Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0078

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ц.М, түүний өмгөөлөгч Г.А

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч  Д.У

          Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал

          Гуравдагч этгээд Ц.М

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улаангом сумын “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 124/ШШ2025/0050 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Д.У

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

          Гуравдагч этгээд Ц.М

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.А

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

          Хэргийн индекс: 124/2025/0041/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

          2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4 дэх хэсэг, 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, 56.5.2, 56.5.3 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ийн Увс аймгийн Улаангом сумын “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” ** дугаартай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ц.М, түүний өмгөөлөгч Г.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан цаг орой болсон байсан тул дахин санал хураалтыг 20 минутын дараа эхлүүлье гэж шийдвэрлээд цаг болоогүй байхад 17 минутын дараа хаалгаа хаасан бөгөөд надад санал өгөх, миний хүмүүсийг хашаагаар орж байхад нь хаалгаа хаасанд гомдолтой байна. Тухайн хүмүүс дотор миний эхнэр хүртэл хэдэн хүнтэй хаалган дээр ирж байхад дахин хуралдаанд оролцуулаагүй” гэх тайлбар туйлын үнэн, санал өгөх иргэдийн эрхийг хангаагүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгын хувьд зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж шийдвэрлэсэн ч энэхүү сонгуульд ялалт байгуулж олонхын санал авсан гуравдагч этгээд Ц.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг анхаарахгүй орхигдуулсан гэж үзэж байна.

          3.2 Тухайн хуралдаанд оролцогчдын ирц хангалттай хүрч байхад иргэдийн Нийтийн Хурлын даргаас дараагийн ажлын өдөрт шилжүүлэх эсэх талаар хуралдаанд оролцогч иргэдээс асуухад “нэгэнт цугларсан учир өнөөдөртөө дуусгая, дахиж ирэх завгүй” гэж саналыг гаргасан учраас 20 минут завсарласны дараагаар дахин санал хураалтыг явуулъя гэх шийдвэрийг гаргасан байдаг. Багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг зохион байгуулах иргэдийн Нийтийн Хурал нь иргэдийн ирц хүрч байгаа тохиолдолд тухайн ирцээрээ санал хураалтыг зохион байгуулдаг бөгөөд санал өгсөн иргэд сонгогчид гараад гэр рүүгээ явах нь яваад, үлдэж санал хураалтын үр дүнг сонсох нь сонсоод, дахин санал хураалт явахаар бол дахин саналаа өгөөд явдаг шууд ардчиллын зарчмаар сайн дурын үндсэн дээр явагддаг онцлогтой иргэдийн өөрсдийн үйл ажиллагаа мөн. Гэтэл санал хураалтаар ялагч тодорсонгүй, одоо дахиад хүрээд ир гэж хэн аль нэр дэвшигчийн дуудсанаар гэртээ унтаж амарч буй иргэд очих ёсгүй, тэднийг дуудах нь хууль ёсны үйлдэл биш гэж үзэж байна. Магадгүй санал хураалтын дүнд нөлөөлөх боломжийг олгох боломжтой үйлдэл тул анх эхэлсэн ирцдээ хүрэхгүй байсан ч саналын нийт ирц хүрч байгаа тохиолдолд санал хураалт үргэлжлэн явагдах ёстой.

          3.3 Саналын хуудас тамга тэмдэггүй байсан, нэрсийн жагсаалтад гарын үсэг зуруулаагүй зэрэг үндэслэлийн тухайд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг дарга сонгох санал хураалтын саналын хуудас нь заавал тусгай нууцлал бүхий тамга тэмдэгтэй байх ёстой гэж журамласан зүйл байхгүй бөгөөд тухайн хуралдаанаар санал хураалт эхлэхийн өмнө иргэдийн төлөөллөөс 7 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулагдсан. Түүнчлэн сонгогчийн нэрсийн жагсаалтад эхний болон дахин санал хураалтын саналаа бүртгэлтэй иргэд давхардуулахгүйгээр өгсөн талаар тэмдэглэгээг тухай бүр хийж байсан. Заавал гарын үсэг зуруулах шаардлагагүй бөгөөд үнэхээр өөр хүн өмнөөс нь санал өгсөн гэж бодох асуудал үүслээ ч гэсэн тухайн хүний гарын үсгийг тухай бүрд нь өөрийнх нь гарын үсэг мөн, биш гэдгийг таньж нягтлах боломжгүй. Харин аймгийн төвийн нэг багийн иргэд, ялангуяа иргэдийн Нийтийн Хуралд идэвхтэй оролцдог иргэдийн хувьд өөрийн харьяа багийн иргэдийг маш сайн таньдаг, өөр хүн ирж санал өгөх боломжгүй гэдгээрээ онцлогтой болохыг нэмж тэмдэглэх нь зүйтэй.

          3.4 Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр гуравдагч этгээд Ц.М, түүний өмгөөлөгч Г.А нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Увс аймгийн Улаангом сумын “Ш” багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай” ** дүгээр тогтоолоор Улаангом сумын * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1300 цагт товлож, багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох, зөвлөлийн гишүүдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.  

          4. Улаангом сумын “Ш” * дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, 4 дүгээр багийн Засаг даргад 3 хүн нэр дэвшин өрсөлдөж, санал хураалтад 524 иргэн оролцсон (үүнээс 1 хуудас хүчингүй) бөгөөд Тооллогын комиссын “Санал хараалтын дүнгийн тухай” баримтаар Д.У 210 буюу 40.7%, Ц.М 172 буюу 32.8%, Р.С 141 буюу 26.9% санал тус тус авсан байна.

          5. Санал хураалтаар нэр дэвшигчдээс хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 хүний талаар дахин санал хураалт явуулж, дахин санал хураалтад 183 иргэн оролцож (үүнээс 1 хуудас хүчингүй), Ц.М 110 буюу 60.1%, Д.У 72 буюу 39.3% санал (мөн өдрийн хуралдааны тэмдэглэлд) авсан байх ба Улаангом сумын Ш***** багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор олонхын санал авсан Ц.М-ыг Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргаар сонгожээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-д “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заажээ.

          7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, нутгийн өөрөө удирдах байгууллага буюу анхан шатны нэгж бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг сонгох ба тухайн багийн иргэн нь багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэх, Хуралдаанд оролцож хэлэлцэж буй асуудлаар санал өгөх эрхтэй, мөн Хуралдаанаас иргэдийн олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлахаар байна.

          8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Тооллогын комиссын “Санал хараалтын дүнгийн тухай” баримтаар санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдээс хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан Ц.М Д.У нарын дунд дахин санал хураалт явуулахаар болж, мөн өдрийн Хуралдааны  тэмдэглэлд “...50+1 санал хүрээгүй тул Д.У, Ц.М нарын дунд дахин санал хураахаар болов. ...шөнийн 1200 цаг өнгөрч байгаа тул 20 минутын дараа хаалга барихыг иргэд зөвшөөрч байна уу. Иргэдийн дийлэнх олонх гараа өргөж батлав” гэжээ.

          9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж тус тус заасан.

          10. Хурлын тэмдэглэлээс үзэхэд, Хуралдаан даргалагч дахин санал хураалт явуулахын өмнө 20 минутын завсарлага өгсөн, улмаар хуралдааныг үргэлжлүүлэх буюу завсарлах цаг, санал өгөх цагийг нарийвчлан иргэдэд зарлан мэдэгдээгүй буюу тухайлан цаг тогтоогоогүй, мөн гэрчүүдийн “эхний санал хураалт шиг тусгайлан цагийг тогтоохгүй бол дахин санал мөд дуусахгүй учраас 20 минутын дотор санал хураалтаа авъя гээд санал авах байрны хаалгыг барьсан..., 20 минут болонгуут хаалгаа барьсан..., зарим хүмүүс хаалга барьсны дараа ирсэн учраас оруулаагүй буцаасан” гэх мэдүүлгээр тус тус санал хураалтад оролцохоор ирсэн иргэдийг Хуралдаанд оролцуулаагүй, иргэдийн сонгох эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

          11. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...иргэдийн Нийтийн Хурлын Хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй, хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирснээр оролцогч болох буюу санал өгөх эрхийг хуралдаан завсарлах 20 минутын хугацаа дууссан гэх үндэслэлээр хязгаарласан байх тул багийн Засаг дарга сонгох дахин санал хураалт хууль ёсны дагуу явагдсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          12.  Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг дарга сонгох санал хураалтын саналын хуудас нь заавал тусгай нууцлал бүхий тамга тэмдэгтэй байх ёстой гэж журамласан зүйл байхгүй, ...Заавал гарын үсэг зуруулах шаардлагагүй бөгөөд үнэхээр өөр хүн өмнөөс нь санал өгсөн гэж бодох асуудал үүслээ ч гэсэн тухайн хүний гарын үсгийг тухай бүрд нь өөрийнх нь гарын үсэг мөн, биш гэдгийг таньж нягтлах боломжгүй” гэж маргасан.

          13. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, түүнд үндэслэн санал хураалтын дүнг гаргах үндсэн баримт болох бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдгээр баталгаажсан хэвлэмэл хуудас байх, санал хураалтын үйл ажиллагаа, аливаа хууль бус үйлдлээс сэргийлэх зорилгоор тэмдэг, тэмдэглэгээ хийх нь санал хураалт шударга явагдах нөхцөлийг бүрдүүлэх учиртай, иймээс гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

          14. Анхан шатны шүүхийн “...саналын хуудсанд ялгагдах ямар нэгэн тусгай тэмдэг, тэмдэглэгээ үйлдээгүй байхаас гадна санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтад тус багийн иргэн мөн эсэхийг тогтоох зорилгоор тулгалт хийхдээ иргэдийн гарын үсгийг зуруулах, ...санал хураалтын үйл ажиллагаанд гадны ямар нэгэн нөлөө орохоос хамгаалах зэрэг санал хураалт хуулийн дагуу явагдах нөхцөлийг хангаж ажиллаагүй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.М, түүний өмгөөлөгч Г.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.М, түүний өмгөөлөгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                                 ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА