| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2020/0308/и |
| Дугаар | 325 |
| Огноо | 2020-05-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 325
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У.Цгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Пд холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ц, хариуцагч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Птай 2018 онд танилцаж, улмаар үерхэж дотно болсон. 2019 оны 2 дугаар сарын 14-нд бидний дундаас хүү П.Х мэндэлсэн. Бидний хоорондын харилцаа таарамжгүй болсон бөгөөд бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Ц.Паас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Х нь миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Цгийн нь хариуцагч Ц.Пд холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид нь 2018 оноос эхлэн хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү П.Х төрсөн болох нь зохигчдын тайлбар, 6734000016 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар, хүү П.Х эрүүл бойжиж буй нь Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтоор, нэхэмжлэгч У.Ц нь хүү П.Хын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт амьдардаг болох нь Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/150 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ.
Хэдийгээр зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан боловч тэдний дундаас хүү П.Х төрснөөр эцэг Ц.Пд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн ба тэтгэлгийн хэмжээний тухайд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр хариуцагч буюу хүүхдийн эцэг Ц.Паас тэтгэлэг гаргуулан хүү П.Хыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Паас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 210 200 төгрөг /Үндэсний Статистикийн хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/05 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 201 700 төгрөг х 12 сар = 2 420 400 : 2 = 1 210 200 төгрөгт/-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 33 595 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү П.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Ц.Паар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Паас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 210 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33 595 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ