Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/348

 

С.Сад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

яллагдагч С.С, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/289 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.Сад холбогдох 1910020880910 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ч овгийн Сийн С, 1977 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 7 дугаар гудамжны 91 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

            С.С нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Хабитатын 7 дугаар гудамжны 91 тоотод, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ С.Мын зүүн хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, нэвчдэс үрэвсэл, цусан хураа бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Яллагдагч С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байх тул нэг мөр шалгасны эцэст яллагдагчийн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Яллагдагчийн өмгөөлөгч С.Соронзонболд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...С.Сыг гэртээ байхад нь хүмүүс зөвшөөрөлгүйгээр орж ирээд гэрийнх нь цонхыг хагалсан, яллагдагчийн биеийн эрүүл мэндэд халдсан, н.Цогтсайханыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асууж, С.Сыг У.Батдэлгэрэх зодсон эсэхийг шалгуулах, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, С.Сын гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэлгүй, нотлогдохгүй байгаа тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэсэн үндэслэлээр маргасан байх тул дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, насанд хүрээгүй гэрч Г.Уын “...У.Батдэлгэрэх нь яллагдагч С.Сын гэрт орж ирээд шууд түүнийг цохиж, зодож эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул У.Батдэлгэрэх нь С.Сыг гэртээ байхад нь зөвшөөрөлгүйгээр орж ирэн гэрийнх нь цонхыг хагалж, түүнийг зодож, биед нь гэмтэл учруулсан эсэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10688 дугаартай шинжээчийн “...С.Мын биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэсэн дүгнэлтийг хавтас хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан С.Мын биед учирсан гэмтлийг /зүүн хөл/ зурагтай харьцуулан харахад С.Мын биед учирсан гэмтэл нь хэрхэн, яаж учирсан эсэхэд эргэлзээ төрж байх тул дахин шинжээч томилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзлээ. Мөн тухайн үед хэргийн газарт байсан гэх н.Цогтсайханыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асууж, тодруулаагүй байх тул түүнээс гэрчээр мэдүүлэг авах, яллагдагчийн өмгөөлөгч С.Соронзонболд нь фудболк эд мөрийн баримтаар тооцуулах хүсэлт гаргасан нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, түүнийг эд мөрийн баримтаар тооцох эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зохимжтой. ...” гэж үзэж, С.Сад холбогдох 1910020880910 дугаартай хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх яллагдагчийн өмгөөлөгч С.Соронзонболдын “... С.Сыг гэртээ байхад нь түүний гэрт хүмүүс зөвшөөрөлгүй орж ирээд гэрийнх нь цонхыг хагалсан, яллагдагчийн эрүүл мэндэд халдсан, н.Цогтсайханыг гэрчээр асууж, С.Сыг У.Батдэлгэрэх зодсон эсэхийг шалгуулах, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах. ...” гэсэн хүсэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй юм. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 7 дугаар гудамжны 91 тоотод яллагдагч С.С, Энхдулам нарыг архи ууж байхад хохирогч С.М нь Н.Оюунгэрэл, Г.У нарын хамт орсноос маргаан үүсч, яллагдагч С.С нь хохирогч С.Мын зүүн хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан гэрч У.Батдэлгэрэхийн “...Орой 18 цагийн үед манай ээж М утсаар “...Энхдулам эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байна, тэр эрэгтэй /С/ нь намайг цохичихлоо. ...” гэж ярихаар нь би тэд нарын байгаа газарт яваад очсон. ...” гэх, гэрч Н.Оюунгэрэлийн “...Манай охин Энхдулам танихгүй залуу /С/-ийн хамтаар сууж байсан, М бид хоёрыг ороход тэр залуу шууд миний цээж рүү цохиод унагаасан бөгөөд босож ирэхэд М “чи настай хүнийг яаж байгаа юм” гэхэд тэр залуу Мын хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд байж байтал араас манай хүргэн Батдэлгэрэх орж ирээд “яагаад энэ хоёрыг зодож байгаа юм, настай хүмүүс байна шүү дээ. ...” гэж хэлээд бид нар гэрээс нь гараад явсан. ...” гэх мэдүүлгүүд болон хохирогч С.М, насанд хүрээгүй гэрч Г.У, шинжээч эмч Ө.Сарангэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн 10688 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдсон тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, хэргийн газарт байгаагүй н.Цогтсайхан гэгчийг гэрчээр байцаах шаардлагагүй. Тухайн цаг хугацаанд яллагдагч С.С цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан, цонхны шил хагалсан” талаар гомдол гаргаагүй ба 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч С.Сад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/289 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Яллагдагч С нь Мын биед гэмтэл учруулсан гэх гэм буруутай үйлдлийг хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хавтас хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт, гомдлыг энэ хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагагүй. Учир нь, гэрийн эд зүйл эвдэлсэн эсэх асуудал байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдлоо гаргаад тусад нь шалгуулах эрх нь байгаа. Хэргийн газарт байгаагүй Батдэлгэр гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авах хүсэлт гаргаж байгаа нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна. ...” гэв.

Яллагдагч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгтэй холбоотой шалгах шаардлагатай бүх үйлдлүүдийг бүгдийг нь шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. Гэрч нар хэт нэг талыг барьж мэдүүлэг өгсөн асуудал харагддаг. Мөн Батдэлгэр, Оюунгэрэл, М нар айлд хууль бусаар нэвтрэн орж, бусдыг зодсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх талаас нь хэргийг дахин шалгаж өгнө үү. Тухайн үед хохирогчийн хажууд байсан М гэх хүн зураг авсан байдаг. Уг зургийг шалгуулах хүсэлтийг прокурор, Улсын ерөнхий прокурорт гаргасан боловч татгалзсан байдаг. Шинжээч томилуулах гол шалтгаан нь тухайн хэрэг учрал зун болсон бөгөөд С.С нь шорт, углааштай байсан. Хүний хөл рүү нүцгэн хөлөөрөө өшиглөхөд тийм хэмжээний зулгаралт, урагдалт үүсэх боломжгүй гэж үзэж шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасан. Зурган дээр зулгарсан гэмтэл нь пийшингийн өндөртэй тэнцүү байсан тул анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “пийшинд зулгарсан гэмтлээр дүүг минь буруутгаж байна” гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаж байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох, түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийн материалыг судлахад, яллагдагч С.С нь хохирогч С.Мын биед учруулсан гэмтлийн талаар хохирогч С.М /хх 16-18, 48-52/, гэрч Н.Оюунгэрэл /хх 19-21/, гэрч Д.Энхдулам /хх 22-24/, гэрч Р.Баттөмөр /хх 53-54/, шинжээч эмч Ө.Сарангэрэл /хх 34/, насанд хүрээгүй гэрч Г.У /хх 28-29/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10688 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүх, хохирогч С.Мд учирсан гэмтлийн талаар эргэлзээтэй гэж үзвэл уг дүгнэлт гаргасан шинжээчийг дахин шүүх хуралдаанд оролцуулан тодруулах, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоож, яллагдагч С.Сын гэм буруугийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч С.Соронзонболдоос “...фудболк эд мөрийн баримтаар тооцуулах, хэргийн газарт байгаагүй н.Цогтсайханыг гэрчээр мэдүүлэг өгүүлэх” талаар гарсан хүсэлт нь зайлшгүй хийх шаардлагагүй бөгөөд хэрэгт чухал ач холбогдолгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Сад холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/289 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Сад холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцтэл яллагдагч С.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ