Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0063

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Л.Б

          Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал

          Гуравдагч этгээд Л.Н

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын “Д” ** дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2025/0044 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж

          Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга А.А

          Гуравдагч этгээд Л.Н

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

          Хэргийн индекс: 124/2025/0040/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Л.Б нь Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын “Д” ** дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

          2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.8 дахь хэсэг, 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, 56.5.2, 56.5.3 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ны Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын ** дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаартай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Д багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана” гэж заасан байхад хуралдаан даргалагчийн зүгээс хуралдаан явуулах дэгийг тогтоолоор албажуулаагүй мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгууль, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг зэрэгцүүлэн явуулж, санал хураах тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны тогтоол огт гараагүй зэрэг эс үйлдэхүй нь хууль зөрчиж байна. Түүнчлэн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны даргыг сонгож баталсан тогтоол, хуралдааны дэгийг баталсан тогтоол, дахин санал хураалтыг явуулах тухай тогтоол, тооллогын комисс томилсон тогтоол (тогтоолын төсөл байгаа) зэрэг тогтоолууд албажиж гараагүй нь хууль зөрчиж байна.

          3.2 Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах буюу тухайн шатны иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг даргыг нэр дэвшүүлэхтэй холбоотой харилцаа нь бүх нийтийн сонгуульд хамаарахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.30-д “шөнийн цаг гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг” гэж заасан. Иргэдийн амрах цагаар буюу шөнийн цагаар сонгууль явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн иргэдийн ирц бүрэн бүрдэх боломжийг хаасан, нэг талаас иргэдийн сонсох эрх, нөгөө талаас иргэн миний сонгогдох эрхэд халдсан гэж үзэж байна.

          3.3 Сонгогчийн тоо, саналын хуудасны тоо 2 нь 12-р зөрүүтэй байна. Хэдий гарын үсэг зураагүй 12 иргэн хуралдаанд оролцож ямар санал өгсөн байхаас үл хамаарч нэр дэвшигчдийн саналын зөрүү 25 байх тул санал хураалтын дүн хүчинтэй байх боловч бичиг баримт шалгахгүйгээр саналын хуудас олгож санал авсан нь хэн нэгний өмнөөс санал өгсөн байж болзошгүй юм. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Увс аймгийн Улаангом сумын Д багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай” ** дүгээр тогтоолоор Улаангом сумын ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1300 цагт товлож, багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох, зөвлөлийн гишүүдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

          4. Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, ** дугаар багийн Засаг даргад 5 хүн нэр дэвшин өрсөлдөж, эхний санал хураалтад 497 иргэн оролцсон (үүнээс 5 хуудас хүчингүй) бөгөөд Тооллогын комиссын “Санал хараалтын дүнгийн тухай” баримтаар Л.Б 186 буюу 37.42%, Л.Н 143 буюу 28.77%,  Б.Б 70 буюу 14.08%, Б.Б 66 буюу 13.27%, Б.Ц 27 буюу 5,43% санал тус тус авсан байна.

          5. Санал хураалтаар нэр дэвшигчдээс хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 хүний талаар дахин санал хураалт явуулж, дахин санал хураалтад 430 иргэн оролцож (үүнээс 8 хуудас хүчингүй), Л.Н 225 буюу 52.32%, Л.Б 197 буюу 45.81% санал (мөн өдрийн хуралдааны тэмдэглэлд) авсан байх ба Улаангом сумын Д ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор олонхын санал авсан Л.Н-г Улаангом сумын ** дугаар багийн Засаг даргаар сонгожээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-д “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заажээ.

          7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага буюу анхан шатны нэгж бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох ба тухайн багийн иргэн нь багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэх, Хуралдаанд оролцож хэлэлцэж буй асуудлаар санал өгөх эрхтэй, мөн Хуралдаанаас иргэдийн олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлахаар байна.

          8. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус хуульчлан зохицуулжээ.

          9. Увс аймгийн Улаангом сумын Д ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Хуралдааны дэг батлах тухай” ** дүгээр тогтоолын хавсралтаар ”Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэг”-ийг баталж, Хуралдааны дэгийн 10.4-д “Хуралдааны дарга санал хураалт бүрийн өмнө ямар асуудлаар санал хурааж байгаа тухай уншиж сонсгоно. Тийнхүү сонсгосны дараа санал тоолох комисс саналыг тоолох ажлыг зохион байгуулж, саналын дүнгийн талаар тухайлан тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн үнэн зөвийг баталж гарын үсэг зурна”, 11.4-д “Хурлын шийдвэрийг Хурлын тогтоолоор бэхжүүлэн Хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.

          10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ** дүгээр тогтоол (төсөл-01) Тооллогын комиссын дарга, гишүүдийг сонгох, ** дугаар тогтоол (төсөл-02) Улаангом сумын ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны даргаар А.А-г сонгож батлах, ** дугаар тогтоол (төсөл-03) Ч.Б-ыг багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, ** дүгээр тогтоол (төсөл-04) багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийг шинэчлэн байгуулах, ** дугаар тогтоолоор Л.Н-г Улаангом сумын ** дугаар багийн Засаг даргаар сонгосон байна.

          11. Тооллогын комиссын “Санал хараалтын дүнгийн тухай” баримтаар Улаангом сумын ** дугаар багийн Засаг даргад 5 хүн нэр дэвшин өрсөлдөж, эхний санал хураалтад 497 иргэн (үүнээс 5 хуудас хүчингүй) оролцсон, нэр дэвшигч Л.Б 186, Л.Н 143, Б.Б 70, Б.Б 66, Б.Ц 27 иргэний саналыг тус тус авсан байх ба санал хураалтын дүнгээр хэн ч олонхын санал аваагүй болохыг баталгаажуулж комиссын дарга, гишүүд гарын үсэг зурсан байна.

          12. Хуульд заасны дагуу хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчид дахин санал хураалт явуулж, дахин санал хураалтад 430 иргэн оролцож (хүчингүй санал 8)  Л.Н 225 буюу 52.32%, Л.Б 197 буюу 45.81% санал авсан тухай Хуралдааны тэмдэглэл (5 дугаар хуудас)-д тусгагдсан. Харин Тооллогын комиссоос дахин санал хураалтын дүнг баталгаажуулж тусгайлан баримт үйлдээгүй байх бөгөөд эхний санал хураалтын “Санал хараалтын дүнгийн тухай” баримтад Л.Н 225, 45,8%, Л.Б 195, 52,3% гэж нэмж (зөрүүтэй) тэмдэглэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

          13. Анхан шатны шүүх “...хуралдааны тэмдэглэлтэй зөрүүтэй бичигдсэнийг тодруулах зорилгоор дахин санал хураалтын саналын хуудсыг тоолоход 9 ширхэг хүчингүй саналын хуудас, нэр дэвшигч Л.Н 223 санал, нэр дэвшигч Л.Б 198 санал авсан гэх үйл баримт шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна” гэжээ.

           14. Дээрх нотлох баримтуудаас үзвэл, дахин санал хураалтын талаарх Хуралдааны тэмдэглэл, Тооллогын комиссын тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудад Л.Б 195, 197, 198 санал, Л.Н 223, 225 санал авсан гэх зөрүүтэй тэмдэглэгдсэн үйл баримт тогтоогдож байна.   

          15. Иймээс Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны үйл ажиллагаа хууль болон Хуралдааны дэгд заасны дагуу явагдаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал тус бүрээр тогтоол баталгаажуулж гаргаагүй, мөн дахин санал хураалт явагдсан боловч “Санал хараалтын дүнгийн тухай” баримт үйлдээгүй, Тооллогын комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй болох нь тогтоогдож байх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.2-д заасантай нийцээгүй, ”Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэг”-ийг 10.4, 11.4-д заасныг тус тус зөрчжээ.

          16. Анхан шатны шүүхийн “...нэр дэвшигчдийн саналын зөрүү 25 байх тул санал хураалтын дүн хүчинтэй тул Увс аймгийн Улаангом сумын Д багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын ** дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгох, улмаар тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт учир дутагдалтай болжээ.

          17. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон өөрийн баталсан дүрэм, журмыг дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй, шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан дэг, журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд олонхын саналаар шийдвэрлэсэн асуудал буюу Засаг даргыг сонгох иргэдийн саналд дүгнэлт хийхгүй.

          18. Өөрөөр хэлбэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон нийт иргэдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх нь Хурлын нийтлэг бүрэн эрхэд хамаарах (улс төрийн) шийдвэр бөгөөд захиргааны хэргийн шүүх Засаг даргыг сонгох иргэдийн сонголт, саналд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, харин Хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянана.

          19. Тиймээс нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “Л.Б санал хуралтаар 195, 197, 198 гэсэн 3 өөр санал авсан. Шүүх аливаа асуудлыг нягтлан нэг мөр тогтоох ёстой. Л.Н олонхын санал авсан бол энэ талаарх тогтоол яагаад гараагүй юм. Тооллогын комиссынхоо тогтоолын ард Л.Н олонхын санал авсан гэж хуралдаан даргалагч гарын үсэг зурсан алдаа гаргасан. Хэдэн хүн санал хураасан гэдгийг тогтоож байж энэ асуудлыг шийдэх ёстой байсан” гэх гомдол үндэслэлтэй.

          20. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын “Д” ** дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай “Улаангом сумын “Д” ** дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгаж, нэхэмжлэгч Л.Б-ны давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА