Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 45

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

             Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Шүүгдэгч Б.Тэнгис, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням /0317/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Бат-Осорын Тэнгисд холбогдох эрүүгийн 201601000209 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 63б-28 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 13-1-310 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Бат-Осорын Тэнгис /РД:УМ89120310/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Тэнгис нь борлуулах зорилгогүйгээр 2016 оны 9  дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий гялгар уутны хамт 0.8 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэнгис мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.         

 

            Гэрч Б.Хулан мэдүүлэхдээ: “...он сарыг нь одоо сайн санахгүй байна, ямар ч байсан хичээл тарж байхад Ц.Үүрцайх завтай байна уу, хоёулаа нэг хүнтэй уулзах гэсэн юм хамт явах уу гэхээр нь би хамт явсан юм. Ц.Үүрцайх бид хоёр сургуулиас гарсан чинь сургуулийн үүдэнд нэг жижиг хар машинтай хоёр залуу байсан. Ц.Үүрцайх тэр хоёр залуутай юм ярьж байснаа машинд нь суугаад намайг суучих гэхээр нь би суусан юм. Тэгээд тэр хоёр залуутай Ц.Үүрцайх намайг танилц гэхээр нэрээ хэлээд танилцахад Э.Батзориг, Б.Тэнгис гээд нэрээ хэлсэн. Бид дөрөв машин дотор юм яриад сууж байхад Ц.Үүрцайх эгч хөдөөнөөс ирж байгаа гэнэ, Драгон орж тосохгүй бол болохгүй гэхээр нь бид нар Драгон орж Ц.Үүрцайхыг буулгачихаад, нөгөө хоёр залуу намайг гэрт хүргэж өгөх гээд явж байхад Ц.Үүрцайх надруу залгаад эгчийгээ тосож аваад гэрт нь хүргээд өгчихлөө 21 дүгээр хороолол дээр ирээд авчихаач гэхээр нь бид гурав буцаад 21 дүгээр хороолол орж Ц.Үүрцайхыг аваад буцаад хотын төврүү явж байхад замаасаа нэг залуу авсан. Тэр залуугийн нэрийг нь одоо санахгүй байна, ямар ч байсан тэр залуу нь машин унаад явсан.

…Б.Тэнгис, Э.Батзориг хоёрын нэг найзынх нь ажиллуулдаг РС тоглоомын газар очоод дотор нь орж нэг шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед би тэр архинаас нь уугаагүй. Э.Тэнгис, Э.Батзориг, Ц.Үүрцайх, машин барьж явсан залуу бид нар тэндээсээ шууд гараад Гачууртын тэнд нэг амралтын газар очиж гэр аваад орсон. Бид нар гачуурт руу явах замдаа машин барьж байсан залуугаас бусад нь архи ууцгаасан. Гачууртад амралтын газар очиход би нилээн согтсон болохоор амралтын гэрт ороод шууд унтаад өгсөн. Намайг унтаж байхад хажуугаас хүн татаад байхаар нь сэрсэн чинь босоорой хот руу явлаа гэхээр нь босоод машинд суусан. Тэндээс шууд хөдлөөд би гэрийнхээ гадаа буусан. Харин нөгөө хэд Ц.Үүрцайхыг хүргэж өгнө гээд явсан.

...Миний санаж байгаагаар бид нар архи л уусан. ...Б.Тэнгис, Э.Батзориг хоёрыг сайн танихгүй, тэр үед л танилцсан. Ц.Үүрцайхтай би одоогоос 3 жилийн өмнө нь буюу СУИС-д элсэн орж, нэг ангид суралцаж эхлэсэнээс хойш найзалж байна” гэжээ.  /хх 97-99 хуудас/

 

            Гэрч Д.Тогтохбаяр мэдүүлэхдээ: “...он сарыг нь сайн санахгүй байна, гэртээ байхад Б.Тэнгис, Э.Батзориг хоёр манай гадаа ирээд завтай байна уу, найз нь юм уучихсан байна, машин бариад өгөөч гэхээр нь би завтай байна гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гарч ирэхэд Б.Тэнгис, Э.Батзориг хоёр, 2 охинтой хамт явж байсан бөгөөд тэр хоёр охинтой танилцахад Ц.Үүрцайх, Б.Хулан гэж нэрээ хэлж байсан.

Манай гаднаас хөдлөөд Б.Тэнгисийн нэг найзынх нь РС тоглоомын газар очиж тэд нар архи хувааж уугаад, тэндээсээ гараад шууд Гачуурт руу нэг амралтын газар луу явсан. Тэнд очоод нэг гэр авч орсон. Би урд өдөр нь Эрдэнэтээс машин барьж ирээд нойргүй явчихсан болохоор нойр хүрээд унтаад өгсөн. Харин Э.Батзориг, Б.Тэнгис хоёр нөгөө хоёр охинтой архи уугаад сууж байсан. Унтаж байхад Б.Тэнгис намайг сэрээгээд явъя гэхээр нь би боссон.

Амралтын газар байхад Б.Тэнгис, Э.Батзориг, Ц.Үүрцайх, Б.Хулан нар ямар нэгэн байдлаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна, тухайн үед би унтчихсан байсан” гэжээ. /хх 101-102 хуудас/

 

            Сэжигтэн Э.Батзориг мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Үүрцайх нэг найз охинтойгоо СУИС дээр хүрээд ирээч гэж дуудахаар нь очсон. Хэсэг юм ярьж сууж байгаад Үүрцайх эгч хөдөөнөөс ирж байгаа би тосох ёстой гээд яваад өгсөн. Тэгээд орой 22 цагийн үед Үүрцайхтай дахин уулзахаар болоод гэрийнх нь гадаа Хулан, Тэнгис бид нар очсон. Тэндээсээ Гачууртад байх амралтын газар очоод нэг гэр авсан. Тэндээ хэдэн пиво ууцгаагаад сууж байтал Тэнгис нэг барималын шавар шиг зүйл гаргаж ирээд мөнгөлөг цаасан дээр тавиад галаар асаасан. Гэтэл нөгөө зүйлээс нь утаа гартал Тэнгис өөрөө сороод намайг сорох уу гэхээр нь юу юм бэ гэтэл сороод үз гэхээр нь би нэг сорж үзсэн. Тухайн үед би пиво уучихсан байсан болохоор юу ч гэж мэдээгүй. Миний дараа Үүрцайх бас нэг сорж харагдсан. Би тэр зүйлийг Тэнгисээс уг зүйлийг юу болох талаар асуугаагүй утаа гараад байхаар нь сонирхоод сорж үзсэн. Харин дараа нь хар тамхи гэдгийг нь мэдсэн. Би Тэнгисийг хар тамхи хэрэглэдэг үгүйг нь сайн мэдэх учир түүнд хар тамхи байна гэж төсөөлөө ч үгүй. Тэнгис, Үүрцайх бид нар дахин тэр зүйлийг сороогүй нэг нэг удаа л сорсон байх. Гэтэл Үүрцайх би гэртээ харихгүй бол болохгүй, эгч залгаад байна гэхээр нь бид нар явцгаахаар болоод буцаад хот руу явцгаасан. Тэгээд Хулан гэх охиныг нь замдаа буулгаж өгөөд Үүрцайхыг гэрт нь буулгаж өгөөд Тэнгис бид 2 Тэнгисийн гэрт очиж амарсан. Гэтэл маргааш нь Үүрцайх цагдаа дагуулж ирээд бид нар баригдсан. Хулан амралтын газар очоод л унтаад өгсөн. Тэр зүйлээс огт хэрэглээгүй.

Тэнгис хаанаас олж авсан талаараа хэлээгүй. Миний харснаар барималын шавар шиг хар бор зүйл л харагдсан, их жижигхэн байсан.

Би урьд өмнө мансууруулах бодис хэрэглэж байгаагүй, миний найз нөхдийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүн байхгүй.

Тэнгис, Үүрцайх бид 3 сорсон. Гэхдээ Үүрцайх бид 2 бол юу гэдгийг нь ч мэдээгүй сорчихсон. Би хар тамхи гэж огт мэдээгүй” гэжээ. /хх 160 хуу/

 

            Сэжигтэн П.Үүрцайх мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын сүүлээр би Батзориг, Тэнгис нартай Холливуд гэх бааранд танилцсан. Тэгээд Батзориг тухайн үед миний утасны дугаарыг аваад салсан. 3-4 хоногийн дараа Батзориг утсаар ярьж байгаад сургууль дээр ирээд би гарч уулзсан. Тэгэхэд Батзориг машинтай явж байсан ба Тэнгис гэх найзтай нь очиж уулзсан. Тэр өдөр би эгчийгээ авто вокзалаас тосох ёстой байсан учир Хүнсний 1 гэх газар буугаад үлдсэн. Би автовокзал орж эгчийгээ тосч аваад 21 дүгээр хороололд байх гэртээ хүргэж өгөхөд 22 цаг өнгөрч байсан. Гэтэл Батзориг залгаад уулзая гээд байхаар нь би 23 цагийн үед гэрээсээ гарахад Батзориг манай гадаа ирчихсэн байсан. Гэтэл Батзориг амралтын газар очиж юм аваад удахгүй ирнэ гээд хөдлөөд явсан. Тэгэхэд Тэнгис болон манай найз охин Хулан нар хамт явж байсан. Тэгээд Гачууртын тийшээ нэг амралтын газар очоод нэг гэр хөлслөж орсон. Тэгээд юм яриад сууж байтал Тэнгис гэх залуу нь баримлын шавар шиг зүйл гаргаж ирээд мөнгөлөг цаасан дээр тавиад утаа гаргаад сороод байхаар нь би өөрөө сонирхоод юуг нь ч мэдэлгүй утаанаас нь нэг сорчихсон. Миний харсанаар Батзориг Тэнгис 2 бас сорж харагдсан. Би Тэнгис болон Батзоригоос тэр зүйлийг юу болох талаар асуугаагүй, тэр үед манай найз охин пиво уучихсан унтчихсан байсан юм. Би тэр зүйлийг сороход надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй, би тэр зүйлийг хар тамхи гэж мэдээгүй. Надад хар тамхины талаар ямар ч мэдээлэл төсөөлөл байдаггүй байсан…” гэжээ. /хх 163 хуу/    

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8687 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1 Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт гэсэн хаягтай Б.Тэнгисийн биед үзлэг хийж хураан авсан гэх баримлын шавар мэт зүйл болон ногоон өнгийн төмөр хайрцагын арчдас зэрэгт тус тус дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж илэрсэн. 3. Шинжилгээгээр илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг гэж дүгнэжээ. /хх 105 хуу/

            8687 тоот шинжилгээний зураг /хх 106 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8689 дугаартай дүгнэлтэд: 1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э.Батзориг” гэсэн хаягтай шээс, “Бат-Осор Тэнгис УМ84...” гэсэн хаягтай шээс, “Пүрэвдорж Үүрцайх 2016.09.29” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэж дүгнэжээ. /хх 111 хуу/

            8689 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх 112 хуу/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 1017 дугаартай дүгнэлт: 1.Б.Тэнгис нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Одоогоор Б.Тэнгис нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 3. Одоогоор Б.Тэнгис нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй байна. 4. Б.Тэнгис нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Тэнгис нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Б.Тэнгис нь мансууруулах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна. 7. Б.Тэнгис нь мансууруулах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна. 8. Б.Тэнгисд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. 9. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолт хоёр нь нэгэн ижил ойлголт тул шинжилгээгээр тодруулан тогтоох шаардлагагүй юм гэжээ. /хх 118 хуу/

           

Тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11, 12/

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13,14-18/

            Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-21/

            2977 УБС улсын дугаартай автомашины Техникийн тодорхойлолт /хх 22/

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 38,39-40/

            Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 84, 85-87/,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 88/

            Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар, Прокурорын тогтоол /хх 169/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 164, 195, 170/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Тэнгис нь 2016 оны 9  дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий гялгар уутны хамт 0.8 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар биедээ хадгалсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Хулан /хх 97-99/, Д.Тогтохбаяр /хх 101-102/, сэжигтэн Э.Батзориг /хх 160/, П.Үүрцайх /хх 162-163/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8687 дугаартай дүгнэлт /хх 105/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8689 дугаартай дүгнэлт /хх 111/, 8687, 8689 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх 106, 112/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1017 дугаартай дүгнэлт /хх 118/, Тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11, 12/,     хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13,14-18/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-21/, 2977 УБС улсын дугаартай автомашины техникийн тодорхойлолт /хх 22/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 38, 39-40/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 84, 85-87/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 88/, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар, Прокурорын тогтоол /хх 169/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 164, 195, 170/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Иймд шүүгдэгч Б.Тэнгис нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий шаргал өнгийн шавар мэт зүйлийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.            

           

            Шүүгдэгч Б.Тэнгис нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 7.5х4 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай шаргал өнгийн шавар мэт /сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай/ зүйлийг устгах, шүүгдэгч Б.Тэнгис нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдлаа.                         

 

            Шүүгдэгч Б.Тэнгис нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Осорын Тэнгис нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Осорын Тэнгисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Тэнгисд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7.5х4 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай шаргал өнгийн шавар мэт /сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай/ зүйлийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Тэнгист оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Тэнгисийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ