Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

 

    2023              10                  12                                                    2023/ШЦТ/140

                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э*********,

Шүүгдэгч Б.Б********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б*********нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар хүртэл ********** ХХК-ийн ************** бүсэд үйл ажиллагаа явуулдаг 114 дүгээр салбар шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан түлш буюу шатахууны борлуулалтын орлогоос 165.152.765 төгрөг дутсан, нөөцийн савны үлдэгдлээс 1616 литр буюу 6.787.200 төгрөг тус тус завшиж нийт 171.939.965 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*********мэдүүлэхдээ: “2022 оны 12 сард анх ажилтнаар ирж байсан. Энхбаяр гэдэг хүнтэй 1 сарын дундуур танилцаж түлш өгч байсан. Миний буруу хийсэн зүйлдээ гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*********мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.Б*********нь манай компанийн харьяа МТ Чингэлтэй салбарт 2022 оны 05 дугаар сард түгээгчээр орж ажилласан байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******************* салбарт эрхлэгчээр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 04 дүгээр сард хийсэн шалгалтаар борлуулалтын орлогын мөнгөнөөс 165.152.765 төгрөг дутсан, нөөцийн савны үлдэгдлийн байх ёстой хэмжээнээс 1616 литр буюу 6.787.200 төгрөг нийт 171.939.965 дутагдал гаргасныг манай компанийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Анх ШТС-ын нөөц хадгалах савнаас авто системээс соруулахад байх ёстой хэмжээнд хүрэлцэхгүй авто серверт хүрэхгүй байсан учраас дутагдал үүссэн магадлалтай байна гэж үзэж Улаанбаатар хотоос комисс томилогдон хяналт шалгалтын менежер, үйлчилгээний газрын менежер болон техник ашиглалтын газрын технологийн хэмжилзүйн инженерүүд ирж тооллого шалгалт хийх явцад борлуулалтын орлогын мөнгөнөөс дутсан байдаг. Тухайн шалгалтын явцад дутагдал хэрхэн үүссэн талаар Б.Б*********аас тодруулахад шатахууныг түгээгүүрээр нүүрс тээврийн жолоочид 2000-2500 төгрөгөөр худалдан борлуулсан талаар тайлбар өгсөн. Шүүгдэгч мэдүүлэгтээ 20 тонн худалдан борлуулж 30-д сая төгрөг болсон талаар ярьсан ялгаа үүсэж байна вэ гэхлээр манай шахахууныг шатахуун түгээх станцынхаа үнээр борлуулахад тухайн үед түлшний үнэ 4200 төгрөг байсан. Шүүгдэгч хууль бусаар худалдан борлуулахдаа 50%-н хямдаар зарчхаад энэ хүний олсон орлого 40 орчим сая төгрөг манай компанид учирсан бодит хохирол 171.939.965 төгрөг учирсан. Одоо үлдэгдэл 168.10.910 төгрөгийн хохирол манай компанид төлөгдөөгүй хэвээр байгаа. Үлдэгдэл хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Нэмж нэг зүйл хэлэхэд манай 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ***********л ХХК-ийн 23 тоот албан бичгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн тасагт ************салбарт 2023 оны 1-4 сарын буюу Б.Б************ийг ажиллаж байх үеийн шатахууны тайланг хүргүүлсэн. Тухайн үед өөрийнх нь гаргаж байсан хяналт шалгалтаар гарсан дутагдалтай харьцуулж харах боломжтой гэж үзэж явуулсан боловч хавтас хэрэгт авагдаагүй байна” гэв.

Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн ************** дугаартай Б.Б************т холбогдох хэрэгт Улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б********* овогт Б.Б********* нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл ************* ХХК-ийн *************** суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг 114-р салбар шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан түлш буюу шатахууны борлуулалтын орлогоос 165.152.765 төгрөг дутсан, нөөцийн савны үлдэгдлээс 1616 литр буюу 6.787.200 төгрөг тус тус завшиж нийт 171.939.965 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдрийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Оюунсувдын мэдүүлэг, гэрч Тамир, Батцэцэг, Ариунболд, Алтанцоож, Энхбаяр, Мөнхбат, Сандагсүрэн мэдүүлэг, Энхбаярын Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Б************ийн Хаан банкны эзэмшлийн *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Иймд Шүүгдэгч Б.Б**********ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б*********нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл ********** ХХК-ийн ************* суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг 114-р салбар шатахуун түгээх станцад ажиллаж байх хугацаандаа шатахууны борлуулалтын орлогоос хувьдаа зарж компанид 171.939.965 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирол өндөр гарах болсон шалтгаан тухайн үед компанийн түлш нь литр нь 4200 төгрөг байсан. Үүнийг 2000 төгрөгөөр зарж өөртөө 60,70 орчим сая төгрөгийн орлого авсан байдаг. Шатахууныг 4200 төгрөгөөр бодохоор хохирлын үнийн дүнтэй таарч байна. Тиймээс  завших гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах санал гаргаж байгаад татгалзах зүйл байхгүй. Хохирол төлбөр төлсөн үлдэгдлээс 168.010.919 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа хүсэлтээ удаа дараа өгч байсан байдаг. Ийм учраас гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б***********ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О**********ын “...Манай *********** ХХК-ийн ************суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг 114 дүгээр салбар шатахуун түгээх станцаас автоцистенэрээр соруулж зарлага гаргах гэтэл байх ёстой шатахууны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учир Улаанбаатар хотын төв салбарын хяналт шалгалтын инженер, мэргэжилтнүүд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд тус салбар шатахуун түгээх станц дээр тооллого хийж шалгахад шатахууны борлуулалтын орлогоос 165.152.765 төгрөг дутсан, нөөцийн савны үлдэгдлээс 1616 литр буюу 6.787.200 төгрөгийн дутагдлууд илэрсэн. Ингээд нийт 171.939.965 төгрөгийн хохирол манай компанид учирсан ту  л цагдаагийн байгууллагад хандсан юм. Уг хяналт шалгалтаар ажилласан менежерүүд нь уг шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан Б********* гэгчээс тайлбар авахад "Шатахууныг өөрөө зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулж тайлан мэдээ дээрээ зарж борлуулаагүй байгаа мэтээр тайлагнасан" гэж тайлбарласан байсан...Б********** нь манай *************** ХХК-нд 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр түгээгчээр ажилд ороод 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ************* ХХК-ийн ************* суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг 114 дүгээр салбар шатахуун түгээх станцад эрхлэгчээр томилогдон ажилласан...Чанар стандарт хяналтын хэлтсийн хяналтын менежер М.Тамир, Үйлчилгээний газрын үйл ажиллагааны менежер Д.Батцэцэг, техник ашиглалтын газрын ахлах инженер Д.Сандагсүрэн, технологийн инженер Л.Мөнхбат нарын ажлын хэсэг очиж хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн...Компанид учирсан 171.939.965 төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.Өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-р хуудас/,

2023.06.27-ны өдрийн дахин өгсөн “...Бүрэн төлж барагдуулаагүй байгаа. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр компанийн 5028020441 тоот дансанд 2.000.000 төгрөг, 05 дугаар сарын 01-ний өдөр тус дансанд 350.000 төгрөг, 05 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөгийг шилжүүлсэн, 04 дүгээр сарын 30-ны өдөр ажиллаж байх хугацааны цалин болох 1.142.320 төгрөг, урамшуулал 136.725 төгрөгийг тус тус суутгаж авсан. Нийтдээ 3.929.046 төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа. Цаашид ажил хийж цалин мөнгөөрөө төлж барагдуулна гэж ярьж байсан...Би тэрийг сайн мэдэхгүй байна. Анх хяналт шалгалтаар хүмүүс очиж тайлбар авахад түгээгч Б.Алтанцоож уг хэрэгт хамааралгүй гэж тайлбар бичиж өгсөн байсан...Одоо төлж барагдуулаагүй 168.010.919 төгрөгийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд сууна...” гэсэн мэдүүлэг /хх-н 64-р хуудас/,

Гэрч М.Тамирын “...************** ХХК-ийн 114 дүгээр салбар дээр очиж түгээгүүрийн милийн заалтыг авч эрхлэгч Б.Б************ийн явуулсан тайлантай тулгаж үзэхэд нийт 326.012.765 төгрөгийн шатахуун борлуулагдсанаас компанид 160.860.000 төгрөгийн шатахуун борлуулагдсан мэтээр тайлагнаж 165.152.765 төгрөгийг хувьдаа ашигласан байсан зөрчил тогтоогдсон. Сав сулласан актаар 11.147 литр шатахуун байх ёстойгоос савыг суллаж дотор шатахууныг хэмжиж үзэхэд 9.932 литр шатахуун байсан бөгөөд нөөцийн савнаас нийт 1616 литр буюу 6.787.200 төгрөгийн шатахуун нийт 171.939.965 төгрөгийн дутсан зөрчил илэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-67-р хуудас/,

Гэрч Д.Батцэцэгийн “.......Шалгалтын үеэр эрхлэгч  Б.Б**********ийн тайлагнасан түгээгүүрийн заалтыг бодит газар дээр нь ухрааж шалгахад түгээгүүрийн заалт нь тайлагнасан заалтаас 165.152.765 төгрөгийн дутагдал үүссэн байсан. Нэг ёсондоо нийт 326.012.765 төгрөгийн шатахуун зарж борлуулчихаад компанийн дансанд 160.860.000 төгрөгийг орлого хэмээн тушааж тайлан болон түгээгүүрийн тоолуурын заалтыг уг мөнгөн дүнтэй нийцүүлж худал тайлагнаж нийт борлуулагдсан шатахуунаас 165.152.765 төгрөгийг компанийн орлогод тушаагаагүй зөрчил үүссэн...” гэх мэдүүлэг/хх-н 68-р хуудас/,

Гэрч Б.Ариунбилэгийн “...Би Б***************ийг танина. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Б********* анх 2022 оны 12 дугаар сард манай төрсөн ах Алтанцоожийн ажилладаг *********** ХХК-ийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллахаар ирэх үед нь танилцсан...Манай ах Ариунболд бид 2 түлш зөөврийн ажилгүй байх үедээ төрсөн ах Алтанцоожийн ажилладаг *********** ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд хоол идэх гэж очдог байсан. Тухайн үед Б**********34-38 гэсэн дугаартай Huyndai mighty 2 маркийн зөөврийн түлш тээврийн машинд түлш өгдөг байсан. Тэр машин нь нэлээн хэдэн удаа ирж түлш авч байсан. Ямар учиртай машинд түлш өгч байгаа талаар асуухад "энэ машин Мөнх өсөх зам гэдэг компанийн түлшийг зөөдөг юм" гэж хэлж байсан...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б*********** надад "манай клонк түлш зарж болно гэсэн" гэхээр нь би 1 литр түлшийг 2500 төгрөгөөр тооцож 2 тонн түлш худалдан авсан бөгөөд намайг мөнгөө *********** тоот данс руу шилжүүлээрэй гээд би өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ************** тоот данснаас 8,500,000 төгрөг шилжүүлж байсан. Өөр Б*********аас түлш худалдаж авч байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 71-72-р хуудас/,

Гэрч Б.Ариунболдын “...Би өөрийн эзэмшлийн 9407 УАМ улсын дугаартай Huyndai mighty 2 маркийн 3000 литрийн багтаамжтай зөөврийн түлш тээврийн машинаар Цагаан хаданд ажиллаж байгаа тээврийн компаниудын машины түлшийг шатахуун түгээх станцуудаас зөөвөрлөж хүргэж өгдөг. Заримдаа хямд үнэтэй түлш худалдаж аваад хувьд нүүрс тээвэрлэх машинтай хүнд зарж ашиг олдог...Миний төрсөн дүү Ариунбилэг мөн адил хувьдаа зөөврийн түлш тээврийн машинаар надтай адил ажил хийдэг бөгөөд бид 2 тус тусдаа ажилладаг...Би Б*********ийг танина. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Б*********** анх 2022 оны 12 дугаар сард манай ах Алтанцоожийн ажилладаг ********** ХХК-ийн шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллахаар ирэх үед нь танилцсан...Манай дүү Ариунбилэг бид 2 түлш зөөврийн ажилгүй байх үедээ төрсөн ах Алтанцоожийн ********** ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд хоол идэх гэж очдог байсан. Тухайн үед Б********* 3438 гэсэн дугаартай Huyndai mighty 2 маркийн зөөврийн түлш тээврийн машинд түлш өгдөг байсан. Тэр машин нь нэлээн хэдэн удаа ирж түлш авч байсан. Ямар учиртай машинд түлш өгч байгаа талаар асуухад "энэ машин Мөнх өсөх зам гэдэг компанийн түлшийг зөөдөг юм" гэж хэлж байсан...Надад тийм үйлдэл байхгүй. Би захиалгаар түлш зөөдөг эсхүл хямд үнэтэй түлш худалдаж авахад 1 литр тутамд 200-300 төгрөгийн ашиг харж зардаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 74-75-р хуудас/,

2023.06.15-ны өдрийн дахин өгсөн “...Тэр машины улсын дугаар нь 32-34 ӨВЕ улсын дугаартай ногоон өнгийн Mighty-2 маркийн тээврийн хэрэгсэл байсан юм байна лээ. Би урьд өгсөн мэдүүлэгтээ улсын дугаарыг нь андуурч мэдүүлсэн байсан. Уг машинд "Мөнх өсөх зам" ХХК-ийн машинд гэрээгээр түлш олгож байгаа гэж надад нэг удаа хэлж байсан мөн манай ах Алтанцоожид бас ингэж хэлж ойлгуулсан байсан. Тухайн үед ********** ХХК-иас "Мөнх өсөх зам" ХХК-тай ямар нэгэн түлш худалдан борлуулах гэрээ хийгдээгүй байсныг нь *********** ХХК-ийн шалгалтаар ирсэн хүмүүс нь хэлж байсан. Тэгэхээр Б********** нь Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ********* ШТС-д байгаа түлшийг зохих зөвшөөрөлгүйгээр өөрөө худалдан борлуулж байгаа зүйл юм...2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотоос ах Алтанцоожийг ********* ШТС-ын ажилчдын амрах байранд Б********тай уулзах үед би гар утсан дээрээ бичлэг хийсэн байсан. Тухайн үед юу гэж ярьсныг нь би бичлэг дээрээсээ харж байгаад хэлж өгье. /гар утсанд бичсэн бичлэгийн харж сонсож байгаад хариулав/ Бичлэг дээр Б********** нь ярихдаа "32-34 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өгсөн, өөр машинд өгөөгүй, нэг авахдаа 2-3 тонн түлш авсан, хэд хэдэн удаа ирж авсан, би түлшийг зараад хамаг өрөө дарсан гэдгээ захирал, Батцэцэг менежер 2-т утсаар залгаж хэлсэн" гэх мэт зүйлийн тухай ярьж байсан. Уг бичлэгийг би хэргийн материалд хавсаргуулна. Би тухайн үед ах, дүү бид 3-ыг бас хэрэгт гүтгэчихвий гэж бодоод гар утсан дээрээ нууцаар бичлэг хийсэн байсан юм...Үгүй ээ бид 3 Б*********аас түлш авч худалдан борлуулсан зүйл байхгүй, ********* түлш авдаггүй юм. Манай дүү Ариунбилэг бид 2 тус тусдаа нэг нэг зөөврийн түлшний машинтай тэр машинуудаараа нүүрс тээврийн компаниудын захиалгын дагуу колонкоос шатахуун аваад байгаа газарт нь хүргэж өгч машинд нь түлшийг хийж өгдөг ажил хийдэг юм. Нэг удаагийн хүргэлт нь түлшний хэмжээ харгалзахгүйгээр 150.000. 200.000 төгрөгийн ханштай байдаг...Зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байсан талаар мэдээгүй байсан. Яг сар өдрийг нь сайн санахгүй байна өнгөрсөн цагаан сарын үеэр манай дүү Ариунбилэг Цагаан хаданд ажлаа хийж байхад Б********* манай дүү рүү залгаад нилээд халамцуу "намайг айлаас ирээд авчих" гэж ярьсан байсан. Тэрнийх нь дагуу манай айлд нь яваад очсон чинь нөгөө 32-34 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь байсан бөгөөд манай дүүг гадаа гараад юм ярья гэж хэлээд гадаа авч гараад манай дүүд хандан "Б************ надад их хэмжээний түлш хямдхан өгөөд байна, энэ болдог юм уу" гэж асуухад нь манай дүү Ариунбилэг "энэ болохгүй, ********-ийн борлуулалт муудаад байгаа энэ чинь асуудал үүснэ" гэж хэлсэн байсан. Ингэж ярьсан тухайгаа тэр өдрийнхөө маргааш нь манай дүү Ариунбилэг ах Алтанцоожид залгаж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 88-р хуудас/,

Гэрч Б.Алтанцоожийн “......36 тонн-ийн даацтай машинд шатахуун соруулах гэхэд  30 гаруй тонн дизель түлш дутаад ********** ХХК-иас хүмүүс ирж нарийн шалгалт хийхэд нийт 171 сая орчим төгрөгийн орлого дутсан. Энэ нь тус 114 дүгээр шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан Б*********** гэх хүн компанийн түлшийг “************” ХХК-ийн нэр дээр оруулж хувь хүнд хямд үнээр зарснаас үүдэлтэй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-н 77-78-р хуудас/,

Гэрч Э.Энхбаярын “...Б.Б********тай 2023 оны 01 дүгээр сард **********суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ********** ШТС-аас түлш авч байхдаа анх танилцаж байсан юм. Бид 2 танилцаад бие биеийгээ мэддэг болж байгаад хоорондоо утсаар яриад Б********* надад хандаж “манай колонк дээр гэрээтэй жолооч нараас үлдэгдэл илүү гарсан түлш үлдчихлээ энийг ирээд авчих” гэж ярьдаг байсан. Тэр түлшийг нь би Б*********аас 2000-2500 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Энэ байдлаар нилээд олон удаа Б********аас түлш авч байсан. Авсан түлшээ би нүүрс тээврийн жолооч нарт 2500-2800 төгрөгийн хооронд зарж борлуулдаг байсан. Намайг түлш авах үед Б********* гэрээт компанийн жолооч нараас аваад илүү гарсан түлш байгаа юм гэж хэлдэг байсан...Тухайн үед түлш худалдаж авахдаа Б*********аас энэ түгээгч нар чинь мэдэж байгаа юу гэж асуухад “би өөрөө эрхлэгч нь учраас бүгдийг нь мэдэж байна” гэж надад хэлээд намайг “Өсөх зам транс” гэдэг нэртэй компанийн нэр дээрээс түлш авч байгаа байдлаар харагдуулж цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Сүүлдээ тэр гарын үсгээ зуруулахаа больсон...Би яг сайн санахгүй байна нилээд хэдэн удаа очиж авч байсан нэг удаа авахдаа өөрийн 32-34 ӨВЕ улсын дугаартай Mighty-2 маркийн тээврийн хэрэгслээр 1-3 тонн хэмжээтэй түлш авдаг байсан. Би 2022 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгаас Цагаан хаданд ирсэн бөгөөд тэр үеэс эхлээд Б*********тай танилцаж 2023 оны 03 дугаар сар хүртэл Б*********аас түлш авдаг байсан...Би 2023 оны 01 дүгээр сард Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй байхдаа 52-83 ӨВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 3-4 удаа очиж авч байсан. Тэрнээс хойш машинаа солиод 32-34 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж авдаг болсон...Б.Б*********нь түлшнийхээ мөнгийг өөрийн 5042526889 тоот данс руу шилжүүлж авдаг байсан. Би түлшнийх нь мөнгийг өөрийн 5540346979 тоот данснаас шилжүүлсэн өөр данснаас шилжүүлсэн зүйл байхгүй. Б********* мөн адил өөр дансаар авсан, бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-н 85-86-р хуудас/,

Гэрч Л.Мөнхбатын “...Уг хяналт, шалгалтын явцад М.Тамир, Д.Батцэцэг нар шатахуун түгээгүүрийн милийн заалтыг авч, эрхлэгч Б.Б*********ийн тайлагнасан тайлантай тулгаж үзэхэд нийт 165.152.765 төгрөгийн шатахуун дутсан зөрчлийг илрүүлсэн. Үүний дараа Д.Сандагсүрэн бид 2 шатахууны нөөцийн саванд байгаа Үлдэгдэл шатахууныг суллаж, савыг цэвэрлэж байвал зохих шатахууны тооцоог гаргаж үзэхэд нийт 1660 литр шатахуун дутсан бөгөөд үүнээс хэвийн хорогдлыг хасаг тооцоход 1616 литр шатахуун дутаж байсан...Уг салбар ШТС-д 50 мкуб-ын багтаамжтай 4 ширхэг нөөцийн сав байдаг бөгөөд нөөцийн сав тус бүрээс дутсан шатахууныг тооцоолох боломжгүй бөгөөд уг дутсан шатахуун нь 4 савнаас нийт дутаж байгаа хэмжээ юм....Нөөцийн савнаас шууд шланк болон нацосс зэргээр соруулан авах боломжтой байдаг ийм байдлаар уг дутагдал үүссэн байх гэж бодож байна. Бид нар хяналт шалгалтын явцад түгээгүүрийн милль-ийн зөрүүг гаргаж бодит зааж байсан милль-ээс шатахууны нөөцийн саванд байх ёстой үлдэгдлийг тооцоолж нөөцийн савнаас шатахууныг суллаж үзэхэд 1616 литр дутсан байсан. Тиймээс ямар нэгэн байдлаар хошуугаар буюу түгээгүүрээс гаргах боломжгүй....Хэвийн хорогдол гэж гардаг. Гэхдээ дизель түлшний хувьд харьцангуй бага байдаг бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 467 дугаартай тогтоолын 7 дугаар хавсралтад заасны дагуу тооцож хэвийн хорогдлыг боддог. Энэ журмын дагуу 114 дүгээр ШТС-ын нөөцийн савны хэвийн хорогдлыг тооцож бодит дутагдлыг гаргахад нийт 1616 литр шатахуун дутсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 96-р хуудас/,

Гэрч Д..Сандагсүрэнгийн “...Шалгалтын явцад ханалтын менежер М.Тамир, үйлчилгээний менежер Д.Батцэцэг нар тухайн ШТС-ын эрхлэгч Б.Б*********ийг байлцуулан шатахуун түгээгүүрийн миллийг шаасан. Түүний дараа шатахууны нөөцийн саванд байгаа үлдэгдэл шатахууныг хэмжээ үлдэгдлийг тодорхойлсон гэх мэтээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Түүний маргааш нь буюу 04 дүгээр сарын 01-ний өдөр технологийн инженер Л.Мөнхбат бид 2 шатахууны нөөцийн саван дотор орж шатахууныг суллаж шавхаад дотор талыг цэвэрлээд шатахууны нөөцийн савнаас дутсан бодит хохирлыг тооцож үзэхэд нийт 4 ширхэг 50 мкуб-ын багтаамжтай шатахууны нөөцийн савнаас нийт 1000 литр шатахуун дутсан бөгөөд үүнээс хэвийн хорогдлыг тооцож хасаад бодит дутагдал нь 1616 литр шатахуун дутсан байсан. Үүнээс гадна М.Тамир. Д.Батцэцэг нар түгээгүүрийн милль нийт 105.152.703 төгрөгийн шатахуун дутсан гэж байсан. Би бол шатахууны нөөцийн сав суллах, нөөцийн савнаас дутсан шатахууны тооцоог гаргасан...Нөөцийн саванд байх ёстой шатахууны үлдэгдлийг тооцоолж түүний дараа саванд байгаа шатахууныг суллаж хэмжиж үзэхэд нийт 1616 литр шатахуун дутаж байсан. Энэ нь яг ямар шалтгааны улмаас дутсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед эдгээр шатахууныг хариуцаж байсан эрхлэгч Б.Б*********тай холбоотой байх гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг /хх-н 98-99-р хуудас/,

Хаан банкны ************** тоот Э.Энхбаярын эзэмшлийн дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-н 108-122-р хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /Эрдэнэчулууны Энхбаярын эзэмшлийн Хаан банкны 5540346979 тоот дансанд үзлэг хийсэн/ /хх-н 123-127-р хуудас/,

Хаан банкны 5540463014 тоот Т.Гэрэлмаагийн эзэмшлийн дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-н 128-132-р хуудас/,

Хаан банкны 5042526889 тоот Б.Б*********ийн эзэмшлийн дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-н 134-157-р хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/ Хаан банкны ********** тоот Б.Б*********ийн дансанд үзлэг хийсэн /хх-н 158-166-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б*********нь 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар хүртэл ********* Хан-Уул ХХК-ийн ************ суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг 114 дүгээр салбар шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан түлш буюу шатахууны борлуулалтын орлогоос 165.152.765 төгрөг дутсан, нөөцийн савны үлдэгдлээс 1616 литр буюу 6.787.200 төгрөг тус тус завшиж нийт 171.939.965 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Б.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Б*********нь хохирогч “**********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.О**********ын нэхэмжилсэн 171,939,965 төгрөгийн хохирол учруулснаас 3,929,046 төгрөгийг төлж үлдэгдэл 168,101,919 төгрөгийг төлж барагдуулаагүй, төлж барагдуулахаа илэрхийлсэн  тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б*********аас  168,101,919 төгрөгийг гаргуулж хохирогч “***********” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.    

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн 1.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид сайн дураараа хохирол буюу 3.929.046 төгрөгийн хохирол төлсөн цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон мөрдөн шалгах ажиллагааны явц болон прокурорын хяналт, өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э********* эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Б.Б*********ийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Тухайн хэрэгт Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тухайлбал Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн хувьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар хавтас хэрэгт авагдсан. Өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж байгаа үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна гэдэг хүсэлтээ удаа дараа бичгээр гаргаж хүсэлтээ нотариатаар батлуулсан баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Эдгээр нөхцөл байдлын улмаас ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүд нь 1-3 бага насны хүүхдүүд байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг Улсын яллагчийн гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялын саналыг дэмжиж байна. Энэ саналын дагуу ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б*********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б*********т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин улсын яллагчийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан ял оногдуулах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “…гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэв.

            2.3. Бусад асуудлын талаар

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б****** овогт Б.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б*********т 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*********т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хохирогч “*********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.О*********нь хохирол төлбөрт 171,939,965 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Б*********нь хохирогч “*************” ХХК-д 3,929,046 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б*********аас 168,010,919 төгрөгийг гаргуулж хохирогч “***********” ХХК-д олгосугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б*********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.БАТТУЛГА