Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 317

 

 

 

 

                                                                       

 

   2020            3              19                                       2020/ДШМ/317                           МАЛАЛ

 

Э.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогч А.Ганболд, О.Энхсүх,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Ганболд, О.Энхсүх, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Бэд холбогдох 1906050912322 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шандууд овгийн Э.Б, 1982 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 8 дугаар байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 26а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХГ82070813/;

Э.Б нь 2019 ны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах “Хурдны зам” ХХК-ийн байранд иргэн О.Энхсүхэд 50.000 литр дизель түлш нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Төрийн банкны 102100713321 тоот дансанд 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2019 ны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Ганболдод түлш зарна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 25.000.000 төгрөгийг “Нүнжигт Хангай” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шандууд овгийн Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 26а тоотод оршин суух /РД:ХГ80070813/ Э.Бээс 25.000.000 төгрөгийг гаргуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86Б-83 тоотод оршин суух /РД:ЧК87050617/ А.Ганболдод, 24.000.000 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29а дугаар байрны 101 тоотод оршин суух, /РД:ХЕ60071176/ О.Энхсүхэд тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч А.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт хийгдээгүй гэж үзэж байна.

Хохирогч А.Ганболд миний бие түлшний машинаар түлш тээвэрлэж, худалдан борлуулж амьжиргаагаа залгуулдаг бөгөөд Энхжаргал, түүний хамсаатан Э.Б нарт 25.000.000 төгрөгөөр залилуулснаас эргэлтийн мөнгөгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, манай гэр бүлийн эдийн засаг маш хүнд байдалд орсон бөгөөд өр ширтэй амьдрахад туйлын бэрх болж байна.

Хохирогч А.Ганболд миний биетэй Энхжаргал гэдэг эмэгтэй 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн өглөө над руу залгаад “сайн байна уу, танайх шатахуун авах хэвээрээ юу, “Нүнжигт Хангай” ХХК-иас ярьж байна. Шатахуун авах хэвээрээ бол манайх 50 тонн түлш гаргах гэж байна. Та боломжтой бол захиралтай очоод уулзчих” гэж хэлсэн. Анх над руу ярьсан хүн Энхжаргал гэдэг эмэгтэй хүн байхад Э.Б гэдэг эрэгтэй хүнийг ганцааранг шалгаж яллагдагчаар татаж, ял шийтгэл оногдуулж байгааг гайхаж байна. Энхжаргал нь анх надад түлш худалдах саналыг гаргасан хүн бөгөөд энэ хүнийг Э.Бтэй хамт шалгахгүй, яллагдагчаар татаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоогүй нөхцөл байдал үүсч байна. Хэргийн гол зохион байгуулагч Энхжаргалыг Э.Бтэй хамт шалгаагүй нь хэргийг жинхэнэ зохион байгуулагч ямар ч ял шийтгэл хүлээхгүйгээр ял завшиж гадуур чөлөөтэй явж байна. Иймд хэргийг прокурорт буцаан мөрдөн байцаалтыг дахин явуулж, уг гэмт хэргийг зохион байгуулсан буруутай этгээдүүдийг Э.Бтэй хамтад нь шалган хэргийг бодит байдлыг тогтоож, гэм буруутэй этгээдүүдээс хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч О.Энхсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зохион байгуулалттайгаар бүлэглэн залилангийн хэрэг үйлддэг Энхжаргал овогтой Батсүхэд холбогдуулан гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийж, уг хэргийн гол зохион байгуулагчдыг хэргээс мултарч үлдэх боломжоор хангасан.

Батсүх гэх хүнийг огт танихгүй бөгөөд нэг ч удаа уулзаж байгаагүй. Харин Батсүхийн хамтрагч Мөнхсоёл нь манай компанийн хэрэгцээ шаардлагыг мэддэгийн хувьд Э.Бийн залилан үйлдэх санааг манай компани руу чиглүүлж, өөрөө ерөнхий захирал руу утасдаж, түлшийг баталгаатай нийлүүлэх талаар амлаж байсан болно. Мөн Цэцэгмаа гэх эмэгтэй нь удаа дараа утасдаж, Батсүхийн талаар гомдол гаргахаа түр хүлээгээч, мөнгийг чинь өгөхөөр хөөцөлдөж байна гэх мэтээр Батсүхийг илт хаацайлж байсан нь эдгээр хүмүүс урьдаас тохирч уг хэргийг үйлдсэн болох нь тодорхой. Гэтэл мөрдөн байцаагч нь хохирогч намайг болон гол зохион байгуулагч Мөнхсоёл, Цэцэгмаа нарыг гэрчээр нэг нэг удаа асуусан болоод орхисон.

Компанийн дансаар мөнгө дамжуулсан Батсүхэд ганцааранд нь энэ хэргийг үүрүүлж болохгүй бөгөөд бүлэглэн залилан хийсэн этгээдүүдийг бүрэн шалгаж шийдвэрлэх учиртай гэж үзэж байна.

Мөрдөн байцаагч, прокурорууд нь мөрдөн шалгах ажиллагааг дууссан нөхцөлд хохирогч надад энэ тухай мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, энэ тухай мэдэгдээгүй. Хэрэв ийм боломжоор хангасан бол миний бие зохих ажиллагаануудыг хийлгэх талаар хүсэлтээ тавих боломжтой байсан. Гэвч ийм боломжоор хангаагүй учраас дээр дурдсан үндэслэлүүдийг нэмж шалгуулах зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтээ тавьсан боловч шүүх хангасангүй. Хэргийг шүүхэд шилжүүлж 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхны шүүх хурал болсон боловч уг хурлын товыг надад мэдэгдээгүй мөртлөө хурлын тэмдэглэл, шүүгчийн захирамжид хохирогч намайг уг хуралд оролцсон мэтээр бичсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх удаа над руу утасдаж, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр болох хурлын товыг мэдэгдсэн болно.

Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан залилангийн бүлэг гэмт хэргийн оролцогч нарыг бүрэн шалган тогтоох боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн. Тодруулбал;

Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт “Э.Б нь “Нүнжигт Хангай” ХХК-ийн захирал бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас жолооч нараас түлш хямдхан олж бусдад борлуулдаг үйл ажиллагаа явуулж ашиг олдог байсан. Ингэхдээ гадны олон зуучлагч нараар түлш авах хүнийг олуулдаг байсан учраас Энхжаргал, Цэцэгмаа гэх хүмүүсийг танихгүй, зуучлагч хүмүүс байх гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв” гэжээ.

Гэтэл “Энхжаргал, Цэцэгмаа гэх хүмүүсийг танихгүй” гэх асуудал зөвхөн Э.Бийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдэд л дурьдагддаг, өөр бусад нотлох баримтаар давхар нотлогддоггүй. Харин ч эдгээр хүмүүс нь хоорондоо танилууд бөгөөд анхнаасаа энэ хэрэгт Э.Б биш Энхжаргал, Цэцэгмаа, Ганхуяг, Мөнхсоёл зэрэг эмэгтэйчүүд идэвхтэй байр суурьтайгаар оролцож, хохирогч нартай холбоо харилцаа тогтоож, тэдэнд итгэл үнэмшил төрүүлж, хуурч шавдуулан мөнгийг нь “Нүнжигт Хангай” ХХК-ийн дансаар дамжуулан авдаг байсан нь хавтас хэргийн 3, 62 дугаар талуудад авагдсан хохирогч нарын цагдаад гаргасан өргөдөл, /хх-ийн 22, 66/ дугаар хуудсанд авагдсан хохирогч нарын мэдүүлгүүд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд, /хх-ийн 63/ гэрч Б.Мөнхсоёлын мэдүүлэг, /хх-ийн 70/ гэрч Н.Даваадоржийн мэдүүлэг, /хх-ийн 52-53/ гэрч Л.Ганхуягийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Тиймээс эдгээр эмэгтэйчүүд уг хэрэгт холбоотой гэдэг нь тодорхой байхад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, Энхжаргал, Цэцэгмаа, Мөнхсоёл гэгч эмэгтэйчүүд ял завшиж үлдэх бололцоог олгосон, хавтас хэрэгт авагдсан баримтаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хохирогч О.Энхсүхийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцуулаагүй, улмаар хүсэлт гомдол гаргах эрхийг нь хязгаарласан зэрэг үндэслэлүүдийг зааж хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах саналыг шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б, өмгөөлөгч Ц.Баярмаа, хохирогч О.Энхсүх, А.Ганболд нар гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн байхад шүүх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлж дүгнээгүйн дээр зөвхөн Э.Бийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал юм.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэдэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгт удаа дараа дурьдагдаж байгаа Энхжаргал, Цэцэгмаа нараас нэг ч удаа мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаагаас тодорхой харагддаг. Түүнчлэн нэр бүхий эмэгтэйчүүд энэ хэргийг бүлэглэн үйлдээд яваад байна гэсэн үндэслэл байх тул сайтар шалгаж өгөхийг хохирогч нар удаа дараагийн өргөдөл гомдол, мэдүүлгүүддээ хэлдэг бөгөөд утасны дугаар, овог нэрийг нь тодорхой бичиж өгөөд байхад мөрдөгч гагцхүү Э.Бийн “эдгээр хүмүүсийг танихгүй” гэсэн мэдүүлгээр хэргийг шалгаж, улмаар шүүх тэр мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт "Эмэгтэй хүмүүс надаас гуйгаад байсан болохоор би үнэнээр нь хэлж чадаагүй, шүүх хурлаас чинь өмнө хохирлын 49.000.000 төгрөгийг олоод төлнө гэж хэлсэн боловч Энхжаргал, Цэцэгмаа нар нь тэр чигтээ таг болсон учраас өнөөдрийн хурал дээр үнэнийг хэлэхээр шийдлээ” гэж мэдүүлдэг. Мөн "Энэ 49.000.000 төгрөг бол “Нүнжигт Хангай” ХХК-ийн данс руу ороод буцаж гарсан. Би энэ Энхжаргал, Цэцэгмаа гэсэн хүмүүст буцааж гаргаж өгсөн байгаа. Би 49.000.000 төгрөгөөс 44.000.000 төгрөгийг нь Энхжаргал, Цэцэгмаа хоёрт гаргаж өгсөн, 5.000.000 төгрөгийг нэмэгдсэн өртөгийн албан татварт гээд надад өгсөн. Надтай Энхжаргал холбогдож байсан. Энхжаргал нь өмнө нь надтай хувийн компанид цуг ажилладаг байсан. Цэцэгмаатай Энхжаргалаар дамжуулж танилцсан” гэж болсон асуудлыг үнэн зөвөөр ярьдаг. Гэтэл дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэх, хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж  тогтоосон эсэхийг шүүх анхаарч үзэлгүй, зөвхөн яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болоод дээрх 49.000.000 төгрөг Э.Бийн компанийн дансаар орсон гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдож байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Энхжаргал, Цэцэгмаа гэгч эмэгтэйчүүд нь урьд залилан мэхлэх гэмт хэргээр ял шийтгүүлж байсан, бусдад их хэмжээний өртэй учраас өөрсдийн дансыг ашиглах боломжгүй гээд “Нүнжигт Хангай” ХХК-ийн дансыг ашиглан залилсан мөнгөө гаргуулж авдаг байсан талаарх Э.Бийн мэдүүлгийг шалгаж тогтоох нь зүйтэй.

Тодруулбал, хохирлын 49.000.000 төгрөгийг Э.Б хувьдаа болон хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ашигласан зүйл байхгүй, байгууллагын дансаар мөнгийг оруулаад Э.Бээр гаргуулан авч Энхжаргал, Цэцэгмаа нар мөнгийг хувьдаа ашигласан асуудал байгаа талаар миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр нь мэдүүлсэн.

Учир нь, хохирогч нар “Нүнжигт Хангай” ХХК-ийн төрийн банкны дансанд мөнгө хийхэд хүргэсэн идэвхитэй үйлдлүүдийг Цэцэгмаа, Энхжаргал, Мөнхсоёл, Ганхуяг гэх эмэгтэйчүүд хийсэн гэдэг ба Э.Бийн хувьд Энхжаргалыг холбож өгснөөр ганц удаа хохирогч Б.Ганболдтой уулзсан, хохирогч О.Энхсүхтэй нэг ч удаа холбогдоогүй, бие биенээ харж байгаагүй атлаа залилан мэхлэх идэвхитэй үйлдлээр 24.000.000 төгрөгийг нь авч хохирол учруулсан байх боломжгүй тул Э.Бийг буруутай гэж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэл болох шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй” зэрэг зөрчил байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт Цэцэгмаа, Энхжаргал, Мөнхсоёл, Ганхуяг гэх хүмүүсийг шалгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн мөнгө шүүгдэгч Э.Бийн эзэмшлийн компанийн дансанд орсон. Хохирогч А.Ганболдтой уулзаж байсан бөгөөд хохирогч О.Энхсүхтэй утсаар холбогдож байсан. Хамтран оролцоог шалгах зорилгоор мэдүүлэг авахад хамтран оролцсон хүн байхгүй, өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдаанаар Энхжаргал, Цэцэгмаа нартай холбоотой асуудлыг ярьдаг.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Э.Бэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болж чадаагүй байна.

Прокуророос Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн: “...Хохирогч нар “Нүнжигт Хангай” ХХК-ийн төрийн банкны дансанд мөнгө хийхэд хүргэсэн идэвхитэй үйлдлүүдийг Цэцэгмаа, Энхжаргал, Мөнхсоёл, Ганхуяг гэх эмэгтэйчүүд хийсэн гэдэг ба Э.Бийн хувьд Энхжаргалыг холбож өгснөөр ганц удаа хохирогч Б.Ганболдтой уулзсан, хохирогч О.Энхсүхтэй нэг ч удаа холбогдоогүй, бие биенээ харж байгаагүй атлаа залилан мэхлэх идэвхитэй үйлдлээр 24.000.000 төгрөгийг нь авч хохирол учруулсан байх боломжгүй тул Э.Бийг буруутай гэж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй.

Учир нь, дээрх гэмт хэргүүдийг хэд хэдэн хүн хамтран үйлдсэн байж болох нөхцөл байдал байх ба шүүгдэгч Э.Б, хохирогч А.Ганболд, О.Энхсүх нарын мэдүүлэгт дурдсан “н.Энхжаргал, н.Цэцэгмаа, н.Мөнхсоёл, н.Ганхуяг, н.Төгсөө, н.Даваадорж” нарыг уг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мэдүүлэг авах болон бусад нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр тэднийг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон буюу тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрийг /гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч/ зөв тогтоон ирүүлэх шаардлагатай.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 49.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Бтэй холбогдуулан шалгахаас гадна гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай уялдуулан дээрх нэр бүхий иргэдийн банкны дансны гүйлгээтэй холбогдуулан шалгах ажиллагааг хийх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг /хаана, хэзээ, яаж үйлдсэн/ зөв тогтоож буюу Э.Б нь хэрхэн бусдыг залилсан талаарх үйл баримтыг яллах дүгнэлтэд тодорхой заасны дараа шүүх уг үйл баримтад гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч А.Ганболд, О.Энхсүх, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Э.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Бэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Э.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

  ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ