| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0513/з |
| Дугаар | 221/МА2026/0070 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0070
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ц.Б, Ц.М
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нарын үйлдсэн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21230000030 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нөхөн ногдуулалтын дүнг 1,361,972,488.35 төгрөгөөр багасгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0777 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Х.Ц
Хариуцагч Ц.Б, Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0513/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нарт холбогдуулан, татварын улсын байцаагчдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21230000030 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нөхөн ногдуулалтын дүнг 1,361,972,488.35 төгрөгөөр багасгуулахаар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0777 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулйн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус баримтлан маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21230000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрт заасан нөхцөл байдлыг шалгаж шинэ акт гаргаагүй тохиолдолд уг нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болсонд тооцохыг дурдаж шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Ц.Б, Ц.М болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.1-10.3 дахь хэсэгт цаашид нэмж тодруулах асуудлыг дурдсан бөгөөд бид татварын хяналт шалгалтын явцад дээрх программтай холбоотой асуудлыг нарийвчлан шалгасан.
3.2. Гадаад улсын компаниудын программ ашигласны төлбөрийг шилжүүлэн, өөрийн үйл ажиллагааны зардлаар бүртгэсэн боловч ногдох татварыг хуулийн дагуу суутгаагүй тул 1,152,548,234.32 төгрөгийн зөрчилд нөхөн татвар ногдуулан хариуцлага тооцсон. Эдгээр зөрчлүүд нь журналын бичилт болон холбогдох баримтуудаар нотлогдож байгаа ба шалгалтын явцад татвар төлөгчтэй тулган шалгасан.
3.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт нь албан татвараас чөлөөлөгдөх бараатай холбоотой ба тус компанид программ ашиглуулан орлого олж буй гадаадын комданиудын орлого бол “үйлчилгээ”-ний орлого юм. Мөн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д тусгайлан заасан татвараас чөлөөлөх орлогод дээрх программын орлогыг хамааруулсан заалт байхгүй.
3.4. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь иргэний агаарын хөлөг худалдах, худалдан авах, үйлдвэрлэл засвар үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, хувиргалтын үйл ажиллагаанд хамаарахаар байгаа ба онгоцны хөдөлгүүрийн ашиглалт, улмаар татвар ногдуулалттай холбоогүй. Мөн Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт татвараас чөлөөлөх талаар тусгаагүй бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын Нарийн бичгийн газраас Батламж бичгийг хүлээн аваагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлснөөс гадна хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. “А” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нарт холбогдуулан “...татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-21230000030 дугаартай актаар тогтоосон нөхөн ногдуулалтын дүнг 1,361,972,488.35 төгрөгөөр багасгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан.
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дараа 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/0228 дугаар шүүгчийн захирамжаар 128/2025/0034/з индекс дугаартай захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.2. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөн оролцуулахаар хэрэгт ирүүлсэн Л.О, Э.Х нарт олгосон итгэмжлэл хүчинтэй бол Г.Б-д олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосныг шүүхэд мэдэгджээ.
3.3. Анхан шатны шүүхээс, “нэхэмжлэгч талаас шалтгаалж удаа дараа шүүх хуралдаан хойшилсон, шүүхээс шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй зэрэг нь нэхэмжлэлээ дэмжиж ирэхгүй байгаатай адил нөхцөл, эрх зүйн үр дагавар үүсгэнэ” гэж дүгнээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг баримтлан, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2025/3720 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.
4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь энэ хэсгийн 3-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хариуцагч нарт холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дахин тус шүүхэд гаргадаг.
4.1. Уг нэхэмжлэлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2025/4090 дүгээр шүүгчийн захирамжаар 128/2025/0513/з индекс дугаартай захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр эхлүүлсэн.
4.2. Энэ хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.О-ийг томилсон бол итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Х.Ц-ыг оролцуулах хүсэлт /эсхүл гэрээ/ зэргийг хэрэгт хавсаргаагүй.
Мөн өмгөөлөгч Х.Ц-ын хүсэлтээр шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 14, 22-ны өдрүүдэд гаргасан шүүгчийн захирамжаар тодорхойлогдох боловч өмгөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй.
4.3. “А” ХХК-ийн гаргасан энэ хэсгийн 4-т заасан нэхэмжлэлийн хувийг энэ хэсгийн 3.1-д заасан өмнөх хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Х.А-д гардуулсан тухай баримт үйлдэж хэрэгт хавсаргасан боловч маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн хариуцагч нараас бичгээр тайлбар авч, хэрэгт хавсаргаагүй. Хариуцагч нараас түүнд олгосон итгэмжлэлийг 128/2025/0513/з индектэй хэрэгт /шинэчилж/ аваагүй.
4.4. Анхан шатны шүүх хуралдаанд А.Э, Х.А нарыг оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэжээ.
5. Эрх зүйн зохицуулалтын тухайд;
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.2. энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, … тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 30 дугаар зүйлийн 30.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно” гэж,
55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна: 56.1.1. хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах”, 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ”, 91 дүгээр зүйлийн 91.3-д “Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана” гэж,
5.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.6.1-д “Шүүгч захиргааны хэрэг үүсгэмэгц шүүгчийн туслах нэгдсэн системээс өгөгдсөн индексийг “Хэргийн индексийн журам”-ын дагуу хэргийн хавтсанд байрлуулна”, 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн хэргийн индексийн журам”-ын 3.2.1-д “Анхан шатны шүүхэд ... захиргааны хэрэгт “хэрэг үүсгэх” үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системээс хэргийн дугаар олгогдоно” гэж тус тус заасан.
5.3. Хууль, журмын эдгээр зохицуулалтыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, буцаасан зэргээс үл хамааран, эдгээр шалтгаан арилсан гэж дахин, эсхүл шинээр гаргасан нэхэмжлэлд шүүх захиргааны хэрэг үүсгэх тохиолдол бүрд дахин давтагдашгүй дугаарлалт бүхий индекс олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр явуулна.
Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, төлөөлөх эрхийг шалгаж, хэрэгт хавсаргах; хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбарыг бичгээр авах; хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг цуглуулах гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг тухайн /индекс дугаар бүхий/ захиргааны хэрэг болгонд гүйцэтгэх нь хэргийн оролцогчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хангахад чиглэсэн, хуулиар тогтоосон зайлшгүй хэрэгжүүлбэл зохих шаардлага юм.
6. Гэтэл анхан шатны шүүх энэ хэсгийн 3.1-д заасан нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /шүүх хуралдаанаас/ буцааж, “А” ХХК-ийн дахин гаргасан нэхэмжлэлд энэ хэсгийн 4.1-д зааснаар өөр индекстэй хэрэг үүсгэсэн атлаа тэдгээрт нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.
Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн тайлбар гаргах, хуульд заасны дагуу төлөөлүүлэх эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг бодитоор хэрэгжээгүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж дүгнэх үндэслэл болох учраас захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд зайлшгүй гүйцэтгэвэл зохих тодорхой ажиллагаануудыг бүрэн гүйцэтгээгүй энэ тохиолдолд “процессын зөрчилгүй байх” шаардлага хангагдаагүй, энэ агуулгаараа шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... нэхэмжлэлийг буцаасан тул дахиж нэхэмжлэл гаргасан, шүүхийн процесс ажиллагаа шинээр эхэлсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарласаар байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байна. /Хэргийн 74-75 дахь талд/
8. Түүнчлэн нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар байдлаар ирүүлсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлсэн нь нотлох баримт цуглуулж, үнэлэхтэй холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.4-д заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэх зэрэг холбогдох зохицуулалтыг анхан шатны шүүх зөрчжээ. /Хэргийн 25-41 дэх талд/
9. Маргаан бүхий НА-21230000030 дугаартай нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн №1-д заасан “2019-2022 онд хамаарах нийт 1,152,548,234.32 төгрөгийн программын орлого олохдоо албан татван суутган авч, төлөхөөр тайлагнаагүй” гэх зөрчлийг тухайд хариуцагч нар “... журналын бичилт, дансны хуулгын шалгаж илрүүлж, дүнг тогтоосон” гэж тайлбарлах боловч тэдгээр баримтыг ирүүлээгүй, хэргийн оролцогчдын хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар маргасан, анхан шатны шүүх ч тэдгээрийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй шалтгааныг хэргийн оролцогчдоос асууж тодруулсан атлаа шаардан гаргуулахгүйгээр, хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зохицуулалт нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг.
Харин маргааны үйл баримтын хүрээнд бодит нөхцөл байдлыг шүүх шалган тогтоож, холбогдох баримт цуглуулах, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй тохиолдолд нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх үндэслэлгүй.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж залруулах, нотлох баримтыг бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ