Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

 

    2023              10                  10                                                      2023/ШЦТ/138

 

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э*******,

Шүүгдэгч Б.О******** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О********д холбогдох **************дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.О**********нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.О**********ийг 2022 оны 07 дугаар сард /2 удаа/, 08 дугаар сард, 2023 оны 02 дугаар сард, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус тус Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байх гэртээ байхдаа байнга зодсон,

2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эхнэр А.О**********ийн нүүрэн тус газарт цохиж уруулд шарх, баруун нүдний цус хуралт, баруун зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.О**********нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.О**********ийг 2022 оны 07 дугаар сард /2 удаа/, 08 дугаар сард, 2023 оны 02 дугаар сард, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус тус Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байх гэртээ байхдаа байнга зодсон,

2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эхнэр А.О**********ийн нүүрэн тус газарт цохиж уруулд шарх, баруун нүдний цус хуралт, баруун зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч А.О**********ийн: “...Би нөхөр О**********тай 2018 онд Дорнод аймагт танилцаад 2020 онд нэг гэрт орж хамтран амьдарч байгаад 2022 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан... Манай нөхөр О********** нь хэрүүл маргаан хийх болгонд надад их, бага хэмжээгээр гар хүрч зоддог... 2022 оны 07 сард Баян-Овоо суманд гэртээ байхад 2 удаа, 8 сард 1 удаа зодсон тэгэхэд би жирэмсэн байсан. Тухайн үед 3, 4 сартай жирэмсэн байсан. 2023 оны 02 сард намайг төрөөд хүүхдээ нэг сартай байхад хүүхдээ хөхүүлээд сууж байхад миний баруун чих рүү гараараа нэг удаа цохисон, 2023 оны 03 сарын 03-ны өдөр над руу гар утас шидсэн шиг санагдаж байна. 2023 оны 05 сарын 22-ны өдөр маргалдаж байгаад миний толгойны зүүн тал руу 1 билүү 2 удаа цохисон. 2023 оны 08 сарын 04-ний орой сэрүүн ороод хүүхдээ салхилуулаад байж байхад нөхөр О********** хүнсээ цуглуулангаа 2 ширхэг 0,5 литрийн касс пиво авсан тэгээд нэг нэгээр нь хувааж уусан. Тэгээд манай нөхрийн ангийн уулзалт болоод хөрш айл руугаа явсан. Тэгчихээд цаг гаран болоод ороод ирсэн... Тэгээд би хүүхдээ аваад урд айл руу ороод байж байтал О********** утасдаад юу хийж байна манай ангийнхан заал руу явчихлаа гэсэн тэгтэл пиво уух юм уу? гэсэн тэгээд зөвшөөрсөн тэгтэл 0,5 литрийн 10 ширхэг касс нэртэй пиво авчирсан тэгээд яваад өгсөн. Миний байсан айлд 2 найз хүүхэнтэйгээ хоёр хоёр ширхгийг нийт 6-г уугаад дөрвөн ширхгийг үлдээгээд харьсан. Тэгээд гэрт ирэхэд охин, нөхөр хоёр унтаж байсан... Тэгээд би нөхөр охин хоёрын голоор нь орж хэвтээд нөхрийг наашаа хараад унт гээд араас нь татахад эргэж харахгүй байсан тэгэхээр нь би “чи ангийнхаа охидуудыг харчихаад яах гээд маяглаад байгаа юм” гэж хэлсэн тэгтэл нөхөр “чи согтуу ирчихээд араас татаж чангаалаа” гээд уурлаад миний зүүн шанаа руу 2 удаа цохисон тэгээд би өөдөөс нь өөрийгөө хамгаалж самардаж, маажсан тэгтэл нөхөр миний баруун хацар луу 1 удаа цохисон хөл рүү өшиглөсөн.... 2021 он, 2022 онуудад баруун нүд хөхөрч байсан, хөлийн шилбэ хөхөрч байсан, толгой доргиод бариачид нөхөртэйгөө хамт очиж хэд хэдэн удаа бариулж байсан. 2023 оны 01 сард зүүн талын чих рүү алгадсан тэгээд толгой доргисон 2023 оны 03 сард гар хөлөнд л хөхрөлт үүссэн байсан. 2023 оны 05 сард над руу утас шидээд миний хөлийн шилбэ хөхөрсөн байсан. 2023 оны 08 сарын 04-ний өдөр зодуулахад зүүн талын шанаа хөхөрсөн, баруун талын хацар хөхөрсөн, уруулын дотор тал язарсан, зүүн талын хөл хоёр хэсэг газар хөхөрсөн, зүүн гарын бугалга жижиг жижиг хөхрөлттэй, толгой хүчтэй өвддөг... Урьд нь зодуулах болгондоо эмнэлэгт үзүүлж байгаагүй. Бариачид очиж бариулдаг байсан... Бид хоёр дандаа хоёулхнаа байхад энэ асуудал үүсдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

Хохирогч А.О**********ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн: “...Гэрт хэрүүл маргаан болох үед манай гэрт хүн байдаггүй би нөхөртэйгөө хоёулхнаа байдаг байсан, бид 2-ыг хэрэлдэж мууддаг, намайг цохиж зоддог талаар мэддэг хүн байхгүй... Баян-Овоо суманд 2022 оны 07 дугаар сард наадам болоод тухайн үед О**********тай морь үзэж явж байгаад хамгийн сүүлийн насны морь үзэхээр явъя гэхээр нь би жирэмсэн байсан учраас ядраад “би явахгүй чи яваад үзчихээд ир, би ядраад байна” гэж хэлсэн чинь “чи гэртээ ямар юмнуудтайгаа уулзах гээд байгаа юм бэ” гэж хэрэлдээд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд тэр үедээ намайг “яв зайл” гэх мэтээр гэрээсээ хөөгөөд намайг түлхэхэд нь би газарт унаад миний гуяны орчимд хөхрөлт үүссэн байсан... Энэ үйл явдал болсны дараа 07 дугаар сарын 10-ны орчимд Алтай таван богд хайрхан руу аялалд яваад буцаад 07 дугаар сарын 19-нд Баян-Овоо сум руу замдаа явж байхад О**********ы өмнөх эхнэрийн хүүхэд нь мөнгө явуул гэж мессеж бичээд байхаар нь би “чи наадахаа больчих, өмнөх асуудлаа орхичих” гэсэн чинь миний өөдөөс уурлаад машинд сууж байхдаа миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохиод миний хамранд хөхрөлт үүсч байсан. Тухайн үед бид 2 мөн л 2-лаа явж байсан өөр хүн байгаагүй. 2022 оны 08 дугаар сард бид 2 Баян-Овоо суманд байх гэртээ байхдаа О**********ы ээж аавын талаар ярьж байгаад хоорондоо маргалдаад тэгсэн чинь ээж аавыгаа өмөөрч надтай хэрэлдэж маргалдаад гараараа миний нүүрний зүүн талын хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгж цохисон улмаас миний зүүн талын шанаа хэсэгт хөхрөлт үүсч толгой өвдөөд байхаар нь хүйтэн жин тавьж зүгээр болгож байсан. Тэр үед бид 2 гэртээ хоёулхнаа байсан өөр хүн байгаагүй... Мөн Баян-Овоо суманд байх гэртээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бас нэг хэрүүл маргаан хийж байгаад над руу өөрийнхөө барьж байсан гар утсыг шидээд тэр нь миний хөлийн хэсэгт онож байсан тэр үедээ их бэртэл гэмтэл үүссэн зүйл байхгүй. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүүхдийнхээ вакциныг хийлгэчихээд гэртээ ирээд байж байхад хүүхэд уйлаад халуураад байхаар нь гэртээ хоолоо хийгээгүй байсан чинь О********** хоол хийсэнгүй гээд уурлаад байхаар нь би “хүүхэд халуураад, уйлаад байхад чинь юун хоол хийж өгөх” гэсэн чинь мөн уурлаад “чи хүүхдийнхээ хажуугаар хийх ёстой” гэж намайг загнаж байгаад миний нүүрний зүүн талын хэсэг рүү 1-2 удаа гараараа цохиж байсан, тэгж цохисон улмаас хөхрөлт няцралт үүссэн зүйл бол байхгүй, хэсэг толгой өвдөж байгаад зүгээр болсон. Тухайн үед манай гэрт охинтойгоо хамт бид 3 л байсан өөр хүн байгаагүй... Хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баян-Овоо сумын төвд гэртээ байхдаа өмнөх мэдүүлэгт өгсөн шалтгаанаар маргалдаж миний зүүн талын шанаа, баруун талын хацар, зүүн талын хөлийн шилбэ зэрэг рүү цохиж намайг зодсон. Ингэж цохиулсны улмаас миний толгой өвдөөд байхаар нь Баян-Овоо суманд байдаг бариачид бариулж байсан. Толгойгоо бариулахдаа би нөхөртөө цохиулсан гэдгээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч С.Жаргалмаагийн: “...О********** машинд суугаад эмнэлэг явж байх замдаа О********** намайг өчигдөр орой цохиод түүнээс нь болоод толгой өвдөөд байна, тэгээд эмнэлэгт үзүүлэх гэж байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед харахад Октябрийн шанаа хэсэг хавдсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 331 дугаартай “1.А.О**********ийн биед уруулд шарх, баруун нүдний цус хуралт, баруун зүүн шанаанд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.А.О**********ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 4.А.О**********ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.О**********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.О**********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.О**********ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.О********** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.О**********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг  шүүгдэгч Б.О**********нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.О**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х********* овогт Б.О**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр болон ажил хөдөлмөр эрхэлдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О**********нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Хохирогч А.О********** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.О**********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О**********ы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Д.БАТТУЛГА