Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0342

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э*** *** ХХК 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Г.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Х******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Э*** *** ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/181 дүгээр тушаалын Э*** *** ХХК-д холбогдох хэсгийг /тушаалын 2 дугаар хавсралтын 16-д заасан/ хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн аяллын оператор, ресторан, хүнсний явуулын үйлчилгээ, богино хугацаагаар байр, сууцаар хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн БЦГ /тусгай хамгаалалттай газар нутаг/-ийн Толгойтын хойт үзүүр нэртэй газрын 3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийн 1/202 тоот гэрчилгээг авсан бөгөөд хууль, тогтоомжид нийцүүлэн тухай бүр гэрчилгээний хугацааг сунгуулан өнөөдрийг хүртэл тухайн газрыг ашигласаар ирсэн билээ. Дээрх 1/202 тоот гэрчилгээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусах тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хугацаа сунгуулах хүсэлт гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу хамгаалалтын захиргааны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар албан бичгээр гэрчилгээний сунгалтыг дэмжиж буй саналаа, бидний хүсэлтийн хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай бүх нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******-д уламжилсан байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4674 дугаар албан бичгээр манай компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар дуусгавар болгосон тухайгаа мэдсэн. Газар ашиглах эрх дуусгавар болсон тухай төрийн эрх бүхий байгууллагаас бидэнд өмнө нь огт мэдэгдээгүй. Бид мэдсэн даруйдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21/93 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд дахин хандахад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/5490 дугаар албан бичгээр Нэгэнт төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тул газар ашиглах эрхийг 5 жилийн дараа сэргээх боломжгүй тул шүүхэд хандах нь зүйтэй юм...”  гэсэн хариуг өгсөн. Манай компани нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 1/202 тоот гэрчилгээнд заасан газар дээрээ үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөн, зориулалтын дагуу ашигласаар ирсэн бөгөөд энэ нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ дүгнэсэн акт”, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны газрын даамал Ч.О*******ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн үлдэгдэл байхгүй болно гэсэн тодорхойлолт, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээс тодорхой харагдана. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр “Газар ашиглах эрх цуцлах тухай” тушаалд "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцож, газар ашиглах гурвалсан гэрээг цуцалсугай." хэмээжээ. Манай компани нь А/181 дүгээр тушаалд дурдаж буй зөрчлүүдийг огт гаргаагүй. Мөн 1/202 дугаaр газар нь "нуурын эргийн онцгой бүсэд байгаа" гэх тайлбарыг дээрх тушаалд дурдсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Онцгой бүсэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 9,10-т заасан үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэж, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт зуслангийн барилга байгууламж барих, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх гэж, 12.10 дахь хэсэгт “нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах” гэж тус тус хуульчилсан, Манай компани нь дээрх хориглосон үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд бид 1/202 гэрчилгээнд заасан газарт богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагаа явуулдаг ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх, үргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. Төрийн эрх бүхий байгууллага үндэслэлгүй шийдвэр гаргаж иргэн, аж ахуйн нэгжийн Үндсэн хуулиар хамгаалагдсан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших” эрхэнд ноцтой халдаж байгаа нь төрийн албаны ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зэрэг зарчмыг ноцтой зөрчиж байна. Ийнхүү төрийн эрх бүхий байгууллага нь гаргасан шийдвэрээ 5 жилийн туршид огт мэдэгдээгүйн улмаас манай компани нь газар ашиглах эрхтэй хэвээрээ байгаа хэмээн итгэж, хууль, тогтоомжид заасны дагуу газар ашиглах гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулан, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар өнөөдрийг хүрсэн.

Гэтэл бид эрх бүхий байгууллагын үндэслэлгүй шийдвэр, хариуцлагагүй байдал, эс үйлдэхүйн улмаас цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон. Мөн цаашид төрийн албаны үйл ажиллагаанд итгэх итгэл алдраад байна. Иймд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А181 дугаар тушаалын "Э*** ***" ХXК-д холбогдох хэсгийг /тушаалын 2 дугаар хавсралтын 16-д заасан / хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 16 дахь хэсэг буюу өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Э*** *** ХХК Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших байгалийн цогцолборт газрын Толгойтын хойд үзүүр гэх газарт Сакура нэртэй аялал жуулчлалын бааз ажиллуулдаг. Дээрх газар ашиглах эрхийн хугацаа 2021 оны 6 дугаар сард дуусах байсан тул Хөвсгөл аймгийн хамгаалалтын захиргаанд газрын гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу тухайн хамгаалалтын захиргаа нь манай компанийн газрын гэрчилгээ сунгуулах хүсэлтийг дэмжсэн саналаа бидний хүсэлтийн хамт Байгал орчин аялал жуулчлалын яамд хүргүүлсэн байдаг. Гэтэл 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг сайдын тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцлаад хүчингүй болсныг мэдсэн. Тэр даруйдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамд хандсан боловч яамны сайд Уртнасан нэгэнт төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан байна. Иймээс танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн дараа сэргээх боломжгүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу албан бичиг ирүүлсэн. Ингээд Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох захиргааны байгууллагууд манай компанид гаргасан тушаал шийдвэрээ 5 жилийн турш мэдэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхээ хүчинтэй гэж итгэж хууль заасан төлбөрөө төлөөд зориулалтын дагуу газраа ашиглаж ирсэн. Иймээс  Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 16 дахь хэсэг буюу Э*** *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус шүүхэд “Э”  XXК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын Э*** *** XXК холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

 Нэхэмжлэгч нь анх 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн БЦГ-т 3 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай авсан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг 2002 онд байгуулснаасаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа олон жил дараалан ашиглаагүй байсан. Түүнчлэн Газрын тухай хуулийн 39.1.1-д заасны дагуу “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг нь цуцалсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “.... Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч газрыг цуцалсан талаар 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мэдсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ тус шүүхэд гаргаагүй, хугацааг хэтрүүлсний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8.-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий тушаал бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Э*** *** ХХК нь анх 2005 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших байгалийн цогцолбор газарт 3га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан. Газар ашиглах гэрээг байгуулсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар гэрээ байгуулснаасаа хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актыг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гаргасан. Тухайн маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасан хэсгийг үндэслэсэн. Уг захиргааны актыг гаргахаас өмнө хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг Байгаль орчин аялал жуулчлалын яамны албан ёсны мэдээллийн сайтад 3 удаа зар мэдээллийг тавьж тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотой тайлбар мэдүүлэг нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс ирүүлээгүй. Маргаан бүхий захиргааны актын хавсралтад заасан Э*** *** ХХК нь нуурын эргийн онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн үндэслэлээр цуцалсан. Тухайн компани 2005 оны 6  дугаар сарын 3-ны өдөр  газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан ба гэрчилгээний хавсралтад хугацаа сунгасан тэмдэг тэмдэглэгээг хийсэн байдаг. Гэхдээ хууль тогтоомжийн хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь Засгийн газрын гишүүн бөгөөд төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй учраас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгох, дуусгавар болгох, хүчингүй болгох эрхийг эдэлдэг. Маргааны хүрээнд Э*** *** ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгаж байгаа этгээд нь тусгай хамгаалалттай газар нутгийн газрын дарга нар юм. Мөн маргаан бүхий 3га газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Түүнчлэн нуурын эргийн онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай гэдэг үйл баримтыг дурдсан ба хариуцагчийн зүгээс өнөөдөр  газрын кадастрын зургийг гаргаж өгсөн. Уг зурагт тухайн компанийн 3га талбайн солбицлын цэгийг кадастрын мэдээллийн санд 4 цэгийг хатгахад нуурын эргийн онцгой хамгаалалтын бүсэд 50 метрийн давхцалтай гэж харагддаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т усан сан бүхий газарт газар олгохыг хориглосон байдаг. Усан сан бүхий газар гэдэгт Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг ойлгоно. Иймд газраа зориулалтын дагуу ашиглаагүй болон цаашид газрын ашиглуулах нь хуулиар хориотой байгаа учраас Байгаль орчин аялал жуулчлалын сайд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хуульд нийцсэн захиргааны акт гаргасан. Мөн Э*** *** ХХК нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг  хүчингүй болгуулах гэж гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан үйл баримт харагдаж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Э*** *** ХХК нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/181 дүгээр тушаалын Э*** *** ХХК-д холбогдох хэсгийг /тушаалын 2 дугаар хавсралтын 16-д заасан/ хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 11 тоот гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь анх маргаан бүхий газрыг 1999 оноос эхлэн аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.

Мөн

  • 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах №1 тоот  гэрээ,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 019 дугаар гэрчилгээ,
  • 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нутаг дэвсгэрт газар ашиглах 1/202 дугаар гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгчид маргаан бүхий газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байна.  

Дээрх баримтууд болон хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг тухайн цаг хугацаанд ашигласаар ирсэн болох нь тогтоогдож байна.

2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нутаг дэвсгэрт газар ашиглах 1/202 дугаар гэрчилгээний хавсралтаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 жилээр сунгасан байна. 

Э*** *** ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №2 тоот хүсэлтээр[1] газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж байсан байна.

Мөн  Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нутаг дэвсгэрт газар ашиглах 1/202 дугаар гэрчилгээний хавсралтаас[2] үзэхэд,  ...  хамгаалалтын захиргааны 2016.04.25-ны өдрийн 41 тоот албан бичгийг[3] үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байна.

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №/21/18 тоот хүсэлт[4] гаргаж газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг хамгаалалтын захиргаанаас яаманд хүргүүлж байсан болох нь ... хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №262 тоот албан бичгээр[5] тус тус тогтоогдож байна. 

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 16-д Э*** *** ХХК бичигдсэн байх ба нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр буюу

  • хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй,
  • газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх ба уг хавсралтын тайлбар хэсэгт “нуурын эргийн усны онцгой бүсэд байгаа” гэсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:

2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ дүгнэсэн акт[6] болон 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №06704-2016/00967 акт[7], Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны газрын даамлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтоос[8] үзэхэд нэхэмжлэгч нь газрын  төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн фото зургууд, ... Сакура аялал, жуулчлалын баазын байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд авагдсан фото зургууд, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд авагдсан фото зургууд, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд авагдсан фото зургууд /уг нарийвчилсан үнэлгээний тайлангийн 30-31 дүгээр хуудсанд болон бусад хуудсуудад/, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох сайдын А/181 дүгээр тушаалыг  2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан боловч уг тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хүргүүлээгүй, гардуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Үндэсний төв архивын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №03/501 тоот албан бичиг,  ... хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №262 тоот албан бичиг[9], нэхэмжлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №/21/18 тоот хүсэлт[10], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №1/2489 тоот албан бичгээр хариуцагчид хандан, маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, гардуулсан талаарх баримтыг шаардсан боловч энэ талаарх баримт яаманд байхгүй, Үндэсний төв архивд шилжүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласны дагуу Үндэсний төв архиваас энэ талаарх нотлох баримтыг шүүх шаардсан.

Улмаар Үндэсний төв архиваас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №03/501 тоот албан бичиг ирсэн ба уг албан бичигт энэ талаарх баримт архивд шилжиж ирээгүй гэсэн байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, хүргүүлсэн, гардуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Үүнээс үзэхэд,  нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалаар манай газар ашиглах эрхийг цуцалсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4674 дугаар албан бичгээр мэдсэн... газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай бидэнд огт мэдэгдээгүй, мэдсэн даруйдаа сайд Н.Уртнасанд хандахад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/5490 тоот албан бичгээр хариу өгсөн улмаар шүүхэд хандсан” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...нэхэмжлэгч нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 16-ийн тайлбар хэсэгт “нуурын эргийн усны онцгой бүсэд байгаа” гэж бичсэн байх хэдий ч уг тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болоогүй байна.

Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэсэн хуулийн заалтуудад нуурын эргийн усны онцгой бүстэй холбоотой хуулийн зохицуулалт байхгүй буюу энэ талаарх хуулийн заалтуудыг үндэслээгүй, баримтлаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байх ба маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна.

Иймд дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/181 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э*** *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А/181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Э*** *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э*** *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.БАТЗОРИГ

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 66 дугаар хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас

[10] 2 дугаар хавтаст хэргийн 66 дугаар хуудас