Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0046

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

      “Н м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: “Н м” ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг нэг жил дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагч Б.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 127/2024/0002/з

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч “Н м” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах”-аар маргаж, анхан шатны шүүх хуралдаанд “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг нэг жил дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан “Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасныг баримтлан үлдэх “Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг нэг жил дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. “Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Энэхүү хэргийг Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 127/ШШ2025/0001 дүгээр шийдвэрээр шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0121 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Дээрх магадлалд дараах зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Үүнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах; анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийг маргаан бүхий талбайд хайгуулын болон бусад үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан эсэхийг тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-т заасантай нийцээгүй; нэхэмжлэгч компанийн хайгуулын талбайн аль хэсэгт, яг ямар ямар түүх соёлын дурсгалт зүйл оршиж байгааг зайлшгүй тодруулах; хайгуулын тайлбай нь Усан сан бүхий газартай давхцалтай эсэх, давхцалтай бол аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхацсан болохыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай гэж тус тус үзэж дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн боловч хуулийн хүчин төгөлдөр магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй болно. Нэхэмжлэгчээс хуулийн хүчин төгөлдөр магадлалд заагдсан ажиллагааг гүйцэтгүүлэхийн тулд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэд хэдэн нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

3.2. Нэхэмжлэгч нь “Н м” ХХК- ийн Хэнтий аймаг дахь Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохын тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг олгоогүй болохыг тогтоож, 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх тул 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэгчид хамгаалагдах ашиг сонирхол, сэргэх эрх байхгүй тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлүүлэхийг даалгах болон, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг 1 жилийн дотор олгоогүй болохыг тогтоож, 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь нэхэмжлэгчийн эцсийн зорилго нь урт хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулсан талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах юм.

3.3. Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаан үүссэн байгаа ба одоогоор Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр түдгэлзсэн бөгөөд дээрх эрх зүйн харилцаа үргэлжилж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байгаа ба шүүхийн дээрх дүгнэлт нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

3.4. Маргаан бүхий энэхүү тохиолдолд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй, акт батлан гарах үед буюу 2016 онд нэхэмжлэгч тухайн актыг мэдэх боломжгүй юм. Захиргааны байгууллага захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсгох үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй бөгөөд шүүхээс зүй бусаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байгааг дурдах нь зүйтэй.

3.5.  Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй буюу зохих хариуг өгөөгүй буюу захиргааны байгууллагын идэвхгүй, эс үйлдэхүй байгаа нь тогтоогдож байна. Мөн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг гаргасан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй буюу нөхөн олговор олгоогүй тул нэхэмжлэгч үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах хуулиар олгосон эрхтэй юм. Энэ шийдвэрийг гаргах үед ХВ-8488 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан, уг хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах үед ч давхцалтай гэдгийг мэдээгүй болно.

3.6. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол хууль бус болох хэд хэдэн үндэслэлийг тодорхойлон маргаж байхад анхан шатны шүүх эрх зүйн харилцаа, маргааны зүйлээ буруу ойлгож, буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Тиймээс Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 23/02 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлүүлэхийг даалгуулах, мөн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх хавсралтын 18 дахь хэсгийн “Гичгэний голын эх” хэсгийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасан.

4.  Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 127/ШШ2025/0001 дүгээр шийдвэрээр “Н м” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0121 дүгээр магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр  буцаасан боловч Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ өмнөх хуулийн хүчин төгөлдөр магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг магадлан тодруулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

5. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0121 дүгээр магадлалд “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа Хурлын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 18 дахь хэсгийн Гичгэний голын эх хэсгийн нэхэмжлэгч компанийн Х8488 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай хэсэг болох 279.15 га талбайг хүчингүй болгуулах шаардлагыг хамтад нь гаргаж буй нь ойлгомжгүй” гэж дүгнээд  … хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөө давхцалтай хэсгийг хүчингүй болгуулаад үйл ажиллагаа явуулах гэж байгаа эсхүл тусгай хамгаалалтад авсан талбайг хүлээлгэн өгч, цаашид үйл ажиллагаа явуулахгүй, зохих нөхөх олговрыг олгуулахаар шаардсаны аль нь болох нь тодорхой бус, маргаантай байдлаар шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байхад тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, маргаан бүхий талбайд хайгуулын болон бусад үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан эсэхийг тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгч компанийн хайгуулын талбайн аль хэсэгт яг ямар ямар түүх соёлын дурсгалт зүйл оршиж байгааг зайлшгүй тодруулах, уг талбай нь усан сан бүхий газартай давхцалтай эсэх, тийм бол аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцсан болохыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай гэх зэргээр анхан шүүхээс гүйцэтгэж, тогтоовол зохих асуудлыг тухайлан тодорхойлжээ.

6. Ийнхүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад, хэргийг хянан шийдвэрлэхэд чиглэсэн дараах ажиллагааг гүйцэтгэжээ. Үүнд:

6.1. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайд түүх соёлын дурсгалт зүйл байгаа эсэх, усан сан бүхий газрын хамгаалалтын хил заагтай давхцалтай эсэхийг тодруулахаар 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/43, 2/44 дүгээр албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус хүргүүлсэн.

6.2. Харин Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн лавлагаа нь Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 07/249 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбараас зөрүүтэй, энэ тохиолдолд магадлалд заасан “... хайгуулын талбайн аль хэсэгт яг ямар ямар түүх соёлын дурсгалт зүйл оршиж байгааг зайлшгүй тодруулах” ажиллагааг бүрэн гүйцэтгэж, үйл баримтыг мадаггүй тогтоосон гэж дүгнэх боломжгүй. /Хэргийн I хавтасны 130-131, II хавтасны 123-131 дэх талд/

6.3. Анхан шатны шүүхээс 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2/72 дугаар албан бичгийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эргэлзээгүй тодорхойлохыг шаардсан боловч 2025 оны 9 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 17, 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд уг албан бичгийн биелэлтийг шаардаж хангуулаагүй, энэ талаар тодорхой ажиллагаа явуулаагүй байна.

6.4. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, ялангуяа энэ ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатайг давж шатны шүүхээс дүгнэсэн байхад түүнийг хэрэгжүүлээгүй нь учир дутагдалтай болжээ. Зүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хугацаанд багтаан нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг тодруулах хугацааг нэхэмжлэгчид олгох, тогтоосон хугацаанд ирүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж саад учруулсан бол хариуцлага хүлээлгэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, тасралтгүй бөгөөд үр дүнтэй удирдан явуулах нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг болно.

6.5. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаар нэхэмжлэгчид албан бичиг хүргүүлж, товлон зарласан шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хойшлуулсан атлаа 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулаад тайлбарлах” шаардлагыг нэхэмжлэгчид тавьсан нь зөрчилтэй болсноос мөн л магадлалд заасан “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, маргаан бүхий талбайд хайгуулын болон бусад үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан эсэхийг тодруулах” ажиллагааг гүйцэтгэхгүй орхигдуулжээ.

6.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг нэг жил дотор олгоогүй болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нь магадлалд заасан “маргаантай тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах” агуулгад хамаарахгүй.

7. Магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэж, холбогдох нотлох баримт гаргуулах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг “... нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэгт нотолгооны ач холбогдолгүй, нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжтой” гэхчлэн дүгнэж, хэрэгсэхгүй болгосон нь ч үндэслэлгүй болсныг тэмдэглэвэл зохино.

8. Дээрх байдлаар шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116/ШШ2025/0041 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                

 

   ШҮҮГЧ                                                                      Л.ОДБААТАР

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Б.АДЪЯАСҮРЭН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ