Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/01131

 


 

 

 

2020 оны 04 сарын 30 өдөр                       Дугаар 183/ШШ2020/01131                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Ж д ү х с нэхэмжлэлтэй,

хариуцагч- Б б ХХК

хариуцагч- Р.Д холбогдох,

2016-12-14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 137.303.056 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж д ү х с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Б б” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 2016/3-30 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 180.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, “Мах махан бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд

Б.Т, Б.Б, О.Х, Т.Х, Т.Х нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоот хаягт байрлалтай 108,2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220600792 дугаартай, гэрчилгээний 00019749 дугаартай хувийн сууц,

Б.Т, Б.Б, О.Х, Т.Халиун, Т.Х нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоот хаягт байрлалтай, 562 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2206002008 дугаартай, гэрчилгээний 000070339 дугаартай, 18633304897965 нэгж талбарын дугаартай өмчлөх эрхийн бүртгэлтэй газар,

Р.Д өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 153/7 байрны, 18 тоот хаягт байрлалтай 85,80 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2201015356 дугаартай, гэрчилгээний 00043196 дугаартай 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулан зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 33.912.614 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13.628.919 төгрөг, нийт 47.541.533 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1028 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 2016/3-30 зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 146.087.386 төгрөг, зээлийн алданги 297.584 төгрөг, нотариатын зардалд 25.000 төгрөг, нийт 146.384.970 төгрөгийг гаргуулах,

зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргаж байна гэжээ /хх-1-3/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020-04-30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан багасгасан шаардлагадаа: Б б ХХК нь 2016 оноос 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 53.514.451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14.069.082 төгрөг, нийт 67.583.533 төгрөгийг төлсөн байна. 2019-12-25-ны өдрийн санхүүгийн тооцооллоос хойш Б б ХХК нь төлөлт хийсэн учир үндсэн зээлийн төлбөрт 136.485.548 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 417.720 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 399.788 төгрөг, нийт 137.303.056 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байна гэжээ /хх-85/.

 

Хариуцагч “Б б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Б б” ХХК нь тус сантай 2016.12.14-ний өдөр 2016/3-30 тоот зээлийн гэрээг байгуулан 180.000.000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 14-ний өдөр дуусах юм. Авсан зээлээ буцаан төлөх нь зээлдэгчийн үүрэг бөгөөд хэрвээ зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүй ёсны хэрэг боловч хүчин төгөлдөр гэрээ цуцлагдаагүй байгаа тохиолдолд гэрээний үүрэгт мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага яригдахгүй юм. Тийм учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлдүүлэгчээс зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдээгүй, зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлээгүй болно. Хэрвээ мэдэгдсэн, буцаан дуудах мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд манай компаниас зогих хариуг бичгээр өгөх, санал хүсэлтээ илэрхийлэх байсан. Манай компанийн зүгээс дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр 3,984,200 төгрөгийг төлөх ёстой, төлж байсан төдийгүй заримдаа төлбөл зохих мөнгөн дүнгээр төлөх боломжгүй тохиолдолд компани нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, үндсэн зээлээс нэг сард хэд хэдэн удаа хувааж төлж байсан. Ингэхдээ тус сангийн эрх бүхий ажилтан, албан тушаалтантай манай компанийн нягтлан бодогч биечлэн уулзаж, санал, хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр харилцан зөвшилцөж асуудлыг шийдвэрлэж байсан. Түүнчлэн манай компани тус сантай 2017, 2018, 2019 онуудад тооцооны үлдэгдлийг баталгаажуулж, тооцоо нийлсэн баримт үйлдэж байсан. Уг баримтуудаас үзэхэд тус сан нь зээлдэгч зээлийг төлбөл зохих мөнгөн дүнгээр төлөөгүй, төлөх боломжгүй байгаа тохиолдолд үндсэн зээлээс нэг сард хэд хэдэн удаа хувааж төлж болохыг хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь харагддаг.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ 2019.12.25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрт 146,384,386 төгрөгийг гаргуулахаар дурдсан байх ба дээрх цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл манай компани нь зээлийн эргэн төлөлтөд тус сангийн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02, 13, 24, 29-ний өдөр 02 дугаар сарын 05, 10, 14, 17, 19-ний өдрүүдэд нийт 4.500.000 төгрөгийг, зээлийн эргэн төлөлтөд нийт 60.000.000 орчим төгрөгийг төлсөн бөгөөд цаашдаа төлөөд явах болно. Манай компанийн зүгээс дээрх байдлаар зээлийн эргэн төлөлтийг тодорхой хэмжээгээр төлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлж байна.

Түүнчлэн тус сангаас манай компанид ямар нэгэн мэдэгдэл, шаардлага ирүүлээгүй, албан ёсоор мэдэгдээгүй атлаа урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь бидний байгуулсан зээлийн гэрээний 12.1-д “Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг сан болон зээлдэгч юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар, эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ...” гэж заасан. Мөн гэрээний 6.2.10-д “Зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх” 10.2.6-д “Энэхүү гэрээний гарсан зөрчлийг арилгахыг сан зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй” 10.4-д “Гэрээг цуцалсан нөхцөлд сан зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу эхлүүлэх бөгөөд энэ тухай зээлдэгчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

Эдгээр гэрээний заалтууд хангагдаагүй, зээлдүүлэгч уг заалтуудыг урьдчилан хэрэгжүүлээгүйгээс гадна Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаантай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.1-д “Үүргийг ялимгүй зөрчсөн” гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү /хх-43/.

 

Хариуцагч Р.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Б б ХХК нь тус сантай 2016-12-14-ний өдөр 2016/03-30 тоот зээлийн гэрээг байгуулан 180.000.000 төгрөгийг зээлж авахад миний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд би өөрийн өмчлөлийн СХД, 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 153/7 байр 18 тоот хаягт байрлалтай 85.80 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Уг зээлнйн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 14-ний өдөр дуусах юм.

Зээлдүүлэгчээс зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг надад урьдчилан мэдэгдээгүй, зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлээгүй атлаа нэхэмжлэлдээ “буцаан дуудах мэдэгдэл” гэж хавсаргасан байна. Мэдэгдлийг хэнд, хэзээ, ямар эх сурвалжаар хүргүүлсэн нь тодорхойгүй байна. Хэрвээ мэдэгдсэн, буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд миний хувьд бичгээр санал, хүсэлтээ гэрээнд заасны дагуу илэрхийлэх, эв зүйгээр шийдвэрлэх байсан. Өвчлөл, эдийн засгийн хямралтай холбоотойгоор компанийн болон өөрийн ашиг орлого багассан учраас зарим тохиолдолд зээлийн эргэн төлөлтийг бүрэн хэмжээгээр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч зээлдэгч нь зээлийг боломжоороо өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа, цаашдаа ч төлөх болно гэдгийг хэлмээр байна.

Бидний байгуулсан зээлийн гэрээний 12.1-д “Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг сан болон зээлдэгч юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар, эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ...” гэж заасан. Мөн гэрээний 6.2.10-д “Зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх” 10.2.6-д “Энэхүү гэрээний гарсан зөрчлийг арилгахыг сан зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй” 10.4-д “Гэрээг цуцалсан нөхцөлд сан зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу эхлүүлэх бөгөөд энэ тухай зээлдэгчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан учраас миний хувьд зээлийн гэрээний буюу 2021 оны 12 сарын 14-ний хугацаанд зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа учраас нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ /хх-63/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж д ү х с” нь хариуцагч “Б б” ХХК, иргэн Р.Д нарт холбогдуулан 2016-12-14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 146.384.970 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа 2020-04-30-ны өдрийн шүүх хуралдаанд багасгаж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 137.303.056 төгрөгийг гаргуулахаар шаардаж мөнгөн дүнг багасгау шаардсан /хх-1-3, 85/.

 

Нэхэмжлэгч Ж д ү х сгийн захиралаар Б.Батцэцэгийг 2019-12-17-ны өдрөөс томилсон байх бөгөөд /хх-5/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн байгууллагыг бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-01-15-ны өдрийн 1/78 дугаар итгэмжлэлээр М.Цэцэгсүрэнд хоёр жилийн хугацаатай /хх-6/,

хариуцагч Б б ХХК нь хоёр гишүүнтэй байх бөгөөд Б.Тыг захиралаар томилсон бүртгэл 2016-09-29-ний өдөр хийгдсэн /хх-51/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн компанийг бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-02-21-ний өдрийн итгэмжлэлээр Э.Шинэзоригт хоёр жилийн хугацаатай /хх-52/,

хариуцагч Р.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-03-25-ны өдрийн итгэмжлэлээр Э.Шинэзоригт хоёр жилийн хугацаатай /хх-64/ тус тус олгосон байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад талуудын хооронд 2016-12-14-ний өдөр 2016/3-30 тоот зээлийн гэрээ /хх-11-16/ байгуулагдаж, зээлдэгч нь 180.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн зээлийн төлбөрөөс 12 сараар чөлөөгдсөн байх бөгөөд зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 153/7 байрны 18 тоотын 85,80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

хариуцагч Б б ХХК-ийн захирал Б.Т түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоотод байрлах 562 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 108,2 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалан барьцааны  2016/Б-30 дугаартай гэрээ байгуулсан байна /хх-17-21/.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 180.000.000 төгрөгийг зээлэгчдид шилжүүлсэн, зээлдэгч уг мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаагүй, зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн, зээлдэгч гэрээний аливаа нөхцөл, үүргээ эс биелүүлсэн, зөрчсөн тохиолдолд сан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар зээлийн гэрээний 8.1, 10.2-т тус тус заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б б ХХК нь зээлийн эргэн төлөлтөд 2020-02-29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 53.514.451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14.069.082 төгрөг, нийт 67.583.533 төгрөгийг төлсөн, зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэг зөрчсөн буюу зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, 1028 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн төлбөрт болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 137.303.056 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хариуцагч Б б ХХК, иргэн Р.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний хугацаа болоогүй, гэрээ цуцлах саналыг мэдэгдээгүй, бид хүлээн аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба үндэслэлээ ...гэрээний хугацаа дуусах болоогүй, зээлийн үлдэгдэл төлбөрт тооцоо нийлж акт үйлдэж байсан, бидэнд зээл төлөлтийн талаар урьдчилан хэлж мэдэгдээгүй, зээлийн гэрээний хавсаралт байхгүй учир зээлийн гэрээний хуваарь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1-д зааснаар Ж д ү х с нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох эрхтэй байх тул Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Мөн зээлийн гэрээний үүрэг 180.000.000 төгрөгийн үүргийн шаардлагыг хангуулахаар хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 153/7 байрны 18 тоотын 85,80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

хариуцагч Б б ХХК-ийн захирал Б.Т түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоотод байрлах 562 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 108,2 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан, иргэн Б.Бээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, гэрээ хийх, төлөөлж гарын үсэг зурах зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ЭХЭУБА-д бүртгүүлэх эрхийг 2016-12-15-ны өдрийн итгэмжлэлээр Б.Тт /хх-27, 29/, О.Хөөс дээрх эрхийг 2016-12-12-ны өдөр Б.Тт /хх-31/ тус тус итгэмжлэлээр олгосон байх бөгөөд дээрх 2016-12-14-ний өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн, мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Б б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Т нь зээлийн гэрээнд, зээлийн барьцааны зүйлийн өмчлөгч Б.Т нь бусад өмчлөгчөөс олгосон итгэмжлэлээр барьцааны гэрээнд, зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Д зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байхад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, боломжит хугацаанд төлөлт хийж байсан, зээлдэгчийн мэдэгдлийг хүлээн аваагүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд 2016-12-14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 60 сарын хугацаатай байх боловч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1028 хоногоор хэтрүүлсэн буюу хэргийн 44-р талд авагдсан эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2017 онд зээлийн хүү төлөхөөр, 2018 оны 1-р сараас үндсэн зээл, зээлийн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд /хх-44/ төлсөн гэх хүснэгтээс харахад 2017 оны 2, 4, 6-9, 12 дугаар сарууд, 2018 оны 1, 2, 5, 7-8, 10-12 дугаар саруудад хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, 2019 оны 01-р сараас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгааг гэрээний талууд тооцож 151.233.688 төгрөг гэж /хх-45/ тооцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс 2020-04-30-ны өдөр гаргасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдсөн төлбөрийг хариуцагч тал үгүйсгэж няцаагаагүй болно /86-87/.

 

Зээлдүүлэгч Ж д ү х с нь хариуцагч нарт зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж, 2019-05-10-ны өдрийн 1/494 дугаартай албан бичиг, уг албан бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаарх баримтыг /хх-33, 71, 72/ нотлох баримтаар гаргасныг хариуцагч нар хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээний үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд тогтмол биелүүлж байсан одоо биелүүлж байгаа гэх үндэслэл тайлбараа нотлоогүй боловч нэхэмжлэгчээс 2019-05-10-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн аваагүй гэх атлаа нэхэмжлэгчтэй 2019-06-30-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж тооцоо нийлсэн байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хүлээн аваагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна /хх-45/.

 

Энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа 227 дугаартай баримтад хариуцагч Б б ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан нягтлан бодогч Б.Мөнхжаргал нь хариуцагчаас 2020-01-02, 2020-01-13, 2020-01-29, 2020-02-05, 2020-02-10, 2020-02-17, 2020-02-19, 2020-02-14-ны өдрүүдэд нэхэмжлэгч байгууллагад төлбөр төлсөн талаар төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт дээр гарын үсэг зурсан байна /хх-46-50/.

 

Мөн зээлийн гэрээний 8.1-д гэрээний үүргийг зөрчсөнд тооцох үндэслэлийг, 10.2-т гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг гэрээний талууд тохирсон байх бөгөөд зээлдэгч тал зээл буцаан төлөх үүргийг 3-аас дээш удаа зөрчөөгүй болохоо, итгэмжлэлээр барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн итгэмжлэлийг зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 сар тутам итгэмжлэлийг шинээр хийж гэрээг баталгаажуулах үүргээ хариуцагч тал гүйцэтгэсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаанд өөрчлөлт оруулахаар санал гаргасан болон сар бүр төлөх төлбөрийг тодорхой хугацааны дараа нэг дүнгээр бөөн төлсөн тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болохгүй байх талаар гэрээний талууд тохиролцоогүй, энэ тухай зээлдэгч нар санал гаргаж гэрээнд өөрчлөлт оруулаагүй болохыг зохигчийн төлөөлөгч тайлбарлаж байх тул зээл буцаан дуудах мэдэгдлийг хүлээн аваагүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байх бөгөөд зээлийн гэрээний хүчинтэй байх хугацаанд барьцаа хөрөнгийн итгэмжлэлийг шинээр хийх үүргийг барьцаалуулагч хүлээсэн байх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар гэрээний 10.2.5-д заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар ...татгалзлын үндэслэл, тайлбараа нотлох, нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах  нь хариуцагч нарын үүрэг тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн төлбөр болон түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 137.303.056 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох хариуцагч Р.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 153/7 байрны 18 тоотын 85,80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

хариуцагч “Б б” ХХК-ийн захирал Б.Т болон түүнд итгэмжлэлээр эрх олгосон өмчлөгч нарын Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоотод байрлах 562 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 108,2 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч байгууллага нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагад ногдох хураамж болох 914.665 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б б” ХХК , . Д  нарт холбогдох 2016-12-14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 137.303.056 /нэг зуун гучин долоон сая гурван зуун гурван мянга тавин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж д ү х с / д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл

хариуцагч Р.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 153/7 байрны 18 тоотын 85,80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

хариуцагч “Б б” ХХК-ийн захирал Б.Т болон түүнд итгэмжлэлээр эрх олгосон өмчлөгч нарын Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Дэнжийн 2-р гудамж 81 тоотод байрлах 562 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, 108,2 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ж д ү х с нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б б ХХК, Р.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 914.665 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.ЯНЖ