Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

2020              03             19                                        2020/ДШМ/331                           

 

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Г.Д-,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянга,

иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн өмгөөлөгч З.Одончимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Д-д холбогдох 2014250007486 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Г-гийн Д-, Дорноговь аймагт 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 2010 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөх, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” хотхоны 802-1105 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

Г.Д- нь Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 150 тонны даацтай автопүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарынхаа нэрээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135,292,300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний үнийн дүнг өсгөж 199,792,300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ байгуулан, уг санхүүжилтийг “Эн Ай Ди Би” ХХК-иар дамжуулан авсан атлаа 62,676,000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй автопүүг Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдүүлэн хүлээн авч, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсад 137,116,300 төгрөгийн хохирол учруулсан,

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулан хууль бусаар сонгон шалгаруулахын тулд тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргуулахаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьт нөлөөлж, улмаар сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцлийг хааж “Говь повер” ХХК-д давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэхээр Я.Батсуурьт нөлөөлсөн, 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Эрдэнэс тавантолгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосон байхад “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7,413,055,365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулсан, Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, “Эрдэнэс тавантолгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7,413,055,365 төгрөгөөс 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,835,164,509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хууль бус эвлэрлийн гэрээ байгуулуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсны улмаас “Эрдэнэс тавантолгой” ХК нь “Говь повер” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийт 4,688,482,022 төгрөг төлж, “Эрдэнэс тавантолгой” ХК-д хүнд хор уршиг буюу нийт 5,388,482,022 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Д-г давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад заасныг баримтлан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Д-гээс нийт 137,116,300 төгрөгийг гаргуулж, Сангийн яамны Төрийн сангийн газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК нь иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, Г.Д- нь нийт 533 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Д-гийн D0007179 дугаартай дипломат паспорт 1 ширхэг, E1401928 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Г.Д-гийн гэрээс хураан авсан Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617003164 тоот дансанд байгаа 19,500 евро, 2617000528 тоот дансанд байгаа 2,000,000 төгрөг, 2617000529 тоот дансанд байгаа 300 ам.доллар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Говь Повер” ХХК-ийн байрнаас хураагдсан GobipowerCo.,ltd 5148545 ХАК1192 гэсэн бичиглэл бүхий металь гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,ltd /гэрээний/ УБМ02732 гэсэн бичиглэл бүхий хуванцар гадаргуутай тэмдэг, GovipowerCo.,ltd гэсэн бичиглэл бүхий тэмдэг, “Говь повер" ХХК Санхүү гэсэн бичиглэл бүхий тэмдэг, нийт 4 ширхэг тэмдгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Д-гийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, Г.Түмэнхүүгийн жолоодож явсан автомашинаас хураагдсан нийт 40 gb багтаамж бүхий Sеаgаtе загварын хард диск 1 ширхэг, Д.Баярмаагийн construction Mongolia 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, "Эрдэнэс тавантолгой ХК-ийн ажилтан Г.Майцэцэгийн албан өрөөнөөс хураагдсан Ари 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 416, 417, 418, 470, 471 архивын нэгжийн дугаартай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн баримт бичиг 5 хавтас /хуулбар учир хуудаснууд нь дугааргүй/, яллагдагч, тэдгээрийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн арилжааны банкин дахь данснуудын лавлагаа, мэдээлэл, хуулга бүхий 21 хавтас (нийт 5217 хуудастай), Говь повер" ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн тавьсан шаардлагын дагуу хийсэн нэмэлт ажлын фото тайлан зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Д-гийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, "Кристалл таун" хотхон 802-1105 тоот орон сууцыг битүүмжилсэнийг түүний төлбөрт төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Мөрдөн байцаагчийн тогтоолоор 28-22 УБҮ улсын дугаартай Лексус 470 загварын автомашин, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9-314 тоот орон сууц тус тус битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 84, 85, 86, 87 дугаартай прокурорын тогтоолуудтай танилцахад нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо “... 2,761,229,660.5 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэн авсныг гэмт хэргийн улмаас учирсан нийт 5,388,482,022 төгрөгөөс хасч, мөн дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх боломжтой бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК нь үлдэх 2,627,252,361.5 төгрөгийг холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхийг прокурорын энэ шийдвэр нь хязгаарлахгүй болно ...” гэсэн байна.

Шүүх гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК-д 5,388,482,022 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон хэдий ч иргэний хариуцагч “Говь повер” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Уг шилжүүлэн өгсөн хөрөнгийн үнэлгээг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй маргаантай, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэргийг Г.Д-тэй хамтран үйлдсэн гэж 4 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаад прокуророос хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэснийг хэрэгжүүлсэнгүй. Мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд шүүхээр хянан хэлэлцэж, алийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2/2018 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бодитой гарсан гэж үзэж байгаагаа мөрдөн байцаалтын явцад мэдэгдсэн байхад шүүх хөрөнгийн үнэлгээг хоёр тал хүлээн зөвшөөрөөгүй, маргаантай мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй, ойлгомжгүй байдлыг бий болгоод байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэсэн хохирогчийн эрхийг зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулаагүй, шүүх хурлын товыг мэдэгдээгүй атлаа “... уг шилжүүлэн өгсөн хөрөнгийн үнэлгээг 2 тал хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй, маргаантай ...” гэсэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхийг хүсч байна.

Иймд 2,761,229,660.5 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэн авсныг гэмт хэргийн улмаас учирсан нийт 5,388,482,022 төгрөгийн хохирлоос хасч, мөн дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх боломжтой бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК нь үлдэх 2,627,252,361.5 төгрөгийг холбогдох этгээдээс нэхэмжпэх эрхтэй гэж шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсч байна.” гэв.

Иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн өмгөөлөгч З.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх, Г.Д-д холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг зааж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр болсон. Иргэний нэхэмжлэгчээс тухайн хэргийн материалд байгаа баримтыг бодит байдлаар тайлбарласангүй. Нэр бүхий 4 яллагдагч нарт холбогдох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул цааш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл үүссэн учраас хохирлын хэмжээний талаарх маргааныг шийдвэрлэлгүй үлдээсэн. Гэтэл иргэний нэхэмжлэгч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж буруу тайлбарлаж байна. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээ хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү хохирлын хэмжээг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тогтоолгох хүсэлтэй байдаг. Эрүүгийн шүүх хохирлын хэмжээг тогтоосноороо иргэний шүүхэд талууд мэтгэлцэх буюу иргэний шүүхийн эрх хэмжээний асуудлыг зөрчих тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Эрдэнэс тавантолгой” ХХК-иас шилжсэн 5,388,482,022 төгрөг “Говь повер” ХХК-ийн дансанд орсон. Цаашаа ямар хүн, аж ахуйн нэгжид шилжсэн нь тодорхойгүй. Аж ахуйн нэгжид миний хамаарал бүхий этгээд байхгүй. “Говь повер” ХХК-ийн захирал Баярмаа, санхүү хариуцсан Дамдинбазар нар “Г.Д- гэх хүнийг танихгүй, тэр хүнд мөнгө өгсөн зүйл байхгүй” гэж мэдүүлдэг. Мөн 2019 оны 12 дугаар сард болсон анхан шатны шүүх хуралдаанд прокуророос Г.Д-д хохирол хамааралгүй, хохирлын тооцооны асуудал зөвхөн “Говь повер” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хооронд болсон асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар соронзон хальсанд буугдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. “Говь повер” ХХК-ийн захиран зарцуулсан мөнгийг тус компани хариуцах ёстой. Тухайн хэрэг “Говь повер” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК нарын хооронд байгуулсан гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээнээс үүдэлтэй маргаан юм. Үүнд ямар нэгэн иргэнийг татан оролцуулах нь субъектээ андуурсан нөхцөл байдал болно. Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “... иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК нь нэхэмжлэлээ иргэний хариуцагч “Говь Повер” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй ...” гэх агуулгаар өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн уг хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэрэг юм. Учир нь, миний эхнэр Г.Уянга “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгээр намайг буруутгадаг. Гэтэл миний зүгээс энэ хэрэгт оролцсон үйлдэл, эс үйлдэхүй байхгүй нь хэрэгт авагдсан бүх баримтаар нотлогддог. 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанаар улсын яллагч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг тул хэргийн объектив тал хангагдаагүй. Түүнчлэн, нотолгооны онол ёсоор аливаа эх хувь анхдагч нотлох баримт, хуулбар хувь нь дамжмал нотлох баримт болдог. Нотолгооны зэрэглэлээр авч үзвэл, анхдагч нотлох баримт дамжмал нотлох баримтаас илүү. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “Говь повер” ХХК-ийн захирал Баярмаагийн дүү Чулуунбатын Уянга тус компанийн хувьцаа эзэмшигч болох нь анхдагч нотлох баримтаар тогтоогдсон. Хоёрдогч баримтаар миний эхнэр Гэрэлхүүгийн Уянгын компани гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасан. Тухайн үеийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын Улсын Их Хурлын гишүүн Номтойбаяр, Энхбаяр нарт явуулсан бичиг, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын архивын хэлтсийн дарга Оюунгэрэлийн Авлигатай тэмцэх газар руу явуулсан бичгээр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Чулуунбаатарын Уянга гэдэг нь нотлогддог. Хоёр дахь дамжмал нотлох баримтыг тухайн үед Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан Номтойбаяр болон Монгол Ардын Намаас гаргаж байсан хуулбар хувь юм. Уг хуулбар хувиар намайг энэ хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие “Говь повер” ХХК-тай хамааралгүйг нотлох бас нэг баримт нь Улсын Дээд шүүхийн тогтоол биелээгүй явдал юм. Учир нь, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаар тогтоолоор “... хэрэгт цугларсан баримтыг үнэлж дүгнэж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн хангалттай нотолж чадаагүй. Г.Д-г буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй ...” гэж үзсэн. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Авлигатай тэмцэх газраас Хөрөнгийн үнэлгээний төвийн “Эрдэнэс тавантолгой” ХК-д нийлүүлсэн эд хөрөнгийг 2,658,418,560 төгрөгөөр үнэлснийг, шинээр шинжээч томилуулж 2,761,229,660.5 төгрөгөөр үнэлүүлснээс өөр ажиллагаа хийгдээгүй. Эндээс Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн хангалттай нотолж чадаагүй тул намайг гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй.

Иймд анхан шатны шүүх “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Чулуунбаатарын Уянга гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн Улсын Дээд шүүхийн тогтоол биелээгүй учир намайг “Говь повер” ХХК-тай холбосон үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Автопүүний хувьд, иргэний нэхэмжлэгчийн асуудлын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж  заасан. Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 8 дугаар тушаалын хавсралтаар пүүний төсөвт өртөг 200,000,000 төгрөг байсан. 2013 онд үүнтэй яг ижил пүүг “Ган хэмжүүр” ХХК-д 179,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Гэтэл Авлигатай тэмцэх газраас “Голден пэйж аудит” ХХК-иар шинжилгээ хийлгэж, 2010 онд суурилуулсан пүүний үнийн дүнг 62,000,000 төгрөгөөр тооцуулсан нь үндэслэлгүй. Уг үнийн дүн дээр маргаан гардаг. Стандартчилал, хэмжил зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уг пүүтэй холбоотой нарийвчилсан тооцоог гаргах бөгөөд үнийн дүнгийн шууд тодорхой тооцоо гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг анхан шатны шүүх харгалзаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул уг асуудлыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Үүнд, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “... иргэний нэхэмжлэгч, хохирогч Сангийн яам нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай... ” гэж зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор нь Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 959 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана.” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана.” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс хэргийг шүүхээр дахин хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 84, 85, 86, 87 дугаартай прокурорын тогтоолуудаар “... Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийн шинжтэй боловч уг гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон ...” гэж илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн, нэр бүхий яллагдагч нарт өмнө сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан ялыг өөрчлөхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  /59-р хх 131-166/

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд “... аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэргийн шинжийг “... аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан ...” гэж хуульчилсан нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжид ойлголтын зөрүүгүйгээр уламжлан хуульчлагдсан байх тул прокурорын тогтоолуудад аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.  

Түүнчлэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан “... аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийн шинжтэй гэж прокурор үзсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж ...” гэж заасны дагуу хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр “... гэмт хэрэгт тооцохгүй болсон ...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.

Иймд прокурорын хяналтын шатанд яллагдагч Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэрэгсэхгүй болгосон алдааг залруулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянгын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг тухайн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН