| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
2023 09 22 2023/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч С.Б********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б********д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Б********нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 211 дэх километрт Тоёота Ланд-100 маркийн 02-62 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих, баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Хово маркийн 59-21 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Т.Э********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч С.Б********нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 211 дэх километрт Тоёота Ланд-100 маркийн 02-62 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих, баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Хово маркийн 59-21 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Т.Э********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19-р хуудас/,
Хохирогч Т.Э********ын: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр кемп дээрээ байж байгаад 22 цагийн үед Б*********, Ганбаа бид 4 идэж уух юм, уух ус авахаар дэлгүүр орохоор гарсан. Тэгээд шороон замаас засмал зам руу ороод 2, 3 км газар явж байтал зөрж явсан машины гэрэл гялбаад зам дээр эвдрээд зогсож байсан машиныг харахгүй араас очоод мөргөчихсөн... Б********* жолоо барьж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
Гэрч Э.Дагвадоржийн: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өглөө Ухаа худаг уурхайгаас Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн 59-21 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ нүүрс ачуулаад Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн 211 дэх километр өнгөрөөд явж байхад тээврийн хэрэгслийн чирэгч толгойны жолоочийн эсрэг талын арын хоёр дугуй давхраараа буудаж хагарсан байхаар нь тээврийн хэрэгслээ хөдөлгөхгүй /конус/ ослын тэмдгээ байрлуулж тавиад байж байтал түс гээд чимээ гарахаар нь гараад хартал миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн арын 52-12 БЧ улсын дугаартай 2 дугаар чиргүүлийн хойноос Land 100 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн байдалтай мөргөсөн машинд байсан хүмүүс гараад ирчихсэн нэг хүн ёолоод зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч В.Эрдэнэмөнхийн: “...2023 оны 08-р сарын 07-ны өдөр кемп дээрээс Цагаанхад орж хоол хүнс авах гээд Б********* тээврийн хэрэгсэл жолоодож Эрдэнэбаяр, Ганбат бид нар зорчиж явж байгаад хатуу хучилттай авто зам руу ороод явж байхад зам дээр аваарын гэрэл дохио асаагаагүй нүүрс тээврийн машин гэнэт харагдаад машин байна гээд хэлэхийн завдалгүй чиргүүлийн араас нь очиж мөргөсөн... Ослын тэмдэг байрлуулж тавьсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
Гэрч Д.Ганбатын: “...2023 оны 08 дугаар 07-ны өдөр кемп дээрээ байж байгаад ...С.Б*********гийн машинд нь суугаад кемпээс гараад нүүрс тээврийн замаар ороод явж байтал урдаасаа хойшоо чиглэлд явж байсан гурван тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд ороод гэрлийн гялбаанаас гарахад нүүрс тээврийн машины чиргүүл тулаад орж ирэхээр нь жолооч тормоз гишгэхэд зогсохгүй чиргүүлийн араас нь мөргөөд бид нар машинаас буугаад байж байтал Э*******ын гар нь хугарсан байдалтай Э*********ийн тохой хэсгээр хөдлөхгүй байсан жолоочийн толгой хагарсан миний баруун талын дух хэсгээр зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
Гэрч Ш.Бямбасүрэнгийн: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 2-р чиргүүлийн хойноос Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарсан талаар Энержи ресурс ХХК-ийн холбогдох хүнд осол гарсан талаар мэдэгдэж хэлсний дагуу тухайн осол дээр тээврийн мастер Лхагвабаяр очиж ажиллахад Энержи ресурс ХХК-ийн тээврийн хэрэгслийн хойноос ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж осол гарсан байна гээд Лхагвабаяр хэлж байсан... Энержи ресурс ХХК-ийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 326 дугаартай “1.Т.Э********ын биед зүүн бугалга ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой 3.Т.Э********ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Т.Э********ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 50-51-р хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...1.Тоёота Ланд-100 маркийн 02-62 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б********нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих, баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. 2.Хово маркийн 59-21 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Дагвадорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 3.Жолооч С.Б********нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 1.3, 12.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 82-83-р хуудас/,
Яллагдагч С.Б*********гийн: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Галба транс ХХК-ийн кемп дээр байж байгаад хоол хүнсний зүйл авах гээд би Ланд 100 маркийн 02-62 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ...нүүрс тээврийн замаар дөнгөж ороод явж байхад миний зорчиж явсан эсрэг урсгалаас хоёр нүүрс тээврийн машин зөрж өнгөрөөд гурав дахь машин зөрж өнгөрөх гэж байхад гэрэлд гялбаад би зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн ар хэсэг рүү мөргөсөн... би урд зогсож байгаа тээврийн хэрэгслийг хараад тормоз гишгэсэн боловч зогсохгүй араас нь гулгаад мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.Б********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Б********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч С.Б*********г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Т.Э********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Б*********г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч С.Б********нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.Б*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч***** овогт С.Б*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*********г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Т.Э********* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч С.Б*********г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б*********гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА