Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

             Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Жаргал,

Хохирогч Э.Доржсүрэн, Т.Ууганбаяр,

Шүүгдэгч Н.Бат-Од, Г.Гантуяа, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/,

Шүүгдэгч С.Эрдэнэтуяа, түүний өмгөлөгч Б.Эрдэнэбат /0024/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Мянгад овгийн Нямсүрэнгийн Бат-Од, Монгол овгийн Ганболдын Гантуяа, Хэрэйд овгийн Содномрагчаагийн Эрдэнэтуяа нарт холбогдох эрүүгийн 201526021273 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Хөвсгөл аймгийн мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-153а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мянгад овгийн Нямсүрэнгийн Бат-Од /РД: РЭ90110737/

2. Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн биеийн тамирын багш ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-153а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овгийн Ганболдын Гантуяа /РД: ГМ89100727/

3. Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхч архивч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Тахарын ерөнхий газарт архивын эрхлэгчээр ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-1-0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хэрэйд овгийн Содномрагчаагийн Эрдэнэтуяа /РД: ЕЙ90120707/

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Бат-Од, Г.Гантуяа, С.Эрдэнэтуяа нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын урд талд хуулиар хүлээсэн үүрэг болох хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж явсан Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын машинт эргүүлийн офицер Э.Доржсүрэн, хэв журмын цагдаа Т.Ууганбаяр, цагдаа жолооч Г.Зоригтбаатар нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, Э.Доржсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж гэрэлтүүлэгч ногоон хантаазыг урж, энгэрийн камерийн хавчаарын суурийг гэмтээсэн, Т.Ууганбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, өмсөж явсан гэрэлтүүлэгч ногоон хантаазыг урсан, Г.Зоригтбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан өмсөж явсан цамцны 2, 3, 4 дүгээр товчийг тасалж, гэрэлтүүлэгч ногоон хантаазыг урсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бат-Од мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантуяа мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэтуяа мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

            Хохирогч Э.Доржсүрэн мэдүүлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын урд талд хуулиар хүлээсэн үүрэг болох хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж дуудлагын дагуу зодоон болж байгаа газар очсон. Зодоон хийж байсан этгээдүүдийг машинд суулгах үед Гантуяа нь машины баруун урд талын хаалга руу өшиглөхөөр нь болохгүй талаар хэлэхэд эсэргүүцсэн. Тэгэхээр нь камерын бичлэгийг асаахад камерны суурийг хугалж гэмтээсэн. Гантуяаг машинд суулгах гэхэд Бат-Од нь өөдөөс мөргөж машинаас бууж ирж эсэргүүцэл үзүүлсэн. Иймд дуудлагын төв рүү нэмэлт хүч дуудсан. Тухайн үед үүрэг гүйцэтгэж явсан ахлах ахлагч Ууганбаяр ирж тусалсан. Хохиролд Бат-Од, Гантуяа нараас 800.000 төгрөг өгсөн. Сүүлд 400.000 төгрөг авсан гэв.

 

            Хохирогч Т.Ууганбаяр мэдүүлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 3, 4 хорооллын Бугат 67 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Өргөө кинотеатрын хажууд нэмэлт хүч шаардлагатай гэсэн тул очсон ба очиход нэлээд бужигнасан байсан ба шүүгдэгч нар согтууруулах ундаа хэрэглэсэн цагдаагийн шаардлага эсэргүүцсэн нөхрөө өгөхгүй гэсэн байдалтай байсан. Бат-Одыг машинд суулгах үед араас өшиглөж байсан. Данзан гэгч нь манай эхнэр жирэмсэн хүн түлхлээ гэж маргалдсан. Би эхнэрээ аваад хол бай гэдэг шаардлага тавьж байсан. Нөхөр нь заамдахаар нь түлхэх үед Эрдэнэтуяа гарнаас хазаж нуруу бас хазсан. Нэмэлт машин ирж бүгдийг нь саатуулах байр луу авч явсан. Тухайн үед хувцас урагдсан энд тэндээ хазуулсан тул гэмтэл орж үзүүлсэн. Хохиролд 800.000 төгрөг авсан. Сүүлд 400.000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. 

 

            Гэрч Э.Данзан мэдүүлэхдээ: Өчигдөр найзуудтайгаа Макс гэдэг караокед орж хоёр цаг дуулсан. Тэгээд Эрдэнэтуяа, Бат-Од, Гантуяа бид дөрөв Өргөөгийн урд байдаг нэг газар оръё гээд явж байсан …Өргөөгийн зүүн талд байдаг Вест супермаркетын хажуу талд нөгөө хэдээсээ хойхно явж байсан чинь Бат-Од, Гантуяа, Эрдэнэтуяа нартай хүмүүс маргалдаад тэр нэг өндөр залуу нь Бат-Одыг зодоод газар унагасан. Тэгэхэд нь би очиж салгасан. Тэгж байтал цагдаа нар ирсэн.

            …Ууганбаяр гэдэг цагдаа нь цээж рүү цахилгаан бороохойгоор цохисон. …нэг махлаг шар царайтай цагдаагийн албан хаагч нь намайг гараараа боогоод газар унагаасан. Тэгээд гавлана гэсэн. Тэгэхэд нь би яагаад гавлах гэж байгаа юм бэ гэхэд юм хэлээгүй. Тэгээд намайг гавласан. Тэгсэн манай эхнэр Эрдэнэтуяа намайг өмөөрөөд тэр цагдаагийн албан хаагчтай маргалдсан юм. Өөрөөр бол цохиж зодоогүй гэжээ. /хх 51 хуудас/

 

            Гэрч Г.Зоригтбаатар мэдүүлэхдээ: “2015 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 02:30 цагийн алдад хэв журмын офицер дэслэгч Доржсүрэн бид хоёр 7 дугаар хороонд 30-р байрны гадаа согтуу хүн машин шатаах гээд хамар дээр нь гарах гээд байна гэсэн дуудлагыг шалгачихаад явж байхад Өргөөгийн буудал дээр шорлог зараад байна гэсэн дуудлага удаа дараа шаардуулаад байна гэсний дагуу Өргөөгийн буудалруу явж байхад Баянгол дүүргийн 8 дугаар хороо Алимгоо баарны гадаа баахан хүмүүс зодолдоод нэгийгээ алах гээд байна гэсэн дуудлага ирсэн, дуудлагын дагуу очиход хөл толгой нь мэдэгдэхгүй цээж нүцгэн хоёр залуу хоорондоо зодолдоод байсан, тэр үед нь гүйж очоод тэр хоёрыг салгаад машиндаа суулгаад байж байтал хоёр эмэгтэй, нэг залуу хүрч ирээд манай найзыг яагаад авч явж байгаа юм бэ, бид нар өгч явуулахгүй гэхэд нь та нар энд хэл амаа ололцохгүй юм байнаа, хэлтэс дээр очоод учир зүйгээ ол гэсэн, тэгээд байж байтал хоёр эмэгтэй нь манай дэслэгч Доржсүрэнтэй зууралдаад эхэлсэн, тэр үед Бугат-67 дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Ууганбаяр гүйгээд ирсэн, тэгээд тэр хоёр эмэгтэйг нь хоёр тийш нь салгаад байж байтал цэнхэр цамцтай эмэгтэй нь машины хаалга, гуперлүү өшиглөөд байхаар нь Доржсүрэн наадхаа болиочээ гэж хэлэхэд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өшиглөөд байхаар нь Доржсүрэн тэр эмэгтэйг машиндаа суулгах гэхэд машинд сууж байсан Бат-Од гэдэг залуу машинаас гарч ирээд манай эхнэрийг та нар зодоод байна гээд Доржсүрэнг цохиод авсан, тэр үед нь би гүйж очоод Бат-Одыг Доржсүрэнтэй хамжиж байгаад гарыг нь гавлаад машинд суулгасан, эхнэр нь манай нөхрийг гаваллаа гэж хэлээд миний шар өнгийн хантаазыг урсан юм. Намайг зодож цохисон асуудал бол байхгүй ээ. Нэмэлтээр Бугат-112 чиглэл нэмэлтээр ирээд тэр хүмүүсийг хувааж суулгаад аваад явсан юм.

            Намайг зодож цохиогүй ээ, гадуур өмссөн байсан гэрэлтүүлэгч ногоон хантаазны урд талын POLICE гэсэн бичигний талыг нь урсан, хоёр хажуу талын наалттай хэсгийн угаар нь тасдчихсан” гэжээ. /хх 52 хуудас/

 

            Гэрч Д.Золжаргал мэдүүлэхдээ: “одоо цагийг нь сайн санахгүй байна шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо Өргөө кинотеатрын замын урд талд зодолдож байсан хүмүүсийг шалгахад тэр хүмүүс нь эсэргүүцэл үзүүлж зодсон гэсэн дуудлагыг тэр хоёр өөрсдөө өгсөн. Тэр дагуу нэмэгдлээр алаг машинтай ойр байсан машинт эргүүлүүдээс нь дуудаж очуулж шалгуулсан шиг санагдаж байна. Яг одоо яг яаж байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд тэр шаардлага эсэргүүцсэн хүмүүсийг нь эрүүлжүүлэх байранд саатуулж материалжуулан хоногийн рапортонд оруулж бүртгэж авсан.

            Э.Доржсүрэн нүүрэндээ цохиулсан байсан байх, би одоо тэр хоёрыг яг ямар ямар гэмтэл авсан байсныг нь сайн санахгүй байна. Бас гэрэл ойлгогчтой хантаазыг нь урсан, энгэрийн камерийг нь бас эвдсэн гэж байсан. Өөр бусад зүйл нь яасныг нь сайн санахгүй байна” гэжээ. /хх 54 хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч О.Наранбаатар мэдүүлэхдээ: “Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нарт зуны гэрэлтдэг хантаазыг 6 сар, зуны ханцуйтай цамцыг 1 жилийн хугацаатай хэрэглүүлэхээр хангалтаар тавьж олгодог ба дээрхи алба хаагч нар зуны ханцуйтай цамц, гэрэлтдэг хантаазыг тавьж олгоод 1 жил 3 сар болсон тул эдэлгээний хугацаа дууссан байна. Иймд цагдаагийн хэлтсийн хувьд ямар нэг эд хөрөнгийн хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх 146 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 12340 дугаартай дүгнэлтэд: 1. Ууганбаярын биед зүүн дал, баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 36 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 12339 дугаартай дүгнэлтэд: 1. Доржсүрэнгийн биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, хацар, дух, дагз, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 38 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 12323 дугаартай дүгнэлтэд: 1. Бат-Одын биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун дал, баруун бугалга, нуруу, зүүн мөр, зүүн бугалга, зүүн дал, баруун тохой, хэвлий, зүүн өвдөг, зүүн тавхайд зулгаралт, баруун, зүүн хөлийн 1 дүгээр хуруунд шарх, баруун нүдний дээд, доод зовхи зулгаралт цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 40 хуудас/

 

            Цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх 8-10 хуудас/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-32 хуудас/

            Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 33 хуудас/

            Хохирлын баримт /хх 34 хуудас/

            Г.Гантуяагийн оршин суугаа газрын, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 78, 80, 89/

            С.Эрдэнэтуяагийн оршин суугаа хаягийн болон ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81, 85, 86/

            Н.Бат-Одын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 83, 87/

            Шүүгдэгч Н.Бат-Одын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх  96 хуудас/

            Шүүгдэгч С.Эрдэнэтуяагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх  97 хуудас/

            Шүүгдэгч Г.Гантуяагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх  132 хуудас/

            Эрүүлжүүлэгдсэн этгээдийн анкет /хх 101-110/

            БГД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хоногийн Рапортын хуулбар /хх 111-114/

            БГД дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах нягтлан бодогчийн тодорхойлолт /хх 127/

            Гэрэл зургаар сэжигтэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх 128-129/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

                        Шүүхийн дүгнэлт: 

                        Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бат-Од, Г.Гантуяа, С.Эрдэнэтуяа нарыг 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын урд талд хуулиар хүлээсэн үүрэг болох хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж явсан Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын машинт эргүүлийн офицер Э.Доржсүрэн, хэв журмын цагдаа Т.Ууганбаяр, цагдаа жолооч Г.Зоригтбаатар нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, Э.Доржсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж гэрэлтүүлэгч ногоон хантаазыг урж, энгэрийн камерийн хавчаарын суурийг гэмтээсэн, Т.Ууганбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, өмсөж явсан гэрэлтүүлэгч ногоон хантаазыг урсан, Г.Зоригтбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан өмсөж явсан цамцны 2, 3, 4 дүгээр товчийг тасалж, гэрэлтүүлэгч ногоон хантаазыг урсан хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Г.Зоригтбаатарыг гэрчээр тогтоосон бөгөөд түүний бие махбодид гэмтэл учруулаагүй байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргээс Г.Зоригтбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Харин шүүгдэгч Н.Бат-Од, Г.Гантуяа, С.Эрдэнэтуяа нар нь 2015 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын урд талд хуулиар хүлээсэн үүрэг болох хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж явсан Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын машинт эргүүлийн офицер Э.Доржсүрэн, хэв журмын цагдаа Т.Ууганбаяр, цагдаа жолооч Г.Зоригтбаатар нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн цагдаагийн ажилтны өмсөж явсан гэрэлтүүлэгч ногоон хантаазыг урж, энгэрийн камерийн хавчаарын суурийг гэмтээн хохирогч Э.Доржсүрэн, Т.Ууганбаяр нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Доржсүрэн, Т.Ууганбаяр, гэрч Э.Данзан /хх 51/, Г.Зоригтбаатар /хх 52/, Д.Золжаргал /хх 54/, иргэний нэхэмжлэгч О.Наранбаатар /хх 146/ нарын мэдүүлгээр нотлогджээ.

 

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 12340 /хх 36/, 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 12339 /хх 38/, 2015 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 12323 /хх 40 хуудас/ дугаартай дүгнэлтүүд, Цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх 8-10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-32/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 33/, хохирлын баримт /хх 34/, шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн болон ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 78, 80, 81, 83, 85, 86, 87, 89/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх  96, 97, 132/, эрүүлжүүлэгдсэн этгээдийн анкет /хх 101-110/, БГД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хоногийн Рапортын хуулбар /хх 111-114/, БГД дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах нягтлан бодогчийн тодорхойлолт /хх 127/, гэрэл зургаар сэжигтэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх 128-129/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Бат-Од, Г.Гантуяа, С.Эрдэнэтуяа нар нь төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэн төрийн албан хаагчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.  

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Э.Доржсүрэнд 600.000 төгрөгийн, Т.Ууганбаярт 600.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

            Шүүгдэгч Г.Гантуяа нь 27-28 долоо хоногтой жирэмсэн, шүүгдэгч С.Эрдэнэтуяа бага насны хүүхэдтэй /хх 156/ ба шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүхээс оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ.

  

            Мөн шүүгдэгч Н.Бат-Од нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бат-Од, Г.Гантуяа, С.Эрдэнэтуяа нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасан гэмт хэргээс хохирогч Г.Зоригтбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Мянгад овгийн Нямсүрэнгийн Бат-Од, Монгол овгийн Ганболдын Гантуяа, Хэрэйд овгийн Содномрагчаагийн Эрдэнэтуяа нарыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж төрийн албан хаагчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Мянгад овгийн Нямсүрэнгийн Бат-Од, Монгол овгийн Ганболдын Гантуяа, Хэрэйд овгийн Содномрагчаагийн Эрдэнэтуяа нарын тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Бат-Одод оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Г.Гантуяа, С.Эрдэнэтуяа нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

                        5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Э.Доржсүрэнд 600.000 төгрөгийн, Т.Ууганбаярт 600.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Н.Бат-Одод оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах,  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Г.Гантуяа, С.Эрдэнэтуяа нарын тус бүрт оногдуулсан 01 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ