| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2020/0151/и |
| Дугаар | 289 |
| Огноо | 2020-04-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 289
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Эад холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.С, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Этай 2012 онд Швед улсад ажиллаж байхдаа танилцаж, улмаар 3 жил цуг амьдарсан. 2015 онд охин Э.А мэндэлсэн. Хамтран амьдрах хугацаанд хардалтын улмаас нөхөр маань надад удаа дараа гар хүрч байсан. Манай нөхрийн зан ааш эвдэрч уурлахаараа надад гар хүрэх нь улам даамжирч, үүнээс болж бидний гэр бүлийн харилцаа хөндийрсөн. Бид хоёр 2016 оны 9 дүгээр сард Монголд ирээд нэг жилийн хугацаанд цуг амьдарсан ч байнга хэрүүл маргаантай байж, нөхөр Эын надад гар хүрдэг байдал хэвээрээ байсан тул 2017 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Миний хувьд аймагтаа охины хамт амьдарч байна. Нөхөр Э охинтойгоо хааяа утсаар ярьдаг, тэрээр Улаанбаатар хотын харъяат хүн учраас гэртээ амьдарч байгаа.
Манай нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Охин маань гадаадад төрсөн учраас ааваараа овоглосон. Одоо бид хоёр дахин эвлэрч цуг амьдрах боломжгүй учраас охинд маань эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргах зүйлгүй. М.Сийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч О.Эад холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.С болон хариуцагч О.Э нарын дундаас 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин Э.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, Э.Агийн төрсний гэрчилгээний хуулбараар, охин Э.А эрүүл бойжиж байгаа нь Тэмүүлэн өрхийн эмнэлэгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин Э.А нь хариуцагч О.Эаар овоглож төрсний гэрчилгээ авсан байх тул хүүхдийн эцгийг шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр хариуцагч буюу хүүхдийн эцэг О.Эаас тэтгэлэг гаргуулан охин Э.Аг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 210 200 төгрөг /Үндэсний Статистикийн хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 201 700 төгрөг х 12 сар = 2 420 400 : 2 = 1 210 200 төгрөгт /-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 33 595 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг О.Эаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 210 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33 595 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ