Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч С.Болорчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Хохирогч С.Өлзийжаргал, С.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд суман дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харъяат, 1970 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-17 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 10 сарын 29-ний өдрийн 1/145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Хан Хөгшин овогт Доржхоролын Насантогтоход холбогдох эрүүгийн 201610010177 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Насантогтох нь 2016 оны 08 сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Гэгээн хотхоны хажууд хил рүү гарах цуваанд тавьсан байсан С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 92-43 улсын дугаартай, УАЗ-469 маркийн  тээврийн хэрэгслийг авч зугатан, албан үүргээ  гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Өлзийжаргалын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь  хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Мэтгэлцэгч талууд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Насантогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” 2016 оны 08 сарын 11-ны өглөө Лхагвасүрэнгийн машиныг Эрээн гарах очерт шахахаар очсон юм. Тэгээд нэг ахлагчтай нь очерийн урдуур орохоор тохирчихоод машинаа аваачиж очерт оруултал тэндээс гар гэсэн шаардлагыг нэг ахлагч тавьсан. Тэгсэн миний хэлсэн ахлагч ээлжнээсээ бууж яваад өөр ахлагч гарсан байсан. Ингээд би гарахгүй гээд байж байтал Өлзийжаргал  дэслэгч ирээд бичиг баримтаа шалгуул гэхээр нь ардаас ирж яваа гэж хэлсэн, тэгсэн та машины суудалгүй явж байна, машин чинь бүрэн бус байна, дараалалын урдуур орлоо, журам зөрчлөө, журмын хашаанд хийнэ, машинаасаа буу гэхээр нь би явахгүй гэж хэлсэн. Тэгээд байж байгаад машинаас утсаар яриахаар буухад Өлзийжаргал машин бариад журмын хашаа руу явсан. Би 3-ын хаалтнаас алхаад журмын хашаанд очсон, би машиныг журмыг хашаа руу оруулахгүй гэж маргалдсан. Ингээд машиныг журмын хашаанд хийчихээд явахаар нь хамт яваад машин журмын хашаанд хийлээ энэ ,тэр гэж хэлээд төмөр авч өөдөөс нь чичсэн. Тэгсэн намайг гавлах гэхээр нь тохойгоороо дэлссэн. Тэр үед нүүрэнд нь цохьсон байх, гэхдээ тэр үед шүд гэмтчихлээ гэж байснаас хамар гэмтсэн гэж ярихгүй байсан. Миний үйлдлийн улмаас Өлзийжаргалын биед хөнгөн гэмтэл учирсан гэдгийг зөвшөөрч, гэмшиж байна, надад тэнсэнгийн ял оногдуулж өгнө үү.  Лхагвасүрэнгийн машиныг авч зугатаасан зүйл байхгүй. Бид 2 бие, биенээ танина, тухайн үед машиныг чинь журмын хашаанд хийчихлээ, машиныг чинь журмын хашаанаас гаргахгүй байж магадгүй, намайг танихгүй гэж хэлээрэй гэж хэлсэн юм. Бид 2 хааяа хамт урагшаа ачаа бараа ачихаар явдаг юм. Тэр өдрийн урьд орой  нь 7 цагийн үед хамт явж машиныг очерт тавьсан. Тэгээд өглөө нь очиж очерийг ахиулахаар очсон байсан юм. Лхагвасүрэн хил нээхээр 09 цаг өнгөрөөгөөд ирдэг юм” гэсэн мэдүүлэг,

Хохирогч О.Өлзийжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “ 2016 оны 08 сарын 11-ны өглөө 3-ын хаалт дээр үүрэг гүйцэтгэж байхад хилийн цэргийн шалгагч 92-43 СҮА дугаартай машин журам зөрчсөн гэж хэлсэн. Тэгээд очоод журмын дагуу яв гэж  шаардлага тавьж, машиныхаа бичиг баримтыг шалгуул гэхэд байхгүй, ардаас ирж байгаа гэж хэлсэн, уг тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан учраас журмын хашаа руу явах талаар хэлэхэд буухгүй байхаар нь машиных нь баруун талаар очиж буулгах гэтэл за зүгээр байгаарай, чамд хүний биед хүрэх эрх байхгүй гээд машин дотроосоо нэг төмөр аваад 2-уулаа зайнд гарчихуу, чамайг бол ална гээд элдэв янзаар дайрч доромжлоод төмрөөрөө цохих гээд байсан. Тэгээд машинаасаа буухаар нь би машиныг бариад журмын хашаанд аваачиж хийх үед Насантогтох алхаж ирээд зам хааж зогсоод яахаараа журмын хашаанд машин хийдэг юм бэ гэхээр нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байна, шаардлага эсэргүүцсэн гэж хэлэхэд намайг барьж аваад миний өмсөж явсан цамцны товчийг таслаад зууралдаад салахгүй байхаар нь журмын хашааны сахиулын хүүхдийг салгаадах гэж салгуулаад машиныг нь журмын хашаанд орхиод 3-ын хаалт руу алхаад явахад хажууд хэл амаар доромжлоод явж байгаад газраас төмөр аваад чичлээд цохих гээд байсан, мөн зайнд гарах уу, чамайг ална гээд байсан. Тэгэхээр нь хилийн цэргийн алба хаагчтай хамтарч төмрийг нь гарнаас нь салгах гэж байхад нүүр рүү 2 удаа цохьсон. Тэгээд цагдаагийн жижүүр рүү залгаж дуудлага өгсөн юм.  Насантогтоход цохиулсанаас болж  хамарт гэмтэл учирсан, 7 хоног хамартаа чихээстэй явж байгаад авахуулсан, мөн өрөвслийн эсрэг эм тариа хэрэглэсэн. Энэ гэмтэлд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байсан. Тухайн цохих үед нь миний зүүн үүдэн шүдний цаана давхар ургасан байсан шүдний үзүүр хэсэг эмтэрсэн юм. Энэ шүдийг угаасаа авахуулах болохоор эмчид үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй, энэ тал дээр санал байхгүй. Одоо Насантогтоход гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Насантогтох миний нүүр рүү цохьсоноо санахгүй байгаа юм уу, яагаад хэлэхгүй байгааг ойлгохгүй байна. Болсон асуудлыг үнэнээр нь ярилаа “ гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өглөө гэрт байж байтал Насантогтох яриад машиныг чинь журмын хашаанд хийх гээд байна гэж хэлсэн. Тэгээд яасныг асуухад болсон үйл явдлыг хэлсэн. Цагдаа дээр очиж машинаа авах гэтэл асуудалтай байгаа, гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн. Би уг машиныг 1,500,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд өөрийн өмчлөлийн болгож амжаагүй яваа юм. Уг тээврийн хэрэгслээр Эрээн явж ачаа бараа тээвэрлэдэг юм. Насантогтохын хувьд хааяа нэг машин тэрэг очерт тавих, явуулах асуудал байсан. Бас нэг удаа ажил явдалд гараад явахдаа Насантогтоход машинаас өгч үлдээж байсан. Өмнөх орой нь бид 2 очерт миний машиныг тавьсан, харин маргааш өглөө нь Насантогтохыг машиныг дараалалын дагуу явуулж байгаарай гэж тухай үедээ хэлээгүй. Миний машин ямарч хамаагүй зүйлээр асчихдаг юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч О.Өлзийжаргалын өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 5-7/

Гэрч С.Сумъяагийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 08 сарын 01-ний өдөр замын цагдаагийн зохицуулагч О.Өлзийжаргал  92-43 СҮА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн  авто машиныг саатуулах хашаанд хийх гэж ирээд хашааны үүдэнд зогссон. Өлзийжаргалыг машин дотор жолоочийн суудал дээр шахаад жолооч талын хаалгыг онгойлгочихсон настайдуу эрэгтэй хүн  гараараа цохиж зодоод  Өлзийжаргал энийг аваарай гэж орилсон. Тэгтэл манай хүү Баасанбат очиж салгасан.  Манай хүү Баасанбат Өлзийжаргалыг салгаад машиныг саатуулах хашаанд  оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/

Гэрч Г.Баасанбатын мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ээжийн гэрт очоод байж байтал  цагдаагийн байцаагч Өлзийжаргал бор ногоон өнгийн УАЗ-469  маркийн 92-43 СҮА улсын дугаартай машин жолоодож  ирээд саатуулах  хашааны үүдэнд  ирээд зогсохоор нь би гэрээс явж хашааны  хаалга онгойлгож өгөх  гээд алхаж байтал Өлзийжаргалын жолоодож ирсэн машины хаалгыг 50 орчим насны  эрэгтэй хүн татаж онгойлгоод хэрүүл хийж байснаа гараараа нүү рүү нь  цохиж зууралдаад салахгүй  байсан,  би тэр  хооронд  хашааны хаалга онгойлгож гарч очтол Өлзийжаргал энийг салгаарай гэж орилсон.  Өлзийжаргал авчирсан машинаа  хашаанд оруулаад буцаад 3-ын хаалт руу явган явсан.  Тэгтэл нөгөө Өлзийжаргалыг зодсон ах араас нь дагаад  хажууд нь хэрүүл хийгээд яваад байсан. Сүүлд сонсоход  саатуулах хашааны үүдэнд Өлзийжаргалыг зодсон хүн  3-ын хаалт дээр очсон  хойноо дахиж  Өлзийжаргалыг  зодсон гэж дуулсан, түүнээс тэрийг нүдээр хараагүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 08 сарын 23-ны өдрийн “ 1.О.Өлзийжаргалын биед  хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 261 тоот дүгнэлт  /хх-ийн 28/

Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45/

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 10 сарын 29-ний өдрийн 1/145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46/

Гэрч Г.Пүрэвнямын мөрдөн байцаалтад өгсөн “ ...тээврийн хэрэгслүүдийг очер дараалалд оруулж байсан юм. Очерийн баруун тал руу гарч иртэл  дэслэгч Өлзийжаргалтай Насантогтох /дараа нь нэрийг нь мэдсэн / гэх настайвтар эрэгтэй хүн зууралдчихсан байсан. Тэгэхээр нь би эдгээр хүмүүс рүү очоод  юу болсон бэ гэж  асуугаад салгатал Өлзийжаргал надаас гав, тусгай хэрэгсэл байна уу гэж асуугаад миний гавыг аваад Насантогтох гэх хүнийг гавалсан, юунаас болж маргалдсан талараа хэлээгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 71/

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, гэм судлалын 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 23 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “... Д.Насантогтох нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн  ямар нэгэн  өвчингүй байна. Д.Насантогтох нь  одоо илэрхий сэтгэцийн эмгэгүй байна. Д.Насантогтох нь үнэн зөв мэдүүлэг өгөх  чадвартай болно. Д.Насантогтох нь хэрэг хариуцах чадвартай байна “ гэсэн дүгнэлт  /хх-ийн 74-75/

Хохирогч О.Өлзийжаргалын ажил үүргээ гүйцэтгэх  үедээ өмсөж явсан цэнхэр өнгийн  цагдаа цамцыг  эд мөрийн баримтаар  тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 95/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 01 сарын 16-ны өдрийн “ 1.Шинжилгээнд ирүүлсэн цамцны баруун энгэрийн дээд талын 2 ширхэг  товчны ором хэсэгт урагдалт байна.

2.Цамцны баруун энгэрийн дээд талын товчны  ором хэсэгт 0,6х1см, 04х0,5см хэмжээтэй урагдалт үүссэн урагдалт нь татаж чангаах хүчин зүйлийн үйчлэлийн улмаас үүссэн байна.

3.Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн 5 тоот дүгнэлт /хх-ийн 99/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Насантогтох нь 2016 оны 08 сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Гэгээн хотхоны хажууд Замын-Үүд боомтоос БНХАУ-ын Эрээнх хот руу зорчих цуваанд байсан С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 92-43 СҮА улсын дугаартай, УАЗ-469 маркийн  тээврийн хэрэгслийг дараалалын дагуу явуулж, мөн дараалалын урдуур орох үйлдэл хийсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлгүй  байна. Учир нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шүүгдэгч Д.Насантогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан буюу авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаах үйлдэл, субъектив тал нь шууд санаатай, шунахай зорилгогүй байх юм. Гэтэл шүүгдэгч Д.Насантогтох нь 2016 оны 08 сарын 11-ны өдөр Замын-Үүд боомтоос БНХАУ-ын Эрээн хот руу зорчихоор дугаарлаж байсан С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 92-43 СҮА улсын дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн дараалалыг ахиулж, түүнчлэн бусад тээврийн хэрэгслүүдийн дараалалын урдуур орох үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид 2 бие, биенээ танина, бид 2 хааяа хамт урагшаа ачаа бараа ачихаар явдаг юм. Тэр өдрийн урьд орой  нь 7 цагийн үед хамт явж машиныг очерт тавьсан. Тэгээд өглөө нь очерийг ахиулахаар очсон байсан юм. Лхагвасүрэн хил нээхээр 09 цаг өнгөрөөгөөд ирдэг юм” гэсэн мэдүүлэг,  хохирогч С.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Насантогтохын хувьд хааяа нэг машин тэрэг очерт тавих, явуулах асуудал байсан. Бас нэг удаа ажил явдал гараад явахдаа Насантогтоход машинаа өгч үлдээж байсан юм. Өмнөх орой нь бид 2 очерт миний машиныг тавьсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэдийгээр хохирогч С.Лхагвасүрэн нь шүүгдэгч Д.Насантогтоход тухайн өдөр тээврийн хэрэгслийг дугаарын дагуу явуулах талаар хэлээгүй хэдий боловч 2016 оны 08 сарын 11-ны өдрийн өмнөх орой нь уг тээврийн хэрэгслийг дараалалд хамт аваачиж орхисон, түүнчлэн урьд нь хохирогч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь Замын-Үүд боомтоос Эрээн хот руу нэвтрэх дараалалын дагуу байрлуулдаг байсан, хамтарч ачаа, бараа тээвэрлэдэг байсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Дээрхээс үзэхэд шүүгдэгч Д.Насантогтох нь хохирогч С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 92-43 СҮА улсын дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хөл дайж, унаж тодорхой газар хүрэх зорилгоор жолоодож зугтаасан гэх үйлдэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Насантогтоход  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

Харин шүүгдэгч Д.Насантогтох нь 2016 оны 08 сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Гэгээн хотхоны хажууд Замын-Үүд боомтоос БНХАУ-ын Эрээн хот руу зорчих цуваанд байсан С.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 92-43 СҮА улсын дугаартай, УАЗ-469 маркийн  тээврийн хэрэгслийг  жолоодож, дараалалын урдуур дайрахад нь замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Өлзийжаргал нь  “журмын дагуу хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байна, бичиг баримтаа шалгуул” гэж шаардлага тавьсаныг эсэргүүцэж, маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж,  бие махбодид нь хамар ясны хугарал бүхий хөнгөн  гэмтэл учруулсан байна.

            Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг төрийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэг, хохирогч О.Өлзийжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 261 тоот дүгнэлт  /хх-ийн 28/, хохирогч О.Өлзийжаргалын ажил үүргээ  гүйцэтгэх  үедээ өмсөж  явсан цэнхэр өнгийн  цагдаа цамцыг  эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 95/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 01 сарын 16-ны өдрийн  5 тоот дүгнэлт /хх-ийн 99/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч О.Өлзийжаргал нь гэмт хэрэг үйлдэгдэх үед зүүн үүдэн шүдний цаана давхар ургасан шүдний үзүүр хэсэг эмтэрсэн боловч дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй, ямар нэгэн маргаангүй гэснийг, түүнчлэн гэрч Г.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байх боловч тэрээр шүүгдэгч Д.Насантогтох нь хохирогч О.Өлзийжаргалд хүч хэрэглэн эсэргүүцэж, хөнгөн гэмтэл учруулах үед байгаагүй, зөрүүтэй байдал нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий биш байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 10 сарын 29-ний өдрийн 1/145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан байх ба ялтай байдал нь 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасанд хамрагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч О.Өлзийжаргал нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн  цагдаа цамцыг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржхоролын Насантогтоход холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Хан хөгшин овогт Доржхоролын Насантогтохыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Доржхоролын Насантогтохыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Насантогтоход оногдуулсан 1 жил, 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй

5.Шүүгдэгч нь Д.Насантогтох нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн  цагдаа цамцыг устгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Д.Насантогтоход оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Насантогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД