| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0394/З |
| Дугаар | 221/МА2026/0042 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0042
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “Б” ХХК-ийн эзэмшиж буй Д аймгийн Г, Ө сумдын нутагт орших Х********** нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөх өргөдөл гаргасныг бүртгэн буцаан авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0744 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0394/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “Б” ХХК-ийн эзэмшиж буй Д аймгийн Г, Ө сумдын нутагт орших Х******* нэртэй 23062.99 гектар талбайгаас 40.36 гектар талбайг буцаан өгөх өргөдөл гаргасныг бүртгэн буцаан авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 744 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.15, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 55.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.4-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг 6 (зургаан) сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гэж заасныг хангахгүй нь “Э” НҮТББ-ын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Мэдээлэл өгөх тухай” 1/* дүгээр албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн Д аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/*** дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Өргөдлийн бүртгэлээс хасах тухай” *** дүгээр шийдвэрээр талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн.
3.2 Тус асуудлаар “Э” НҮТББ-аас хууль бус үйлдлийн улмаас 40 га газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон улсад арван тэрбум төгрөгийн хохирол учруулаад эвдэж сүйтгэсэн газраа улсад буцаан өгөхөөр Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргасан талаар Д аймгийн Прокурорын газарт гомдол гаргаж тус асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн ******** дугаартай хэрэг нээж Дундговь аймгийн Прокурорын газраас хяналт тавин хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдэгдсэн байна.
3.3 “Б” ХХК нь хууль бус үйлдлийн улмаас эвдэгдсэн газрыг улсад буцаан өгөх үйлдэл гаргаж байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд буцаан авах хуулийн зохицуулалттай тул талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна.
3.4 Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн заалт болон хэргийн нөхцөл байдлыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаар шийдвэрээр “Б” ХХК-д Д аймгийн Г, Ө сумын нутаг дахь Х******* нэртэй 23062.99 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.
4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д аймгийн Г, Ө сумын Х******* нэртэй уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 2045 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх хугацаагаар “Б” ХХК-д MV-****** дугаартай гэрчилгээ олгожээ.
5. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өлзийт сумын Х******* нэртэй газарт байрлах MV-****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 39.35 гектар талбайг буцаан өгөх өргөдөл гаргаж, уг өргөдөлдөө Д аймгийн Ө сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/*** дүгээр “...нөхөн сэргээлтийн төлбөр шилжиж орсон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 01-нд “Ө” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэж тус талбайг хүлээн авсан”, мөн Д аймгийн Байгаль орчны газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр “...“Б” ХХК нь 2024 онд ашиглалт, хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул тус онд байгаль орчныг хамгаалах талаар төлөвлөгөө, тайланг ирүүлээгүй болно” гэх албан бичгүүдийг хавсаргасан байна.
6. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Өргөдлийн бүртгэлээс хасах тухай” *** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасныг хангахгүй болох нь тогтоогдож байх тул талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзаж өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэж, мөн өдрийн 10/*** дугаар албан бичгээр “Б” ХХК-д мэдэгдсэн байна.
7. Хариуцагчаас “Э” НҮТББ-ын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Мэдээлэл өгөх тухай” 1/** дугаар албан бичиг, Д аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 1/*** дүгээр албан бичгүүдийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасныг хангаагүй гэж тус компанийн талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзсан байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
8. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно”, 55.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж, уг талбайн тодорхойлолтын хамт ирүүлэх бөгөөд хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд тухайн талбай нь энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг, уурхайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд энэ хуулийн 24.4-т заасан шаардлагыг тус тус хангасан байна”, 55.3-д “Талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана”, 55.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум, дүүргийн Засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт” гэж заажээ.
9. Хуулийн зохицуулалтаас үзэхэд, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөхдөө байгаль орчныг хамгаалах, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болохоор хуульд заасны дагуу нөхөн сэргээлт хийгдсэн байх, нөхөн сэргээлт хийсэн тухай сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанаас тодорхойлолт авсан байх шаардлагатай байна.
10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Д аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/*** дугаар албан бичгээр “...нэхэмжлэгчийн буцаан өгөх талбайн солбицол нь тус аймгийн Ө суманд байрших Х****** гэх газартай давхцалгүй” гэх, харин Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/**** дугаар албан бичигт “...Ө сумын Х****** гэх газрыг байршлын солбицол тодорхойгүй, Г, Ө сумын нутагт байрлах Х******* гэх нэртэй газарт байрлах зөвшөөрлийн талбай нь буцаан өгөх өргөдөл гаргасан 40.36 гектар талбайтай давхцаж байгаа эсэх талаар кадастрын зураглал гаргах боломжгүй” гэжээ.
11. Мөн Д аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/*** дүгээр албан бичгээр “...Г аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 2011/ДШМ/** дүгээр магадлалын дагуу Ө сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд нөхөн сэргээлтийн төлбөр шилжиж орж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Ө” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэж тус талбайг хүлээн авсан” талаар дурдсан байна.
12. Тус аймгийн Ө сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Г нь эрх мэдлээ урвуулан ашиглаж “Ө” ХХК-тай биологийн нөхөн сэргээлт хийлгэхээр тохиролцож үнийн дүнг тусгахгүй гэрээ байгуулсан гэж Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/** дүгээр шийтгэх тогтоолоор “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутайд тооцогдсон үйл баримтууд тогтоогдож байна.
13. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд цаг хугацааны хувьд тухайн тодорхойлолтыг гаргасны дараа дээр дурдсан Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасны дагуу уг актыг хүчингүй болгох үүрэг холбогдох Засаг даргад үүссэн байх тул уг актын хүчин төгөлдөр байдлыг тодруулсны үндсэн дээр тухайн талбайг буцаан авах эсэхийг шийдвэрлэхээр байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” чиг үүргийг хэрэгжүүлнэ.
15. Энэхүү маргааны хувьд хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасныг хангаагүй гэж үзсэн татгалзлын үндэслэл болсон “Э” НҮТББ-ын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/** дугаар, Д аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/*** дүгээр албан бичгүүдэд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулаагүй, мөн Өлзийт сумын Х******* нэртэй газарт байрлах 39.35 гектар талбай хэний буруутай (хууль бус үйл ажиллагааны) үйлдлийн улмаас эвдэгдсэн, “Х*****” болон “Х*******” гэх газруудын байршил, давхцалын тодорхойлоогүй, буцаан өгөх 39.35 гектар талбайтай хэрхэн давхцаж байгаа зэрэг зайлшгүй тодруулах шаардлагатай ажиллагаанууд хийгдээгүй байна.
16. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг өөрийн эрх хэмжээний хүрээнд ямар байдлаар хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байгаа энэ тохиолдолд дээрх үйл баримтын хүрээнд тус компанийн талбайг хэсэгчлэн буцаан авахаас татгалзсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.
17. Иймээс хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шаардлагатай нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тодруулж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
19. Мөн зайлшгүй тодруулах ажиллагааг шүүх бус харин захиргааны байгууллага хийх нь илүү үр дүнтэй (цаг хугацаа, зардал мөнгөний хувьд талуудад илүү үр ашигтай) бөгөөд боломжтой байхаас гадна хэргийн оролцогч нарын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэнэ.
20. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА