Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

             Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Иргэдийн төлөөлөгч Д.Энхцэцэг,

Улсын яллагч Б.Жаргал,

Хохирогч Б.Уламбаяр,

Гэрч Б.Бүрэнтөгс, П.Батзориг,

Шүүгдэгч Д.Орхон, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Ар тогоруутан овогт Дашмягмарын Орхонд холбогдох эрүүгийн 201626020932 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 6-16 насны 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо Мөнгөн тойг зочид буудлын 202 тоотод оршин суудаг, /СХД-ийн 5 хороо Баянголын 29 гудамж 02 тоотод оршин суух бүртгэлтэй/ гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ар тогоруутан овгийн Дашмягмар овогтой Орхон /РД: МЮ77111811/

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Орхон нь нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлаж 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 25-201 тоотод өөрийн түрээслэн амьдарч байсан байрандаа иргэн Б.Уламбаярыг ямарч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь хутгалж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Орхон мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 17 цагийн үед Ганзориг над руу залгасан. Тэгээд би гэртээ ирэхэд манай гэрт Уламбаяр, Болдоо, Ганзориг болон өөр нэг залуу хамт архи ууж байсан. Манай дүүтэй юм ярьж байсан ба би тухайн үед ээжийн бие хавдартай муу гэсэн тул сэтгэл санааны хувьд хүнд байдалтай ууртай байсан бөгөөд замаараа 2 шил тайгер пиво уусан байсан.

Тухайн байрны 00 өрөөний цоож гацдаг тул маслын хутгаар хөшиж онгойлгодог юм. Гал тогооноос хутга аваад хүүхдээ 00 өрөөнөөс гаргах гэхэд Уламбаяр ширээ цохиод босоод ирэхээр нь цаашаа бай гээд түлхээд би 00 орж хүүгээ гаргасан. Тэгэхэд эд нар гараад явчихсан. Манай гэрт Уянга, асрагч Оюунномин нар байсан. Тухайн үед хутгатай гараараа цаашаа бай гээд түлхэсэнээс өөр үйлдэл хийгээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уламбаяр мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Энхболдоос мөнгө авахаар очоод уулзсан. Батхүрэл Энхболд бид гурав 2 пиво хувааж уусан. Батхүрэл рүү Орхон залгаад хүрээд ир гэж байна гэхээр нь бид 3 очсон. Гэрийнх нь гаднаас 1 шил архи аваад орсон ба утсаар залгахад ороод байж бай гэсэн. Гэрт нь ороод архиа ууж байтал гаднаас Орхон орж ирсэн.

Орхон 1 шил архитай орж ирсэн ба дүүтэй нь танилцаад ярьж байтал Орхон манай дүү хөзөр сайн тоглодог гэхээр нь би Замын-Үүдэд хүмүүс их тоглодог юм билээ гэж хэлсэн. Тэр үед Бүрэнтөгсийг машин бариулахаар дуудсан тул ирчихсэн архи уугаагүй байсан. Тэгтэл гэнэт Орхон босож ирээд нүүрэн тус газар хутгалсан. Бүрэнтөгс, Батзориг нар намайг аваад Гэмтлийн эмнэлэг хүргэсэн.

Гомдолгүй, шүүгдэгчээс хохиролын 3.0 сая төгрөгийг өгчихөөч гэж хүсэж байна” гэв.

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Уламбаяр мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн багын найз болох Энхболдтой уулзаад зээлсэн мөнгөө авахаар төмөр замын орчим Энхболдтой уулзсан байгаа. Тэгээд бид 2 нэг нэг шил пиво хувааж уунгаа Улаанаа буюу мөн багын найз Батхүрэлийг дуудсан бөгөөд Батхүрэл удалгүй ирээд бид 3 пиво уугаад сууж байтал Батхүрэлийн утас руу Орхон гэх залуу залгаад “гэртээ хүрээд ир” гэсэн юм шиг байна лээ Батхүрэл бид 2 хандаж “гурвуулаа хамт Орхоны гэрт очьё” гэхээр нь би өмнө нь нэг хоёр удаа зүс харж байсан учраас “за тэгье” гээд бид 3 тэндээсээ гараад 18 цагийн орчим Хөгжил хотхон гэх байранд очсон.

            Бид 3 хүний 2, 2 пиво уусан бөгөөд нэг их согтолгүй эрүүл шахуу байсан. Тэгээд Орхон гээд залуугийн гэрт нь очоод хаалгыг нь тогшиход охин нь бололтой нэг охин байсан бөгөөд найзуудтайгаа хамт байсан ба “аав чинь байгаа юмуу” гэж асуухад “аав гадагшаа явсан байгаа, одоо ороод ирэх байхаа” гэхээр нь Орхоны утас руу Батхүрэл залгаад “ирж байгаа юм уу” гээд асуухад “ирж байна” гэж бид нарт хэлсэн.

            Бид нар Орхоныг ирэхээс өмнө 0,75 л хэмжээтэй нэг шил архи дөнгөж задлаад нэг нэг татчихаад байж байтал Орхон гаднаас бага насны бололтой нэг бандитай хамт орж ирсэн бөгөөд бага зэрэг халамцуу архи үнэртүүлсэн байхаар нь Батхүрэл Орхоноос “чи архи уучихсан юмуу” гэхэд “уусан” гэж хэлж байх шиг байсан. Тэгээд бид 4 юм яриад архиа уугаад тойрч суугаад буйдан дээр Батхүрэл, Энхболд бид нар суусан байсан Орхон болохоор ширээний урд талд газар суусан байсан. Тэгээд би өөрийнхөө нэг найзыг машин бариулахаар дуудсан байсан бөгөөд нэг их удалгүй явъя гэж бодож байсан юм.

            Удалгүй Бүрэнтөгс ирсэн бөгөөд архи ч дуусч байсан ба явах болоод гарах гээд суунгаа би тэднийд Орхонтой хамт орж ирсэн залуутай танилцаад гар бариад юм яриад сууж байтал Орхон анх орж ирэхдээ “энэ залуу болохоор манай диллер байгаа юм надтай хамт хөзөр тоглодог залуу байгаа юм” гэж хэлж байсныг нь санаад “чи хөзөр сайн тоглодог юмуу замын үүдэд хүмүүс их очиж тоглодог юм байна чи тийшээ надтай хамт очиж тоглох юмуу” гэж хэлээд “хөөе Орхон чи хамт очиж тоглох юмуу” гэхэд эргэж гал тогоо руугаа босч яваад хутга авсан юм шиг байгаа юм би нэг анзааралгүй хутгалчихна гэж саналгүй өөдөөс нь хараад сууж байхад хутга аваад над руу ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь босч иртэл миний нүүр лүү нэг удаа хавж хутгалсан. Тэгтэл Бүрэнтөгс намайг шууд хойноос татаад харин Батхүрэл, Энхболд 2 Орхоныг гарнаас барьж татсан ба Орхон өөрөө хутгатай гараа хойш урагш нь савчуулаад намайг “ална” гээд байсан гэсэн. Энийг нь болохоор сүүлд Батхүрэл, Энхболд 2 надад хэлсэн байгаа. Тэгээд бид нар гадагшаа гарсан ба Бүрэнтөгсөөр машинаа бариулаад эмнэлэг явж оёдол тавиулсан байгаа...

            Би Орхоныг өмнө нь бага байхдаа буюу 1996 оны орчим 17-18 орчим настай байхдаа Сэлэнгэ аймагт харж байсан бөгөөд найзалж нөхөрлөж юм ярьж байсан удаа байхгүй ээ. Батхүрэл, Энхболд 2 танидаг болохоор нь би гэрт нь очсон байгаа юм тэрнээс биш зүс танихгүй байх байсан бол гэрт нь очихгүй байх байсан. Тухайн өдөр болохоор Орхонтой танилцаад гар бариад нэрээ хэлсэн бөгөөд намайг таниж байна уу гэхэд танихгүй байна гэхээр нь би ямар сонин юм бэ санахгүй байна уу гэхэд хараагүй юм байнаа л гэж байсан өөр юм яриагүй. Бид 2-ын хооронд ямар нэгэн өс хонзон болоод өр авлаганы асуудал байхгүй ээ. Тэр өдөр л анх удаа уулзсан нь энэ байгаа...ямар шалтгаан байсныг нь би өөрөө ойлгохгүй байна ямар ч шалтгаан байгаагүй шүү дээ. Би Орхонтой маргалдаж зодолдож муудалцсан асуудал байхгүй зүгээр л сууж байхад надад агсам тавьж агсарч байгаа нь энэ юм байлгүй дээ. Гаднаас архи үнэртүүлчихсэн орж ирсэн бөгөөд нэг их айхтар согтоогүй байсан. Би Орхоноос илүү согтолттой байгаагүй ухаанаа алдтал тэр өдөр согтсон хүн байхгүй.

            …Би тэдний гэрт агсам тавьж орилж хашгирч ширээ өшиглөсөн асуудал байхгүй ээ. Би угаасаа агсам согтуу тавиад байдаг хүн ч биш. Орхон тийм хутгаар цоож янзалж байсан асуудал байгаагүй худлаа ярьж байна...” гэжээ. /хх 12-13 хуудас/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч П.Батзориг мэдүүлэхдээ: ...Намайг Батхүрэл гэж дууддаг байсан бөгөөд би өөрөө нэрээ 1996 онд паспортоо захиалахдаа Батзориг гэж сольсон байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байхад манай багын найз Орхон нь над руу залгасан би өмнө нь 2-3 хоногийн өмнө тааралдсан байсан бөгөөд хаана байна юу хийж байна гэхэд нь Энхболд бид 2 хамтдаа байна гэж хэлсэн ба Энхболдыг би яриулсан ба Орхон нь Орос улсад байж байсан бөгөөд уулзахгүй удсан учраас очиж уулзъя гээд бид нар гэрт нь очсон . Гэрт  нь очихдоо бид нар утсаар залгаад очсон ба ороход охин нь гэх охин байсан бөгөөд аав байхгүй байна гэсэн. Тэгээд бид нар авчирсан байсан нэг шил архиа хувааж уугаад сууж байтал гаднаас Орхон орж ирсэн ба нэг шил архиа уугаад юм яриад байсан. Юм яриад сууж байхад ямар нэгэн маргаан муудалцаан болоогүй байсан. Тэгээд тухайн үед юу ярьж байсныг нь санахгүй байна бүгдээрээ босцгоогоод ирсэн ба Уламбаярын нүүрнээс цус гарчихсан Бүрэнтөгс, Цогтжаргал нар тэвэрчихсэн харин Орхоныг болохоор гэрт нь байсан охин нь хойноос нь татаж харагдах шиг болсон. Орхоны гарт ямар нэгэн хутга шөвөг харагдаагүй ба хутгыг нь ав гэж бид нарыг гарч байхад хүмүүс орилдоод байсан.

            ...архи ууж байхдаа маргалдаж муудалцсан асуудал гараагүй. Хутга шөвгөндөө хүрэхээр ямар шалтгаан байсныг мэдэхгүй юм.

            Ямар нэгэн шалтгаангүйгээр хутгалчихсан өмнө нь уг нь муудалцаж маргалдсан асуудал байгаагүй.

            ... хутгаар бол түгжээ янзалсан асуудал байхгүй харин өмнө нь бие засах гэж байхад өрөөний түгжээ гацдаг шүү гэж хэлж байсан. …хутга гарт нь байна гэж сонссон болохоос биш ямар хутга байсныг нь хараагүй. Агсам согтуу тавьж ширээ өшиглөж танхайрсан асуудал байхгүй ээ...” гэжээ. /хх 14-15 хуудас/

 

            Гэрч П.Энхболд мэдүүлэхдээ: “....2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн найз болох Уламбаярт би мөнгө төгрөгийн өглөгтэй байсан учраас өөрийн гэрийн гадаа болох төмөр замд уулзалдаад ганц нэг шил пиво уунгаа мөн багын найз …Батзориг руу утсаар яриад уулзалдъя гээд бид нар тэндээсээ дөрвүүлээ очсон бөгөөд гаднаас бүгдээрээ халамцуу орохдоо нэг шил архи аваад орсон. Гэрт ороод архиа задлаад уугаад сууж байтал Орхон нэг шил архи барьчихсан орж ирсэн бөгөөд эхний авчирсан нэг шил архийг уугаад дуусаад байж байтал Орхоны авчирсан архиа задалсан байгаа. Орхоных болохоор гэр нь хөгжил хотхоны 2 давхарт байсан бөгөөд 2 өрөө байртай байсан. Орхоны гэрт охин нь гэх нэг охин байсан ба мөн охиных нь найз юм болов уу гэмээр бас нэг охин байсан. Бид хоорондоо юм ярингаа Батзориг бид 2 арай ойр сууж байснаараа хоорондоо юм яриад сууж байтал тэнд байсан хүмүүс босоод ирцгээсэн үү яасан яг тасарчихсан байсан учраас санахгүй байгаа юм ямар ч Уламбаярын нүүрнээс цус гарсныг гадаа гарахдаа харсан. Гадаа гараад би Уламбаярын  нүүрийг яасан юм бэ гэхэд Орхон шанаадчихлаа гэсэн. Тэгээд тэндээсээ бид нар эмнэлэг явсан байгаа.

            …Орхон, Уламбаяр нар нь ямар нэгэн маргаан муудалцаан болоогүй бөгөөд хоорондоо юм ярьж байгаа л харагдсан. Ямар шалтгаан байсан эсэх талаар нь мэдэхгүй юм.

            …Уламбаяр айлд ирчихээд агсам согтуу тавьсан асуудал байхгүй ээ...” гэжээ. /хх 16-17 хуудас/

 

            Гэрч Б.Бүрэнтөгс мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим манай найз Уламбаяр нь над руу залгаад “архи уучихсан байна хүрч ирээд машин бариад өгөөч” гэхээр нь “хаана байгаан” гэж асуухад “хөгжил хотхоны энд байна” гэхээр нь би гэрээсээ гараад нэг цаг орчим хэртэй яваад хөгжил хотхонд очоод 201 номерын өрөөнд очиход миний танидагаас Энхболд, Батзориг, Уламбаяр, мөн нэрийг нь нэг мэдэхгүй насаар арай ах гэмээр нэг залуу байсан бөгөөд мөн гэрийн Орхон нар байсан. Мөн хүүхдүүд нь харагдаж байх шиг байсан. Тэгээд гэрт ороход тэд нар 2 дох шил архиа задлаад ууж байгаа харагдсан ба намайг Орхоноос таних уу гэж асуухад Орхон танихгүй байна гэж хариулж байсан би өмнө нь зүс харж байсан учраас Орхоныг зүс харж байсан зүс таних төдий байсан. Намайг ороод байж байхад тэд нар хөзөр тоглох мэт юм ярьцгааж байсан ба ямар нэгэн байдлаар хөзөр тоглоогүй байсан ба тэнд байсан насаар багадуу гэмээр залууг Орхон нь “энэ залуу хөзөр сайн мэднээ араас нь хараад уншина шдээ” гээд Орхон хэлж байсан. Тэгтэл Уламбаяр тэр залууд хандаад “чи хөзөр сайн тоглодог юм бол Замын–Үүдэд очиж тоглох уу” гэхэд нөгөөх залуу “тоглож болно шдээ” гэж хэлсэн. Тэгээд Уламбаяр “Орхон чи яах юм бэ хөгшөөн хөөё Орхон” гээд дуудахад Орхон ямар нэгэн зүйл хэлэлгүй цаашаа босч гал тогооныхоо өрөө рүү эргээд хэсэгхэн зуур зогсоод эргэж хараад “чи яах юм бэ” гээд гараа далайгаад дайрахад нь гар луу нь харахад гарт нь ойролцоогоор 25см орчим урттай цагаан өнгийн иштэй хөнгөн цагаан мэт хутга харагдсан бид нар “хөөш юу болж байна” гээд босч ирэхэд Уламбаяр босч ирээд Орхон гараа далайх шиг болоод холдуулахын завдалгүй Уламбаярын нүүр лүү нэг удаа хутгаараа хатгахад нүүрнээс нь цус урсаж эхэлсэн бөгөөд дахиад гараа далайгаад “ална шүү” гээд дайраад байхаар нь дунд байсан ширээг нь Орхон руу түлхэж холдуулаад ширээнийх нь хөлнөөс түлхэж Орхоныг зайлуулсан. Тэгээд бид нар ямар нэгэн зодоон дахиж бололгүйгээр шууд Уламбаярыг Орхоны гэрээс авч гарсан ба Орхон хутгаа барьсан чигтээ орилж чарлаад дайраад байсан. Тэгээд бид нар тэндээсээ гэмтлийн эмнэлэг орсон байгаа... намайг анх орж ирэхэд энгийн харилцаатай байсан бөгөөд хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байгаагүй ээ. Ер нь бүгд ижилхэн шахуу гэмээр халаалттай байсан бөгөөд хэн нэг нь илүү согтолттой харагдаагүй ээ... Уламбаяр нь ямар нэгэн байдлаар бусдыг илтэд үл хүндэтгэсэн асуудал гаргаагүй бөгөөд агсам согтуу тавьсан асуудал гаргаагүй ээ. Угаасаа ч өмнө нь агсарч байсныг нь би мэдэхгүй юм.

            …Нойлын өрөө рүү Орхон нь хутга бариад явсан удаа байхгүй ээ. Харин тэр хаалга цоож нь яаж онгойдог эсэхийг мэдээгүй ээ.

            …хажуу талын жижиг өрөөнд бага насны гэмээр 2 охин байсан. Нойлын өрөөнд ямар нэгэн цоожлогдсон асуудал байгаагүй ээ...” гэжээ. /хх 18-19 хуудас/    

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4028  дугаартай дүгнэлтэд: 1. Уламбаярын биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх 21 хуудас/

 

                        Гэрч И.Цогтжаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сард байсан өдрийг нь сайн санахгүй байна. Би 72-р байрны гэртээ байж байхад манай найз Батзориг над руу яриад манай байрны гадна Энхболд болон бас нэг танихгүй найзтайгаа гурвуулаа ирчихсэн байсан. Энэ гурав архи уучихсан гээд бага зэрэг халамцуу байсан. Би өөрөө бас уучихсан байсан болохоор тэр оройноо хөгжил хотхонд байх нэг айлд очсон байгаа. Тэр айлыг танихгүй ээ. Тэр айлд орохдоо Батзориг эд нар дэлгүүрээс нэг шил архи аваад орсон. Гэрт нь ороход тэр айлын хүүхдүүд болох бага насны охидууд байсан. Тэр авсан архиа задлаад гэрийн эзнийг хүлээнгээ нэг нэг татаад сууж байсан. Тэгтэл гаднаас гэрийн эзэн нь гэх залуу орж ирсэн ба би танихгүй харж байгаагүй залуу байсан. Гэрийн эзэн нь архитай орж ирсэн үү сайн санахгүй байна. Тэр гэрийн эзэн болох залууд архи хийж өгөөд сууцгаасан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нүүрэндээ хутгалуулсан залуу гэрийн эзэн гэх залууд “хоёулаа тоглочих уу яах уу” гээд үгээр өдөөд байсан. Тэгтэл хутгалсан залуу нь ямар нэгэн зүйл хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд байж байхад хутгалуулдаг залуугийн нэг найз нь бололтой машин барихаар нэг танихгүй залуу ирсэн. Гэхдээ тэр архи уугаагүй ээ. Нүүрэндээ хутгалуулдаг залуугийн яг хажууд нь зүүн гар талд нь би сууж байсан. Харин миний хажууд Батзориг сууж байсан. Бид нар болохоор дөрвөлжин ширээ тойроод сууж байсан ба сандал нь болохоор буйдан байсан байгаа юм. Харин гэрийн эзэн нь болох залуу том өрөө нь гал зуухтайгаа хамт учраас гал зуухын тэр хавьд л сууж байсан. Тэр гэрийн эзэн нь болох залуу ямар хутга гартаа байсныг нь хараагүй, гэнэт бүгдээрээ босцгоогоод шуугилдаад ирэхээр нь юу боловоо гэж бодоод босоод иртэл тэр хохирогч гээд байгаа залуугийн нүднийх нь хажуу талаас цус нилээн их гарч байсан гараараа дарчихсан зогсч байсан. Энэ маргааныг тэгээд Энхболд эд нар салгасан байх би Батзоригийг бушуухан гаръя гээд түрүүлж аваад гарсан. Бид нар гараад тавуулаа машинд суугаад гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулаад гарч ирсэн...” гэжээ. /хх 63-64 хуудас/

 

            Гэрч Б.Оюунномин мэдүүлэхдээ: “...Би Орхон ахын 5 настай нэг охиныг 2016 оны 02 дугаар сарын 24-өөс 04 сарын 01 хүртэл гэрт нь харж асрагч хийдэг байсан юм. Ингэж Орхон ахыг анх таньдаг болсон. 2016 оны 3 дугаар сард байсныг санаж байна би Орхон ахын охидыг хараад БГД-ийн хөгжил хотхоны гэрт байж байтал оройн 20 цагийн үед хаалга тогшихоор нь хэн бэ гэхэд Орхон ахынх нь найзууд байна гээд гэрт 3 билүү 4 залуу орж ирсэн. Эдгээр залуучууд нь архи ундаа барьсан орж ирсэн ба би цаад жижиг өрөөнд суугаад ширээн дээр архиа задлаад ууж байсан. Удалгүй Орхон ах гаднаас орж ирээд тэд нартай юм яриад жоохон хүүхдүүд байхад архиа нуугаач гээд бага зэрэг ууртай байсан. Харин бага охин нь монгол хэл мэдэхгүй надад оросоор аниа айгаад байна гэхээр нь би эгчээр нь дамжуулан зүгээрээ гэж хэлүүлсэн. Тэдний нойлын өрөө гаднаасаа онгойдоггүй дотроосоо цоожлогдчихдог учраас дандаа маслын төмөр хутгаар хөшиж онгойлгодог юм. Бага охиныг нь Жижи гэдэг ба Орхон ахаа Жижи гарч чадахгүй байна та хаалгыг нь онгойлгоод өг гэж хэлсэн. Харин нөгөөх Орхон ахын найз нарынх нь нэг нь орилоод би хаанахын атаман байсан гээд тиймэрхүү утгатай юм яриад чанга чанга хашгираад байсан. Тэгсэн чинь Орхон ах чимээгүй байж бай хүүхэд айгаад байна маслын билүү саарал иштэй төмөр хутга бариад нойлын өрөө рүү гал тогооноос явж байхад нөгөөх түрүүний атаман гээд байсан ах Орхон ах руу уурлаад ширээ шааж босч иртэл архи нь асгараад ундаа нь өнхрөөд асгарчихсан. Тэгээд Орхон ах хутгаар цоожоо онгойлгох гээд байж байтал нөгөөх ах ирээд хойноос нь хувцаснаас нь татаад зууралдсан ба Орхон ах хутгатай гараараа цаашаа байж бай гээд түлхчихсэн. Тэгтэл нөгөөх ах хацраа барьсан ба шууд цус гарахгүй хэсэг байж байгаад цус гарч эхэлсэн. Би тэгэхээр нь орилоод хашгирахад бага охин нь гарч ирээд мөн орилсон. Тэгтэл  нөгөөх хутгалуулсан ах Орхон ах руу зодолдох гэж дайраад хамт байсан найз нар нь татаад аваад гарсан.

            …Нойлын өрөөний хаалга онгойлгох гэж байхад л цаанаас нь тэр ах Орхон ахыг татахаар нь Орхон ах чи цаашаа бай гээд түлхчихсэн. Тэгэхэд л зүсүүлчихсэн байсан...” гэжээ. /хх 65-66 хуудас/

 

            Шүүгдэгч Д.Орхоны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа,  /хх  23, 24, 26 хуудас/

                        Эмчилгээний баримтууд болон хохирогч хохирол нэхэмжлэл /хх 70-71 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

                        Шүүхийн дүгнэлт: 

            Шүүгдэгч Д.Орхон нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 25-201 тоотод өөрийн түрээслэн амьдарч байсан байрандаа иргэн Б.Уламбаярыг ямарч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан болох нь

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уламбаярын: “гэнэт Орхон босож ирээд нүүрэн тус газар хутгалсан” гэх мэдүүлэг

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Уламбаярын: “...би тэднийд Орхонтой хамт орж ирсэн залуутай танилцаад гар бариад юм яриад сууж байтал Орхон анх орж ирэхдээ “энэ залуу болохоор манай диллер байгаа юм надтай хамт хөзөр тоглодог залуу байгаа юм” гэж хэлж байсныг нь санаад “чи хөзөр сайн тоглодог юмуу Замын-Үүдэд хүмүүс их очиж тоглодог юм байна чи тийшээ надтай хамт очиж тоглох юмуу” гэж хэлээд “хөөе Орхон чи хамт очиж тоглох юмуу” гэхэд эргэж гал тогоо руугаа босч яваад хутга авсан юм шиг байгаа юм би нэг анзааралгүй хутгалчихна гэж саналгүй өөдөөс нь хараад сууж байхад хутга аваад над руу ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь босч иртэл миний нүүр лүү нэг удаа хавж хутгалсан.

            …Бид 2-ын хооронд ямар нэгэн өс хонзон болоод өр авлаганы асуудал байхгүй ээ. Тэр өдөр л анх удаа уулзсан …Би тэдний гэрт агсам тавьж орилж хашгирч ширээ өшиглөсөн асуудал байхгүй ээ. …Орхон тийм хутгаар цоож янзалж байсан асуудал байгаагүй худлаа ярьж байна...” гэх мэдүүлэг /хх 12-13/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч П.Батзориг: ...тухайн үед юу ярьж байсныг нь санахгүй байна бүгдээрээ босцгоогоод ирсэн ба Уламбаярын нүүрнээс цус гарчихсан Бүрэнтөгс, Цогтжаргал нар тэвэрчихсэн харин Орхоныг болохоор гэрт нь байсан охин нь хойноос нь татаж харагдах шиг болсон. Орхоны гарт ямар нэгэн хутга шөвөг харагдаагүй ба хутгыг нь ав гэж бид нарыг гарч байхад хүмүүс орилдоод байсан.

            ...архи ууж байхдаа маргалдаж муудалцсан асуудал гараагүй. Хутга шөвгөндөө хүрэхээр ямар шалтгаан байсныг мэдэхгүй юм. Ямар нэгэн шалтгаангүйгээр хутгалчихсан өмнө нь уг нь муудалцаж маргалдсан асуудал байгаагүй.

            ... хутгаар бол түгжээ янзалсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 14-15/

 

            Гэрч П.Энхболд: “....Бид хоорондоо юм ярингаа Батзориг бид 2 арай ойр сууж байснаараа хоорондоо юм яриад сууж байтал тэнд байсан хүмүүс босоод ирцгээсэн үү яасан яг тасарчихсан байсан учраас санахгүй байгаа юм. Ямар ч байсан Уламбаярын нүүрнээс цус гарсныг гадаа гарахдаа харсан.

            …Орхон, Уламбаяр нар нь ямар нэгэн маргаан муудалцаан болоогүй бөгөөд хоорондоо юм ярьж байгаа л харагдсан. …Уламбаяр айлд ирчихээд агсам согтуу тавьсан асуудал байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх 16-17/

 

            Гэрч Б.Бүрэнтөгс мэдүүлэхдээ: “...Намайг ороод байж байхад тэд нар хөзөр тоглох мэт юм ярьцгааж байсан ба ямар нэгэн байдлаар хөзөр тоглоогүй байсан ба тэнд байсан насаар багадуу гэмээр залууг Орхон нь “энэ залуу хөзөр сайн мэднээ араас нь хараад уншина шдээ” гээд Орхон хэлж байсан. Тэгтэл Уламбаяр тэр залууд хандаад “чи хөзөр сайн тоглодог юм бол Замын–Үүдэд очиж тоглох уу” гэхэд нөгөөх залуу “тоглож болно шдээ” гэж хэлсэн. Тэгээд Уламбаяр “Орхон чи яах юм бэ хөгшөөн хөөё Орхон” гээд дуудахад Орхон ямар нэгэн зүйл хэлэлгүй цаашаа босч гал тогооныхоо өрөө рүү эргээд хэсэгхэн зуур зогсоод эргэж хараад “чи яах юм бэ” гээд гараа далайгаад дайрахад нь гар луу нь харахад гарт нь ойролцоогоор 25см орчим урттай цагаан өнгийн иштэй хөнгөн цагаан мэт хутга харагдсан бид нар “хөөш юу болж байна” гээд босч ирэхэд Уламбаяр босч ирээд Орхон гараа далайх шиг болоод холдуулахын завдалгүй Уламбаярын нүүр лүү нэг удаа хутгаараа хатгахад нүүрнээс нь цус урсаж эхэлсэн бөгөөд дахиад гараа далайгаад “ална шүү” гээд дайраад байхаар нь дунд байсан ширээг нь Орхон руу түлхэж холдуулаад ширээнийх нь хөлнөөс түлхэж Орхоныг зайлуулсан. Тэгээд бид нар ямар нэгэн зодоон дахиж бололгүйгээр шууд Уламбаярыг Орхоны гэрээс авч гарсан ба Орхон хутгаа барьсан чигтээ орилж чарлаад дайраад байсан.

            ...намайг анх орж ирэхэд энгийн харилцаатай байсан бөгөөд хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байгаагүй ээ. ...Уламбаяр нь ямар нэгэн байдлаар бусдыг илтэд үл хүндэтгэсэн асуудал гаргаагүй бөгөөд агсам согтуу тавьсан асуудал гаргаагүй ээ. …Нойлын өрөө рүү Орхон нь хутга бариад явсан удаа байхгүй ээ. Харин тэр хаалга цоож нь яаж онгойдог эсэхийг мэдэхгүй ээ.

            …хажуу талын жижиг өрөөнд бага насны гэмээр 2 охин байсан. Нойлын өрөөнд ямар нэгэн цоожлогдсон асуудал байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /хх 18-19/    

           

                                    Гэрч И.Цогтжаргал: “...Бид нар дөрвөлжин ширээ тойроод сууж байсан ба сандал нь болохоор буйдан байсан байгаа юм. …гэнэт бүгдээрээ босцгоогоод шуугилдаад ирэхээр нь юу боловоо гэж бодоод босоод иртэл тэр хохирогч гээд байгаа залуугийн нүднийх нь хажуу талаас цус нилээн их гарч байсан гараараа дарчихсан зогсч байсан...” гэх мэдүүлэг /хх 63-64/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4028  дугаартай дүгнэлт /хх 21/, шүүгдэгч Д.Орхоны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа,  /хх  23, 24, 26 хуудас/, Эмчилгээний баримт болон хохирогчийн нэхэмжлэл /хх 70-71 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Д.Орхон: Хохирогч Б.Уламбаяр агсараад байсан ба 00 өрөөний үүдэнд араас татахаар нь түлхэх үед түүний нүүр зүсэгдсэн байсан” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Оюунномин мөрдөн байцаалтанд: “...нойлын өрөө гаднаасаа онгойдоггүй дотроосоо цоожлогдчихдог учраас дандаа маслын төмөр хутгаар хөшиж онгойлгодог юм. Бага охиныг нь Жижи гэдэг ба Орхон ахаа Жижи гарч чадахгүй байна та хаалгыг нь онгойлгоод өг гэж хэлсэн. Харин нөгөөх Орхон ахын найз нарынх нь нэг нь орилоод би хаанахын атаман байсан гээд тиймэрхүү утгатай юм яриад чанга чанга хашгираад байсан. Тэгсэн чинь Орхон ах чимээгүй байж бай хүүхэд айгаад байна маслын билүү саарал иштэй төмөр хутга бариад нойлын өрөө рүү гал тогооноос явж байхад нөгөөх түрүүний атаман гээд байсан ах Орхон ах руу уурлаад ширээ шааж босч иртэл архи нь асгараад ундаа нь өнхрөөд асгарчихсан. Тэгээд Орхон ах хутгаар цоожоо онгойлгох гээд байж байтал нөгөөх ах ирээд хойноос нь хувцаснаас нь татаад зууралдсан ба Орхон ах хутгатай гараараа цаашаа байж бай гээд түлхчихсэн. Тэгтэл нөгөөх ах хацраа барьсан ба шууд цус гарахгүй хэсэг байж байгаад цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 65-66/-үүд нь бусад хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгджээ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Орхон, гэрч Б.Оюунномин нарын дээрх мэдүүлэг нь хохирогч Б.Уламбаяр, гэрч П.Батзориг, И.Цогтжаргал, Б.Бүрэнтөгс, П.Энхболд нарын “…шүүгдэгч нь хохирогчийг өөд өөдөөсөө буюу ширээний хоёр талд сууж байхдаа хутгалсан болон тухайн үед ямар нэгэн маргаан гараагүй, ” талаарх мэдүүлгээр хангалттай үгүйсгэгдэж байх тул гэрч Б.Оюунномингийн мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Орхон нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Орхон нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Б.Уламбаярын бие махбодид учирсан гэмтэл арилж гэм хор арилсан, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдолгүй гэснийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зэргийг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ар тогоруутан овгийн Дашмягмарын Орхон нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ар тогоруутан овгийн Дашмягмарын Орхоныг 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Орхонд оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Д.Орхоны цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Орхоны цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Д.Орхонд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                            Ч.ОТГОНБАЯР

 

 

                                                                                               Л.ОЮУН