| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2020/1034/И |
| Дугаар | 183/ШШ2020/01051 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2020/01051
2020 оны 04 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2020/01051 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч-Х б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ш.Г, Л.А нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Г, Л.А нар 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ17282/1694 тоот зээлийн шугамын гэрээгээр 200,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх нөхцлөөр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, Гэндэнгийн гудамж, 4 дүгээр байр, 1-10 тоот 113.46 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц Ү-1018003059, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, 28 дугаар байр, 22.5 м.кв талбайтай авто зогсоол Ү-101800340, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 4 дүгээр баг 12 дугаар гудамж, 186 тоот 60.9 м.кв талбай бүхий өвлийн сууц 779 м.кв газрын хамт Ү-101800260, Г-101800145 зэрэг орон сууцыг барьцаалуулсан байна. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нар нь зээл авах үедээ Өвөрхангай аймаг, 5 дугаар баг, 12-орон сууц 1-10 хаягт оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Зээлийн гэрээний хугацаа 2017.03.18-ны өдөр дууссан боловч үндсэн зээлийн үлдэгдэл 196,420,139.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 148,558,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,770,504 төгрөг, нийт 367,748,915 төгрөг төлөгдөөгүй байна. Банк зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй зээлдэгчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй тул хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан бөгөөд ИХШХШТухай 155.1 болон 155.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Г, Л.А нарыг сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Уг хэргийг яаралтай хэлэлцэж, нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х б ХХК нь Ш.Г, Л.А нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ /хх-1-2/.
Х б ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Bell овогтой John Charles-ийг томилсон бүртгэл 2016-05-18-ны өдөр хийгдсэн /хх-4/ байх бөгөөд компанийг бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2018-08-14-ний өдрийн 01/8470 дугаар итгэмжлэлээр Ж.Хосбаярт хоёр жилийн хугацаатай олгосон /хх-6/ байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг бүрэн төлөөлөн оролцох итгэмжлэлийг Ж.Хосбаяраас Б.Байгальмаад нэг жилийн хугацаатай олгосон /хх-7/ байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020-04-24-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх талаарх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Х б ХХК, Ш.Г, Л.А нарын хооронд 2014-09-10-ны өдөр ЗГ17282/1694 тоот зээлийн шугамын гэрээ, мөн өдрийн БГ17282/1694 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдсан /хх-9-12/ байх бөгөөд 2016-03-18-ны өдөр ЗГ/19221 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг талууд байгуулсан байна.
Дээрх зээлийн гэрээний үүрэг шаардахад Ш.Г, Л.А нар Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багийн 217 дугаар байрны 10 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хуучин 1 дүгээр байр 12 айлын орон сууц 1-10 тоот гэсэн хаягтай байсан гэж Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар багийн засаг дарга 2020-03-10-ны өдрийн 213, 214 тоот албан бичгээр тодорхойлсон байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа хаяг тодорхойгүй буюу нэхэмжлэгч байгууллагатай зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан Ш.Г, Л.А нар гэрээ байгуулахад бүртгүүлсэн хаягтаа амьдардаггүй болохыг төрийн байгууллага тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Г, Л.А нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Г, Л.А нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Г, Л.А нарыг эрэн сурвалжлаж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч Х б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаа /холбоо барих утас-9909/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020-03-10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотордавж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУ