Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 115/ШШ2021/0003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х-ийн Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн Шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 11,882,336 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй. Тийм учраас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг дараах үндэслэлээр хууль бус эрх зүйн акт гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд: 1. Тушаалын үндэслэх хэсэгт ... Шүүгчийн туслах Х.Г нь шүүгчгүйгээр жил гаран сул цалин авч ажиллаж байгаа ба одоо нярайн чөлөөтэй шүүгч нь хэзээ орох нь тодорхойгүй, тухайн ажилтанд өөр ажлын санал тавихад хүлээн авахгүй байх тул ... гэсэн үндэслэлийг барьж ажлаас чөлөөлжээ. Миний эрхэлж байсан шүүгчийн туслахын албан тушаал нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоонд багтдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар нэгэн байдлаар шүүгчийн туслахын орон тоог хасах, цөөрүүлэх, цомхотгоогүй байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Хэрэв ямар нэгэн байдлаар цомхотголд ороод чөлөөлөгдөж байгаа тохиолдолд ижил төрлийн албан тушаал хашиж байгаа төрийн албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр хамгийн бага оноо авсан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөгдөх зохицуулалт байдаг.

Мөн өөр ажлын байрны санал тавьсан гэдэг нь намайг төрийг захиргааны албан хаагчаас төрийн үйлчилгээний албан тушаал болох Эвлэрүүлэн зуучлагчийн туслахын ажлын байранд ажилла гэдэг хууль бус шаардлага тавьсан. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил руу шилжин ажиллах санал тавихад нь миний эрх зүйн байдал болон цалин хөлс дордох ба уг өөрчлөлт нь хуульд нийцээгүй тул би зөвшөөрөөгүй, харин тухайн албан тушаалд хүн автал ямар нэгэн нэмэгдэл авахгүйгээр хавсран гүйцэтгэх тухай хэлэхэд тэгвэл ажлаа өг гэдэг хууль бус шаардлага тавьсан. Мөн миний туслахаар нь ажиллаж байсан Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шүүгч Ц.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон. Ц.Н шүүгчийн туслахаар миний оронд Төрийн албаны хуульд заасан шаардлага хангаагүй өөр хүнийг гэрээгээр ажиллуулж байгаа нь Төрийн албаны хуулийг зөрчсөн үйлдэл юм. Төрийн жинхэнэ албан тушаалыг гэрээгээр гүйцэтгэх тухай ойлголт хуульд байхгүй.

2. Мөн тушаалын тэргүүг Х.Гийг ажлаас чөлөөлөх тухай гээд тушаалын үндэслэх хэсэгт ... чөлөөлсүгэй гэж тушаал гаргасан боловч тушаалд баримталсан хуулийн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалт буюу Төрийн захиргааны албан хаагчийг ажлаас халах заалт барьсан нь илтэд зөрчилтэй бөгөөд хуульд нийцэхгүй юм. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж байгаа бол хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Нөгөө талаар тухайн албан хаагчийг төрийн захиргааны албанаас халж байгаа гэж үзвэл уг хуулийн заалт нь төрийн албан хаагчийг хуульд заасан халах үндэслэл болохуйц үйлдэл гаргасан байхыг шаардана. Гэтэл ямар нэгэн хууль зөрчсөн үйлдлийг тогтоогдоогүй байхад дээрх үндэслэлээр ажлаас халж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ миний бие өөрийн буруутай үйлдэл гарган сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдаж байгаа тохиолдолд чөлөөлөх тухай яригдахгүй гэж ойлгож байна. Мөн ажлаас халж байгаа уг хуулийн заалтаар намайг эргэн төрийн алба хаших боломжгүй болгож миний хуулийн дагуу хөдөлмөрлөх, төрийн албанд ажиллах боломж нөхцөлийг үгүй болгон миний эрхийг ноцтой зөрчиж байна.

3. Мөн тушаалын хуулийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт Захиргааны актыг амаар буюу бичмэл бус хэлбэрээр гаргах, 41.2 дах хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал захиргааны байгууллага амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулж болно гэж тус тус заасан нь уг тушаалыг гаргахад шууд холбогдолгүй хуулийн заалтууд болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй нь уг тушаалыг хууль бус, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч Х.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гардан авч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1913 дугаартай албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаартай тушаалаар баталсан цалин хөлс олгох журмын дагуу мөн хэрэгт хавсаргагдсан Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын баталсан цалингийн картыг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон. Ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сар 16-ны өдрийг хүртэл амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдөр, сонгууль зэргийг хасаж тооцоод нийт 133 хоног болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин нийт 11882336 төгрөг гарч байгаа ба урамшуулал гаргуулах шаардлагаасаа татгалзан, ажилгүй байсан хугацааны цалин 11882336 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Би тухайн үед Авлигатай тэмцэх газарт материалаа хянуулан бусад шаардлагыг хангаж Шүүхийн Тамгын газрын дарга Д.С-гийн хүсэлтээр Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр орсон. Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээс нарийн бичгийн даргын ажлыг хийхдээ ямар нэгэн байдлаар алдаа дутагдал сахилгын зөрчил гаргаагүй. Тухайн үед өмнө нь ажиллаж байсан зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нь ажилдаа орох хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийг нь харгалзаж намайг нарийн бичгийн даргаар бууруулах тушаал гарч байсан. Би дөнгөж томилогдож байсан болохоор ямар нэгэн байдлаар асуудал гаргаагүй. Би Шүүхийн ажлыг сурч авах хүсэл сонирхолтой байсан болохоор нарийн бичгийн даргаар ажилласан. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг хийж байгаад Д.С даргын хүсэлтээр шүүгчийн туслахын албан тушаалд томилогдсон. Би тухайн үед дэвших зарчмаар ажиллаж байна гэж бодож байсан. Надтай адилхан тусгай шалгалт өгөөгүй албан тушаалтнууд байсан. Яагаад шалгалт өгөөгүй гэхээр намайг ажиллаж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолт Төрийн албаны зөвлөлөөс батлагдаж ирээгүй байсан, батлагдаж ирвэл тусгай шалгалтыг чинь авна гэж хариуцагч хэлж байсан. Тушаал гаргах бүрэн эрх нь Д.С даргад байгаа учраас бүрэн эрхийнхээ хүрээнд албан тушаалтнаа томилж байна гэж ойлгосон. Би төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа.

Надад төрийн үйлчилгээний албан тушаал санал болгож бууруулахаар санал тавихад миний эрх зүйн байдал дордох учраас саналыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Д.С даргын хувьд Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн Тамгын газрын даргаар олон жил ажилласан. Энэ чиглэлээр мэргэшиж бусдад үлгэр дуурайлал болох хүн. Миний төрийн албанд ажиллаж байгаа нэр төр цаашлаад миний ар гэрийг бодолцолгүйгээр илт хууль бус тушаал шийдвэр гаргаж миний эрх зүйн байдлыг дордуулсан. Төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоол болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичгээр нотлогдож байна.

Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаас болж миний Төрийн албаны хуульд заасан хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах, хуульд зааснаас бусад үндэслэлээр халагдаж, чөлөөлөгдөхгүй байх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн Шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 11,882,336 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.С шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өмнө нь хэрэгжиж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д ... энэ хуулийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно... гэжээ. Харин тус хуулийн 23.4-т ... Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.. гэсэн байна.

Х.Г-ийн өөрийнх нь хүсэлтийг харгалзан тус Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай түр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг үндэслэл болгосон нь эхнээсээ алдаатай томилгоо болсон. Хэдийгээр томилгоо хууль бус болсон нь тухайн ажилтны эрх ашиг хөндөгдөөгүй. Учир нь Х.Г-ийг улс төрийн албан тушаалд сонгогдсон үеэс дээрх хуульд заасны дагуу нөөцөд байгаад тооцох үндэслэлтэй ч тус албан тушаалаас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр чөлөөлөгдөхдөө өөрийн хүсэлтээр буюу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг үндэслэл болгосон байгаа нь түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэсгүй болно. Нэг ёсондоо Х.Г өөрөө Төрийн албаны нөөцөд байх, Төрийн жинхэнэ албан хаагч байх эрхээ алдсан. Төрийн албаны тухай хуульд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөнийг нөөцөд байх үндэслэлд хамааруулахгүй байна.

Х.Г нь шүүхэд сул орон тоонд томилогдон ажиллах үедээ ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс захиргааны санаачилгаар болон өөрийнх нь хүсэлтийг харгалзан албан тушаалаас нь бууруулж, тус өдрөөс шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар туршилтын хугацаа заан томилсон. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргахгүй, шаардлага хангахгүй байна гэсэн гомдлыг шүүгч нараас удаа дараа гаргаж байсан учраас Х.Г-ийг хүүхэд асрах чөлөө авсан шүүгчийн туслахаар томилон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд өөр хүн томилон ажиллуулах болсон.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэ Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т ... тусгай шалгалтыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан албан хаагчаас авна ... гэжээ. Харин 27.1.2-т Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж нөхнө гэсэн байна.

Шинэ Төрийн албаны тухай хуульд зааснаас харахад албан тушаал шатлан дэвшиж байгаа тохиолдолд тусгай шалгалтыг заавал өгч томилогдохоор байгаа. Гэтэл Х.Г-ийн хувьд тухайн албан тушаалд томилогдохдоо хуульд заасан шаардлага хангаагүй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй буюу шүүгч ажилдаа орох хугацаа болоогүй байсан. Тийм учраас эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллах санал тавихад татгалзсан хариу өгсөн. Ингээд ажил албан тушаалдаа ахиц гаргахгүй байсан учраас ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс Х.Г-ийн гаргасан гомдолд ... 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам болон тус зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг тус тус зөрчиж томилогдсон ... тийм учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байгаатай санал нэг байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Х.Г-ийн ажлаас халагдсан тушаалын хувьд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн тушаалын төслийг нь бичээд би харахгүй гарын үсэг зурсан байна. Б/15 дугаар тушаал нь зөв. Техникийн алдаа гарч Б/16 гэж бичсэн байна.

Х.Г-ийн хувьд захиргааны албан хаагчийн болзол журам хангагдаагүй. Яагаад гэвэл Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын дагуу сул орон тооны захиалгаа өгөөгүй, төрийн албаны тусгай шалгалт зарлагдаагүй. Х.Г тусгай шалгалтаа өгөөгүй, шаардлага хангаагүй тухайн албан тушаалд ажиллаж байсан. Болзол шаардлага хангагдаагүй гэдэгт Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг төрийн албаны зөвлөлөөр хянаж батлуулна гэж заасан байна. Энэ дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөл нь бүх шатны Шүүхийн төрийн захиргааны албан тушаалтнуудын албан тушаалын тодорхойлолтыг батлуулж чадахгүй, амжихгүй явсаар байгаад 2020 оны 05 дугаар сард Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс бүх шатны Шүүхийн захиргааны албан тушаалтнуудын албан тушаалын тодорхойлолтоо батлуулсны дагуу сул орон тоогоо зарлуулснаар ажиллаж байгаа албан тушаалтнууд нь жинхлэн томилогдох эхлэл нь тавигдсан. 2020 оны 11 дүгээр сард эхний шалгаруулалт зохион байгуулагдаж манай Шүүхийн сул орон тоо хуульд заасан журмын дагуу нөхөгдсөн. Х.Г-ийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан жинхлэн томилогдох харилцаа үүсээгүй. Томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны гаргасан тушаалыг хууль бус акт гэж үзэх юм бол миний гаргасан тушаалуудад техникийн алдаа маш их байна. Х.Г намайг шүүхэд өгсөн үед дээрх тушаалаа харсан. Энэ тушаалыг гаргахад зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн төслийг нь гаргаад би гарын үсэг зурсан. Энэ техникийн алдаатай тушаалууд дээр тоглолт хийж болохгүй. Төрийн албаны шалгуур шаардлага хангасан хүнээр төрийн албаны сул орон тоог нөхөх зохицуулалттай. Шүүхийн тухай хуульд шүүн таслах ажиллагаа хэвийн тасралтгүй явах ёстой гэсэн байна. Дээрх 2 хуулийн хооронд томилох эрх бүхий албан тушаалтан гацдаг. Барих хуулийн зохицуулалт нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн шалгуур шаардлагыг хангаагүй албан тушаалтныг авч болохгүй хуулийн зохицуулалттай.

Гэтэл Шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахын тулд Шүүхийн байгууллагад ажиллах хүсэлтэй залуусыг Төрийн албаны хуульд заасан шаардлагыг хангалгүйгээр хууль бус томилгоонууд хийсэн байна. Бүх шатны шүүх дээр ийм томилгоо байгаа байх. Би дээрх хуулийн зохицуулалтыг барьж алдаа гаргасан. Би шүүхэд ажиллах сонирхолтой залуусыг цааш нь түлхэж байгаагүй. Х.Г миний тавьсан ажлын саналуудыг хүлээж авсан бол Төрийн албаны тухай хуулийн дагуу манай Шүүхийн сул орон тоо зарлагдаж тусгай шалгалтаа өгөөд сул орон тоо нөхөгдөх боломжтой байсан. Би Х.Г-т санал тавьж байсан боловч Х.Г нь тухайн үедээ ойлгоогүй, төрийн үйлчилгээ рүү буумааргүй байна гэж хэлж байсан. Х.Г нь төрийн албаны шалгалтаа өгч хуулийн дагуу томилогдсон албан тушаалтан мөн үү, биш үү гэдгийг анхаарч үзэхгүй байна. Хэрвээ анхаарч үзэж эвлэрүүлэн зуучлагчийн туслахын орон тоонд шүүгчийг иртэл ажиллая, сул орон тоо зарлахаар тухайн албан тушаалын сул орон тоонд орж ажиллая гэж хэлсэн бол ажиллуулах бүрэн боломжтой байсан. Надад Х.Г-ийг ажлаас нь чөлөөлөх сонирхол байгаагүй. Өмнө нь төрийн албан хаагч байсан учраас төрийн албаны зэрэг дэвийн асуудлыг нэмүүлж шийдүүлсэн. Энэ бол тухайн албан тушаалтын бодож, эрх, ашгийг нь хөндөхгүй, цалинг нь нэмэх гэсэн бодолтой байсан.

Х.Г-ийг мэдээлэл лавлагааны мэргэжилтний оронд ажилд авах талаар нягтлан бодогч надаас асууж байсан. Би Х.Г-ийн гар утас луу нь чамд хүсэлт байгаа бол хүрээд ир гэж мессеж бичсэн. Миний хүсэлтэд хариу өгөөгүй. Х.Г-оос нягтлан бодогч энэ талаар асуухад би Нийгмийн даатгалын газарт хамаг юмаа өгчихсөн гэж хэлсэн гэсэн. Яагаад татгалзсан гэдгийг нь мэдэхгүй байна. Х.Г нь төрийн албаны нөөцөд байгаа гэдэг нотлох баримтуудыг цуглуулсан байна. Төрийн албаны нөөцөд байгаа нь төрийн албаны сул орон тоонд тэнцэж ажиллана гэсэн зохицуулалт байхгүй.

Надаас Төрийн албаны зөвлөл Х.Гийн талаар тайлбар авсан. Тэр тайлбартаа болон шүүхэд өгсөн тайлбартаа тушаалд техникийн алдаа байсан гэж тайлбарласан. Би Төрийн албаны тухай хуулийн халах гэсэн заалтыг барьсан. Би зөв заалтыг барьсан хэр нь дээд гарчгийг нь чөлөөлөх гэсэн техникийн алдаа гаргасан миний буруу. Х.Г шүүгчийн туслахын ажлыг хийж байхдаа шүүгчгүйгээр жил гаруй хугацаанд ажилласан. Бусад албан тушаалтны эрх ашиг хөндөгдөхөөр байсан. Нэг хүнийг шүүгчгүйгээр ажиллуулсан нь бусдын эрх ашгийг хөндөхөөр асуудал. Тэр утгаараа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй.

Х.Г нь С сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа шилжин ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт бичиж байна. Нотлох баримтыг шинжлэн судлахад Х.Гийн бичсэн С сумын Засаг даргын Тамгын газарт бичсэн хүсэлтийг би сонссон. Хуучин төрийн албаны хуулиар нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжиж орох асуудлыг төрийн албан хаагчтай зөвшилцөнө гэсэн заалт байсан. Тэр утгаараа би Х.Г-т манай байгууллагад шилжиж ороод ирэх юм бол шалгалтгүй гэж би хэлж байсан. Х.Г хүсэлтдээ шилжих гэж бичсэн боловч С сумын Засаг дарга нь Х.Г-ийг чөлөөлөхдөө тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар Х.Гийн хүсэлтийг харгалзан гэж чөлөөлсөн байсан. Энэ захирамж тухайн үедээ миний гар дээр ирээгүй. Сүүлд нь Х.Г гомдол гаргаад, би сумын Засаг даргын Тамгын газар руу хандаж Х.Г-ийн чөлөөлөгдсөн тушаалыг авсан.

Ер нь бол шилжиж орох талаар ярьж байсан. Х.Г нь шилжиж орж ирэх нь байтугай хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байсан. Х.Г-ийг зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр авахдаа түр хугацаагаар буюу Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар ажлын зайлшгүй шаардлагаар гэсэн заалтыг барьсан. Мөн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжиж орж ирсэн бол боломж байсан. С сумын багийн Засаг даргаар түр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдвөл төрийн албаны нөөцөд байх эрхээ алдахаар хуулийн заалт байсан. Багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөхдөө төрийн албаны нөөцөд байх эрхээ алдчихсан гэж харж байна. Тухайн үед Х.Г-той шилжиж орж ирэх боломжтой гэж ярьж байсан. Х.Г шүүх рүү орж мэргэжлийн ажлаа хийх юм сан гэж хүсэлтээ гаргаж байсан. Тухайн үед манай Шүүхийн 3 ажилтан Солонгос улс руу явсан болохоор Шүүхийн ажил тасалдаж байсан учраас Х.Г-т санал тавьж байсан болохоор түүн лүү ярьсан.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмыг хангаагүй, мөн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан төрийн албанд шатлан дэвших журмын дагуу шалгалтаа өгч дээрх 2 албан тушаалд орж ирэх байсан. Х.Г болон надаас шалтгаалахгүй нөхцөл байдал байсан. Би өмнө нь Шүүхийн Ерөнхий зөвлөл бүх шатны Шүүхийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг төрийн албаны зөвлөлөөр хянуулж батлуулсны дараа сул орон тоог зарлуулж шалгалт зохион байгуулах ёстой байсан гэж тайлбарласан. Тэр хооронд Шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахын тулд Х.Г-ийг ажиллуулж ирсэн. Х.Г нь миний асуултад хариулсан тайлбар дээрээ С дарга бол төрийн албаны тусгай шалгалт зарлуулж жинхэлнэ гэдэг зүйлийг ярьдаг байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Манай бүх ажилтнууд эрх зүйч мэргэжилтэй, хэрхэн яаж төрийн албанд томилогдох талаар мэдэж байгаа. Шалгалт өгч томилогдоно гэдгийг мэдэж байсан. Тэр нөхцөл сая бүрдэж 8 сул орон тоогоо зарлуулаад жинхэлсэн.

Хэдийгээр хуулийн дагуу томилогдох ажиллагаа хийгдээгүй ч гэсэн төрийн албан хаагч нараа алагчлалгүйгээр нийгмийн асуудлыг нь дордуулахгүй, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй үе шаттай арга хэмжээ авсны нэг нь зэрэг дэвийг нь нэмэгдүүлээд өгчихье гэсэн асуудал байсан. Г-ийн хувьд 2011 онд төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн байсан. Бүх захиргааны албан тушаалтнуудын зэрэг дэвийг нь нэмэгдүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлж явуулсан. Намайг зэрэг дэвийн материалыг явуулаагүй бол аль нэг төрийн байгууллага нь өөрөө мэдээд Х.Г-т төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэвийг нь нэмье гэсэн юм байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга нарын хэмжээнд зохион байгуулсан 2018 оны цугларалтаар Шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал дордоод байна. Зэрэг дэвийг нь нэмэгдүүлэхгүй олон жил болж байна гэдэг асуудлыг хөндөж тавьснаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зүгээс 2019 онд танайд ажиллаж байгаа зэрэг дэвийг нь нэмэгдүүлэх бүх захиргааны албан хаагчдын материалыг ирүүл гэсэн асуудал тавьсан. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүрээнд Д.С очиж ярьсан. Би тэр дунд Х.Г-ийг хаялгүйгээр төрийн жинхэнэ албан хаагч гэж үнэлж материалыг нь явуулсан. Энэ материалыг явуулснаар эрх зүйн байдлыг дордуулаагүй, би шүүхэд ажиллах сонирхолтой залуусыг дэмждэг. Шүүхийн захиргааны ажилтнууд шүүгчийн туслах нарийн бичгийн дарга нарын цалингийн асуудлыг батлуулахдаа ТЗ-6, ТЗ-6.5, ТЗ-5, ТЗ-5.5-т зааснаар батлуулдаг. Нэгэнт шүүхэд орсон ажилтнуудыг тухайн албан тушаалд нь барьж тогтоох нэг хэлбэр болгохын тулд би эрх хэмжээний хүрээнд ангилал шатлалыг нь ахиулж цалинжуулдаг байсан. Энэ утгаараа би хэнийг ч алаг үздэггүй. Би үнэхээр сул орон тоо байвал сонгон шалгаруулалтыг нь зарлуулж байгаад албан тушаалтнаа эргүүлж авдаг гэдгийг Х.Г мэдэж байгаа. Яагаад гэвэл Шүүхийн боловсон хүчин тогтвор суурьшилгүй байгаад байдаг. Тогтвор суурьшилтай болгохын тулд Шүүхийн ажил хуульд заасан хугацаандаа хяналт шалгалт хийгээд төрийн албаны шаардлагыг бага зэрэг хатуу тавихаар дарамт шахалт гэж үздэг асуудлууд байдаг. Гэсэн хэдий боловч эргээд нөгөө залуучуудыг ажилд авдаг. Тэдгээрийн нэг нь Х.Г юм. Би ерөөсөө алаг үзэж байгаагүй. Х.Г нь хуулийн дагуу шалгалт өгч томилогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд Г.Э нь 2021 оны 03 дугаар сарын 10, 15-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж буй Х.Г ийн нэхэмжлэлтэй, Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Уг хэрэг гуравдагч этгээдээр оролцож байгаа миний бие 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилд томилогдож ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын сул орон тоон дээр жинхлэн томилогдсон. Энэ хугацаанд миний бие Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтаа өгч жинхлэн томилогдсон. Иймд миний эрх ашгийг хөндөхгүйгээр уг хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Миний бие нь уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй. Миний бие Г.Э нь Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн туслахын орон тоонд хууль ёсоор буюу шалгуур шаардлага бүрэн хангаж шатлан дэвших зарчмаар дэвшин томилогдсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд анх Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Гийг ажлаас чөлөөлөх тухай Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Гийг ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн Шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,882,336 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулан өөрчилсөн болохыг;

түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн Г.Э-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан боловч гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ[1][1] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ...гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана гэж заасантай нийцэж байх тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг;

нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий акт болох Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь нэхэмжлэгч Х.Г-ийн шүүхэд гаргаж өгснөөр (Г аймаг дахь Шүүхийн Тамгын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан) Б/16[2][2] дугаартай, харин Шүүхийн шаардсанаар хариуцагчаас гаргаж өгснөөр (хуулбарын үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн) Б/15[3][3] дугаартайгаар тус тус хэргийн материалд авагдсан бөгөөд, энэ талаар Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч нь ...Х.Гийн шүүхэд өгсөн тушаал техникийн алдаатай байна, Х.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал Б/15 дугаартай гэж тайлбарлан маргаан бүхий актын дугаарыг Б/15 гэж зөвтгөсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэргийн оролцогчдын тайлбар, татгалзлын үндэслэл, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд тус тус үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч Х.Г-ийн Г аймаг дахь Шүүхийн Тамгын газарт ажилласан байдлын талаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Анх нэхэмжлэгч Х.Г-ийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр туршилтын 1 сарын хугацаагаар;

- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас бууруулж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд туршилтын 1 сарын хугацаагаар;

- 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар жинхлэн томилж;

- 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд тус тус томилон ажиллуулсан болох нь хариуцагч Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Х.Г-ийг ажилд түр томилох тухай Б/69 дүгээр[4][4],

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Х.Г-ийг албан тушаалаас нь буруулах тухай Б/112 дугаар[5][5],

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Х.Г-ийг ажилд жинхлэн томилох тухай Б/32 дугаар[6][6],

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Х.Г-ийг ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай Б/54 дүгээр[7][7] тушаалуудаар тус тус тогтоогдож байна.

 

- Үүний дараа хариуцагч нь маргаан бүхий акт болох 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар тушаалыг гарган нэхэмжлэгч Х.Г-ийг Г аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлжээ.

 

2. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2020 оны Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлаас чөлөөлсөн тушаалд шүүгчгүйгээр сул цалин авч ажилласан, шүүгч нь хэзээ ажилдаа орох нь тодорхойгүй, өөр ажлын санал тавиад хүлээж аваагүй гэсэн хуульд нийцээгүй, сонсох ажиллагааг явуулалгүйгээр гаргасан ажлаас чөлөөлөх тушаалдаа халах хуулийн заалтыг үндэслэсэн нь хууль зөрчсөн, шүүхэд анх орохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан, хариуцагч нь хууль бус тушаал гаргаж намайг цаашид төрийн алба хаших боломжгүй болгосон гэх агуулгаар тайлбарлан маргадаг,

харин хариуцагчаас ...Х.Г-ийг өөрийнх нь хүсэлтээр 2018 оны 9 сард Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 1 сарын хугацаагаар түр томилсон нь анхнаасаа алдаатай томилгоо болсон, Х.Г С сумын 3-р багийн Засаг даргын албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д зааснаар чөлөөлөгдсөн нь түүнийг төрийн албан хаагч гэж үзэх үндэслэлгүй болсон, шүүгч ажилдаа орох хугацаа болоогүй байсан учраас ажлаас нь чөлөөлсөн, тушаалыг техникийн алдаатай гаргасан хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуульд зааснаар тусгай шалгалт өгөөгүй буюу төрийн захиргааны албан хаагчаар томилогдох хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, бусдын эрх хөндөгдөхөөр байсан учраас сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

3. Нэхэмжлэгчийн ...шүүхэд анх ажилд орохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан гэх, хариуцагчийн ...Х.Г С сумын 3-р багийн Засаг даргын албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д зааснаар чөлөөлөгдсөнөөр төрийн жинхэнэ албан хаагч биш болсон гэх маргааны үндэслэлүүдэд холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтаар Х.Гийн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан эсэх талаар дараах нөхцөл байдал, үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Х.Г нь Г аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/18 дугаар тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтнээр томилогдсон нь нэхэмжлэгч Х.Г-ийн №000061410 дугаарын нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэснээр,[8][8]

- Үүний дараа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч-аар томилогдсон болох нь Г аймаг дахь Төрийн албаны Зөвлөлийн салбар зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Төрийн жинхэнэ албан хаагч томилох тухай 02 дугаар[9][9] тогтоол, Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг-ын хуудас[10][10], мөн Г аймгийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Төрийн жинхэнэ албан хаагч томилуулах тухай А/32 дугаар[11][11] захирамжаар;

- Улмаар Х.Г-ийг аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнээр шилжин ажиллах болсон үндэслэлээр Г аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн-ий албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь тус Тамгын газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дугаар[12][12] тушаалаар тус тус тогтоогдож байна.

- Цаашлаад нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ажилд томилох тухай 258 дугаар[13][13] тушаалаар Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч-ээр томилогдон ажиллаж байгаад, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан үндэслэлээр Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч-ийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/89 дүгээр тушаал[14][14] (хавсралтын 6-р хэсгийн 154-3 дахь мөрөнд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч, Хүүхэнхүүгийн Г, Дэс түшмэл, ТЗ-6), мөн ...Хүүхэнхүүгийн Г нь 2016 онд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23.4, 27.2.4 дэх заалтад тус тус заасны дагуу төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тул төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн гэж дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 3/1542 дугаар[15][15] албан бичгээр тус тус тогтоогдож байна.

- Үүний дараа нэхэмжлэгч Х.Г нь Г аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/17 дугаар[16][16] захирамжаар тус сумын 3-р багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу төрийн улс төрийн албан хаагчаар томилогдсон байх ба, мөн С сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр[17][17] тушаалаар С сумын 3-р багийн Засаг даргын албан тушаалаас (нийгмийн даатгалын дэвтэрт С сумын 3-р багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн гэж тэмдэглэсэн)[18][18] чөлөөлөгджээ.

4. Өмнөх хэсгүүдэд дүгнэснээр Х.Г нь 2011 онд тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон нь, 2016 онд Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч-ийн буюу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалаас бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх ба, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Төрийн жинхэнэ албан хаагч ...тухайн төрийн байгууллага нь ..., бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө, 23.5-д ...мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж хуульчилсан байгаагаас,

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 2.2.3-т Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ... эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ..., төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц, мөн журмын Нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа гэх Дөрөвдүгээр бүлгийн 4.2-т Энэхүү журмын ... 2.2.3, ...-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж журамласнаас тус тус үзвэл нэхэмжлэгч Х.Г нь Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 09 дүгээр сард томилогдохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан, тодруулбал нэхэмжлэгч Х.Гийн төрийн жинхэнэ албан хаагчийн статус нь хэвээр хадгалагдаж байжээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна, 6.1.12-т бүх шатны Засаг дарга ... гэж заасан ба, нэхэмжлэгч Х.Гийн хашиж байсан С сумын 3-р багийн Засаг дарга-ын албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байх бөгөөд, мөн Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, ... бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө, 23.5-д ..., мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж,

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 2.2.2-т Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, ... зэрэг мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц, 4.2-т Энэхүү журмын ... 2.2.2, ...-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж тус тус заасан байна.

Дээр дурдсан хууль, журмын холбогдох зохицуулалтаас дүгнэвэл нэхэмжлэгч Х.Гийг Г аймгийн С сумын Засаг даргын 2018 оны Б/11 дүгээр тушаалаар С сумын 3-р багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас өөрийн санаачилгаар буюу хүсэлтээр чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран 2018 оны 09 дүгээр сард Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд буюу төрийн жинхэнэ албан тушаал-д томилогдох хүртлээ мөн адил төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан гэж үзнэ.

Иймд хариуцагчаас ...нэхэмжлэгч нь С сумын 3-р багийн Засаг даргын албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д зааснаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр төрийн жинхэнэ албан хаагч биш болсон байсан тул Х.Гийг 2018 оны 9 сард Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон нь анхнаасаа алдаатай болсон буюу төрийн жинхэнэ албан хаагч нөөцөд байгаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

5. Хариуцагчаас ...Х.Гийг чөлөөлсөн тушаалыг техникийн алдаатай гаргасан, гэвч Х.Г 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуульд зааснаар тусгай шалгалт өгөөгүй буюу төрийн захиргааны албан хаагчаар томилогдох хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй учраас ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа хэдий ч, нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий 2020 оны Б/15 дугаар тушаал нь энэ үндэслэлээр гараагүй болохыг дурдах зүйтэй.

Нөгөөтэйгүүр хариуцагч албан тушаалтнаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд ... 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай орон нутагт төрийн албаны тусгай шалгалт зарлагдаж, тусгай шалгалт өгч тэнцсэн Г.Энхжаргалыг шүүгчийн туслахаар томилсон гэх тайлбарыг[19][19] гаргаж байгаагаар хариуцагч нь нэхэмжлэгч Х.Гт төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалт өгөх боломжийг олголгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх ба, өөрөөр хэлбэл Х.Гийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш даруй 4 сарын дараа төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулагдсан байх тул энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль зөрчсөн гэж, харин хариуцагчаас шүүгчгүйгээр ажиллуулсан нь бусад ажилтнуудын эрх ашиг хөндөгдөхөөр байсан учраас сонсох ажиллагааг хийгээгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хариуцагчаас маргаан бүхий 2020 оны Б/15 дугаар тушаалыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч Х.Гт захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа-г явуулаагүй байна.

Шүүгчгүйгээр ажиллуулсан нь бусдын эрхийг хөндөгдөхөөр байсан гэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагаа явуулахгүй байх тохиолдлуудад хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль зөрчсөн гэж маргасан нь үндэслэлтэй байна.

            7. Маргаан бүхий акт болох 2020 оны А/15 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар:

Хариуцагчаас нэхэмжлэгч Х.Гийг чөлөөлсөн тушаалдаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т энэ хуульд заасан бусад үндэслэл, Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол, 41.2-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал захиргааны байгууллага амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулж болно гэх заалтуудыг тус тус үндэслэсэн байх ба, маргаан бүхий актыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг ... Х.Г нь шүүгчгүйгээр жил гаран сул цалин авч ажиллаж байгаа ба нярайн чөлөөтэй шүүгч нь хэзээ орох нь тодорхойгүй, тухайн ажилтанд өөр ажлын санал тавихад хүлээн аваагүй гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Х.Г нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байсан хугацаандаа Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон нь өмнө нэгэнт тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай /2017 оны/[20][20] хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдана.

Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 46 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, 47 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах тохиолдлуудыг хуульчилсан ба, нэхэмжлэгчийн тухайд түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх 46 дугаар зүйлийн 46.2.1-46.2.4 дэх хэсгүүдэд заасан Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх,

мөн төрийн жинхэнэ албанаас халах 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.3 дахь хэсгүүдэд заасан хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал бий болоогүй, дээрх тохиолдлуудын аль нь ч үүсээгүй байхад хуулийг буруу хэрэглэн, улмаар шүүгчгүйгээр жил гаран сул цалин авч ажиллаж байгаа ба нярайн чөлөөтэй шүүгч нь хэзээ орох нь тодорхойгүй гэх хуульд нийцээгүй шалтгаан, нөхцөлийг заасан, ажлаас чөлөөлсөн акт гаргасан атлаа Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т энэ хуульд заасан бусад үндэслэл гэх халах зохицуулалтыг маргаан бүхий актад үндэслэл болгосон нь хууль бус байна.

Тодруулбал шүүгчгүйгээр жил гаран сул цалин авч ажиллаж байгаа ба нярайн чөлөөтэй шүүгч нь хэзээ орох нь тодорхойгүй гэх актын үндэслэл нь Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэгт заасан энэ хуульд заасан бусад үндэслэл гэх төрийн жинхэнэ албан хаагчийг халах үндэслэлд хамаарахгүй байхын зэрэгцээ, жил гаран сул цалин авч ажиллуулсан гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч Х.Гт гэхээсээ илүүтэй хариуцагч Шүүхийн Тамгын газрын даргад хамааралтай, өөрөөр хэлбэл хариуцагч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6.4, 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах замаар санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллахаар байгааг дурдах нь зүйтэй ба, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон нөхцөл байдлыг дээрх байдлаар тодорхойлсныг захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал-д нийцээгүй байна гэж үзлээ.

Тэрээр маргаан бүхий актыг бичгээр гаргасан атлаа захиргааны байгууллагаас бичмэл бус хэлбэрээр захиргааны акт гаргах, тухайн гаргасан актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар бичгээр баталгаажуулах асуудлыг захиргааны байгууллагаас шийдвэрлэх тохиолдлыг хуульчилсан Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дахь хэсгүүдийг маргаан бүхий актад үндэслэл болгосон нь мөн хуулийн 39 дүгээр 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх хэлбэрийн шаардлагыг хангаагүй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байна.

Хариуцагч албан тушаалтнаас Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасныг зөрчин нэхэмжлэгчийг хууль бусаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, түүний төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий акт болох Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Гийг ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Гийг Г аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоон, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

8. Шүүхээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг нэхэмжлэгч Х.Гийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй ба, эдгээрээс ажилгүй байсан хугацааны цалинд 11,882,336 төгрөг гаргуулах шаардлага нь дараах байдлаар хэсэгчлэн хангагдахаар байна.

Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааг төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход 133 хоног, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна, а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж, журмын 7-ийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр... тодорхойлохоор тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр,[21][21] цалингийн тооцооны картыг[22][22] үндэслэн 2020 оны 05-07 сарын /2020 оны 08 сард ээлжийн амралтын олговрыг тооцож олгосон тул өмнөх 3 сарын цалингаас дундаж цалинг тооцсон/ цалингаас сүүлийн 3 цалингийн дунджийг тооцоход 1,127,719 төгрөг, үүнийг сарын ажлын дундаж 21.5 хоногт хувааж, 1 ажлын өдрийн дундаж цалинг 52,452.05 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 133 хоногт үржүүлэхэд 6,976,122 (1127719/21,5=52,452.05*133=6976122) төгрөг болж байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 4,906,214 (11,882,336-6,976,122=4,906,214) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын 6,976,122 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд, илтгэх хуудас, шүүхийн бүтэц орон тоотой холбоотой нотлох баримтуудыг болон маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудалд холбогдох зарим нотлох баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Гийг ажлаас чөлөөлөх тухай Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Г-ийг урьд эрхэлж байсан Г аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,976,122 /зургаан сая есөн зуун далан зургаан мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын төсвөөс гаргуулан Х.Г-т олгож, мөн Х.Гийн ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинд илүү нэхэмжилсэн 4,906,214 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 


[1][1] Хавтаст хэргийн 153р хуудас

[2][2] Хавтаст хэргийн 9р хуудас

[3][3] Хавтаст хэргийн 47р хуудас

[4][4] Хавтаст хэргийн 44р хуудас

[5][5] Хавтаст хэргийн 45р хуудас

[6][6] Хавтаст хэргийн 85р хуудас

[7][7] Хавтаст хэргийн 46р хуудас

[8][8] Хавтаст хэргийн 33р хуудасны арын нүүр №3

[9][9] Хавтаст хэргийн 101р хуудас

[10][10] Хавтаст хэргийн 93р хуудас

[11][11] Хавтаст хэргийн 100р хуудас

[12][12] Хавтаст хэргийн 143р хуудас

[13][13] Хавтаст хэргийн 140р хуудас

[14][14] Хавтаст хэргийн 141-142р хуудас

[15][15] Хавтаст хэргийн 154р хуудас

[16][16] Хавтаст хэргийн 92р хуудас

[17][17] Хавтаст хэргийн 59р хуудас

[18][18] Хавтаст хэргийн 34р хуудас, №9

[19][19] Хавтаст хэргийн 133р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл

[20][20] Уг хуулийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөн

[21][21] Хавтаст хэргийн 33р хуудас

[22][22] Хавтаст хэргийн 48р хуудас