Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

 

  2023              09                11                                                      2023/ШЦТ/124

 

                  

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Г********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Г********нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ханбогд сумаас Оюу толгой ХХК орох чиглэлийн хатуу хучилттай авто замын 2 дахь километрт 23-18 ӨМӨ улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно”, дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Д*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Г********нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ханбогд сумаас Оюу толгой ХХК орох чиглэлийн хатуу хучилттай авто замын 2 дахь километрт 23-18 ӨМӨ улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно”, дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Д********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-21-р хуудас/,

Хохирогч Г.Д********ийн: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын Сайнзаяа эгч маань ээлжийн амралтаа аваад нутаг буцах гэж байсан болохоор манай ажлын газрын Гангамөрөн, Г********, Өлзийбат, бид нар гаргаж өгөхөөр 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дэлгүүрээс 8 ширхэг сэнгүүр нэртэй пиво 11 ширхэг Heiken нэртэй пиво аваад Өлзийбатын гэрийн хөргөгчид хийсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Оюутолгой ХХК-аас 06 цаг 30 минутад ажлаасаа буугаад гэрээрээ ороод хувцсаа солиод байж байхад манай ажлын Г******** машинтайгаа ирээд бид нарыг авсан бид нар нийтийн байранд бөөнөөрөө байдаг юм тэгээд дэлгүүрээс авсан пивоо аваад Ханбогд сумаас 3 километрт байдаг бага булаг гэдэг нэртэй газар очоод дэлгүүрээс авсан пивоо 5 лаа хувааж уусан тэгээд ууж дуусаад буцаад явж байгаад бага булгийн орох замд байдаг 00 орж бие зассан тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байгаа нэг мэдэхэд Ханбогд сумын эмнэлэгт сэрсэн... Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн ард сууж явсан... Тухайн зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг Г******** барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

Гэрч Л.Өлзийбатын: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр маргааш манай ажлын Сайнзаяа гэдэг найз маань ээлжийн амралтаа аваад нутаг буцах гэж байсан болохоор манай ажлын газрын Д********, Г********, Гангамөрөн бид нар гаргаж өгөхөөр 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дэлгүүрээс 8 ширхэг сэнгүүр нэртэй пиво, 11 ширхэг Heiken нэртэй пиво аваад манай гэрийн хөргөгчид хийсэн. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Оюутолгой ХХК-иас 07 цаг дөхөж байхад ажлаасаа буугаад гэрээрээ ороод хувцсаа солиод байж байхад манай ажлын Г******** машинтайгаа ирээд манайд орж ирсэн бид нарыг авсан... тэгээд дэлгүүрээс авсан пивоо аваад Ханбогд сумаас 3 км байдаг бага булаг гэдэг газарт очоод дэлгүүрээс авсан пивоо тавуулаа хувааж уусан. Тэгээд ууж дуусаад буцаад явж байгаад жолооч хөөе гэхийн завдалгүй замаас гараад буцаж рүлээ дараад замын хашлага мөргөсөн... тухайн осол болох үед 23-18 ӨМӨ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг Г******** жолоодож явсан. Т.Г********согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

Гэрч Д.Гангамөрөнгийн: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр маргааш манай ажлын Сайнзаяа гэдэг найз маань ээлжийн амралтаа аваад нутаг буцах гэж байсан болохоор манай ажлын газрын Д********, Г********, Өлзийбат бид нар гаргаж өгөхөөр 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дэлгүүрээс 8 ширхэг сэнгүүр нэртэй пиво, 11 ширхэг Heiken нэртэй пиво аваад Өлзийбатын гэрт нь хөргөгчинд хийсэн байсан. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Оюутолгой ХХК-иас 06 цаг 30 минутад ажлаасаа буугаад гэрээрээ ороод хувцсаа солиод байж байхад манай ажлын Г******** машинтайгаа ирж бид нарыг авсан бид нар нийтийн байранд бөөнөөрөө байдаг юм тэгээд дэлгүүрээс авсан пивоо аваад сумаас 3 км байдаг бага булаг дээр очоод авсан пивоо тавуулаа хувааж уусан тэгээд ууж дуусаад буцаад явж байгаад жолооч хөөе гэхийн завдалгүй замын хашлага мөргөсөн тэгээд юу болсон талаар шоконд ороод сайн санахгүй байгаа тэгээд нэг сэргэхэд аваарын дэр гарсан байдалтай арын суудал руу харахад Өлзийбат, Сайнзаяа хоёр ухаантай байсан Д******** дуу нь гарахгүй байсан... Тухайн осол болох үед 23-18 ӨМӨ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Г******** жолоодож явсан. Т.Г********архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Тухайн зам тээврийн осол болох үед замын эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл шахсан, мал амьтан зам дээр гарч ирсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3095 дугаартай “1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Т.Г********” гэсэн хаягтай цуснаас 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн цус нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-86-р хуудас/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9766 дугаартай “1.Г.Д*******н биед баруун зулай, чамархай, суурь ясны баруун бага далавчны хугарал, баруун чамархайд хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун чамархай, зулай, хацрын зөөлөн эдийн няцрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-118-р хуудас/,

Шинжээч Б.Ёндонтүвшингийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “1.Тоёота приус маркийн 23-18 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түвшин овогтой Г******** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Тоёота Приус-20 маркийн 23-18 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т****** овогтой Г******** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130-131-р хуудас/,

Яллагдагч Т.Г********ийн: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын Сайнаана гэдэг найз маань ээлжийн амралтаа аваад нутаг буцах гэж байсан болохоор манай ажлын газрын Д********* Гангамөрөн Өлзийбат бид нар гаргаж өгөхөөр 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дэлгүүрээс 8 ширхэг сэнгүүр нэртэй пиво 11 ширхэг Heiken нэртэй пиво аваад Өлзийбатын гэрийн хөргөгчинд хийсэн. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Оюутолгой ХХК-иас 06 цаг 20 минут өнгөрч байсан байх ажлаасаа буугаад гэрээрээ ороод хувцсаа солиод өөрийн эзэмшлийн 23-18 ӨМӨ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Өлзийбат, Д********, Гангамөрөн, Сайнзаяа нарын амьдардаг нийтийн байранд ороод Өлзийбатын гэрт байж байгаад 07 цаг өнгөрч байхад нийтийн байрнаас бөөнөөрөө дэлгүүрээс авсан пивоо аваад Ханбогд сумаас 3 километрт байдаг бага булаг гэдэг нэртэй газар очихоор миний машинтай бага булагт очоод дэлгүүрээс авсан пивоо 5-лаа хувааж уусан тэгээд ууж дуусаад буцаад Ханбогд сум руу явсан 1 км орчим явж байгаад түрхэн зуур нойрмоглосон тэгсэн замаас гарч байсан тэгэхээр нь зам руу дарсан амжаагүй замын хашлага мөргөсөн тэгээд бүгдээрээ сандарсан байдалтай байсан би машинаас буугаад арын суудал руу харахад Д******** ухаангүй байсан... би тухайн зам тазерийн осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... би цалингийн зээл аваад Г.Д********т 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 203.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 750.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 250.000 төгрөгийн эмчилгээний төлбөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-145-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Г********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Г********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Т.Г********ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Т.Г********нь хохирогч Г.Д********т эмчилгээний зардалд 2,628,000 төгрөг төлсөн. Хохирогч Г.Д********, Г.Сайнзаяа, Д.Гангамөрөн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Г********ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүй 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар /оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна ...” гэх саналыг  шүүгдэгч Т.Г********нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Г********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Г********ийн В ангиллын №734282 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч И******** овогт Т.Г********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Г********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.Г********т /оршин суух газар,  ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г********нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 6. Шүүгдэгч Т.Г********нь хохирогч Г.Д********т хохирол төлбөрт 2,628,000 төгрөг төлсөн. Хохирогч Г.Д********, Д.Г********, Б.С******** нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Г********ийн В ангиллын №734282 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.БАТТУЛГА