Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

 

    2023              09                 18                                                    2023/ШЦТ/128

 

              

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.М********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М********д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.М********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах гэртээ хадам аав М.Х********тай машин янзалж өгсөнгүй гэх асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэж, улмаар ус буцалгагчаар цохих, шилний хагархайгаар зүсэх зэрэг байдлаар бие, эрх чөлөөнд нь халдаж, М.Х********ын эрүүл мэндэд дух, зүүн чих, зүүн шанаа, хүзүүний зүүн хэсэг, баруун дал, нуруу, цээжний зүүн хэсэг, баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.М********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах гэртээ хадам аав М.Х********тай машин янзалж өгсөнгүй гэх асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэж, улмаар ус буцалгагчаар цохих, шилний хагархайгаар зүсэх зэрэг байдлаар бие, эрх чөлөөнд нь халдаж, М.Х********ын эрүүл мэндэд дух, зүүн чих, зүүн шанаа, хүзүүний зүүн хэсэг, баруун дал, нуруу, цээжний зүүн хэсэг, баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21-р хуудас/,

Хохирогч М.Х********ын: “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн төвд хүргэн М*******тэй архи согтууруулах ундаа уусан. Архи уучихаад хоорондоо ойлголцоогүйн улмаас хоорондоо хэрүүл маргаан болж, хүргэн миний бие эрх чөлөөнд халдаж биед хөнгөн гэмтэл учруулсан... нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Х.Сувд-Эрдэнийн: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах монголын төмөр замын ажил дээрээ ажилтай байсан. Манай нөхөр 2023 оны 08 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө над руу видео бичлэгээр залгаж аавыг чинь ийм болгосон шүү, тамхины үнсний шилэн савыг нь зуухан дээр нь хагалж байгаад би ингээд зүсчихлээ гэж хэлээд үзүүлсэн ба би ингэж зүссэн шүү. Чамаас өөр хүнийг зодож чадна гэж хэлсэн байхаа аавыг чинь зодож чадаж байгаа биз дээ гэж надад хэлээд видео чатаар залгаж надад харуулсан. Видеогоор харсан чинь аавын нуруунаас цус гарсан нурууг нь зүссэн байсан. Надад М******* хэлэхдээ энэ зургуудыг авч ах, эгч нартаа үзүүлээд шүүх цагдаагаараа яваарай гэж хэлсэн. Тэгээд надад видео каллаар залгаад үзүүлсэн ба би зургийг нь дарж авч үлдсэн... Манай нөхөр болох М******* 2023 оны 08 дугаар сарын 11-12-ны шилжих шөнө 01 цаг 20 минутад, 01 цаг 40 минутад залгасан, олон удаа над руу видео чатаар залгаж байсан... миний аавыг Х*******гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Х.Номин-Эрдэний: “...Манай дүүд нөхөр болох М******* видео чатаар залгаад би аавыг чинь ийм болгосон гэж хэлээд видео каллаар залгаж харуулсан гэж байсан ба зургийг нь дүү над руу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч С.Нандинхүүгийн: “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бахын гэрт очсон чинь хүргэн М*******ийн хамт машин засварлаад гэртээ пиво уугаад сууж байсан ба нэлээн согтуу байсан. Хүргэн М******* өнөө шөнө гадаа байгаа машинаа засаад хөдөө үхэрт явна гэж ярьж байсан... Х*******ах уурлаад чи өөрөө гагна, чи өөрөө над машинаа зас гээд гэрийнхээ хоймор гараад суусан чинь хүргэн чи муу өчнөөн олон хоног засна гээд байсан хаа байна гэж хэлээд юм аваад шидсэн буцалгагч шидээд толгойг хага цохисон. Ус буцалгагч шидсэн чинь Х*******ахын толгойн тус газар оноод толгойноос нь цус гарсан. Би Х*******ахыг гэрээс нь шууд аваад гарсан. Эхнэр М*******ийг гэрт нь хориод үлдсэн.... хориод байж байхад Х*******ах надад “бид хоёр хүргэн хадам байгаа юм одоо гэрт ороод учраа олно” гэж хэлээд гэртээ орсон... хүргэн нь уурлаад Х*******ахыг газар унагаад нуруу хэсэг рүү нь 2-3 удаа цохих шиг болсон, би зайтай явсан учраас гүйж очоод салгасан чинь Х*******ах миний нуруу хэсэг сонин болоод байна яасан байна бэ гэж асуухаар нь харанхуйд харагдахгүй байна гэрт очиж гэрэлд үзье гэж хэлээд гэрт ороход нуруу хэсэгт 2 газар ярсан байсан ба хэвлий хэсэгт үзүүртэй юмаар хатгасан юм шиг ангайсан байсан... М******* гэдэг залуу найз бүсгүйтэйгээ яриад аавыг чинь зодсон нээх сүртэй юм болоогүй гэж ярьж байсан ба хариуд нь эхнэр нь та хоёр архи уухаараа агсан байж яах гэж нийлж архи уудаг юм бэ гэж байсан. Эхнэртэйгээ видео бичлэгээр холбогдсон... М******* согтуу байсан. Хадам аав Х*******согтуу байсан... М******* хадам аавынхаа толгойг ус буцалгагч шидэж хагалсан. Хадам аавыгаа гэрийн гадаа газар унагаад дээрээс нь гараараа цохиод байх шиг болсон, эхнэр надад гэрээс гарахдаа шил хагалаад гартаа барьсан байгаа шүү гэж надад хэлж байсан. Тамхины том үнсний савыг хагалаад гартаа барьсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/,

Гэрч С.Чанцалын: “...Би 2023 оны 08 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө ...би Х*******нэртэй айлд нөхрийн хамт очиж хонохоор очсон... гэрийн эзэн Хаш-Зана, хүргэн М******* нар архи уусан нэлээн согтуу байсан, энэ хоёр машин тэрэг засаж байгаад нэг юм нь болохгүй байна гэж хэрэлдэж эхэлсэн ба хоорондоо маргаж эхэлсэн... Нөгөө хоёр маргалдаад эхлэхээр нь бид хоёр салгасан ба тэр хоёрыг маргалдуулахгүй гэж Х*******ахыг гэрээс авч гарсан. Хүргэн М*******ийг гэрээс гаргахгүй гэж би гэрт хорьж байсан чинь гэрт байсан үнсний савыг хагалаад гартаа бариад гарах гэхээр нь гаргахгүй гэсэн чинь намайг түлхэж холдуулаад гэрээс гарсан.... Нөгөө хоёр бид 2 эвлэрсэн одоо зүгээр гэж хэлээд эвлэрч байгаа харагдсан ба хамт гэр рүүгээ алхсан ба алхаж явж байгаад Х*******хүргэнээ цохисон ба хаашаа цохисон эсэхийг мэдэхгүй, хүргэн нь уурлаад хадам аавыгаа зодож эхэлсэн.... Тэр хоёрыг салгаад гэрт оруулаад нурууг нь харсан чинь нуруун дээр 2 газар зүсэгдсэн байсан. Гаран дээр нь зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 332 дугаартай “1.М.Х********ын биед дух, зүүн чих, зүүн шанаа, хүзүүний зүүн хэсэг, баруун дал, нуруу, цээжний зүүн хэсэг, баруун сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.М.Х********ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.М.Х********ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,

Яллагдагч Б.М*******ийн: “...Хадам аав бид хоёр машин сэлбэгээ сольж засварлангаа 4 ширхэг лаазтай пиво уусан... машин засч байхад нэг боолт тайлагдахгүй байсан тул хадам аав Хашзана ширэм төмөр нийлүүлж гагнана гэсэн би болохгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад... би хадам аавынхаа бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан... тухайн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна... тухайн үед бид хоёр архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.М********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.М*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.Х********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.М*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Б.М********нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш****** овогт Б.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч М.Х******** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М*******ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА