бус гэж тооцуулах хүсэлтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хуульд заасан үндэслэлийг тусгасан байдаг. Тус зүйлд Газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй нь газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох талаар заагаагүй. Өөрөөр хэлбэл хуулийн тодорхой үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна. ” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “С***** ******** ХХК” XXК-ийн гаргасан Нийслэлийн засаг даргын 2021 оны 10 дугааар сарын 22-ны өдрийн A/815 дугаартай захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Заcаг даргын 2018 онд А/617 тоот захирамжаар “С***** ******** ХХКг” XXK нь “С монгол” XXК-иас газар эзэмших эрхийг шилжүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн YAГ-НАГ-2019/07/HA дугаар шаардлагаар “С***** ********" ХХК-д газар олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр газар олгосон тул дуудлага худалдааны үнэ 4**,***,*** төгрөгийг төлүүлэхээр шаардлага ирүүлсэн. Уг шаардлагын дагуу “С***** *******” XXК-ийг дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр НГЗБА-аас шаардлага хүргүүлсэн боловчС***** ********” XXК төлөхөөс татгалзсан тул НЗД газар эзэмших эрхийг хүчингүй болгож дуусгавар болгосон болно. Иймд дээрх аудитын шаардлагыг хэрэгжүүлж бүрэн эрхийнхээ хурээнд raprаcан Нийслэлийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн A/815 дугаартай захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-тай нэхэмжлэгч газрын төлбөрийг уялдуулж  ярьдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн үнийг төлөөгүй бол эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна гэж заасан байдаг. Газар эзэмших шийдвэр гаргахдаа гэрчилгээний үнэ буюу дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн байхыг шаарддаг. Газрын тухай хуулийн газар эзэмшигчийн үүрэгт газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах зохицуулалт байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч С***** ******** ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/815 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/247 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх заалтаар “С монгол” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголон барматын урд байрлах 23.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/617 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь заалтаар Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах, 23000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай “С монгол” ХХК-аас  С***** ******** ХХК -д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн  байна.

Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” дугаар 03/189 ҮАГ-НАГ-2019/07/НА албан шаардлагаар “... Хавсралт  1-д тусгагдсан хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн үнэ төлбөргүй олгосон 428 нэгж талбар газрын дуудлага худалдааны анхны үнээс төлөгдөөгүй 1 262.1 сая, хавсралт 2-д тусгагдсан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр олгосон 178 нэгж талбар газрын дуудлага худалдааны анхны үнээс төлөгдөөгүй 32 821.2 сая, нийт 3* ***.*сая төгрөгийн зөрчлийг арилгуулахад чиглэсэн арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэх.” гэсэн байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны С***** ******** ХХК-д хандсан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” №03-09/2424 тоот мэдэгдэлд “...нийцлийн аудитын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/189 ҮАГ-НАГ-2019/07/НА дугаар албан шаардлагаар С***** ******** ХХК нь Нийслэлийн Засаг даргын А/618 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 23000 м.кв үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр албан шаардлага тавигдсан байна.

Иймд танай компани газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 404.800.000 төгрөгийг төлөөгүй байгаа тул 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлнө үү” гэсэн байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны С***** ******** ХХК-д хандсан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” №03-09/5107 тоот мэдэгдэлд “... танай компанид нийт 4**,***,*** төгрөгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлж барагдуулах тухай удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй байна.” гэсэн байна.  

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020220169 тоот актаас үзэхэд С***** ******** ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 7,***,*** төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/815 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлдвэрлэлийн зориулалтаар 23000 м.кв  газрыг  эзэмшигч С***** ******** ХХК нь “газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/815 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус үндэслэсэн байна. 

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;”, 40 дүгээр зүйлийн  40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж тус тус заасан байна.

Газрын тухай хуулийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан байна.

Мөн Газрын тухай хуулийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;” гэж заасан байна.

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.3-д “...Газрын төлбөрийг улирал бүрийн эхний  25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Улаанбаатар хотын банк 2611009722 тоот дансанд шилжүүлж байна”   гэж заасан байна.

Дээрх Газрын тухай хуулийн 33.1.2-д “...29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хариуцагч дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасныг буруутгах боломжгүй.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №02******* тоот актаас үзэхэд, нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан талаар дээр тайлбарласан.

Дээрх хуулийн зохицуулалтууд болон Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнээс үзэхэд газрын төлбөрийг улирал бүр төлөх нь газар эзэмшигчийн үндсэн үүрэг байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/815 дугаар захирамжийг хариуцагч нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх болон газрын төлбөрийг хугацаанд нь төлүүлэх талаарх хууль тогтоомжийг биелүүлэх үндэслэлээр гаргасан байх тул маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

            Нэхэмжлэгч нь “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд шүүх зөвхөн маргаан бүхий захиргааны акт илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэхэд л дүгнэлт өгнө.

С***** ******** ХХК нь нэхэмжлэлдээ “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд ...Газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй нь газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох талаар заагаагүй. ... Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “... захиргааны актыг илт хууль бус болохыг тогоолгох хүсэлттэй байна.” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч маргаан бүхий захиргааны актыг Засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх болон газрын төлбөрийг хугацаанд нь төлүүлэх талаарх хууль тогтоомжийг биелүүлэх үндэслэлээр гаргасан байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

            Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, хариуцагч нь зөвхөн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх талаар сонсох ажиллагаа хийсэн,  харин газрын төлбөрийг төлүүлэх талаар сонсох ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байх хэдий ч энэ үндэслэл нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй юм.

            Мөн хариуцагч нь анх газар олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулсны үндсэн дээр, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсний үндсэн дээр газар эзэмшүүлэх үүргээ биелүүлээгүй байх боловч энэ нь захиргааны актыг илт хууль pбусад тооцох үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан НЗДд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/815 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий С***** ******** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С***** ******** ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ