Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2022/0011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би иргэн Б.*******, Б.******* нарын ******* сумын Засаг даргад холбогдуулж гаргасан Өвөлжөөний газар эзэмших өргөдөл, хүсэлтийг болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын ******* багийн Улааны энгэрийн гурван давхрын өвөлжөөг Б.*******, Б.******* нарт эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.*******, Б.******* нар нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн хүрээнд 1. Улааны энгэрийн гурван давхрын өвөлжөөг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу /гэрчилгээг/ Б.*******т олгох. 2. Уг өвөлжөөнд Б.******* 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл өвөлжих. 3. 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Б.*******т өвөлжөөний газар, барилга байгууламжийг хүлээлгэн өгөх. 4. 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Б.******* өвөлжөөний газарт өвөлжихгүй байх. 5. 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Б.******* уг өвөлжөөнд өвөлжихгүй байхаар тохиролцсон тул Б.*******, Б.******* нар нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тус шүүхэд Өвөлжөөний маргааныг шийдвэрлэсэн хурлын тэмдэглэлийг ирүүлсэн ба уг тэмдэглэлээр хариуцагч ******* сумын Засаг даргаас Б.*******т Улааны энгэрийн 3 давхрын өвөлжөөг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу олгох, гэрчилгээг Б.*******т, Уг өвөлжөөнд Б.******* нь 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл өвөлжих, 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Б.*******т өвөлжөөний газар, барилга байгууламжийг хүлээлгэн өгөх, 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Б.******* уг өвөлжөөнд өвөлжихгүй байх, 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Б.******* уг өвөлжөөнд өвөлжихгүй байхаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар хэлэлцэж шийдвэрлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь ******* сумын Засаг даргад холбогдуулж Өвөлжөөний газар эзэмших өргөдөл, хүсэлтийг болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын ******* багийн Улааны энгэрийн гурван давхрын өвөлжөөг Б.*******, Б.******* нарт эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хэргийн оролцогчид нь Улааны энгэрийн гурван давхрын өвөлжөөг эзэмших эрхийн талаар Өвөлжөөний маргааныг шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэлээр уг өвөлжөөний эзэмшлийн асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлаа шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй, ******* сумын Засаг даргад холбогдох Өвөлжөөний газар эзэмших өргөдөл, хүсэлтийг болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын ******* багийн Улааны энгэрийн гурван давхрын өвөлжөөг Б.*******, Б.******* нарт эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР